Махаа магнаг болгоё

2018 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр Монгол Улсын мал 66463.7 мянга болж 2017 оноос 0.4 хувь буюу 244.7 мянгаар өсчээ.

Үндэсний статистикийн хороо

Мах үнэд орчихлоо, хятадууд үнэд оруулаад авч байна гэж бид баахан шуугилдав. Хэн ч нэг кг мах хэдэн төгрөгөөр борлогдож байгааг ярьсангүй. Тиймээс жижиглэнгийн үнэ үү, эсвэл ястай болон ясгүй мах уу гэсэн асуулт ч үгүй ам дамжин баахан үглэв. Бүр Засгийн газрын тэргүүний амнаас хятадууд мах өндөр үнээр авсан эсэхийг судла гэсэн чиглэл гарсныг иргэд олон нийтийн сүлжээгээр дэмжиж, уг үйлдлээр бахархаж байлаа. Харин эдийн засаг горимоороо явах юм бол үнэ өсөх нь бидэнд ашигтай гэж цөөн хүн л дуугарч байна. Тухайлбал, Эдийн засагч Ч.Хашчулуун “Махны экспорт өссөн нь дотоодод махны үнийг өсгөх хүчин зүйл болно. Учир нь дэлхийн зах зээлийн үнэ дотоодын үнээс өндөр учраас аажмаар өсөж эхэлнэ. Үүнд бэлэн байх ёстой” гэлээ. Алтан дээр сандайлсан гуйлгачид гэж хэлэгддэг байсан монголчуудын бэрхшээл нь өнөөг хүртэл ганц уул уурхайгаас хамаарал бүхий эдийн засаг. Монголын эдийн засаг өсөлттэй байгаа хэдий ч иргэнийхээ амьдралд үр шим нь очихгүй байгаа нь гагцхүү уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн тоо учраас тэр. Тэгвэл түүнийг төрөлжүүлье хэмээн ярьдаг мөртөө үүнийхээ төлөө юу ч хийхгүй, боломж олдонгуут хийрхээд эхэлдэг нь харамсалтай. Мах яг үүний бодит жишээ болов. Яг л уул уурхайгаа ашиглая гэсэн мөртлөө орд газрыг хураан авдаг шиг л. УИХ-ын гишүүн асан Д.Энхбат энэ тухайд “Малчид махаа өөрт нь хямдаар биш, харин хятадуудад үнэтэй өгөөд байгаад хүмүүс бухимдаж байгаа бололтой. Тэгээд үндэсний үзэл, улс орон ярьж хөөсрүүлж байх шиг. Энэ бол ердөө бидний сонгосон зах зээл, бодит өрсөлдөөний зам. Сорилт. Хэцүү. Гэхдээ ганц гайгүй зам” гэж бичжээ. Үнэхээр бидний хамаг махыг, малыг гадаадад өндөр үнээр гаргаад байна уу. Тоо баримттай ярья. 2018 онд Монгол Улс 83 сая ам.долларын мах, 80 орчим сая ам.долларын лаазалсан мах, хиам, зайдас экспортолжээ. Махны экспорт өмнөх оны мөн үеэс 54 хувиар өссөн бол дулааны аргаар боловсруулсан мах буюу лаазалсан мах, хиам зайдасны экспорт өмнөх оны мөн үеэс ес дахин өссөнийг Гаалийн ерөнхий газрын статистикаас харж болохоор байна. Тэгвэл, манай улс 2017 онд ОХУ, БНХАУ, Иранд нийт 2772 мянган тонн махыг экспортолсон нь нийт малын дөнгөж 0,5 хувь юм байна. Харин бид 60 гаруй сая толгой малынхаа 10-20 хувийг экспортод гаргавал эдийн засгийн болон экологийн талдаа мэдээж ашигтай.

2018 оны эхний 11 сард махны үнэ төрлөөсөө хамаарч өмнөх оноос 15.5-31.6 хувь хүртэл өссөн гэж Үндэсний статистикийн хороо мэдээлжээ. 

Монголбанк 11 дүгээр сард Улаанбаатарын инфляци 9.3 хувь хүрсний 1.3 нэгж хувийг махны үнийн өсөлт бүрдүүлснийг хэллээ. Махны үнэ монгол хүний хэрэглээний сагсны 10 орчим хувийг дангаараа бүрдүүлж байгаа юм. Хаврын улиралд суурин газарт махны нийлүүлэлтийн хомсдол үүсдэгтэй холбоотой нөөцийн мах бэлтгэх зээлийн хөнгөлөлтөд зориулж 2019 оны төсөвт 4.6 тэрбум төгрөг суулгасан гэж ХХААХҮЯ мэдээллээ. Энэ хүрээнд 10 мянган тонн мах нөөцлөх боломжтой гэж үзэж байна. Нөгөө талаас экспортын хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой мах үйлдвэрлэгчдийн дотоодын нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ гэдгээ салбарын яамныхан хэлж байгаа юм.

