Өвчтнөө шалан дээр хэвтүүлсэн гэх мэдээллийг үгүйсгэв

-Өнөөдрийн байдлаар Монголд томуугийн жинхэнэ вирус эргэлтэд ороогүй-

Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Томуугийн улирал дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилдэг. Энэ жил Засгийн газрын захиалгаар 45 мянга, АНУ-ын тусламжаар 80 мянга, нийт 125 мянган хүн тун вакциныг ХӨСҮТ хүлээж авч, томуугийн улирлыг угтан хийжээ. Вакциныг жирэмсэн эмэгтэйчүүд, тав хүртэлх насны хүүхдүүд, олон нийтэд үйлчилдэг замын цагдаа, мэргэжлийн хяналтынхан, эмч, эмнэлгийн ажилчдад голлон хийжээ.

"Монгол Улс 156 нэгж цэгээс томуу, томуу төст өвчний шинж тэмдгээр сорьц авч цуглуулан ХӨСҮТ-ийн лабораторит шинжилдэг. Одоогийн байдлаар 156 нэгжээс авсан сорьцоос томуугийн жинхэнэ вирус илрээгүй, Монгол Улсад эргэлтэд ороогүй байна. Харин томуу төст шинж тэмдэг нь ойролцоо амьсгалын замын өвчлөлийн вирус илэрсэн" гэж  ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэв.

Мөн тэрээр "Амбулаториор үйлчлүүлж байгаа иргэдийн 5.3 хувь нь ханиад томуугийн шалтгаантай байна. Гэхдээ зарим орон нутагт 10 хувь давсан үзүүлэлт бас байгааг гэлээ. 

НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар " 2017, 2018 онд Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгт 60 ор, Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэгт 50 ор, Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийг 100 ороор тус тус нэмэгдүүлсэн.

2018-2019 оны төлөвлөгөөгөөр хэвийн үед ажилладаг 977 ор дээр 850 орыг хүүхдийн тусламж үйлчилгээнд ашиглахаар бэлдээд байна. 1311 хүүхэд томуу, томуу төст өвчний оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Нийслэлд өнөөдрийн байдлаар 1127 ор бэлдээд байгаа.

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний 2811 тохиолдол бүртгэгдсэн нь нийт үзлэгийн 4.4 хувь буюу өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад бага байгаа. Үүний 46 хувийг 0-2 насны хүүхдүүд эзэлж байна. Энэ насны хүүхдүүдийн пнемоккокын вакцинжуулалт 86 хувьтай байгаа бөгөөд энэ вакцин нь хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлдэг. 

Өнөөдрийн байдлаар 9 дүүргийн хүүхдийн кабинетууд ажлын өдөр 21 цаг хүртэл мөн бямба гарагт ажиллаж байгаа. 

Нийт 78770 хүнийг вакцинжуулсан бөгөөд 196 цэцэрлэгийн 56 мянга гаруй хүүхдийг хамруулсан. Өнөөдөр шалан дээр хэвтэх хэмжээнд тусламж үйлчилгээ үзүүлээгүй. Урьдчилан сэргийлж, бэлтгэл ажлуудаа хангалттай хэмжээнд бэлдсэн. Хэрвээ өвчтөн шалан дээр хүлээн авсан тохиолдолд тухайн эрүүл мэндийн байгууллагын дарга хариуцлагаа хүлээх ёстой" гэдгийг онцоллоо.

Мөн томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед эмнэлгүүд нэг ч эм тариаг гаднаас хангуулахгүйгээр ажиллаж чадаж байгаа гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)