Бизнест бэлтгэх цаасан дэвжээ

“Насаараа үерхсэн” найз нь ховор тохиох элэгний өвчнөөр шаналж буйг сонссон 7 настай Дилан Сигель “Chocolate bar” хэмээх ном зохион, зураг чимэглэлийг нь ч өөрөө хийн, хэвлүүлэн худалдаж сар гаруйхан хугацаанд 92 мянган ам.долларын ашиг олжээ. 

Долоохон настай хүү богино хугацаанд амжилтад хүрсэн нууц нь түүний тоглох дуртай Монополь тоглоом гэнэ. Дилан Сигель бизнесийн хөлөгт тоглоомоор хэнийг ч хожиж чаддаг төдийгүй сэтгэн бодох, тооцоолох чадвар нь илт хөгжиж эхэлсэн аж. 

Тиймдээ ч хүү бизнесийн хөлөгт тоглоомноос олж авсан чадвараа найз Жона Порназарианынхаа өвчнийг эдгээхэд ухаалгаар ашигласан нь энэ. Хүү “Chocolate Bar” номон дээрээ гарын үсгээ зурж тараасан төдийгүй богино долгионы радио нэвтрүүлэг, тв шоунд оролцож өөрийн бүтээлээ сурталчлаад зогсохгүй онлайн худалдаагаар ч борлуулж эхэлсэн байна. “Миний найзын өвчин маш хүнд учир илүү их мөнгө хэрэгтэй. Тиймээс би илүү хичээж номынхоо дараагийн цувралыг бүтээж, зөвхөн найздаа ч биш өвчинд шаналж буй хүүхдүүдэд туслах сан байгуулна. Тиймээс надад нэг сая ам.доллар хэрэгтэй” хэмээн мэдэгдэв. “Миний хүү сая ам.доллар цуглуулна гэсэн. Үүнд нь би огтхон ч эргэлзэхгүй байна. Яагаад гэвэл тэр зорилгодоо хүрэх аргаа мэднэ. Хүү минь бизнесийн хөлөгт тоглоомоор гаргууд тоглодог. Бид хүүгээ мундаг бизнесмэн болно гэдэг эргэлздэггүй” хэмээн хүүгийн аав хэлжээ. 

Алдар хүндтэй их сургуульд эдийн засаг, бизнесийн хичээлд сууж онолоор бөмбөгдүүлээгүй ч бизнесээ хөгжүүлж, ашгаа нэмэгдүүлэхэд юу хийх хэрэгтэй гэдгийг дуртай тоглоомоороо дамжуулж авсан Дилан Сигель хүүгийн амжилтын түүх бизнесийн хөлөгт тоглоомтой салшгүй холбоотой. Бизнес тоглоомоор тоглож өссөн хүүхэд бүр амжилттай бизнесмэн болох албагүй ч мөнгөний үнэ цэн, зах зээлийн зарчмыг ойлгож өдөр тутмын амьдралдаа мөнгийг удирдаж чаддаг нэгэн болон төлөвшдөг. 

“Ашигтай хөрөнгө оруулалт хийж сурахын тулд эхлээд Монополь тоглоомд хожиж сур” гэсэн Соросын санг үүсгэн байгуулагч Жорж Соросын алдартай зөвлөгөөнөөс эхлээд хөрөнгө оруулалтын“Berkshire Hathaway” компанийн эзэн, тэрбумтан Уоррен Баффетаас эхлээд бизнесийн хөлөгт тоглоомоор тоглохыг зөвлөдөг бизнесмэнүүд олон. 

Монополь байдал үүсэхийн аюултай тал, зах зээлд үзүүлэх сөрөг нөлөөг илэрхийлэхийг зорьж бүтээсэн анхны Монополь тоглоом буюу Элизабет Мэгийн Landlord`s Game тоглоомын шинэ хувилбарууд нь өдгөө мөнгөтэй хэрхэн харьцах, түүнийг ухаалгаар захирах, зөв зарцуулах, хөрөнгө оруулалтын оновчтой шийдвэр гаргаж чадах мэдлэг олох гарын авлага, бизнесийн бэлтгэл хийдэг “цаасан дэвжээ” болжээ. Бизнесийн хөлөгт тоглоомоор хувийн бэлтгэлээ хангах хэрэгтэй хамгийн чухал бүлэг нь Start Up бизнес эхлүүлэхээр зорьж буй залуус. Дэлхий даяар Start Up буюу Гарааны бизнес эхлүүлэгчдийн 90 хувь нь бүдэрдэг гэсэн тоо бий. Тиймээс бизнесийн хөлөгт тоглоом тоглохдоо Гарааны бизнесийнхээ санааг туршиж гаргасан алдаа дутагдлаасаа юунд илүү анхаарах ёстойгоо сурч авах боломжтой. Туршлага гэдэг амжилтад хүрэхэд нөлөөлдөг чухал алхмуудын нэг учир зөв цагт, зөв шийдвэр гаргах, өрсөлдөгчийхөө тактикийг мэдрэх, гэнэтийн алхамд нь хариу өгөх зэрэгт ямар ч эрсдэл гаргалгүй бэлдэхийг, өөрийгөө сорихыг хүсвэл бизнесийн хөлөгт тоглоомыг туршаарай гэж зөвлөх байна.

