Хорин жил арван нэгэн тууж

Монголын уран зохиол одоогоор идэвхтэй эрэл хайгуулын үедээ явж байна. Олон талт бичвэр, текстийн нийлэг чанар дэлхийн утга зохиолын чиг хандлагыг тодорхойлж буй энэ цаг үед өөрийн үндэстний ахуй байдал гэхээсээ сэтгэлгээний онцлогийг тусгасан өвөрмөц бүтээлийг туурвиж, ялгарах хэрэгцээ шаардлага зохиолчдын өмнө тулгараад байна. Сэтгэлгээний эрэлхийлэл бүхий тууж, мето роман нь энэ чиглэлийн эрэлхийлэл хийх хамгийн тохиромжтой формат (хэлбэр) байж болох юм.

Харамсалтай нь монгол хэлтний үгийн урлагт тууж, роман зэрэг хүүрнэл зохиолын том хэмжээний хэлбэрүүд өнөөдөр зогсонги байдалтай байна. Гэхдээ энэ зогсонги байдлыг халж, урагшлах гэсэн тэмүүлэл, оролдлого гарсаар л байгаа. Энэхүү нийтлэлд сүүлийн 20 жилд чухам тийм л тэмүүллээр бичигдэж, Монголын уран зохиолд өөрийн өнгө аясаараа ялгарч буй 11 нэгэн туужийн тухай өгүүллээ.

Ц.Буянзаяа-“Зүүдэн доторхи зүүд”

Зохиолч Ц.Буянзаяа 2008 онд “Зүүдэн доторхи зүүд” хэмээх зохиолоо “антироман” гэсэн тодотголтойгоор гаргасан юм. Зохиолч ардчилсан хувьсгалын удирдагч С.Зоригийг хөнөөсөн аллагаар дамжуулан тэрхүү бие хүний оюун санааны тэмцлийг илэрхийлж, тухайн нийгмийг хамарсан ёс суртахууны доройтлыг ерийн нэг тэнэмэл гөлөгний дүртэй нийтгэж өгчээ. Туужид түүхэн явдлаа зохиолын гол өгүүлэмж (fabula) болголгүй нийгмийн хүчирхийлэл, эмх замбараагүй байдлыг гол өгүүлэгдэхүүнээрээ сонгож, энэ өгүүлэхүүнээ задлан зохиолын үндсэн дүрүүдийг бий болгосон нь уран сайхны гол шийдэл нь юм. Ер нь Ц.Буянзаяа зохиолчийн ямар ч бүтээлээс манай нийгэм ямар мухар гудамж руу орчихоод байгааг, тэр мухардлаас гарах сэлүүн харгуйг зэрэг харж болдог. Сэтгүүл зүйн шинжтэй ч гэмээр энэ өргөн өнцөг нь тухайн зохиолчийн онцлог.

Уг зохиолд нэг л дутуу зүйл анзаарагддаг нь төрөл зүйлийн зөрчил гэж хэлж болно. Зохиолын санаа, зохиомжийн шийдэл романы түвшинд хангалттай ч бичлэгийн цар хүрээ зорьсон төрөл зүйлдээ хүрээгүй нь илт. Ийм ч учраас энэ зохиолыг сүүлийн үеийн туужийн тоонд оруулж буй юм.

Т.Баянсан –“Тэнгэрийн цавчилт”

2000-аад оны дундуур зохиолч Т.Баянсан “Тэнгэрийн цавчилт” хэмээх тууж хэвлүүлснээр өөрийн уран бүтээлдээ эргэлт хийснээ өөрөө ч үнэндээ анзаараагүй юм. Зүүнгарын хаан Галдангийн туршуулууд Цагаан хэрэмийн ойролцоох халхын хүрээнд нууцаар нэвтэрч, Өндөр гэгээн Занабазартай үгсэн оргуулахаар завдаж буй үйл явдлыг  харуулах энэ туужийн үгийн сан болоод уран сайхны боловсруулалт нь онцгой юм. Зохиолч энэ тууждаа үйл явдлын далайц хийгээд хүүрнэлийн өнгө аясыг тун мэдрэмжлэг тааруулснаас гадна харилцан ярианаас үйлдэлд, үйлдэлээс дүрслэлд шилжсэн бичлэгийн ур чадварыг цохон тэмдэглүүштэй.

