Тусгаар тогтнолоо олж авах гэсэн 35 жилийн тэмцэл, драм

Арванхоёрдугаар сарын 29-нийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баяр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд чухам юу болсон юм бэ?

Эхлээд тохиролцох нэг зүйл байна. Энэ олон тэмдэглэлт өдрүүдийн үйл явдал, нэрийг нь зөв тогтоож заншмаар. Ялангуяа мэдээллийн хэрэгслүүд нэрсийг нь дандаа буруу хэлж, буруу ярьдаг. Өчнөөн олон жил тэгэж байна. Нэр нь буруу бол ойлголт нь буруу.

Монгол Улс 1206 онд тунхаглагдсан юм. Тунхаглана гэдэг нь монгол үндэстний төр улс мэндэлж байна гэсэн үг. Энэ өдрийг бид саяхнаас өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэдэг болсон. Зарим нь “Чингисийн төрсөн өдрийг буруу хэлчихлээ” л гэдэг. Энэ бол Монгол бахархлын өдөр юм. Чингис хааны төрсөн огноог мэдэх бололцоо байхгүй. Зөвхөн төрсөн он нь л гэхэд 1157, 1162, 1168 гээд гурав дөрвөн он дээр түүхчид маргадаг юм. Нэг талдаа шийдэгдээгүй ч манайд 1162 он гэдгээр явдаг. Бас 1206 оны хуран сар гээд байдаг ч энэ огноог нарийн тогтоох бололцоо байхгүй. Тиймээс өвлийн тэргүүн сарын шинийн нэгэндээ Монгол Улс өөрийгөө тунхаглаж, төр улс юугаа байгуулсан гэдгийг тэмдэглэж байгаа юм. 

1911 оны арванхоёрдугаар сарын 29 гэдэг бол Тусгаар тогтнолын өдөр. Энэ бол огноо нь тодорхой үйл явдал. 1924 оны арваннэгдүгээр сарын 26 бол бас л өдөр судар нь тодорхой. Энэ өдрийг дандаа Улс тунхагласан өдөр гээд байх юм. Монгол Улс 1924 онд байгуулагдаагүй шүү дээ. Бүх юмыг дандаа 1921 оноос эхлүүлж байх ёстой юм шиг. Энэ бол Бүгд найрамдах улсын өдөр. Монгол Улс Хаант засгийг халаад БНМАУ болсон. Улсын ач холбогдолтой ийм гурван өдөр бий. Гурвууланд нь бид бүх нийтээрээ амардаг. Энэ гурав бол Монгол Улсын түүхийн хамгийн чухал өдрүүд гэж тэмдэглэдэг. 

Яахав дээрээс нь 1921 оны явдлыг Ардын хувьсгал гэж яриад байгаа. Долдугаар сарын 11 гэдэг нь сүүлд 1925 онд наадам тэмдэглэх болоод л ийм огноо гаргаж ирсэн болохоос биш уг хувьсгал нь хэдэн оны хэднээсээ эхэлж хэдэн сарын хэдэнд дууссан гэдэг нь бас маргаантай. Нөгөөдөх нь 1990 онд Ардчилсан тогтолцоотой болсон гэдэг өдөр байна. Үүнийг тэмдэглэдэггүй л дээ. Долдугаар сарын 21-ний өдөр байх ёстой юм, уг нь. Яагаад гэвэл энэ өдөр шинэ тогтолцоонд ороод бүх нийтийн сонгууль явагдаж шинэ төрөө байгуулсан. Ийм таван тэмдэглэлт баяр байна. Хоёрынх нь өдөр, сар нь тодорхой. Гурвынх нь сар, өдөр нь тодорхой биш учраас нөхцөлт байдлаар тогтоосон. Энэ тухай сургуулиудад зааж эдгээр өдрүүдийнхээ нэрийг зөв хэлдэг болчихмоор санагдаад байх юм. Хооронд нь хольж хутгаад л хэзээ хаана юу болсон нь бүү мэд гээд явж байна. Өчигдөр Уул уурхайн 96 жилийн ой гээд шуугилаа. 96 жилээс өмнө уул уурхайгүй байсан юм шиг. Налайх, Бороогийн уурхайнууд өмнө нь байсан л баймаар. Хэргийн мөрөөр хөөвөл 96 жилийн тэртээ Налайхын уурхайг улс хурааж авсан юм уу даа. Хүний хөрөнгийг хурааж авчихаад тэр өдрөө геологи байгуулагдсан өдөр гэж ярьж боломгүй. 1921 онд Монголд харилцаа холбоо үүссэн, яагаад гэвэл түүхийн баримт нь Сүхбаатар кинонд гардаг гээд ойн баярыг нь тэмдэглэж л байсан. Гэтэл бүр 19-р зууны сүүлчээр Монголоор дайрсан холбооны шугам тавигдсан юм билээ.

