Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт болж байна

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ шат өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Д.Лүндээжанцан хэлсэн үгэндээ, энэхүү тэмцээн энэ жил долоо дахь удаагаа болж буй бөгөөд тэмцээнд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж, нэр хүнд, чанар чансаа нь улам өсч байгааг тэмдэглэв.

Тэрээр мөн “Энэ жилийн тэмцээн 2018 оны арваннэгдүгээр сараас эхэлж, анхан шат, хагас шигшээ тэмцээнд нийтдээ 6500 гаруй шатарч оролцлоо. Баянхонгорт 626 Завханд 387, Ховд аймагт 481 гаруй тамирчин тэмцээний анхан шатанд өрсөлдсөн нь тэмцээний цар хүрээ өргөжин тэлж байгаагийн илрэл юм. Улс орон даяар оюунаа уралдуулсан 6500 гаруй шатарчнаас тэргүүлж шалгарсан 100 гаруй шатарч Улсын аваргаа тодруулахаар өнөөдөр энд хуран цуглаад байна. Монголын шатарчид, ялангуяа өсвөр залуу үеийнхэн гайхалтай сайхан амжилт үзүүлж, монгол хүний оюуны чадавхийг дэлхий нийтэд нотлон харуулсаар байгааг бид мэднэ. Зөвхөн 2018 онд л гэхэд сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс монгол шатарчин Б.Баярмаа хошой аваргаар тодорч, сурагчдын дэлхийн болон Азийн аваргууд төрж, дэлхийн шатрын олимпиадаас манай эрэгтэй шатарчид мөнгөн медаль хүртлээ. Энэ тэмцээнээс шалгарсан тамирчдад Азийн сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгодог. Яг энэ өдрүүдэд БНХАУ-д болж буй шатар сонирхогчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өнгөрсөн жилийн аварга Хэнтий аймгийн тамирчин Ганболдын Амарсанаа, Дорноговь аймгийн тамирчин Эрдэнэбаатарын Одгэрэл нар амжилттай оролцож байна. Өнөөдөр Төрийн ордонд эхэлж буй тэмцээний аваргууд ирэх жил Азийн сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Балба улсыг зорих болно. Зөв сэтгэх, оновчтой шийдвэр гаргах, бусдын сэтгэхүйг шинжих, тэвчээр хатуужилтай болох гэх мэт олон сайхан чанарыг шатраас олж авдаг. Тиймээс шатрын спортыг улс орон даяар түгээн дэлгэрүүлэх, шатрын спортоор хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх, монгол хүн бүрийг шатартай нөхөрлүүлэх зорилгоор энэхүү тэмцээнийг зохион байгуулдаг юм” гэлээ.

Нээлтийн ажиллагааны төгсгөлд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан тэмцээний эхний нүүдлийг Орхон аймгаас оролцож байгаа 18 настай А.Золжаргалтай хийж, тэмцээнийг албан ёсоор эхлүүлэв. Үндсэн хуулийг баталсан өдөрт зориулдаг энэхүү тэмцээнд Үндсэн хуулийг батлалцаж байсан АИХ-ын депутатуудаас оюун ухаан сөрөн өрсөлддөг уламжлалтай. Энэ жилийн тэмцээнд АИХ-ын депутат Д.Найдан, Д.Чилхаажав, В.Цамба нар өрсөлдөж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)