 “Тэнгэрийн цавчилт” туужаа хэвлүүлснээс хойш хүүрнэл зохиолчийн хувьд 10 гаруй жил урагш ахиагүй зохиолч Т.Баянсан  энэ жил “Харанхуй хутга” туужаараа ахин нэг алхам хийв. Туужийн үйл явдал тэхий дундаасаа илт нуршуу, зарим хэсэг нь үнэмшилгүй болж, хямдхан яаруу гэмээр төгссөн ч энэ текст нь зохиолчийн хувьд том алхам юм. Хий хэлбэрдэж, үнэмшилгүй, явцгүй үйлдэлүүдэд дүрээ барьж өгчих гээд байдаг орчин цагийн Монголын хүүрнэл зохиолчдын дунд Т.Баянсан, Т.Бум-Эрдэнэ, Х.Болор-Эрдэнэ зэрэг реалист хүүрнэлчид байгаа нь баярлууштай хэрэг.

До.Цэнджав – “Цахарын хар шуурга”

Зохиолч Д.Цэнджавын “Өнцөгдсөн сэнтий”, “Цахарын хар шуурга” хоёр тууж бол түүх, баримт, уран сайхныг хэрхэн сүлж болдгийн тод жишээ юм. Ялангуяа 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын баатруудын нэг гүн Бавуужавын амьдрал тэмцэлийг харуулах “Цахарын хар шуурга” тууж бол орчин үеийн Монголын хүүрнэл зохиолын даацтай бүтээлийн нэг. Түүхэн бие хүний тэмцэл гэхээсээ хуран үймээнтэй цаг үеийн хүмүүсийн харилцааг хэл найруулгын өндөр түвшинд уудлан бичсэнээрээ энэ тууж онцлог. Зохиолч Д.Цэнджавын түүхэн туужуудад түүний хэл найруулгын олон талт чанар анзаарагддаг. Сэтгүүл зүй, эсээний чөлөөт бичлэгийн ур чадвараа эх хэлний унаган мэдрэмжтэй хослуулж чаддаг нь түүний давуу тал. Харин томоохон хэлбэрийн роман дээрээ хэт нарийн дүрслэл хөөж, тоочин бичдэгээсээ болж нуршуу, сунжруу текст үйлдвэрлэдэг байдал нь түүний хүүрнэл зохиолын ганц сул тал гэж хэлж болно. 

Д.Батбаяр – “Ийнгаа Миний хээр тал”

1970-1980-аад онд “Цахилж яваа гөрөөс” туужаараа Монголын уран зохиолд цахиур хагалсан үргэжилсэн үг, жүжгийн зохиолч Д.Батбаяр өдгөө ч уран бүтээлээ зогсолтгүй туурвисаар буй нь Монголын уран зохиолын хувьд олз завшаан юм. Зохиолч Д.Батбаярын реалист хүүрнэлийн өнгө аясаар бичсэн “Ийнгаа Миний хээр тал” тууж бол энэ үеийн туужууд дундах тун өвөрмөц туурвилын нэг. Зохиолын эхлэл Д.Нацагдоржийн алдарт “Хөдөө талын үзэсгэлэн” өгүүллэгийг санагдуулна. Д.Нацагдоржийн өгүүллэгийн гол баатар, “Хэрэв би морьтой болоод завтай явсансан бол доо” гэж шогширсоор хоцордог бол, Д.Батбаярын туужийн гол баатар тэрхүү үзэсгэлэнт хөдөө талыг зориглон зорьж одно. Хөдөөгийн эгэл амьдрал, эд зүйлс, үйл явдал дунд нүүдэлчин монгол хүний ертөнцийг танисан цэгц шулуун үзэл бодол, жам ёсыг ухаарсан амирлангуй амьдралын философийг товч тодорхой, илүү дутуугүй хүүрнэж чадсанд энэ туужийн уран сайхны үнэ цэнэ оршино.

