Адлагдсан ч аминд орсон “АЛТ” хөтөлбөрүүд

“Алт-1”-ийн алдаа, оноо 

1992 он. Монгол Улс анхны ардчилсан Үндсэн хуулиа баталснаар төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж, нийгэм, улс төрийн цоо шинэ тогтолцоо руу орох алхмаа хийв. Яг энэ цаг үед “Алт” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн юм. Санаачлагч нь тухайн үеийн Ерөнхийлөгч П.Очирбат. Тэрээр энэ тухайгаа, 2016 онд бичсэн “Алт хөтөлбөрийн зорилго үр дүн” өгүүлэлдээ,

-1991 оны 8 дугаар сард Улсын Геологийн төвийн захирал З.Барас алт олборлолтыг нэмэгдүүлэх боломжийн тухай ярьж танилцуулсныг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт” хөтөлбөр боловсруулах шийдвэр гаргаж, геологи уул уурхайн урдаа барьдаг хэсэг мэргэжилтэн, хуульч, эдийн засагч нар хамтран уг хөтөлбөрийг боловсруулсан юм.

Эдгээр хүмүүс Монголын алтны аж үйлдвэрийн хөгжлийн шинэ үеийн эхлэлийг тавьж, өнөөгийн өрнүүн хөгжилд их гавьяа байгуулсныг талархан тэмдэглэж байна хэмээсэн байдаг. 

Өнгөрсөн зууны эхээр Орос, Хятадын хамтарсан “Монголор” нийгэмлэг анх алт олборлож байсан нь 1923 онд Уурхайн дүрэм батлагдсанаар зогссон бол 1939 онд Баянхонгорын уурхай, 1948 онд Бороогийн уурхай нээгдсэнээр алтны салбар эрчимжжээ.

1970-аад оноос Толгойт, Бугантайн ордыг үйлдвэрийн аргаар ашиглах болснооор манай улс жилд 600 килограмм алт олборлож байв. 

ЗХУ задарч, социалист орнуудын Эдийн засгийн харилцан туслах зөвлөлийн үйл ажиллагаа бүрэн зогссоноор Монгол Улс эдийн засгаа бие даан хөгжүүлэх шаардлага, сорилт тухайн үеийн төр, засгийн удирдлагуудын нуруун дээр буусан аж. Ингээд уул уурхайн баялгаа эдийн засгийн тулгуур болгох талаар судалгаа хийж, “Газрын тос”, “Зэс” зэрэг хөтөлбөрүүд боловсруулж байсан ч эцэстээ “Алт” хөтөлбөр дээр буусан гэдэг. Тухайн салбарын мэргэжилтэй боловсон хүчин, техник, технологи, эрдэс баялгийн арвин нөөц зэрэг нь алтны аж үйлдвэрийг хөгжүүлэн, эдийн засгийн шинэтгэлийг хэрэгжүүлэх хөшүүрэг болгох шийдэлд хүргэсэн аж.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар, түүний удирдлага чиглэлийн дагуу боловсруулан өргөн барьсан “Алт” хөтөлбөрийг Засгийн газар хүлээн авч 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 304 тоот тогтоолоороо Засгийн газрын төсөл болгон хэрэгжүүлэхээр баталжээ.

“Алт-1” хөтөлбөр 1999 оныг дуустал найман жилийн хугацаанд хэрэгжсэн. Үүний дараа 2000 оноос “Алт-2000” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм. “Алт-2000” хөтөлбөрийн хувьд амжилттай эхэлсэн ч татварын орчин өөрчлөгдсөн, урт нэртэй хууль батлагдсан зэргээс болж эрч нь саарсан. 2009 оноос алтны салбар унаж эхэлснээр жилдээ 24 тонн алт тушааж байсан нь хоёр тонн болтлоо буурсан билээ.

Ололт

1992-1999 онд хэрэгжсэн эхний “Алт” хөтөлбөрийг дараа дараагийн хөтөлбөрүүдээс нь ялгахын тулд эдүгээ “Алт-1” гэж тодотгох болсон. Уг хөтөлбөр хөрөнгө оруулалтыг татаж, улс орны эдийн засгийн хүнд үеийг даван туулахад гол нөлөө үзүүлсэн гэж үздэг. Хөтөлбөр хэрэгжих хугацаанд алтны жилийн олборлолт 0.7 тонноос 11 тоннд хүрч, шороон ордуудыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад түшиглэн ашиглалтад оруулан, ихээхэн хэмжээний татварын орлогыг улсын төсөвт төвлөрүүлжээ. 