Арванхоёрдугаар сарын 29-нийг эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр гээд байгаа. Тэр өдөр чухам яг ямар үйл явдал, юу болсон юм бэ?

-Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээсэн юм.

Хүрээнд ямар үйл явдал болж өнгөрсөн юм бол?

Би ярья, тэгэх үү. Хоёулаа түүхээр маргах гээд яахав. Эрх чөлөө гээд юу нь эрх чөлөөтэй болчихсон юм бэ? Эрх чөлөө ба тусгаар тогтнол гэдэг нь тус тусдаа ойлголт шүү дээ. 

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо зарласан өдөр гээд бүр нэршчихсэн?

Тусгаар тогтнолоо л зарласан өдөр. Олон улсад ч тогтсон гэсэн нэршилтэй өдөр байдаг. Англиар Independence day гэдэг дээ. Нөгөөдхийг нь Republican day гэдэг. Independence day гэхээр америкчууд долдугаар сарын 4-нд тэмдэглэдэг. Гэтэл австричууд 1955 оны тавдугаар сарын 15-ыг ингэж нэрлэнэ. Том гүрнүүд эзэлчихсэн байснаа дайны дараа Австрийг тусгаар тогтносныг хүлээн зөвшөөрсөн юм. Гэтэл Австри чинь хэдэн зуун жилийн өмнө байж л байсан улс. 1918 оны Вэрсалийн гэрээгээр Эзэнт гүрнүүд задарч Польш, Чех гээд зөндөө улс тусгаар тогтнолоо сэргээсэн, тэд энэ өдрөө бас л тусгаар тогтнолын өдөр гэж тэмдэглэдэг. Манайд 12 дугаар сарын 29-нийг ер нь тэмдэглэдэггүй, феодлуудын баяр маягтай юм ярьдаг байлаа. Ангийн шинж чанартайгаар ярьдаг байсан зүйл л дээ. Феодал толгойтой Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн 1911 онд үүсээд 1921 онд жинхэнэ харц ардууд эцсийн үр дүнд нь хүргэсэн гэж албан ёсоор тайлбарладаг байлаа. Сүүлд 1990, ялангуяа 2000 оноос хойш энэ өдрийг чухал юм, ард нийтээрээ тэмдэглэж байх өдөр юм байна гэцгээсэн. Энэ өдрийн тухай сүүлийн 20-иод жилд нэлээд тодорхой ярьж, ном товхимол гарч, сургуулийн сурах бичигт бичдэг болсон байх.

Ийм өдөртэй болно гэдэг ямар нэгэн үйл явдлаас улбаатай байж таарна. Нэг л өдөр Тусгаар тогтнолоо сэргээцгээе гэчихээгүй байх?

1691 онд Долоннуурт болсон гэрээгээр Манж, Монгол хоёр нүүдэлчин үндэстнүүд хоорондоо тохиролцоо хийсэн юм. Манжууд 1644 онд Хятадыг эзэлсэн. Манж 300 мянган хүн амтай, цөөн хүнтэй үндэстэн учир урт иргэншлийн түүхтэй, олон хүн амтай улсад өөрсдийгөө уусчих вий гэж сэргийлсэн. Манжууд Хубилай хааны тамгыг авсан учраас Хятад улсыг эзэгнэх эрхтэй болчихлоо гэж зарласан. 1636 онд Өвөр Монголтой нийлээд (дагаар орсон ч юм уу даа) Хятадыг эзэрхийлээд байсан ийм үе. Тэр үеэс л манжтай нийлээгүйг нь Гадаад Монгол, нийлж дагаар орсныг нь Дотоод Монгол гэж нэрлэх болсон. Тэр цагт Гадаад Монголд Халх, Ойрдын айхавтар тэмцэл болж байв. Гэтэл яг тэр үед оросууд дорно зүгт нутгаа тэлээд, Байгал нуур, одоогийн Буриад Монголыг эзлээд наашаа довтлоод байсан. Баруун зүгээс ойрдууд довтлон Халхыг эзэлчихсэн учраас тэд урагш дүрвэн манж нартай Долоннуурт вассалыг тохиролцоо хийсэн юм байна. Вассал гэдгийг түшмэг улс ч гэж орчуулдаг.