До.Цэнджав – “Хөх жавар”

Хараалчийн амьдралыг хүүрнэснээрээ монголчуудын дунд аман зохиол болтлоо ууссан Мял Богдын намтарыг санагдуулам “Хөх жавар” тууж бол зохиолч Д.Цэнджавын одоогоор бичээд буй хамгийн оргил бүтээл нь юм. Туужид зөн билгийг өгүүлэмж цөөнгүй тохиолдох ч , өрнөл тайлал нь уншигчийг бодит орчинд барина. Одоо л адал сонин зүйл тохиох нь гэсэн гэнэ сэрэггүй мэдрэмж уншигчид төрөх авч, зохиолч хүүрнэлийн шугамаа төдий л савлуулалгүй явсаар тууж төгсөнө. Үл савлах тэр шугам нь хүний мөн чанар, ертөнцийн зайлшгүй эрхшээлийн өмнө бие хэл сэтгэлээрээ нэрвэгдэн буй оршихуйн хүйтэн гялбаа юм. Энэ гялбаа уншигчийн сэтгэлийг цөвүүн цагийн амьсгал, байгалийн дүрслэлээс хол илүү өөртөө татаж байна.

Х.Болор-Эрдэнэ - “Хишигт”

Зохиолч Х.Болор-Эрдэний “Хишигт” хэмээх авсаархан тууж сүүлийн үеийн зохиолууд дунд хүндлэл хүлээвэл зохих бүтээлийн нэг билээ. Д.Батжаргалын “Мянган лааз” зохиолоос хойш иймэрхүү хэлбэрийн хүүхдүүдэд зориулсан чанартай болоод сайн тууж гаралгүй удсан. Судлаач Д.Цэвээндорж энэ туужийг “Хүүхдийн сэтгэхүйг зохиомж, хэлний шийдлээр амьдрал, үйлдэл хөдөлгөөн дунд нь нээж чадсан, айлын том хүүхдийн ганцаардал, бодролыг товч агаад тодорхой илтгэсэн” гээд “Туурвилзүйн уран чадварын талаасаа үнэлэгдэх шалгуурыг давж чаджээ” хэмээн үнэлсэн нь голчтой дүгнэлт санагдана.

 

Т.Бум-Эрдэнэ - “Нүрзэд хаачив”

“Ертөнцийн мөнхийн зөрчил бол эцэг хүү хоёрын зөрчил” гэх Ван Гогийн үг бий. Зохиолч Т.Бум-Эрдэний “Нүрзэд хаачив” туужийн учир зүйн шугам энэ үгэнд хураагдаж болмоор. Нэг ч удаа уулзаагүй эцгийнхээ тухай олж мэдэх хүсэл эхийнх нь үхэлтэй зэрэгцэн зохиолын гол баатарт төрнө. Эцэгтэйгээ цэрэгт хамт байсан эрийг зорин очсон аялал, гэнэтийн эргэлт, гол баатрын төөрөлдсөн юм шиг хэрнээ саруул бодол, түүнтэй зэрэгцэн хөврөх Нүрзэдийн дурсамж гээд энэ багахан туужийн зохиомж тун ухаалаг. Энэ үед хүүрнэл зохиолын чиглэлээр хамгийн үр бүтээлтэй ажиллаж буй зохиолч Т.Бум-Эрдэнийн уран зохиолд оруулаад буй хамгийн чухаг хувь нэмэр нь одоогоор энэ тууж.

С.Оюунтөгс -  “Миний тоглоомын өрөө”

Зохиолч С.Оюунтөгсийн “Миний тоглоомын өрөө” хэмээх бэсрэг тууж зохиомж, хөндсөн санаа, ур хийцийн хувьд энэ үеийн хүүрнэл зохиолын дундаж түвшинг төлөөлнө. Саяхан ээж болсон бүсгүйн дотоод хүүрнэл маягаар бичигдсэн уг бэсрэг туужийн эргэцүүллээр сүлсэн нам гүм, тогтуун ахуй яруу найрагч Э.Бүжинлхамын “Ариан” туужаас ч анзаарагдана.

Ц.Цэнд - “Дөрвөн нүдтэй зүүд”

Зохиолч Цэвээний Цэнд орчин үеийн Монголын уран зохиол дахь хамгийн ойлгомжгүй бие хүмүүсийн нэг билээ. Түүний уран бүтээлээс магадгүй хамгийн ойлгомжтой нь “Дөрвөн нүдтэй зүүд” хэмээх бичил тууж юм. Бүсгүй хүний гоо үзэсгэлэнг магтан дуулагч яруу найрагчийн өдрийн тэмдэглэл гэмээр энэ бичвэрт биологизмыг санагдуулам улаан цайм дүрслэл, айхтар мэдрэмжтэй яруу дүрслэл сүлэлдсэн нь сонирхолтой.

