Хөхтөн аалз илрүүлжээ

БНХАУ-ын эрдэмтэд сээр нуруугүй амьтан урт хугацааны турш үр зулзгаа хөхүүлж өсгөдөг гэдгийг дэлхийд анх илрүүлсэн нь амьтны хөхүүлэх үйл явцыг судлах шинэ салбарыг нээсэн байна. Зарим шувуу сүүтэй төстэй шингэн ялгаруулж, зулзагаа тэжээдэг боловч энэ үйлдлийн загвар, үргэлжлэх хугацаа, чадавхын хувьд жинхэнэ хөхтөн амьтны хөхүүлэхээс ихээхэн ялгаатай байдаг аж. Гэтэл Хятадын ШУА-ийн "Шишуанбанна" халуун бүсийн ургамлын хүрээлэнгийн судлаачид саяхан Toxues Magnus хэмээх нэг төрлийн үсэрдэг аалз зулзагаа урт хугацааны турш “хөхүүлдэг”, энэ нь хөхтөн амьтантай туйлын төстэй болохыг тогтоожээ.

Хятадын ШУА-ийн Шишуанбанна халуун бүсийн ургамлын хүрээлэнгийн Амьтны үйл хөдөлгөөн, байгаль орчны өөрчлөлтийн судалгааны багийн эрдэмтэн Чэнь Жаньчи тус аалзны тухай “Энэ аалз өндөгнөөс гарч 53 орчим хоноод бэлгийн бойжилт нь явагдана. Бид 75 хоног ажигласан. Насанд хүрсний дараа наад зах нь 21 хоног тэд хамтдаа байдаг. Үүрний дээрээс нь ажиглавал зулзага нь эхийнхээ элгэнд наалдаад хөхүүл амьтан хөхөж буй мэт харагдана. Бид хөхүүлж буй эх аалзны гэдсийг нь дарж үзэхэд дусал шингэн гарч байлаа. Цагаан өнгөтэй аалзны “сүү” түүний бэлэг эрхтнээс нь ялгарсан юм” гэжээ. Өндөгнөөс гарсан зулзага эхийнхээ бэлэг эрхтнээс ялгарсан шингэнийг хөхөж өсдөг бөгөөд эхний 20 хоногт зөвхөн энэ шингэнээр амьдардаг болохыг судлаачид тогтоожээ. Судлаачид энэ шингэнийг “Аалзны сүү” гэж нэрлэн, түүний бүтцийг судалсан байна. “Аалзны сүү” үнээний сүүнээс дөрөв дахин их уурагтай, найрлагад нь өөх, чихэр ч байгааг илрүүлсэн аж. Уураг ийм өндөр учраас аалзны ялгаруулсан шингэн нь сүү, түүнд хөхүүлэх чадвар байгааг нотолсон байна. Энэ төрлийн аалз бие гүйцсэн зулзагаа арчилж, урт хугацаанд энэрэн хайрлаж байжээ. Урт хугацааны турш асран хамгаалах зан үйл зөвхөн урт насалдаг, дээд зэргийн, сүрэглэдэг, сээр нуруут амьтны төрөлд л байдаг. Жишээ нь хүн, заан зэргийг дурдаж болно. 

Судлаач Чюнь Рүйчан "Хөхүүлэх, удаан хугацаанд асран хамгаалж өсгөх хоёр талыг илрүүлсэн. Нэг төрлийн амьтанд ийм хоёр чанар байгаа нь маш ховор тохиолдол бөгөөд цаашид хөхтөн амьтны салбар, ялангуяа сээр нуруугүй амьтны өнөөгийн байдал, хөгжлийн түүх, ач холбогдлыг шинээр судлах боломж бүрдүүлсэн юм" гэжээ. Мөн тэрээр “Хөхтөн амьтантай адил хөхүүлж, зулзагаа бэлгийн бойжилт явагдтал нь хамгаалж буйг илрүүлсэн. Энэ бол цөөн амьтанд байдаг өвөрмөц зүйл, гол нь хүн төрөлхтөн, заан мэтийн зарим том амьтан, сармагчны төрлийн амьтан л ийм чадвартай байдаг. Хөхтөн амьтан шиг хөхүүлэх бөгөөд заан буюу хүн шиг үр зулзгаа асран хамгаалах хоёр онцлог нэг амьтанд байгаа нь ихээхэн анхаарал татсан биологийн үзэгдэл мөн” хэмээн ярьжээ.

Энэ аалзны тухай Хятадын эрдэмтдийн судалгааны өгүүллийг олон улсад нэр хүндтэй эрдэм шинжилгээний “Шинжлэх ухаан” сэтгүүлийн 11-р сарын 30-ны дугаарт нийтэлсэн бөгөөд түүнд энэ тухай дэлгэрэнгүй мэдээлсэн байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. http://StartWeeklyJob.com/?userid=111182

    0 0 Хариу бичих