Ямар учиртай гэрээ байсан бэ?

Орос, ойрдуудаас Халхыг хамгаална, хятад, орос хүмүүсийг Монгол нутаг руу орж ирэх явдлыг хориглоно, тэднээс хамгаална. Энэ бол манж нарын авсан үүрэг, тэд үүндээ 200 жил үнэнч байсан. Энэ нь сүүлдээ хуулиар батлагдсан. 1762 оны 11 дэвтэр Монгол цааз хуульд үүнээ баталгаажуулсан юм Манжийн хаанд ямар нэгэн аюул занал учирвал монголчууд цэрэг хөдөлгөж түүнийг хамгаална гэж халх монголчууд үүрэг авчээ. 1911 он хүртэл ингэх шаардлага тохиолдол гарч байгаагүй. 

Энэ хуулиар цөөхөн хүн амтай Монголын өргөн уудам нутаг гадагшаа бараг харилцаа байхгүй, гаднаас бусад үндэстэн орж ирэх нөхцөл үгүй консервлогдсон хамгаалалттай (өнөөгийн ойлголтоо дархан цаазтай) орон болжээ. Манж Чин улсын үед ийм дархлагдсан нутаг хоёр байсны нэг нь Манжуур, нөгөө нь Гадаад Монгол. Хятад өнөөдөр 54 үндэстэнтэй олон үндэстний гүрэн гэж ярьдаг. Тэгвэл Манж Чин гүрний үед зөвхөн манж, монгол гэсэн хоёр үндэстэн л тусгайлсан онцгой эрхтэй байсан. Манж монгол хүмүүс л дээд албанд очих эрхтэй, цэргийн жанжин, хааны бэр хүргэн зөвхөн монгол манж хүн л байж болно гэх мэт. Тэгээд ч манж нар монголчуудтай их холилдсон үндэстэн, Энх-Амгалан хаан гэгдэх Кансигийн ээж, эмээ нар монгол хатад байсан.

220-иод жил Манжийн түшмэг улс байх энэ хугацаанд монголчууд том асуудал дээр л Манжийн хааны шийдвэрийг хардаг байснаас биш дотоод засаг захиргаа бүх юмаа өөрсдөө хариуцаж байсан юм. Нөгөөтэйгүүр Манж Чин улсад татвар төлдөггүй байсан. Төрийн албаны бүхий л мөнгийг Бээжингээс өгдөг. Цөөн хүнтэй манж үндэстэн нь өргөн уудам Хятад орноор цэрэг захиргааны ажил хийгээд хүрэлцдэггүй байсан болохоор Гадаад Монголд алба хаахаар ирж байсан манж хүн бараг үгүй дээ. Манайд Улиастайд жанжны газар (цэрэг хариуцна), Ховдод амбан (Ойрдыг хариуцсан засаг захиргаа), Хүрээнд Халхыг хариуцсан амбан, Хиагтад Гаалийн газар төвлөрч байсан авч хэдийгээр эдгээр нь Бээжингээс томилогддог тэдний харъяа газар боловч амбан жанжин гээд хариуцаж байсан хүмүүс нь дандаа монголчууд байв. Хамгийн сүүлчийн Хүрээний амбан Сандо монгол хүн, тэрний өмнө нь Пунцагцэрэн байсан гэх мэт. 1727 оны Буурын гэрээг толгойлж хийсэн хүн нь Цэрэн гээд монгол, Амарсанаагийн бослогыг дарсан Улиастайн жанжин нь Цэнгүнжав гээд монгол... Тэгэхээр хуучин сурталддаг байсан шиг манай Монгол Манж Хятадын колони байгаагүй, энэ бол үзэл суртлын зорлиготой түүх гуйвуулсан дэмий яриа. Зүй нь хятадууд л ингэж тайлбарлан, бидний нэг хэсэг учир эх газраасаа салдаг нь буруу гэх ёстой баймаар. Чухам ийм маргаан л 1911 онд болсон юм даа.

Ингээд Манж Чин улс гадны гүрнүүдтэй байлдаж ядарч зүдрээд 1907 онд Үндсэн хуульт Хаант улс болъё гэж шийдсэн юм билээ. 