Д.Оюунчимэг - “Тэнгэрийн цаг болоогүй”

1980-1990-ээд оны эхэн үед хэвлэгдсэн П.Баярсайханы “Нохойн хэвтэр” тууж, “Хүн гөрөөс” жүжиг, Д.Энхболдын “Соёо” туужууд Монголын уран зохиолд совин билгийн буюу мистик өнгө аясыг хүчтэй оруулж ирсэн билээ. Харин тэдний хойч үе нь энэхүү өнгө аясыг улам дэлгэрүүлж, шидэт реалист хүүрнэлийн багашаархан өвийг бий болгож буй нь олзуурхууштай.

Зохиолч Д.Оюунчимэг бол яруу найраг, орчуулга, хүүрнэл зохиолын төрлөөр жигд, өндөр түвшинд бичиж буй энэ үеийн цөөн бүтээлчдийн нэг юм. Түүний хүүрнэл зохиолоос “Тэнгэрийн цаг болоогүй” тууж, “Оройн ганц мод” роман нь уншигчдад илүүтэй хүрсэн.

Буйдхан сууринд нэг л өдөр нэгэн үзэсгэлэнгт бүсгүй хаанаас ч юм бий болсноор туужийн борог бааз ч гэмээр бичлэг хачин тунгалаг, эрэмгий болж хувирах нь анзаарагдана. Текстийн ийм нарийн мэдрэмжтэй хувирлыг хийж чаддаг зохиолч тун ховор. Тууж бүхэлдээ ямар нэг хориг саадгүй, хөврөн уншигдсаар нэг л мэдэхэд өнөөх бүсгүй хаашаа ч юм ирсэн шигээ гэнэт л үгүй болж, суурин борог амьдралдаа, зохиол бор баазхан дүрслэлдээ эргэн шилжихэд уншигч бодит амьдралдаа эргэн ирнэ. Д.Оюунчимэгийн хүүрнэл зохиол, яруу найраг хоёр хүйн холбоотой. Түүний анхны шүлгийн түүвэр болох “Харанхуйн дуулал”  ном хуучин үг хэллэг, яв цав тогтолцоотой мэт харагддаг ч чөлөөт зүйрлэл, сэтгэлгээний нислэгээрээ үеийн шүлэгчдээсээ эрс ялгаатай байсан. Яруу найрагчийн энэ хүчирхэг авьяас нь хүүрнэл зохиолын өгүүлэмжийг нь ил цагаан дүрслэлтэй хэрнээ нууцлаг мөн чанартай болгож буйг анзаарч болно.

П.Батхуяг - “Миний сэтгэл-Rock”

Зохиолч, уран зохиолын шүүмжлэгч П.Батхуяг “Үйлийн үрийн байшин”, “Миний сэтгэл-Rock” хэмээх хоёр төсөрхөн тууж хэвлүүлээд буй. Энэ хоёр туужаас “Миний сэтгэл-Rock” уран бүтээлийн үнэ цэнийн хувьд илүү юм. Туужийн холбоосыг эсээний эхлэл гэмээр бэсрэг бодомжуудаар хийж өгсөн. Бүлэг бүрийн төгсгөлд оруулсан эдгээр бодомжууд нь зохиолын хэмнэлийг хурцлах үедээ хурцалж, тогтворжуулах үедээ тогтворжуулах давхар үүрэгтэй. Хөгжим, уран зураг гээд хүний мөн чанар хамгийн тодоор тусдаг урлагуудад нэг нэг дүр оноож, тэдний хооронд өрнөх эгэл жирийн харилцаанаас ер бусын гэмээр утга агуулга ялган авч чадсанд энэ туужийн хамгийн амин чанар оршиж буй юм. Харин хэл найруулгын хувьд чөлөөтэй, урлал шингээх гэж чамирхсан зүйл үгүй. Энгийн үгс, энгийн дүрүүд, энгийн орчинд, энгийн харилцаандаа эгэл бус үйлсийг бүтээдэг нь зохиолч П.Батхуягийн туурвилзүйн нэг том онцлог.

 

Үндэсний ТОЙМ сэтгүүл. 

"Эргэлтийн цэг-2019" дугаар


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)