Эрдоганд итгээгүй туркууд мөнгө, авьяасаа аван эх орноо орхиж байна

Р.Т.Эрдоган 17 жилийн турш сонгуульд “Османы эзэнт улсын үеийн суу алдрыг нь сэргээнэ” гэсэн амлалт өгч ялалт байгуулсаар ирсэн билээ. Түүний өнгөн дээр улс орны хүчин чадал худалдаа эдийн засаг, батлан хамгаалах тал дээр өргөжин бэхжиж, иргэдийн амьжиргаа дээшлэн, өөрөө ч тэр хэрээр нэр хүнд, нөлөөгөө өсгөж чадсан. Гэвч 2016 оны, бүтэлгүй болсон төрийн эргэлтээс хойш олон нийтийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарах болсон юм. Эдийн засаг нь хямарч, бүх нийтийн санал асуулга, ээлжит бус сонгуулиар эрх мэдлээ өргөжүүлснийх нь дараа үндэсний мөнгөн тэмдэгт лирийн ханш огцом унасан бөгөөд энэ бүхнийг зогсоохын тулд ардчиллын бус арга хэрэгслүүдийг ашиглаж эхэлснээр иргэдийн санаа бодол, сонголт нь өөр зүгт чиглэжээ. Тэд энэ удаа саналаа хөлөөрөө илэрхийлж байна.

Өдгөө Туркийн иргэд олноороо эх орноо орхин гарч, хилийн чанадыг зорих болсныг эрх баригчдын гаргаж буй статистик, шинжээчдийн дүгнэлтүүд баталж байгаа бөгөөд энэ нь туркчууд Р.Т.Эрдоганы ярьдаг Османы үеийн алдар сууг сэргээн мандуулах “алсын хараа”-нд итгэхээ больсныг илтгэж байгаа юм. Сүүлийн хоёр гурван жилд Туркээс оюутан, эрдэмтэн мэргэдээс гадна томоохон бизнесмэнүүд, үйлдвэрлэгчид, хөрөнгө чинээтэй хүмүүс хүртэл хэдэн мянгаараа дүрвэн гарсан байна. Тэд эх орондоо байсан хөрөнгө хогшлоо зарж, мөнгөө, гэр бүлээ хилийн чанадад шилжүүлж байна.

Туркийн статистикийн институтын гаргасан мэдээллээр, 2017 онд Туркийн 250 гаруй мянган иргэн эх орноо орхин гарчээ. Энэ нь 2016 оныхоос даруй 42 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Тэр жил 178 мянган иргэн гадагш дүрвэж байсан аж.    

Туркийг орхин гарч байгаа иргэдийн дунд оюутан, багш нар жин дарж байгаа талаар өмнө нь олонтаа мэдээлж байсан. Тэгвэл энэ нь удаан хугацаанд үргэлжилснээрээ нийгмийг дахин бүлэглэж, 10 жилийн өмнөх рүү шидчих эрсдэл байгааг Лондон дахь Рижентийн их сургуулийн профессор, үндэстэн судлаач Ибрагим Сиркеджи тэргүүтэй олон шинжээчид олж харан, тэр тухайгаа ярьж бичиж байгаа юм.  

“Эрдэмтэн мэргэдийг дагаад мэдлэг гадагш урсаж байгаа нь бодитой” гэж И.Сиркечи онцлов. 

Хүмүүс, мэдлэг, авьяас билэг, эд хөрөнгө, баялаг аван ийнхүү зугтаж буй нь Р.Т.Эрдоганы бий болгосон олон хүчин зүйлсээс шалтгаалсан бөгөөд, түүний дайсан гэж тооцоод байгаа хүмүүс Туркт үлдээд сайнаа үзэхгүй гэдэгтээ улам бүр итгэлтэй болохын хэрээр идэвхижих хандлагатай байгаа юм.

Улс төрийн хэрэгт орчих вий гэсэн айдас, алан хядах ажиллагаа, шүүх засаглал, хууль дээдлэх ёсонд итгэх итгэл алдралт, түүнчлэн Р.Т.Эрдоганы эдийн засгийн байдлыг сайжруулах нэрээр хийж буй өөрт нь болон тойрон хүрээлэгчдэд нь ашигтай хууль бус ажиллагаа зэрэг нь тэднийг эх орноо орхин дүрвэхэд хүргэж байна.  

Ингэснээр, хэдэн зуун жилийн өмнөөс төлөвшиж, улсын соёл урлаг хийгээд бүхий л салбарыг оройлон зүтгэгч нийгмийн элит хэсэг “явж”, шинэ баячууд нь “нуугдаж”, оронд нь Р.Т.Эрдоган болоод түүний эрх баригч намынхан байрыг нь эзлэх гашуун үр дүн гарах магадлал өндөр байгаа юм.   

