Үндсэн хуулийн өөрчлөлт дараагийн УИХ руу шилжив

Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталж улс төр, нийгэм, эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжсэнээс хойш 27 жилийн хугацаа өнгөрчээ.

Шинэ Үндсэн хуулиа баталсан түүхэн өдрийн 27 жилийн ой саяхан тохиолоо. Монголчууд Үндсэн хуулиа шинэ гэж тодотгодог ч яг үнэндээ шинэ байхаа больсон гэдгийг судлаачид хэлдэг. Нийгмийнхээ хөгжлийг дагаад хуучирч буй Үндсэн хуулиа өөрчлөх санал санаачилга сүүлийн хэдэн парламентаас гарсан ч дөрөв дөрвөн жилээр хойшилсоор өнөөдрийг хүрлээ. Харин энэ удаагийн УИХ энэхүү санал санаачилгыг идэвхжүүлж, саяхныг хүртэл чамлахааргүй амжилттай урагшилж байлаа. Тодруулбал, энэ намрын чуулган эхлэх хүртэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь гэсэн хүлээлт иргэдэд, өөрчлөлт оруулна гэсэн итгэл УИХ-ын гишүүдэд байсан юм. Бүр Ерөнхийлөгч, УИХ-ын түвшинд ойлголцолд хүрээд байсныг яана. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга намрын чуулганы нээлтэд оролцож үг хэлэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар тогтолцоогоо өөрчлөн шинэчлэх хэрэгтэй гэдгийг онцолсон бол УИХ нэгэнт бэлэн болсон төслийг хойш тавилгүйгээр хэлэлцэх нь чухал юм гэдгийг хүлээн зөвшөөрч байв. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс системийн хямралд нэрвэгдсэн нь тодорхой болж байна. 1992 оноос хойш бүрэлдсэн улс төр, засаглалын тогтолцоо маань Монголын нийгмийн асуудлуудыг шийдэх, зохицуулах чадвараа үндсэндээ бүрмөсөн алджээ. Хүмүүстээ биш, намдаа биш тогтолцоонд бүх асуудал байна. Ямар ч сайн хүн, нам байлаа гээд хариуцлагагүй, уялдаагүй, эзэнгүй тогтолцооны золиос болж, асуудлууд хуримтлагдсаар, нийгэм бухимдсаар байх нөхцөл бат тогтжээ.Бид нийтээрээ засаглалын тогтолцооны мухардал, хямралыг гэтлэн давах шийдлийг олж, нийгмээрээ зорилгоо шинээр тодорхойлохгүй юм бол цаашдаа ямар ч асуудлыг шийдэж чадахгүй. Манай одоогийн тогтолцооны чадвар, боломж нэгэнт бүрмөсөн шавхагджээ. Ардчилсан шинэ Үндсэн хууль нийгмийн нэг тогтолцооноос нөгөө шинэ тогтолцоо руу хийх шилжилтийг зохицуулахад чухал механизм болжээ. Одоо хөгжлийн шаардлага, нийгмийн хэрэгцээнд зохицуулан шинэчлэх ёстой болж байна. Шинэ Үндсэн хууль, түүнийг батлагсдад “баярлалаа” гэж хэлээд дараагийн шатны Үндсэн хуулиа хэлэлцэх цаг ирлээ.Эрхэм гишүүд ээ, эрс шинэчлэлд бэлтгэгтүн, Үндсэн хуулиа ард түмний хүсэл зорилгод нийцүүлэн өөрчилж, тэднээр хэлэлцүүлэн дэмжүүлэгтүн. Үүнийг эс хийвээс түүхэн хариуцлагаас зугтаасан хэрэг болно. Тогтолцооны эрс шинэчлэлд намынхаа болон бүлэглэлийн явцуу эрх ашгийн үүднээс хандваас үндэсний эрх ашгаас урвасантай дүйцэх хэмжээний гэмт хэрэг, нүгэл болох болно. Цаг үе бидэнд эрс шинэчлэлийг бас тулгаж байна. Үүнийг ард түмний өмнө хүлээх түүхэн хариуцлага хэмээн хүлээн авагтун.

