Найз залуугийнхаа хувцсыг өмсөх нь стрессийг бууруулдаг

Их Британийн Колумбын Их сургуулийн сэтгэл судлалын танхимынхан нэгэн сонирхолтой мэдээллээ хуваалцлаа. Тус танхимын эрдэмтэн судлаачид ойр дотныхоо хүний, ялангуяа найз охин, залуугийнхаа хувцсыг өмсөх нь стрессийг бууруулдаг гэдгийг тогтоосон байна.

Энэ нь эмэгтэйчүүдэд илүү их үйлчилдэг гэнэ. Учир нь хүн хайртай, дотны хүнийхээ үнэрийг үнэртэх нь дулаан, тайван мэдрэмж төрүүлдэг нь стрессийг бууруулах шидтэй аж. Найз залуу, сексийн хамтрагчтай 96 эмэгтэйн дунд хамтрагчийнхаа цамцыг олох туршилт хийжээ. Бүсгүйчүүд цамцыг үнэрлэж үзэх боломж олгож, өөрт таалагдснаа сонгож өмсөхийг санал болгоход тэд бүгд хамтрагчдийнхаа цамцыг сонгож байж. Нэг шинэ, найз залуугийнх нь, мөн өөр эрийн цамцан дундаас хамтрагчийнхаа цамцыг олж чадсан нууц нь ердөө үнэр гэнэ. Туршилтын дараагийн шатанд бүсгүйчүүдээс математик, ажлын ярилцлагад орох шалгалт авсан байна. Найз залуугийнхаа цамцыг өмссөн бүсгүйчүүд шалгалт, ярилцлагадаа тайван байдалтай оролцож, анхаарал нь сайн төвлөрч, өндөр оноо авчээ.

Туршилтын дүнг нэгтгэхэд “Хайртай, дотныхоо хүний хувцсыг өмсөх нь стрессийн гэгдэх кортизол дааврын хэмжээг бууруулснаар хүний өөртөө итгэх итгэл нэмэгдэж, тайвширдаг. Энэ нь хийж буй үйлдэлд нь шууд нөлөөлж эерэг үр дүн авчирдаг” гэж гарсан аж.

Харин танихгүй хүний үнэр эсрэгээрээ үйлчилж ямар ч зүйл хийх байсан сандаргаж, тайван бус, стресстэй болгодог байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)