Томоохон сүлжээ дэлгүүрүүд өргөдөл, гомдлын хуудастай болно

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хэрэглэгчийн гомдлыг хурдан шуурхай шийдвэрлэх, аж ахуй эрхлэгчээс хэрэглэгчдэд чанартай бараа, ажил, үйлчилгээг хүргэх зорилгоор “өргөдөл, гомдлын хуудас”-ны нэгдсэн загварыг батлан нийтээр мөрдүүлэх ажлыг хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү ажлын эхлэл болгож өнөөдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва томоохон сүлжээ дэлгүүрүүдийн хэрэглэгчийн асуудал хариуцсан газруудын захирал, дарга, менежерүүдийг хүлээн авч уулзан 2019 оны ажлын чиглэл, цаашид хийгдэх ажлууд, “өргөдөл, гомдлын хуудас”-ны ач холбогдол, хэрэглээний талаар танилцуулсан байна. 

Уулзалтад “Номин”, “Сансар”, “E-mart”, “Миний дэлгүүр”, “Оргил”, “Макс”, “Боса”, “Жетро”, “Наран фүүдс”, “Well mart”, “Fresco” зэрэг супермаркетийн сүлжээ дэлгүүрийн төлөөллүүд хүрэлцэн ирсэн бөгөөд өөрсдийн үйл ажиллагаандаа хэрэглэгчийн эрхийг дээдэлж, “өргөдөл, гомдлын хуудас”-ыг хэрэгжүүлж ажиллахаар болжээ. Энэхүү “өргөдөл, гомдлын хуудас” нь хэрэглэгч бараа, үйлчилгээ худалдан авснаас үүссэн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн асуудлын талаарх өргөдөл гомдлыг оновчтой гаргах, түүнийг аж ахуй эрхлэгч болон хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага шатлан хурдан шуурхай шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм. 
“Өргөдөл гомдлын хуудас” нь дараах дарааллаар хэрэглэгчдийн өргөдөл, гомдлыг барагдуулах юм. Үүнд:
1. “Өргөдөл гомдлын хуудас” нь цагаан, ногоон, шар гэсэн 3 өнгө бүхий хорын цаасан дээр хэвлэгдсэн болно. Тухайн хуудас дээр гомдол мэдээллийг хүлээн авагч байгууллага, хэрэглэгчийн мэдээлэл, гомдол мэдээллийн утгыг бүрэн бичих хэрэгтэй. 
2. Цагаан хуудас нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт , ногоон хуудас нь Хэрэглэгчид, шар хуудас нь аж ахуй эрхлэгчид үлдэх юм. 
3. Хэрэглэгчид бараа, ажил үйлчилгээтэй холбогдох ямар нэгэн гомдол санал гарсан тохиодолд тухайн газраасаа энэ хуудсыг авч гомдол мэдээллийг холбогдох зааврын дагуу гаргана. 
4. Аж ахуйн нэгж, байгууллага нь хэрэглэгчийн гомдол, мэдээллийг шийдвэрлэхгүй тохиолдолд “Цагаан хуудас” буюу “ШӨХТГ” –т үлдэх хувийг нотлох баримтын хамт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлнэ. 
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хэрэглэгчийн өргөдлийг хүлээн авч, хуулийн хугацаанд шийдвэрлэх аж. Аж ахуй эрхлэгч нь энэхүү өргөдөл, гомдлын хуудасны зааврыг хэрэглэгчид ил харагдах газар байршуулна мөн хэрэглэгчийн өргөдөл, гомдлыг хүлээн авсан тохиолдолд энэхүү хуудсыг ашиглан шуурхай шийдвэрлэх үүрэг хүлээх нь. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)