Эдгээр “Явагсад”-ын нэг бол дизайнер мэргэжилтэй, энэ жил 38 настай Мерве Байиндир юм. Туркийн загварын ертөнцийн гол төв болох Станбул дахь Нишанташи дүүрэгт өөрийн гэсэн урлантай байсан тэрээр байгаа бүхнээ орхиод Лондонд суурьшихээр иржээ.

Тэрээр Турк дэх бизнесээс нь үлдсэн, өөрийн нэрийн “MerveBayindir” брэнд, ээжтэйгээ хамт удирддаг байсан дөрвөн давхар байшингийн хамт зарах асуудлаар өнгөрсөн сард Станбулд оччихоод иржээ. “Бид бүх зүйлээ зарна аа” хэмээн тэрээр өгүүлж сууна.

Хатагтай М.Бандер 2013 онд Таксимд болсон эсэргүүцлийн хөдөлгөөний идэвхтэй оролцогч байжээ. Тэрээр тухайн үед болсон хүчирхийллээс үлдсэн айдас, болгоомжлол нь одоо болтол арилаагүй, төрсөн хотдоо ч сэтгэл тайван байж чадахаа больсон хэмээн ярьсан юм. 

Эрдоган эсэргүүцлийн жагсаалд оролцогчдыг хууль зөрчигчтэй адилтган шүүж, араас нь залгаад үргэлжилсэн олон баривчилгаа, мөрдөлт мөшгөлөг нь олон хүнийг эх орноо орхин дүрвэхэд хүргэсэн юм. 

“Соёл гэлтгүй, хувийн шинжтэй ялгаварлан гадуурхалт, уур хилэн, хүчирхийлэл бодитой оршиж байгаа газарт хүн яаж ч хичээгээд эвлэрч амьдрах аргагүй байдаг юм” гэж Байиндир ярьсан юм. “Чамд сайн сайхан мөрөөдөл байгаад, тэр чинь аажмаар уусан алга болж байгааг өөрөө мэдэрсэн бол энэ найдваргүй зам гэдгийг ойлгох болно” гэж тэрээр хэлсэн билээ. 

М.Байиндиртай ижил үзэл бодолтой мянга, мянган туркчууд бизнесийн зорилгоор эх орноо орхин гарч байгаа. Тэдний зарим нь бизнесийн зорилоготой гэдэг нэрийн дор Англи руу цагаачлалын виз мэдүүлж, үлдсэн нь Грек, Испани, Португалд амьдрах “алтан виз” /Дээрх улсуудад үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан тохиолдолд олгодог/ гээчийг олж авахаар хөөцөлдөж буй.   

Ноён Сиркечийн хэлснээр, Европын орнуудад виз мэдүүлэх турк иргэдийн тоо сүүлийн гурван жилд эрс нэмэгджээ. Ялангуяа Их Британид цагаачлах хүсэлт гаргасан иргэдийн тоо эрс өссөн гэдгийг тэрээр тус улсад цагаачилсан турк иргэдийн асуудлыг л сүүлийн 25 жил судалсан хүний хувиар баталсан юм. Түүний хэлснээр, 2016 оноос хойш 10 000 гаруй турк хүн Их Британид ажиллаж амьдрахаар бизнес виз хүсчээ. Энэ нь 2004-2015 онд гаргасан  хүсэлтээс хоёр дахин их байжээ. Үүнээс гадна, төрийн эргэлт хийх оролдлого гарсны дараах зургаан сард Их Британиас улс төрийн орогнол хүссэн иргэдийн тоо гурав дахин, Германаас бүр зургаа дахин нэмэгдсэн гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн комиссын тайланд өгүүлсэн байна. Харин бүх дэлхийн хэмжээнд 2017 онд 33 000-д хүрчээ.  

Улс төрийн орогнол хүссэн өргөдөл гаргасан дээрх хүмүүсийн ихэнх нь 2016 оны бүтэлгүйтсэн төрийн эргэлтийн гол зохион байгуулагч гэх Фетхулла Гулений бүлэглэлийн гишүүн гэгдэн буруутгагдагсад байдаг.  

Төрийн эргэлт хийх оролдлого гарсны дараа хэдэн мянган багш нарыг ажлаас нь халсан бөгөөд тэдний дунд хуулийн дагуу өргөдөл бичиж, төр засгаас хүчирхийллээ зогсоож, энхийн замаар асуудлаа шийдэхийг шаардсан хэдэн зуун багш байсан юм. Тэдний зарим нь энэ тухайгаа хилийн чанадад зарлан мэдээлснийхээ төлөө ажлаасаа халагдсан байдаг.