Компани худалдан авч, түүнийгээ групп, корпораци болгон өргөжүүлж түрээслэж, хувьцаа, бонд зэрэг үнэт цааснаас ашиг хүртэн, бизнесийн хүчирхэг эзэнт гүрнийг байгуулж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг хүсдэг хэн бүхэнд зориулав.

Тэрбумтан хөлөгт тоглоом

Бизнесийн хөлөгт тоглоомд ялахын тулд мэдээж аз хэрэгтэй, гэхдээ ялалт байгуулахад боломжит нөхцөл байдлыг урьдчилан харж, өөрийн хийх үйлдэл, түүнээс гарах нөхцөл байдлыг урьдчилан хардаг тактиктай байх хэрэгтэй гэдгээрээ жинхэнэ бизнесийн ертөнцтэй ижил. Монополь, Монголын Саятан, Тэрбумтан гэхэд бүгд 2-8 хүн тоглохоор зохиогдсон байдаг. Энэ нь өрсөлдөгч, хэрэглэгчийн тоог зохистой хэмжээгээр тооцон гаргасан хэрэг юм. Хамтран тоглогч чинь таны бизнесийн түнш, эсвэл хэрэглэгч, эсвэл өрсөлдөгч ч байж магадгүй. Тиймээс бусад тоглогчдын нийтлэг хандлага, тэдний хоорондын харилцааг тооцоолох, зах зээлийн тогтворгүй байдал, өөрийн болон хамтрагчдынхаа бизнесийн аюулгүй байдал, нууцлал гээд бүхнийг тооцоолох хэрэг гардаг.

Ойрын жишээгээр авч үзье. Монгол Улсад хамгийн сүүлд, дотоодын хэрэглэгчдэдээ зохицуулан Монголынхоо ТОП -100-д багтах групп, компаниудын зах зээлд эзлэх байр суурийг уялдуулан бүтээсэн Тэрбумтан бизнесийн хөлөгт тоглоомын гол зорилго нь бизнесийн ертөнцийнхөө ТЭРБУМТАН нь болох. Уг хөлөгт тоглоомын хувьд хүн бүр ижил нөхцөлтэйгөөр гараанаас гарах хэдий ч хэн дампуурахгүй үлдэх, ялалтад хүрэхдээ ашиглах стратегиа боловсруулах зэрэг нь таны хувийн чадвараас шалтгаална. Энэ бол бизнесийн орчин дахь жинхэнэ өрсөлдөөнийг тоглоомын хэлбэрт оруулсан бичил ертөнц. 

Монголын эдийн засгийн салбарыг тэргүүлэгч Уул уурхай, Банк санхүү, Харилцаа холбоо, Барилга, Газар тариалан, Фермерийн аж ахуй, Хэвлэл мэдээллийн салбаруудыг оруулсан Тэрбумтаны дэвжээн дээр би уул уурхайн бичил бизнес эхлүүлэхээр шийдсэн нэгэн байлаа гэж төсөөлье. Тэгвэл ижил гараанаас гараад стратеги боловсруулан ашигтай ажиллан цааш өргөжүүлэхэд Банкны салбар хэрхэн нөлөөлж, Даатгалд хамрагдах хэрэгтэй эсэхээ, Засгийн газрын тогтоол шийдвэр надад хэрхэн нөлөөлөх зэргийг бүгдийг биеэр амсах болно. Магадгүй миний анхны тооцоолол буруудлаа гэхэд энэ нь бизнесийн түншүүдэд хэрхэн нөлөөлж, эргээд ямар уршигтай байж болохыг би бизнесийн хөлөгт тоглоомон дээрээ туршиж, алдаа оноогоо дэнслэх боломжтой болох нь. Үүний зэрэгцээ бизнесийн зорилго нь зөвхөн тэр салбартаа илүү томорсоор байх уу, эсвэл бизнесээ дэмжих бусад салбарт ч оролцох уу гэдгийг ч тоглоомын дэвжээн дээрх өрсөлдөөнөөс олж авна. Мэдээж мөнгө хураах уу, хөрөнгө оруулалт хийх үү гэдгийн ялгааг, мөнгөө хэмнэх, мөн хадгалахын чухлыг ч давхар таниулна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)