Үндсэн хуульт Хаант улс болохоор яах вэ?

Бүх харьяалагдаж байгаа мужууд нь адил тэгш эрхтэй болно гэсэн үг. Монголд байгаа онцгой эрхүүд цуцлагдана гэсэн үг. Манайхан үүнийг Шинэ засгийн бодлого гэж түүхэнд нэрлэсэн байдаг. Ингээд Өвөр Монголоос эхлүүлээд чөлөөтэй болоод эхлэхээр хятад тариачид олноор орж ирэх болсон. Үүнд дургүйцэж баяд ноёд, феодлуудын дунд эсэргүүцлийн уур амьсгал үүссэн. Тэгээд байж байтал 1911 онд Учаны бослого гараад хятад үндэстэн Манжийн дарлалаас гарна гэсэн хөдөлгөөн өрнөсөн. “Манж нар бол могой гаралтай улсууд. Эд нарт их дарлагдаж байна. Мин улсаа дахиж сэргээн байгуулна” гэсэн хөдөлгөөн Хятадын өмнөд нутгаар гарсан. Тэгэхэд Хятадын хаан ширээнд таван настай Пү И хүү сууж байв. Ингээд манжууд эрх мэдлээ алдаж эхэлвээ. Энэ үед өмнө зүгт Нанжинд Манжийн ноёрхол дууссаныг зарласан юм. 

Монголчууд Долоннуурт Манжтай тохирсон болохоос биш Хятадтай тохироогүй. Тиймээс манжууд байхгүй болж байгаа бол Монгол өөрөө тусгаар байх ёстой, мөн хятадууд ч ялгаагүй тусгаар болж өөрийн Хятад улсаа байгуулж байна гэж монголчууд үзжээ. Ингээд тэртээ дээр үед хийсэн тохиролцооныхоо дагуу Хүрээнд суух амбанд хандан “Манжийн хаанд аюул учирсан учир бид цэрэг хөдөлгөхөд бэлэн” гэсэн бичиг өгсөн байдаг. Маргааш нөгөөдөр нь “Манжийн хааныг хамгаалах бичигт хариу өгөөгүй учир” хэмээн амбаныг Хүрээнээс хөөж явуулаад улмаар 1911 оны 12 дугаар сарын 29-нд тусгаар улсаа зарласан юм. 

Засгийн газар, яамдтай орчин үеийн төрийн суурийг Наполеон байгуулсан шүү дээ. Яг тийм орчин үеийн хэлбэрийн төрийг тусгаар тогтнолоо дөнгөж заралсан Монгол улс шууд байгуулсан байдаг. Таван яамтай, салбаруудаараа асуудлаа хариуцдаг, дээрээ хаантай Хаант улс л байгуулсан хэрэг л дээ. 

Гэтэл яг тэр үед юу болсон бэ гэхээр их сонин факт давхцжээ. 1905 онд Орос, Япон хоёр байлдаад оросууд ялагдаж Порт Смоутад найрамдлын гэрээ байгуулсан юм. Алс Дорнодод хэн ноёлох вэ гэдгээс үүссэн дайн шүү дээ. Далян, Лаодан гэх газруудыг булаацалдаад Порт-Артур хавьд гол дайн болсон. Ингээд энэ хоёр улс 1907 онд нууц гэрээ хийсэн юм.

Ийм гэрээ хийсэн нь олон жилийн дараа илчлэгдсэн байдаг байх шүү?

Энэ нууц гэрээ сүүлд 1930-аад оны үед ил болсон. 1907 оны энэ нууц гэрээг тодотгосон 1912 оны нууц гэрээ, 1916 оны нууц гэрээ гэсэн гурван нууц гэрээ байгаа. Энэ нууц гэрээгээр нөлөөллийнхөө бүсийг хувааж авцгаасан. Япон улс Манжуур, Өвөр Монголыг өөрийнхөө бүрэн эрхт нөлөөллийн бүс, оросууд болохоор Гадаад Монголыг өөрийн нөлөөллийн бүс гэж тогтсон юм билээ. Үүнийг тэр үед гэрээ хийсэн Орос, Японоос өөр хэн ч мэддэггүй байсан. Гэтэл Бээжинд Юань Шикай ерөнхийлөгчтэй (манайд Дажунтан гэж түүхэн бичлэгт тэмдэглэсэн байх) Хятадын шинэ Бүгд найрамдах засгийнхан болохоор шинэ Хятад улсыг Манж Чин гүрэнд харъяалагдаж асан газар нутгийг өвлөх эрхтэй гэж үзэх болжээ. Энэ нь Монгол тусгаар тогтнох эрхгүй гэсэн үг. Уг нь хувьсгал анх гарахдаа Манжийн дарлалаас салж уугуул Мин улсаа дахин байгуулна гэсэн уриатай байсан. Маргаан эндээс үүссэн юм. Дээр Манж Чин гүрний үеийн түүхийг ярьдаг нь чухам ийм тайлбартай учраас яагаад тусгаар тогтнолоо заралсан учрыг өгүүлсэн юмаа.