2000-2010 онд алтны үйлдвэрлэл эрчимжиж, анх удаа улсын хэмжээнд жилийн олборлолт 24.1 тоннд хүрсэн юм. “Алт” хөтөлбөрийн хүрээнд 1992-1996 онд 13 тонн, “Алт 2000” хөтөлбөрийн хүрээнд 1997-2000 онд 53 тонн алт олборлосон гэсэн дүн мэдээ бий. 1991 онд 140,49 тонн алтны нөөцтэй байсан бол геологи хайгуулын ажлын үр дүнд 1992-2000 онд 110,36 тонн алтны нөөцийг шинээр илрүүлжээ. 2006 онд алтны салбарын хайгуулын ажилд зарцуулсан хөрөнгийн хэмжээгээрээ манай улс дэлхийд топ аравт жагсч байв. Тухайн үед алтны аж үйлдвэрийн салбар төсвийн орлого ДНБ-ий 20 орчим хувийг бүрдүүлж, “Алт” хөтөлбөрийн хугацаанд 107,6 сая ам.долларыг улсын төсөвт төвлөрүүлжээ. Алтны аж үйлдвэрийн салбар улсын төсвийн орлогын арав шахам хувийг бүрдүүлдэг улсын валютын сангийн үндсэн эх үүсвэрийг бүрдүүлэгч болсон юм.

Алдаа

“Алт-1” байгаль орчинд хамгийн халтай төсөл болсон гэдэг шүүмжлэл өнөө ч тасраагүй байгаа. Олборлолтын эхэн үедээ нөхөн сэргээлт болон байгаль хамгааллын арга хэмжээ авч хэрэгжүүлдэггүй байсан нь “Алт-1” хөтөлбөрийн гол алдаа байв. Ихэнх шороон ордууд дээр ашиглалтын хаягдал үүссэн нь гар аргаар алт олборлогчид буюу “нинжа” нарыг бий болгосон юм. Шарын гол, Заамар, Баянхонгорын алтны ордууд дээр ийм нөхцөл байдал үүсч ужгирсан. “Алт” хөтөлбөр эхэлж байх үе буюу 1992-1996 онд компаниудын техникийн нөхцөл байдал муу, нөхөн сэргээлтийн талаарх ойлголт бараг байхгүй байсан нь сөрөг үр дагавар дагуулсан. “Алт” хөтөлбөр хэрэгжсэнээр 5700 га газар эвдрэлд орж Ерөө, Заамар зэрэг газруудад усны бохирдол ихэссэн, ялангуяа Заамар дахь алтны үйлдвэрүүдэд хүрээлэн байгаа орчныг хамгаалах менежментийн систем байхгүйгээс эко систем нь ноцтой гэмтсэн гээд таагүй баримт олон бий. Алтны компаниуд үндсэндээ Туул голоороо “туг тахих” шахсан. Алтны уурхайнууд тунгааж цэнгэгжүүлээгүй, нарийн ширхэгтэй хурдас материалаар булингартсан усыг Туул голд цутгаснаар урсгалын талбай болон хөрс, ургамал нь гэмтсээр байгаа. Уул уурхай ойр орчмын газрын хөрс тээврийн хэрэгслийн эмх замбараагүй хөдөлгөөнөөс болж ихээр эвдэрч, малын бэлчээр сүйдсэн. Төв аймгийн Заамар суманд л гэхэд 50 гаруй уул уурхайн компани үйл ажиллагаагаа явуулсан боловч нэг ч га талбайд нөхөн сэргээлт хийгээгүй ажээ. “Алтан Дорнод Монгол”, МАК, “Монполимент групп”, “Монголросцветмет”, “Их тэмүүлэл”, “Эрэл” зэрэг компаниуд нөхөн сэргээлт хийлгүй, байгаль орчныг ихээхэн сүйдэлж орхисон гэдгийг орон нутгийн иргэд удаа дараа мэдээлж байв. Нутаг дэвсгэрээс нь 120 тонн алт олборлосон атал Заамар хөгжлийн хувьд хамгийн хоцрогдсон сум болж үлдсэн. Үүгээр зогсохгүй сүүлийн 27 жилийн дотор ухаж сэндийчсэн газарт нь цөлжилт явагдаж эхэлжээ. 80 төрлийн эмийн ургамал ургаж, бугын сүрэг бэлчдэг байсан Заамар нутаг өнөөдөр малын хамар хатгах өвсгүй болоод байгаа.