Р.Т.Эрдоган Туркийн илүү хуучинсаг, уламжлалт, шашинлаг, хүчирхэг дундаж давхаргатай, эдийн засгийн талаар олсон амжилтынх нь төлөө түүнд гүнээ талархдаг элитийн нягт давхаргаар тойрон хүрээлүүлнэ хэмээн тооцоолж, үүнийгээ хэрэгжүүлэхийг оролдсон юм.

Сонгуулийн “Konda” компанийн захирал Бекир Агирдирийн хэлснээр, мэдлэг, эд баялаг Туркээс гарч явж байгаа нь нийгмийг дээрх маягаар өөрчлөх Р.Т.Эрдоганы хүчин чармайлт хийгээд хэрэглэсэн арга барилтай нь холбоотой аж.  

“Татаас олгож, өндөр ашигтай гэрээ санал болгосны хүчинд төр богино хугацаанд шинэ бизнесүүдийг бий болгож, хуучнаар түргэн хугацаанд шинэчилж чадсан. Хөрөнгийн байршил “Нэгээс нөгөөд шилжсэн” тохиолдлууд ч бий. Үүнийг нийгэм улс төрийн инженерчлэл юм” гэж тэрээр хэлсэн юм.

Илкер Бирбиль бол төр засагтаа хандан дээр дурдсан энхийг эрхэмлэх уриалгыг гаргаж, үүнийхээ төлөө хавчлагад өртөн эх орноосоо Голланд руу дүрвэн гарсан математикч. Роттердамын Эразма их сургуульд багшлахаар  Голландад ирсэн түүний бодлоор бол, Турк энэ янзаараа байна гэвэл оюунлаг хүмүүсээ үүрд алдсантай адил гэнэ. “Туркээс гарч явсан хүмүүс улс төр, нийгмийн нөхцөл байдал энэ янзаараа байсан тохиолдолд эргэж очих бодолгүй байгаа” гэж тэрээр ярьсан юм. Нутагт нь үлдсэн олон зуун оюутан, багш нар түүнд бичсэн цахим захидалдаа гадаадад гарах хүсэлтэй гэдгээ бичдэг гэнэ.  

“Оюутнууд өөрчлөлтөөс залхсан, учир нь тэд Р.Т.Эрдоганы засагласан 17 жилийн “бүтээл”-үүд. Одоо тогтож байгаа засаг бол тэдний мэдэх цорын ганц засаг, тиймээс тэд өөр боломж байдаг талаар төсөөлөх ч үгүй байгаа” гэж Станбул дахь иноваци, үйлдвэрлэлийн MEF их сургуулийг үүсгэн байгуулагч Эрхан Эркут ярьж байна.

Гэр бүлүүд дараагийн үеэ бэлтгэхийн тулд хилийн чанадад шинээр бизнес нээж байгаа талаар бас нэгэн их сургуулийн захирал Сиркеси мөн ярьсан юм. Тэрээр Риджент их сургуулийн эзэн бөгөөд түүний хувийн сургуулийн оюутнуудын ихэнх нь энэ ангилалд багтах гэнэ. 

Туркийн нийт чинээлэг иргэдийн 12 хувийг бүрдүүлдэг, багаар бодоход 12 000 саятан 2016, 2017 онд эд хөрөнгөө хилийн чанад руу шилжүүлсэн гэж “AfrAsia” банкнаас гаргасан тайланд дурдсан байна. Тайланд өгүүлснээр, дээрх иргэд хөрөнгөө ихэвчлэн Европын орнууд болон Арабын нэгдсэн Эмират руу шилжүүлсэн гэнэ. Мөн Туркийн бизнес эдийн засгийн төв Станбул баячуудад халтай дэлхийн долоон том хотын нэгээр нэрлэжээ.

Түүхээс үзвэл, аливаа том улсын уналтыг баян чинээлэг хүмүүс нь гарч явж байгаагаар мэдэж болдог гэнэ. 

Эдийн засаг ганхаж эхэлсний дараа хөрөнгө хилийн чанад руу шилжүүлсэн бизнесмэн, ажил олгогчдыг Р.Т.Эрдоган аргадаж буцаахын оронд харин ч заналхийлсэн нь гадагшаа чиглэсэн урсгалыг зогсоох биш, харин ч хурдасгаж орхисон. 2018 оны дөрөвдүгээр сард болсон бизнес уулзалтаас бизнесмэнүүд төр засаг нь нааштай алхам хийх болов уу гэсэн найдлага тавьж байв. Харин Р.Т.Эрдоган эсрэгээр хийжээ. Тэрээр бизнесмэн, чинээлэг давхаргынхандаа  “Уучлаарай, бид уучлалт гуйхгүй. Манай үндэстний гар энэ амьдралд чинь ч, үхсэн хойно чинь ч та нарын хүзүүн дээр байх болно. Та нарын үйлдлийг зөвтгөх арга алга” хэмээн хэлсэн юм. Энэ мэдэгдлээ хийхээс өмнөхөн Туркийн хэд, хэдэн том компани улсаасаа гараад явчихсан байсан юм. Үнэндээ бол тэдгээр компанийн эзэд төрийн эргэлт хийхэд оролцсон хэрэгт орж хөрөнгөө хураалгах, эдийн засаг агшиж хөрөнгө нь үнэгүйдэх эрсдэлээс зайлсхийхийн тулд хөрөнгөө шилжүүлсэн байдаг.  