УИХ-ын дарга М.Энхболд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх, шаардлагатай бол ямар чиглэлээр оруулах вэ гэдгийг хоёр жилийн хугацаанд судалж, эрдэмтэн мэргэд, ард иргэдтэйгээ зөвлөлдсөн. Орон даяар хэлэлцүүлэг явуулж, иргэдийнхээ саналыг авснаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл бэлэн болсон. Одоо хуулийн дагуу холбогдох байгууллагуудаас санал авч байна. Өнөөгийн нийгэм, улс төрийн тогтолцоонд тохиож буй саад бэрхшээл, хөгжлийн бодлого, хариуцлагатай, шударга засаглалыг төлөвшүүлэх зорилтыг хангахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт хийх нь зөв гэдэгт иргэдийн дийлэнх олонхи нь санал нэгдэж байгаа. Зайлшгүй шаардлагатайг хийхгүйгээр хэзээ, хэн хийнэ гэж хүлээж суух вэ. Хойш тавих тусам хожигдох эрсдэл ихэснэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулах Ажлын хэсэгт улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид орсон. Энэ бол нэг намынх биш, хэд хэдэн парламент дамжин яригдаж, судлан шинжилж, ард түмнийхээ санал бодлыг шингээн, нийтээрээ хамтарч боловсруулсан төсөл. Тиймээс хэлэлцэхийг эрмэлзэх нь зүйтэй.

Ийнхүү УИХ-ын намрын чуулган нээлтээ хийсэн цагаас хойш “Энэ намрын чуулганы хэлэлцэх гол асуудал нь Үндсэн хуулийн өөрчлөлт байх нь. 2019 оны төсвөө баталчихаад л Үндсэн хуулийн өөрчлөлтөө хэлэлцэнэ” гэсэн хүлээлт нийгэмд бий болсон юм. УИХ ын гишүүд ч ингэж ярьж байсан нь бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэлд архив болон үлдсэн. Ердөө гуравхан сарын өмнө нөхцөл байдал ийм л байлаа. Харин одоо УИХ Үндсэн хуультай мантай, өөрсдийгөө яахаа мэдэхгүй, 2020 оны сонгуулиас өмнө тарчихгүйхэн шиг байж чадах эсэх нь ч эргэлзээтэй байна. Улс төрд үүсээд буй одоогийн нөхцөл байдал хурдан хугацаанд өөрчлөгдөж хэвийн горимдоо шилжлээ ч энэ удаагийн УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бараг боломжгүй болчихлоо. 

Энэ удаагийн УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулж амжихгүй

Хэдийгээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл бэлэн байгаа ч цаг хугацааны хувьд тухайн төслийг хэлэлцэн батлах боломж хомс. Намрын чуулганыхаа нэлээд хэсгийг үр дүнгүй өнгөрүүлснээс болоод УИХ хэлэлцэн шийдвэрлэх асуудалдаа дарагдаад байна. Тиймээс намрын чуулганыг завсарлуулаад ээлжит бус чуулган хуралдуулахаас өөр аргагүй. Ээлжит бус чуулган хуралдууллаа ч Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж амжихгүй. Харин ганц боломж нь ирэх хаврын чуулган. Түүнээс цааш бол дараагийн сонгууль ойртож Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад хэцүү болно. Хаврын чуулганаар зайлшгүй хэлэлцэх шаардлагатай асуудал бол төсвийн хүрээний мэдэгдэл л байдаг. Цаг үеийн шаардлагаар заавал хэлэлцэх асуудал гарчихгүй л бол ирэх хаврын чуулган Үндсэн хуулийн өөрчлөлт оруулах ганц боломж. Энэ удаагийн УИХ Үндсэн хуулиас гадна Сонгуулийн хуулиа өөрчлөх ёстой. 2020 он гарахаас өмнө Үндсэн хууль битгий хэлж Сонгуулийн тухай хуулиа өөрчилж амжихад ч хүрэлцэхээргүй бага хугацаа. 