Сонирхолтой юм?

Энэ маргааны нөхцөл байдлын дунд манайх хоёрхон хөрштэй учраас хойд хөршөөсөө тусламж хүссэн. Оросын хувьд нууц гэрээгээр тэртээ тэргүй Гадаад Монголыг нөлөөллийн бүс гээд тогтчихсон байж. Ингээд оросууд 1912 онд монголчуудтай гэрээ хийсэн. Японтой хийсэн гэрээнийхээ дагуу Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй, гэхдээ Оросын онц нөлөө бүхий автономи улс байлгана гэсэн тохиролцоо. 1912 оны Орос Монголын гэрээ их хэрүүлтэй болсон доо. Гээд эцсийн бүлэгт ямар ч байсан монгролчуудаар зөвшөөрүүлж чадсан юм,. Бас нэг том маргаад байсан асуудал нь автомони ч бай ч юу ч бай үүндээ Өвөр Монголыг оруулна гэсэн асуудал тавиад байсан. Тэрийг оросууд яасан ч зөвшөөрөхгүй. Хэрвээ Өвөр Монголыг оруулчихвал Буриад Монголыг оруулах хэрэгтэй болчихно. Тэгвэл нөгөө Нармай Монгол үүсэх аюултай. Тэгээд ч япончуудтай ийм юм тохироогүй.

Ингээд 1913 онд оросууд хятадууд дээр очиж гэрээ хийсэн. Монголчуудтай ийм гэрээ хийчихлээ гэээд үүнээ тулгажээ. Хятадын дотоод нөхцөл байдал тэр үед маш хүнд байсан. Хойд, өмнөд Хятад гэж хуваагдахаар болж, цэргийн эрхтэнгүүд энд тэнд гарч ирээд улс нь бутрах хэмжээнд хүрчихсэн байсан. Ийм нөхцөл байдалд хятадууд Оросын тавьж байгаа ерөнхий зарчмыг зөвшөөрөөд “Гурван улс гэрээ хийе” гэсэн. 

Хиагтын гэрээ?

Тийм. 1915 онд гурван улсын гэрээ Хиагтад болсон. Бүтэн жил үргэлжилсэн. Маш их хэрүүл маргаан дагуулсан. Гурван тал гурван өөр сонирхолтой. 1911-1915 он хүртэл Монгол Улс өөрөө тусгаар тогтносон улс байсан. Гэхдээ хүлээн зөвшөөрөгдөөгүй. Хоёр хөрш хоёулаа хүлээн зөвшөөрөөгүй. Ингээд 1915 оны гэрээгээр Бүгд найрамдах Хятад улсын газар нутаг, гэхдээ хятадууд шууд болон шууд бусаар Монгол Улсыг захирах эрх байхгүй, оросууд өөрийн нөлөөгөө хадгалах онц эрхтэй гэсэн утгатай. Өвөр Монголыг өөртөө оруулна гэж манайхан баахан үзэлцсэн. Богдын нэршил, он, сарын асуудал ч гарч ирсэн. Монгол тоолол Хятад, Оросынхоос өөр, алинаар нь явах вэ гээд будлиан эхэлсэн. Тэгээд яахав ямар ч байсан нэг юм тогтсон юм. Хаанаа хүртэл “хаан” гэж нэрлэхгүй “повелитель” гэж нэрлэхээр болсон юмдаа.

