Монгол орны газар нутгийн 26 хувийг тусгай хамгаалалтад авна

БОАЖЯ-наас Тусгай хамгаалалттай газар  нутгийн Үндэсний хөтөлбөрийг боловсруулан Засгийн газарт өргөн барихаар бэлтгэж байгаа ажээ. Тусгай хамгаалалттай газар нутгийн Үндэсний хөтөлбөрийг 1998 онд УИХ-аас батлан гурван үе шаттайгаар хэрэгжүүлсэн юм байна. Хөтөлбөр батлагдан хэрэгжсэн 20 жилийн хугацаанд Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ жилээс жилд өсчээ. Тухайлбал, 1968-1988 оны 20 жилд ТХГН-ийн хэмжээ 6.7 сая га байсан бол 1998-2018 онд 11,09 га-гаар нэмэгдэж бараг тавин хувиар өссөн байна. Ингэснээр нийт газар нутгийн 17.85 хувь буюу 27.9 сая гаруй га талбай бүхий 102 газрыг улсын хамгаалалтад авчээ. Мөн  аймаг, сум, дүүргийн ИТХ-ийн шийдвэрээр, 16.3 сая га талбай бүхий 1,300 газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад тус тус хамруулан хамгаалж байна.

Үндэсний хөтөлбөр хэрэгжсэнээр хил дамнасан ТХГН-ийг хамгаалахад тодорхой ахиц гарч ОХУ, Монгол улсын хил дамнасан тусгай хамгаалалттай газрын хэмжээ эрс өсч, хамгаалалтын менежмент сайжирсан аж. Түүнчлэн Монгол Улсын тусгай хамгаалалттай газруудаас Дэлхийн өв, Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээ, Рамсарын конвенцод олон газар шинээр бүртгэгдсэн нь онцлох мэдээ юм. Тусгай хамгаалалттай газар нутгаа тэлэх нь зөвхөн монголчууд бидний асуудал бус дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүрэг гэдгийг БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар онцолжээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн Үндэсний хөтөлбөрийг 2018-2022 онд дөрвөн жилийн хугацаатай хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөрийн хүрээнд тодорхой зорилтууд тавиад, богино хугацаанд мониторинг хийж, үр дүнг хянадаг бусад орнуудын жишгийг баримтлах юм байна. Хөтөлбөр хэрэгжсэн дөрвөн жилд байгалийн унаган төрхөө хадгалсан газар, цэнгэг усны нөөц, томоохон гол мөрний урсац бүрэлдэх эхийн 50-иас доошгүй хувийг улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөжээ. Ирэх дөрвөн жилд тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нийт нутаг дэвсгэрийн 26 хувьд хүргэх зорилт тавьсан байна. Ингэхдээ уур амьсгалын өөрчлөлт, уул уурхай, дэд бүтэц зэрэг хөгжлийн төслүүдийн сөрөг үр дагаварт өртөж болзошгүй газар нутгийг хуулийн дагуу хамгаалалтад авах бодлого баримтлах гэнэ.


 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)