Энэ удаагийн УИХ-аар Үндсэн хуулийг өөрчлүүлэхийг зөвшөөрөхгүй

Дээр дурдсанчлан УИХ ирэх хаврын чуулганаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломжоо ашиглах гэж хичээх магадлалтай. Гэвч маш их эсэргүүцэлтэй тулгарна. Хэдийгээр Зөвшилцөх санал асуулгын тухай хуулийн дагуу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөө боловсруулсан ч эсэргүүцэгч олон. 2019 он бол сонгуулийн өмнөх жил. 

Сонгуулийн өмнөх жил парламентад суудалгүй намууд, иргэний хөдөлгөөнүүд ичээнээсээ гарч идэвхжиж эхэлдэг бичигдээгүй хуультай. Эрх баригчдыг эсэргүүцэн шүүмжлэх нь тэдний гол ажил болдог. Дээрээс нь одоогийн УИХын нэр хүнд эцэг хуульдаа өөрчлөлт оруулахад том тээг болно. “60 тэрбум, концесс, ЖДҮХС-гийн зээлд нэр холбогдсон хүмүүс ёс зүйн хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрхгүй” гээд л эсэргүүцнэ. Нийт масс ч энэ эсэргүүцлийг дэмжих магадлалтай. Хэрэв УИХ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцээд эхэлбэл, эсэргүүцлийн жагсаал цуглаан болох нь ч тодорхой. УИХ дотроос ч эсэргүүцэх гишүүн гарна. Тухайлбал, одоогийн УИХ-д суугаа гишүүдээс 1992 онд шинэ Үндсэн хууль батлалцсан хоёрхон гишүүнийг нэг (нөгөө нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан) Л.Болд эсэргүүцнэ. Тэрээр өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцсээр ирсэн юм. Мөн Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн өнгөрсөн арваннэгдүгээр сард Засгийн газрыг нь огцруулах асуудлыг хэлэлцэхийн өмнө парламентад суудалгүй 14 намын дарга нартай уулзахдаа хэлсэн үг УИХ бэлэн төслөө хэлэлцэхэд саад болно. Тэвдэж явахдаа тэднээр түшүүлсэн намын даргад ам алдвал барьж болдоггүй гэдгийг нь эргэн сануулахаа УИХ-д суудалгүй намын дарга нар мартахгүй л болов уу

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндсэн хуулийг өөрчлөх нь зөв. Одоогийн Үндсэн хууль бол Монгол Улсад ардчиллыг бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмийн цогцлоох үүргээ биелүүлсэн. Гэхдээ цаг үеэ дагаад өөрчлөх нь зөв. Ардчилсан нийгмийн амин сүнс бол зөвшилцөл юм. Тиймээс МАН-ын даргын хувьд бусад улс төрийн намуудтай хамтран ажлын хэсэг байгуулж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ард түмэн, эрдэмтэн, судлаачидтай ярилцах, зөвшилцөх нь зөв гэж үзэж байна. УИХ-д суудалтай цөөн хэдэн нам Үндсэн хуулийг өөрчилж болохгүй.

Хайран мөнгө, хайран цаг хугацаа

Улс төрийн одоогийн нөхцөл байдлаас харвал Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломж энэ удаагийн УИХ-аас улам л алсран холдож байна. 2012-2016 оны парламент түүхэндээ хамгийн олон буюу таван намын төлөөлөлтэй байлаа. Тухайн үеийг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хамгийн боломжтой цаг хугацаа гэж байсан боловч талаар болсон. 2016 оны сонгуулиар МАН мөрийн хөтөлбөртөө Үндсэн хуульд өөрчлөлт оруулах заалт оруулж, сонгогчдод амлаж гарч ирсэн.