1917 онд Орост хувьсгал гараад дотроо үй түм болж салсан. Тухайн үед Орост 18 бие даасан засаг тогтож байсан гэдэг. Колчакийнх, Динекинийх, большевикуудынх гээд л иргэний дайн дэгджээ. Ингэхээр чинь гэрээ хийсэн гурван субьектын нэг нь алга болчихож байгаа хэрэг. Субьектийн нэг нь алга болчихсон учраас Монгол “Одоо яах вэ. Хоорондоо байлдаад байгаа улсууд чинь давхиад л ороод ирнэ. Энэ улсыг чинь хэн хамгаалах юм” гэсэн асуудалтай тулгарчээ. Ингээд 1919 онд Монголын удирдах бүлэг хоорондоо маргаж, ялангуяа цэргийн зардал хэн гаргах юм гэдэг асуудал дээр шарынхан, харынхан өөр өөр байр суурьтай байлаа. Богдоор тэргүүлүүлж Ерөнхий сайд Г.Бадамдоржоор дараалуулсан шашны хэсгийнхэн зардал гаргалцахгүй гэсэн. Харин харынхан гэх Чингисийн угсааныхан, ноёд, язгууртнууд, болохоор “Сүм хийдийнхэн баян. Та нар зардал гарга” гэдэг байр суурьтай. Тэгээд харынхан “Хойно болж байгаа самуунаас хамгаалуулахаар Хятадаас цэргийн хүч дуудъя” гэсэн асуудал тавьжээ. Шарынхан болохоор “Бид зардал гаргахгүй. гэхдээ хятадуудыг оруулж ирэхгүй” гэсэн. Ийм маргаан болж 1920 онд Хятадаас Сюй Шүжаны цэрэг орж ирээд автономийг хүчээр устгаад хаячихсан. 

1920 онд монголчууд автомонио сэргээхэд туслаач гэдэг асуудлыг Япон руу, Орост тогтож байсан хоёр ч засаг руу, Америк руу тавьж байлаа. Гэтэл автономи гэдэг үгийн утгыг ч сайн ойлгодоггүй байсан юм шиг байгаа юм. Хятадын харьяалалд, Оросын нөлөөлөлд байна гэсэн үг шүү дээ, уг нь. 

Тэгсэн мөртлөө тусгаар тогтнол яриад байдаг?

Гэтэл тусламж хүссэн захидлаас нь үзэхэд бүрэн тусгаар тогтнол нэхэж байсан нь тод харагддаг. Иймэрхүү маргаантай мөртлөө өөрсдийгөө тусгаар тогтносон гэж ярьдаг. Гэтэл хоёр хөрш нь зөвшөөрдөггүй. Энэ байдал 1945 он хүртэл үргэлжилсэн. 1945 оны наймдугаар сард Москвад Орос-Хятадын гэрээ болж, аль аль тал нь Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөр шийдсэн юм. Гол нь Гадаад Монголыг алиндаа ч өгөхгүй, тусгаар тотносон завсарын жийргэвч бүс болгон үлдээхээр хоёр тал тохиролцсон хэрэг.

1921 онд ЗХУ Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн гээд одоо ч буруу яриад л байдаг. Худлаа шүү дээ. 1946 оны хоёрдугаар сарын 28-нд албан ёсоор ЗХУ Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн юм. Тэрний өмнөхөн 1946 оны нэгдүгээр сарын 6-ний өдөр Хятад улс Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн. 35 жил үргэлжилсэн драмт үйл явдлын эцэст ийнхүү Монгол улс албан ёсоор тусгаар тогтнолоо олж авсан билээ. 

Вэстфалийн зарчимаар “Бусдаар хүлээн зөвшөөрөгдсөн тохиолдолд л тусгаар улс гэж үзнэ” гэдэг. Хамгийн анх ингэж тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсэн улс бол Швейцарь. Энэ зарчим олон улсын жишиг болчихсон. Үүнийг өдгөө дэлхий даяар мөрддөг. “За, бид тусгаар тогтносон шүү” гэчихээр болчихдог юм биш л дээ. Одоо Донбасс, Луганск, Өмнөд Осетин, Абхаз гээд өөрийгөө заралчихсан олон газар байна. Эдний яриаг хэн ч хүлээн зөвшөөрдөггүй. Ер нь олон улсын хүрээнд зөвшөөрөгдөх бололцоогүй боловч санаарлаа ил хэлдэг муж район хорвоогоор нэг бий, түүнийг нь зөвшөөрчихвөл одоо дэлхийд 700 орчим шинэ улс үүснэ гэдэг юм билээ. 

