Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томиллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар ХХААХҮ-ийн сайдад Ч.Улааныг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тодруулга авч, саналаа хэлсэн. Тухайлбал,

Д.Лүндээжанцан: Залуу гишүүд маань Ч.Улаан сайдад хандаж үг хэлж байна. Аавдаа адуу манахыг заадаггүй гэдэг үг байдаг. Гэхдээ одоо аавдаа адуу манахыг заадаг болж байх шиг байна. Би зүгээр үүнийг хэлж байгаа юм. Би Ч.Улаан гишүүнийг сайд болоход юм хэлж байгаагүй. Ч.Улаан сайдтай хамт суралцаж байсан. Онц сурдаг байсан.

Бэлчээрийн хуулийн талаар малчид, иргэд санаа зовж байна. Бэлчээрийг үр дүнтэй ашиглахгүй бол ирээдүйд хүнд байдалд орох нь гэсэн хоёр том салаа олон жил яригдаж байна. Тэгэхээр үзэл баримтлалыг тогтож авах, том шийдвэр ирээдүйд гарч магадгүй. Бэлчээрийн даац, олон сая мал хоёрыг зайлашгүй бодох хэрэгтэй. Тал хээр, хангайн бүсэд ямар байх вэ гэдэг онцлог байна. Энэ асуудал онгорхой зай үүсгээд байна.

С.Бямбацогт: Махны үнэ өндөр байна. Цаашид ч өснө. Махны үнийг яаж бууруулах вэ, асуудлыг яаж шийдэх вэ.

Ч.Улаан: Би хичээж ажиллах болно. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд гаргасан тайлан тооцоотой танилцлаа. Дахин дахин уншлаа. Энэ салбар бол дэндүү том. Дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувь нь энэ салбарт бүтээгдэж, хэрэглэгдэж байдаг. Махны үнэ бол анхаарал татсан асуудал болсон. Малчдын үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн, үнэ ханш нь өсч байх бололцоог бүхий л талаас нь дэмжих ёстой. Энд гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Бүх 21 аймагтаа дор хаяж тав, таван үйлдвэр бодитой байгуулаад явах хэрэгтэй. ЖДҮ-гийн асуудал анхаарал татлаа. Журмаа л сайн боловсруулах шаардлагатай гэж бодож байна.  

Ийн гишүүд асуулт тодруулга авсны дараа Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдад томилох эсэхээр санал хураалгахад хуралдаанд оролцсон 55 гишүүний 52 нь зөвшөөрч 94.5 хувийн саналаар ХХААХҮ-ийн сайдаар томиллоо.

Ч.Улааны намтар:

Ч.Улаан нь инженер-эдийн засагч мэргэжилтэй, докторын зэрэгтэй.

1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн

1985-1990 онд МАХН-ын Төв Хороонд зааварлагч, тасгийн эрхлэгч

1992-1996 онд Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга

2000-2004 онд Санхүү, эдийн засгийн сайд

2004-2006 онд Засгийн газрын гишүүн-Шадар сайд

2007-2008, 2012-2014 онд Сангийн сайдаар тус тус ажиллаж байсан

1996 оноос хойш Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)