Австрали үхрийн махны монгол дахь үнэ нэг кг 400 мянган төгрөг. Харин монгол үхрийн мах нэг кг нь 10 мянган төгрөг 2019 оны нэгдүгээр сар 9-ний байдлаар

Тэгвэл монгол малын махыг ингэж үнэлж гадаадад зарж болох уу. Нүүдлийн мал ахуй, 66 сая мал, шим тэжээл бүхий соргог бэлчээр гэхчлэн бидэнд давуу тал байгаа ч яагаад гадаадад экспортлох хэмжээ нэмэгдэж чадахгүй байна вэ. Бидэнд олон улсын эрүүл мал махны чанарын шаардлагыг хангах, ингэж хангасан гэдгээ нотлох тогтолцоо бүрэн хөгжөөгүйд гол учир нь байна. Тиймээс л сум бүрт мянгат малчин данхайж байгаа хэдий ч малаасаа авах ашиг шим буюу эдийн засгийн үр өгөөж хангалтгүй байгаа нь бодит үнэн. Дээр хэлсэн австрали малын мах бол үнэндээ хэрэглэгчид хэдэн удаа вакцин хийлгэсэн, хэдий хэмжээний тэжээл хэрэглэсэн гэх мэт энэ бүх мэдээллийг өгдгөөрөө л үнэд хүрдэг. Ийнхүү “тавиул” малаа идшинд хэрэглэж буй мэт мэдээллийг өгч төслийг хэрэгжүүлснээр монгол малыг зах зээлийн эргэлтэд оруулж, малчдын орлогыг нэмэгдүүлэх боломжтой. Түүгээр ч барахгүй бэлчээрийн даац сайжруулах, хөдөө орон нутагт ажлын байр бий болгох үр ашиг бий. НҮБ-ын тооцоолсноор, бидний 66,2 сая толгой мал манай улсыг бэлчээрийн доройтолд оруулж даац нь даруй 3-4 дахин хэтрээд байгаа. Олон улсын судалгааны байгууллагаас гаргасан тооцооллоор дэлхийд одоогоор 7,6 тэрбум хүн амьдарч 334 сая тн мах идэж байгаа бол 2050 он гэхэд хүн амын тоо 9,7 тэрбум болж өссөнөөр 500 сая тонн махны хэрэгцээ бий болно гэжээ. Хүн нэмбэл хүнс нэмнэ гэдэгчлэн бид энэ өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад хувь нэмрээ оруулах боломж байгаа юм. Гагцхүү хэрэглэгчдийн хүссэнээр эрүүл малын махыг зах зээлд нийлүүлснээр уг боломж нээгдэнэ. Ингэж махаа магнаг болгож байж гэмээнэ мал дагавал ам тосдоно гэдгийн хэргийг гаргах юм. Тэрнээс ямар ч ашиг шимгүй малыг тоо толгойг нь олшруулж мянгат малчин болохын төлөө өрсөлдөөд байх нь хэнд ч хүртээлгүй. Тиймээс бид мал дагасан малчнаасаа эхлээд салбарын яам, төрийн түшээд нь хүртэл эдийн засгаа уул уурхайгаас гадна мал, маханд чиглэсэн байдлаар төрөлжүүлэхэд бэлэн болох зайлшгүй шаардлага байна. Улстөрчид нь хүртэл хөдөө малчдад очихоороо махыг үнэтэй болгоно гэж амлаад, хотод ирэхээрээ махны үнийг бууруулна гэсэн поп яриагаа халах цаг болжээ. Гадныхан бидний махыг өндөр үнээр аваад байна, өгөхгүй байя хэмээн ярьж байгаа бол 66 сая малтай улсын хувьд дэлхийн шившиг л юм даа.

1 кг хонины (ястай) мах дунджаар 6980 төгрөг, үхрийн (ястай) мах 8745 төгрөг, үхрийн цул мах 10390 төгрөг, адууны (ястай) мах 6750 төгрөг, ямааны (ястай) мах 5800 төгрөг. 2019 оны нэгдүгээр сар 9-ний байдлаар

Үндэсний статистикийн хороо


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Сосоржав гэдэг энэ сэтгүүлч их мундаг, чадварлаг юм билээ.

    0 0 Хариу бичих