Улсын дээд шүүхээр хэлэлцсэн эрүү, иргэний хэрэг өсчээ

Улсын Дээд шүүх 2018 онд эрүү, иргэн, захиргааны нийт 3764 хэрэг хүлээн авч, шүүх хуралдаанаар 3017 хэрэг хянан шийдвэрлэжээ. Хянан шийдвэрлэсэн хэргийн 64 хувь нь иргэний, 19 хувь нь эрүүгийн, 17 хувь нь захиргааны хэрэг байсан байна. 

Эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 68 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 8 хэрэг хэлэлцсэн байна. Эрүүгийн хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн хэргээс нэг шүүгчид 193 хэрэг ногджээ. Өмнөх онтой харьцуулахад хүлээн авсан эрүүгийн хэрэг 395-аар буюу 84.8 хувиар, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 231-аар буюу 67.5 хувиар өсчээ.

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим нийт 2163 хэрэг хүлээн авч, 1932 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 55 хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулахаар хэлэлцэж, 74 хэргийг хяналтын журмаар хэлэлцэхээс татгалзаж, 13 хэргийн харьяаллыг тогтоосон байна. Өмнөх онтой харьцуулахад хүлээн авсан иргэний хэрэг 172-аар буюу 8.6  хувиар, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 228-аар буюу 13.4 хувиар тус тус өсчээ.

Харин өмнөх онтой харьцуулахад хүлээн авсан захиргааны хэрэг 24-өөр буюу 3.1 хувиар, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 31-ээр буюу 5.7 хувиар буурчээ. Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим Захиргааны ерөнхий хуулийн 3.1.4, 37.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3, 112.9 дэх заалтууд Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх асуудлыг Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хүсэлт өргөн мэдүүлж, дүгнэлт гаргуулан улмаар УИХ дээрх хуулийн заалтуудыг хүчингүй болгосон байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)