УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар АН-ын бүлэг завсарлага авав

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.01.11) хуралдаан 77.3 хувийн ирцтэйгээр 02 цаг 12 минутад эхэллээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Төслийг санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. 

Улсын Их Хурлын 40 орчим гишүүн Улсын Их Хурлын даргыг ажил, албан тушаалаасаа сайн дураар чөлөөлөгдөх шаардлага тавьсан боловч Төрийн байгуулалтын байнгын хороо уг шаардлагыг хэлэлцэх хууль эрх зүйн боломжгүй гэж үзсэн зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа сар гаруйн хугацаанд гацаж, Улсын Их Хурлын чуулганы үйл ажиллагаа тасалдаад байгаа учраас төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг гацаанаас гаргах, улс орны аюулгүй байдлыг сахин хамгаалах, Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангуулах шаардлагын хүрээнд Ерөнхийлөгч энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна. 

Хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд төслийн 1 дүгээр зүйлд Улсын Их Хурлын гишүүдийн олонх нь Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх тухай саналыг албан ёсоор тавибал нэн яаралтай журмаар хэлэлцүүлэх, 2 дугаар зүйлд хуулийг дагаж мөрдөх хугацааг заажээ. Мөн уг хуулийн төсөлтэй хамт Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 57 гишүүний 54 нь буюу 97.4 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын прокурорын саналыг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хуралд хандаж Улсын ерөнхий прокуророос 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1/91 тоот албан бичгээр Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хүргүүлсэн талаар Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан танилцуулсан.

Улсын Их Хурлын дээрх нэр бүхий гишүүн нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн учраас гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүслээ. 

Уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нар тус тус танилцуулав. Энэхүү асуудлыг хэлэлцээд Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо тус бүр Б.Ундармаа гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн шийдвэрлэсэн юм. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ё.Баатарбилэг нар Улсын Ерөнхий прокурор, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж болон Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нараас асуулт асууж, хариулт авсан юм. Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж цаг хэт орой болсон байгаа тул нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэх асуудлаар дөрвөн цагийн завсарлага авч буйгаа мэдэгдэв. 

Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль дахь завсарлага авахтай холбоотой зохицуулалтын талаар Тамгын газраас тодруулга авсны дараа Улсын Их Хурал дахь АН-ын бүлэгт 6 цагийн хугацаатай завсарлага өгөхөөр шийдвэрлэлээ. Ийнхүү 04 цаг 30 минутад Улсын Их Хурлын чуулган өндөрлөв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. ardchilsan namiin buleg hej bga yum uu

    0 0 Хариу бичих