Бидний энд ярьсан Монгол улсын тусгаар тогтнолоо сэргээсэн түүх бол 1907-1946 он хүртэл үргэлжилсэн ийм урт драм юм. Ямар хүнд нөхцөлд туйлбартай тасралтгүй тэмцэж зүтгэж, асар их хохирол оронд нь төлж байж тусгаар тогтнолоо олж авсныг ойлгоцгоох хэрэгтэй санагдана. Түүхийг гуйвуулах, хялбарчлах, худлаа өнгөлөн дөвийлгөх, учир шалтгааныг нь гээгдүүлэх, эсвэл үзэл суртлын зорилгоор түүхээ гутаах нь хожимын хойно хор уршигтай. Болоод өнгөрсөн түүхийг засах бололцоогүй ч ирээдүйгээ харахад зайлшгүй чухал сургамж болдгоороо их ач холбогдолтой юм. Монголын нэн шинэ түүхийг, тусгаар тогтнолоо хэрхэн сэргээсэн цэдгийг Орос, Хятад, Японгүйгээр ойлгох бололцоо байхгүй шүү дээ. 

Ярилцсан Д. Гансаруул

2018 оны 12 сарын 27


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Монгол ноёд мнжын хаанаах пүнлүү авдаг байсныг холбооны улс гэхгүй л дээ. Тэр бол зүгээр л улс төрийн арга мэх байсан. Манжууд дуртай үедээ л монгол ноёдыг цаазалж хорлож байсан . Бид Чингүнжав. 2-р Богд . Ханд вангийн нялх хүүг хэзээ ч мартаж болохгүй . Манж нарын холбоо гэдэг чинь энэ

    2 0 Хариу бичих
  2. Монгол хүнд манжын талаар сайн сайхан гэж ярих ёс зүй байх ёсгүй билээ

    0 0 Хариу бичих
  3. Баабарын ярьсан ихэнх нь үнэн . харин нэг юм буруу юм . Монгол манжын вассал эсвэл холбооны улс гэдэг бол маш худлаа юм . Ялангуяа үүнд халх ойрд хоёр бүүр хамаагүй , хамаатай бол дотоод монгол үүн дотроос хорчин нарт хамаатай байж болох юм. Халх бол зүүнгар унах хүртэл нэлээн их эрх мэдэлтэй байсан нь үнэн ч Зүүнгар унасаны дараа бол үнэндээ зүгээр манжын боол болсон . Манж нар сайндаа монголыг хятадаас тусгаарлаагүй , манж нарын зүгээс хятадыг дарангуйлж захирахад гол хүч болгох үүднээс л монголыг тусад нь байлгасан , гэхдээ ямагт монголоос сэргийлж хүчгүйдүүлэх арга хэмжээг авч байсан гашуун түүхтэй . Монгол манжын холбооны улс вассал байсан гэж хэлэхийн тулд улс гэдэг нэр томёог санах хэрэгтэй , бидний монгол ядаж 1915-1919 оны автономи маягаар оршин тогтнож байсан бол манжтай вассал улс байсан гэж болно . Баабарын санааг би бол ойлгодоггүй тэр ямагт манжын талаар сайн сайхан гэж ярьдаг нь үнэхээр гутамшигт үг юм . Бид 21 оны өмнө ямар үндэстэн болчихсон байснаа , мөхөж байснаа хэзээ ч мартаж болохгүй , энэ бүрэн манжаас эхтэй юм

    2 2 Хариу бичих
    • Манжийн дарлалд байсан гэдэг үгийг 100 аас дээш сонссон хүн шиг байхаа боль. Түүх бол түүхэн гадаад болон дотоод гэрээ хэлцээр, бичиг баримтан дээр тулгуурлан тогтоогддог. Хүмүүсийн хар яриа бол цуурай. Юм уншаа.уншсанаа ойлгоо.

      0 0
  4. Маш сайхан ярилцлага байна хойч үед түүхээ мэдэхэд хэрэг болно Энэ өдөр телевизээр яриулж олон түмэнд мэдээлвэл хэрэгтэй юм

    2 0 Хариу бичих
  5. Мөн л дөө. Баримттай, зөв логиктой гарцаагүй л юм тавиад байгаам даа энэ баабар. Хаашаа ч гарцгүй, энэ нөхөртэй нэг үед амьдраад байгаадаа амьхандаа дошгор л явдаг юм дааа

    5 3 Хариу бичих