Африк тивийн хөл бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулна

Африк тивийн орнуудын 2019 оны хөл бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулах эрхийг Египет улсад олгосон байна. Нэгдүгээр сарын 8-нд Дакарт хуралдсан Африкийн Хөл бөмбөгийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн хуралд, Египет улс 16:1 гэсэн илт давуу саналаар Өмнөд Африкийг ялж, 2019 оны Африк тивийн орнуудын хөл бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулах эрхийг авсан байна. Африкийн Хөл бөмбөгийн холбооны дарга Ахмед үүнийг зарлан мэдэгджээ.

2019 оны Африкийн орнуудын хөл бөмбөгийн тэмцээн 6-р сарын 15-наас 7-р сарын 13-ныг хүртэл үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээнийг зохион байгуулах эрхийг авснаар Египет улс тус тэмцээнийг тав дахь удаагаа зохион байгуулахаар болж байгаа юм. Египет улс урьд нь нийт 7 удаа Африкийн орнуудын хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлж байжээ. Энэ удаа тэмцээнийг зохион байгуулагч орноор оролцох бөгөөд тус улсын баг аваргын цомыг авах боломжтой гэж гаднынхан үзэж байна.

Египет улс олон улсын стандартад нийцсэн хөл бөмбөгийн олон цэнгэлдэх хүрээлэнтэй учраас тэмцээн зохион байгуулах давуу талтай юм. Тэдгээрийн дотор Кайрын олон улсын биеийн тамир спортын стадион 72 мянган суудалтай, "Борг Эль Араб" стадион 87 мянган суудалтай юм. 2019 оны Африкийн орнуудын хөл бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулах эрхийг эхлээд Камерунд олгосон байна. Урьд нь тус улс зохион байгуулах эрхийн өрсөлдөөнд Алжир, Кот-д’Ивуар хоёр улсыг ялсан байв. Гэтэл Камеруны тэмцээн зохион байгуулах чадвар, тэмцээний хэрэгцээ шаардлагын зөрөө нэлээд их байсан учраас 2018 оны 11-р сард Камерун улсын зохион байгуулах эрхийг цуцалсан юм. Үүнээс гадна, мөн өдөр Египетийн багийн алдарт тамирчин, Английн Премьер лигийн "Ливэрпүүл" багт тоглож буй Мохамед Салахад 2018 оны Африкийн шилдэг хөл бөмбөгчний шагнал олгожээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)