Сонирхлын зөрчлийн хуулийн заалтыг нэг нэгээр хулгайлж байна гэв

Авлигын эсрэг өдрийг тохиолдуулан “Хууль дээдлэх ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчил” сэдэвт чөлөөт хэлэлцүүлгийг нэр бүхий хуульчдаас санаачлан өчигдөр зохион байгууллаа.

“Авлигын эсрэг хуульчдын нэг алхам” санаачилгын хүрээнд УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин тэргүүтэй хуульчид авлига, ашиг сонирхлын зөрчлийн асуудлаар хууль тогтоомжийн шинэчлэл, нөөц боломж, бодит байдал, ухралт, хүлээлгэх хариуцлагын талаар илтгэлүүд хэлэлцүүлэх бөгөөд хэлэлцүүлгийн төгсгөлд бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо хүргэх зорилготой юм.

Хэлэлцүүлэгт хуульч Д.Миеэгомбо “Хуульчийн нийгмийн (түүхэн) хариуцлага”, судлаач Х.Номингэрэл “Хулуь дээдлэх ёс ба олон нийтийн итгэл”, хуульч Б.Мэргэн “Авлига, ашиг сонирхлын зөрчил ба УИХ-ын гишүүний ёс зүй”, хуульч О.Алтангэрэл “Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх Үндсэн хуулийн боломж”, хуульч Д.Сүнжид “Захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрхээ сэргээх боломж”, сэтгүүлч Д.Батбаяр “Мэдээллийн ил тод байдал ба хэвлэл мэдээллийн эрх чөлөө”, УИХ-ын гишүүн асан, хуульч Х.Тэмүүжин “Авлига, ашиг сонирхлын зөрчил, хууль зүйн шинэчлэл” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Хуульч Х.Тэмүүжин “Авлига, ашиг сонирхлын зөрчил, хууль зүйн шинэчлэл” сэдвээр тавьсан илтгэлдээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль замхарч, сонирхлын зөрчилтэй тэмцэх боломжгүй болж байгааг хөндөв. Тэрээр “УИХ Төрийн албаны тухай хуулийг хэлэлцэн батлахдаа ашиг сонирхлын зөрчлийн хуулийн хамгийн чухал заалтын нэгийг хөндсөн байна. Илт ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг төрийн албанд томилж болохгүй шүү гээд үүрэг болгочихсон заалтыг сонирхлын зөрчил нь ил харагдаж байсан ч гэсэн томилж болно гэж өөрчилсөн. Энэ мэтээр авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой хуулийн заалтуудыг нэг нэгээр нь хумсалж хулгайлсаар байгаад энэ үйлдэлтэй тэмцдэг хуулийг яваандаа үгүй болгож байна” гэж хэлжээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баталснаар нийтийн албанд томилогдож байгаа этгээдүүдийн хувийн ашиг сонирхлыг АТГ хянаж үзээд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх асуудлыг тухайн албан тушаалтанд мэдэгдэх зохицуулалт цоо шинээр орж ирсэн. Одоо мөрдөж байгаа хуулийн 23.7-д ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол томилохоос татгалзах зохицуулалт бий. Гэтэл ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх Төрийн албаны тухай хуулиар сонирхлын зөрчлийн хуулийн 23.7 дахь заалт өөрчлөгдөж байгааг хуульчид онцлон буруутгаж байлаа. Хэлэлцүүлэгт оролцсон хуульч З.Туяа “Томилохоос татгалзах үүрэгтэй гэсэн үг хуульд байхгүй болсон. АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй гэдгийг тогтоочихсон этгээдийг томилох эсэхийг төрийн байгууллагын албан тушаалтан шийдвэрлэхээр болсон. Өмнөхөөсөө дордуулсан зохицуулалтыг бий болгосон гэсэн үг. Энэ тохиолдолд ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаанууд үргэлжлээд л явна. Тиймээс иргэний нийгмийн байгууллага, хуульчид бид үүнд анхаарлаа хандуулах болно” гэж санал бодлоо илэрхийллээ.

Хуульчид чөлөөт хэлэлцүүлгийн үеэр “Авлигын албан бус тогтолцоо нь албан ёсныхоосоо илүү ухаалаг юм байна. Асуудлыг илүү эрт харж садаа болох бүх хуулийн зүйл заалтыг засварладаг юм байна. Хуулийн тогтолцоо авлигад идэгдээд алга боллоо. Аливаа асуудлыг нийгэм рүү гаргаад ирэхэд өөр тийш нь явуулаад юу ч биш болгодог улс төрийн хийрхэл цаг тутамд байдаг. Харин хуульчид шүүхийн өмнө очихдоо нотлох баримтаар асуудлыг шийддэг. Тиймээс улстөрчдийн ашиг сонирхлын зөрчилтэй үйлдлийн эсрэг хуульчид, нотлох баримт юу өгүүлж байгаа талаар нийгэмд дуу хоолойгоо хүргэе” гэж ярилцаж хэлэлцсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ouyun-Erdene metion hudlaa shoudagchid huulia mordohgyi duraaraa avirlaj olon niited shudarga bolj haragdahiig husej dendyy davarch bna

    0 0 Хариу бичих