Тэдэнд ингэж болгоомжлох шалтгаан байсан юм. Бодит жишээнүүдийн нэг нь хүнс, ахуйн хэрэглээний бараа үйлдвэрлэлийн гигант “Yildiz Holding” юм. Энэ компанийг Фетхулла Гюлентэй холбоотой гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарсны дараа Туркийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэр­лэлийн салбарт тэргүүлэгч, тус улсын цөөхөн үндэстэн дамнасан корпорацийн нэг “Yildiz Holding” Турк дэх хоёр компаниа зарсан юм.

Төрийн эргэлтээс хойш Р.Т.Эрдоган улс төрийн дайснуудаа толгой дараалан намнаж эхэлсэн. Барууны орнууд, АНУ-тай холбоотой бүхэн Р.Т.Эрдоганы сонирхлыг онцгой татаж, тэр хэрээрээ цээрлэл амсч байв. “Yildiz Holding” нь чихэр шоколадны “Улькер”, “Jacob’s” зэрэг брэндийг эзэмшдэг бөгөөд 2013 онд 15.3 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байсан аварга компани. АНУ, Канадад голчлон үйл ажиллагаа явуулдаг, бүтээгдэхүүнээ Европын холбоо руу гаргадаг тул хэзээ нэгэн цагт Р.Т.Эрдоганы явуулж буй шинэ маягийн “нийгэмчлэл”-д өртөх нь гарцаагүй байсан  гэнэ. Ерөнхийлөгч төрийн эргэлтээс хойш “дайснууд”-аасаа хэдэн арван тэрбум ам.долларын үнэлгээ бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг улсын өмчид хурааж авсан. Тиймээс улсад хураалгахаасаа өмнө худалдсан нь энэ байсан юм. Үүний дараа төрийн машин ажиллаж, “Ulker”-ийн хувьцааны хяналтын багцын асуудлыг гаргаж ирсэн бөгөөд энэ асуудал шүүхэд хүртэл очсон байдаг. Компанийн зүгээс уг асуудлаар хэвлэлд олон удаа мэдээлэл, тайлбар  хийхдээ өөрсдийгөө Ф.Гюлентэй ямар ч холбоогүй хэмээн эдийн засгийн гэхээсээ улс төрийн шинжтэй асуудал ярьдаг байсан нь асуудлын цаана ямар шалтгаан байгааг харуулж байсан юм.  

Туркээс гарч явсан бусад компаниудын олонх нь дээрх шалтгаанаар Туркээс гарч явсан, явж байгаа.    

“Төрийн эргэлт гарч, бизнес эрхлэгчид аюул занал мэдэрснээс хойших сүүлийн хоёр жилд хэдэн тэрбум ам.доллараар хэмжигдэх баялаг Туркээс гадагшилсан” гэж Станбулд хуулийн фирм ажиллуулдаг Мехмет Ган хэмээх эрхэм өгүүлсэн юм. Дээр дурдагдсан дизайнер М.Байиндир ч энэ жишгээр салоноо хоёр жилийн өмнө Лондонд шилжүүлсэн. Туркт түүнд ажлын байр, ажилчид, үзэсгэлэнгийн танхим гээд бүгд байсан. Одоо харин тэрээр Лондонд хөлсөлсөн жижиг байрандаа өөрөө малгайныхаа загварыг гаргаж сууна.

“Би үлдэж болох байсан. Тэнд ажлын байрны нөхцөл байдал одоогийнхоос хамаагүй дээр” гэж М.Байиндир хатагтай итгэлтэй өгүүлсэн. Гэсэн ч Р.Т.Эрдоганыг дэмжигчид хийгээд эсэргүүцэгчдийн хоорондын сөргөлдөөн тэмцэл, цаашлаад иргэний дайнд хүрэх эрсдэл байгаа гэж өөрөө үзсэн учраас эх орноосоо дүрвэжээ. 

“Одоо Станбулд очихоор амьд эрчимлэг байдал нь алдагдсан, энергигүй юм шиг санагддаг болсон. Би хотдоо хайртай хүмүүсийн нэг учраас Станбулд очиж, таагүй болсныг нь дахин мэдрэхийг хүсэхгүй байгаа” гэж тэрээр өгүүлсэн юм. 

Эх сурвалж: www.nytimes.com


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)