УИХ-д 65 суудал авсных нь дараа “Энэ бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад хангалттай хүч, нөөц бололцоо” гэж байлаа. Харамсалтай нь хагарч бутраад хамаг цагаа өнгөрүүллээ. Хайран цаг хугацаа. Бас хайран мөнгө. 

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулах зорилгоор 21 аймгаас иргэдийг санамсаргүй түүврийн аргаар цуглуулж Улаанбаатарт авч ирээд хоёр өдрийн турш хэлэлцүүлэг зохион байгуулсан. Мөн дараа нь хэд хэдэн дэд ажлын хэсэг гаргаж боловсруулсан төслөө орон нутагт танилцуулж хэлэлцүүлсэн. Энэ болгонд улсын төсвийн мөнгө урссан. Гэвч энэ УИХ ингэж их ажил болж хөрөнгө мөнгө, цаг зарцуулсныхаа үр дүнг үзэж чадахгүй дараагийн парламентдаа шилжүүлэх нь. Дараагийн парламент боловсруулж бэлтгэсэн төслийг нь цааш үргэлжлүүлэхгүйгээр шинээр төсөл боловсруулж эхэлбэл бүр ч харамсалтай.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмэн хяналт тавихгүй бол мухардалд орлоо эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болох

    0 0 Хариу бичих
  2. Mongol ylasiin eeriinh ni bodlogo har hairzagnii jagsaalt yndesnii demjuustei nariin arga baril ylas toriin siidel ikhe todorhoi baih yostoi yum!niigemiin bodlogiin yed abch heregjuuleh saltgaantai zyild ylasiin yndestenii dotor yamar arga baril deer hebsyylen togtooh tyhaid ch sain bodlogo chyhal bna!bygdeeree yarilzbal byryygyi byleen ysaar ygaabal hirgyi gedegtei adilhan daa!!!niigemeen yrialan orolzyylaj neg ch hyniig ene muu gydamjniih gelgyi orolzyylaj ygiig ni sonsbol ene ylas ornii zaasidiin zeb zam meriin hetelbert hereg boloh baih aa!!ardyyd aa!bygdeeree orolzooroi!ylasaan dees ni tatah chyhal zarchim yum syy!

    0 0 Хариу бичих
  3. НАМ НАМ ГЭДГЭЭЛ БОЛИЕОЛДОО ХАМАГ ЮМНЫ ХАГРАЛ БУТРАЛ ШИРЭЭ СНДЛЫН ТӨЛӨӨ ДАНДАА НАМУУД БИЕНЭЭ НАМНАХААС ӨӨР ЮУЧ ХИЙХГҮЙ БАЙГАА БИЗДЭЭ УЛСЫН АМЬДРАЛ УРСГАЛААРААЛ ЯВЖ БАЙГАА БИЗДЭЭ ЯМАРЧ БАЙСАН АН МАН ХОЕР ОДОО ХЭРЭГГҮЙ ДАНДАА ХООРОНДОО ХОР НАЙРУУЛСАН ТӨРИЙН АЖИЛЫГ ГАЦААГЧ БОЛСОН БОЛХООР ТАРЖ СӨНСӨН НЬ ДЭЭР

    0 0 Хариу бичих
  4. Хүндээ биш, намдаа биш тогтолцоондоо байгаа нь үнэн. Монголд төрийн нэгдсэн бодлого гэж огт байхгүй, намууд өөрийн саналаар олон болохын тулд ямар ч үндэслэлгүй амлалт өгч улсаа сүйрүүлдэг нь нууц биш. Жишээ нь одоо байгаа МАН-ыг хар. Эх орныхоо хувь заяагаар тоглож, цаг хугацаа боломжийг үгүй хийсэн намуудыг байн байн сонгодгоо болих хэрэгтэй. Хайран 28 жил.

    3 0 Хариу бичих