Америк цэргүүд Солонгосыг орхихгүй

Сингапурын уулзалтын дараа Умард Солонгосын залуу удирдагч Ким Жон Уныг Барууны хэвлэлүүд дэлхийн дипломат салбарт хүч түрэн орж ирсэн шинэ од хэмээн шуугиж байв. Ким Жон Ун энэ онд маргаангүй анхаарлын төвд байж чадлаа. Эцгийнхээ халааг авснаас хойш гадаадад айлчлаагүй байсан Ким Жон Ун өнгөрсөн гуравдугаар сараас хойш Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй хоёр удаа, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй гурван удаа, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай нэг удаа уулзсан. Он гараад ч дахин уулзах тухай яригдаж байна.

Дипломат гарц мухардсан цагт зэр зэвсэг, дайн тулаанаар асуудлыг шийдвэрлэнэ гэж цэргийнхэн ярьдаг гэх. Үнэхээр 2019 онд Солонгосын хойг дахь дипломат үйл явц үргэлжилж, хүссэн үр дүнд хүрэх эсэхийг дэлхий нийт харах болно. Одоогоор Солонгосын хойгт энхтайван тогтох, дайн дууссаныг зарлах, Коре үндэстэн дахин нэгдэх хүртэл хол зам туулна гэж улстөрчид ч, хэвлэлүүд ч, олон нийт ч үзэж байна. Учир нь АНУ Умард Солонгосыг цөмийн зэвсгээсээ татгалзсан гэдгээ бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд дараагийн асуудал яригдана гэдэг байр суурин дээрээ хатуу зогсож байна. Харин Умард Солонгос АНУ-ыг бүх төрлийн хоригоо цуцлахаас нааш асуудал ярихгүй гэж мэтгэж байна. Эсрэг тал нь эхний алхам хийхийг хүлээж буй нөхцөлд үйл явц хэр урагшлах бол?

Доналд Трамп Ким Жон Ун нарыг Сингапурт уулзахаас сарын өмнө Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Солонгосын дайнд цэг тавьж, энхийн гэрээ байгуулсан ч гэсэн Америк цэргүүд манай нутагт үлдэнэ гэж мэдэгдэв. Мүн Жэ Ин Өмнөд Солонгос дахь АНУ-ын зэвсэгт хүчний статустай холбоотой асуултад ийм тодорхой хариулт өгсөн юм. Учир нь Америк цэргүүд Өмнөдийг Умардын халдлагаас хамгаалах л зорилготой. Хэрвээ дайн дуусчихвал Америк цэргүүд Солонгост байх шаардлагатай юу гэдэг асуулт мэр сэр сонсогдож л байсан.

Умард Солонгосын уламжлалт суртал ухуулгаар АНУ нь Коре үндэстнийг хуваасан империалист хүчин юм. Ким Жон Ун Сингапурт очихдоо Америк цэргүүдийг Солонгосоос гаргахыг шаардаж, аюулгүй байдалдаа баталгаа шаардана гэж зарим хэвлэлүүд таамаглаж байв. Гэвч уулзалтын үеэр Америк цэргүүдийг Өмнөдөөс гаргах асуудал огт яригдаагүй. Уулзалтын дараа Доналд Трамп сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Америк цэргүүдийг Өмнөд Солонгосоос эргүүлэн татах асуудлаар огт зөвшилцөхгүй, харин дипломат үйл явцад боломж олгох үүднээс АНУ, Өмнөд Солонгос хамтарсан цэргийн сургуулилт явуулахгүй гэж мэдэгдсэн юм. Солонгосын дайны үед буюу 1951-1953 онд 320 мянга гаруй Америк цэрэг Өмнөдийн талд тулалдаж байв. Гал зогсоож, дайны нөхцөл байдал намжсанаар Америк цэргийн тоо цөөрч, эдүгээ 28500 цэрэг тус улсад үүрэг гүйцэтгэж байна. Үүнээс гадна Өмнөд Солонгосын 500 мянга гаруй цэрэг хойд хилийнхээ ойролцоо байрладаг.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Япон, Өмнөд Солонгосын цөмийн зэвсэгтэй болгочихвол тэнд олон мянган Америк цэрэг байрлуулах шаардлагагүй, эсвэл Америк цэргүүдээр аюулгүй байдлаа хамгаалуулсны хөлсийг хангалттай төлөх ёстой гэж мэдэгдэж байсан. Сөүл ойролцоогоор жилд 850 сая орчим долларыг Америк цэргүүдийг байрлуулсны хөлсөнд төлдөг юм билээ. Гэхдээ Трамп зөвхөн Өмнөд Солонгосыг нэр зааж онцлоогүй. Бизнесийн салбараас улстөрд орж ирсэн тэрбээр НАТО-ын санхүүжилтын 70 хувийг АНУ дангаараа гаргаж байгаа учраас гишүүн улс орнуудаас гадна баян чинээлэг холбоотнууд маань одоо Америкийн ачаанаас үүрэх цаг болсон гэж ярьдаг юм. Өмнөд Солонгост цэргүүдээ байрлуулах нь зөвхөн Умард Солонгосоос гадна Орос, Хятадыг ч тогтоон барихад хэрэгтэй гэж судлаачид бичсэн нь бий. Олон нийтийн дунд явуулсан судалгаануудын үр дүнгүүдээс харахад ч Америк, Өмнөд Солонгосын иргэдийн 60-аас дээш хувь нь АНУ-ын зэвсэгт хүчнийг Солонгосын хойгт үлдэх ёстой гэж хариулсан байдаг юм билээ. Доналд Трамп, Мүн Жэ Иний хэн хэн нь Америк цэргүүдийн асуудлаар зөвшилцөхгүй гэж эрс хатуу мэдэгдсэн нь ийм учиртай юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Мэдээж янкууд Азийг орхихгүй. Тэднийг "нутагшуулдаг" нь их ГЭНЭН алхам, хариуд нь АзиНУ /АНУ/ болно. Төв Азийн баялагийг тонох "торгоны зам" дээрээ тэд ингэж гарч байгаа байхгүй юу.

    0 0 Хариу бичих