Найдвар, хүлээлттэй “Алт-2” 

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор “Алт-2” хөтөлбөрийг 2017 оны нэгдүгээр сарын 19-нд баталсан. Хоёр үе шаттай хэрэгжих энэхүү хөтөлбөрийн эхний үе шат дуусч, энэ оноос дараагийн шатны үйл ажиллагаа нь эхэлж буй юм. УУХҮЯнаас мэдээлснээр “Алт-2” хөтөлбөрийн хэрэгжилт 70 хувьтай байгаа ажээ. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр Монголбанканд жилд тушаах алтны хэмжээ 25 тоннд хүрэх төдийгүй алтны салбараас жил бүр тэрбум долларын орлого бүрдүүлэхээр зорьж байгаа. Улсын хэмжээнд олборлож буй алтны хэмжээг нэмэгдүүлэх, олборлосон алтыг Монголбанканд тушааж валютын нөөцийг бүрдүүлэх нь “Алт-2” хөтөлбөрийн нэг гол зорилго. Энэ зорилгоо хэрэгжүүлэх хүрээнд хийсэн бодлогын шинжтэй ажил гэвэл алт цэвэршүүлэх үйлдвэр барих ТЭЗҮ, тооцоо, судалгаа бэлэн болж, газар олголтоо хийн, энэ онд бүтээн байгуулалт нь эхлэх гэж буй. Олон улсын жишгээр жилд 20 тонноос дээш хэмжээний алт олборлож байгаа тохиолдолд алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах нь оновчтой байдаг. Сүүлийн хоёр жил Монголбанканд тушаасан алтны хэмжээ 20 тонн даваад байгаа тул дээрх үйлдвэрийг барих нөхцөл бүрдсэн гэсэн үг. Мөн өнгөрсөн оны аравдугаар сард Баянхонгор, Дархан-Уул аймагт Алтны сорьцын лабораторийг байгуулснаар алтний нийлүүлэлтийн албан бус шат дамжлага багасч, орон нутгийн алт олборлогчид алтаа дэлхийн зах зээлийн үнээр худалдахын зэрэгцээ тээврийн зардал, цаг хугацаагаа хэмнэх болжээ. Үүнээс гадна Алтны бирж байгуулах асуудал “Алт-2” хөтөлбөрт туссан. Энэ хүрээнд зөвхөн алтны биш эрдэс баялгийн бирж байгуулах асуудал бодлогын түвшинд яригдаж байгаа аж.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Уул уурхайн салбарыг олон тулгууртай болгох зорилтын хүрээнд алтны салбарыг жил бүр тэрбум давсан ам.долларын орлого бүрдүүлдэг, тэрбум долларын салбар болгож, Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилт 2030-д хүрэх нэг тулгуур болгон хөгжүүлэхээр бодлогыг нь томъёолж байгаа.

2018.10.02. Алтны форумд хэлсэн үгээс

“Алт-2” үндэсний хөтөлбөрийн явц, алтны салбарын төлөв байдлыг хайгуул судалгаа, нөөц, олборлолт, хууль эрх зүйн орчин, нөхөн сэргээлт гэсэн сэдвүүдийн хүрээнд багцлан тоймлож болно.

Нөөц: Шороон ордоос үндсэн орд руу

Өнөөдөр улсын хэмжээнд бэлтгэгдсэн алтны үйлдвэрлэлийн нөөц 533 тонн байна. Үүний 57.1 тонн буюу 11 хувь нь шороон ордоос, 476.7 тонн буюу 89 хувь нь үндсэн ордоос бүрдэж байна. 

Эндээс харахад нөөц бол харьцангуй сайн бүрдчихсэн гэж хэлж болно. Түүнчлэн жилд 5-6 тонн алтны нөөц шинээр бүртгэж авч байгаа аж. Алт олборлолт өнөөгийн эрчээрээ явбал 57.1 тонн шороон ордын нөөц ойрын 2-3 жилд дуусна. Тиймээс “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд шороон ордын алт олборлолт давамгайлсан салбараас үндсэн ордын алт олборлолт давамгайлсан салбарт шилжих бодлогыг ойрын таван жилд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ шилжилтийн үе шатанд алтны салбараас олох орлогыг тасалдуулахгүй байх байр суурийг баримтална гэж Д.Сумъяабазар сайд аравдугаар сарын 02-нд болсон Алтны форумын үеэр онцолсон юм. Улсын хэмжээнд бодлогын түвшинд төсвийн хөрөнгөөр алтны сэдэвчилсэн судалгааны ажлуудыг хийж буй. Тухайлбал “Төв, Зүүн Монголын алт” төслийн хүрээнд Монгол орны зүүн хэсэгт 3.4 тэрбум төгрөгөөр алтны судалгаа хийж байгаа юм байна. Мөн голлох ашигт малтмалын суурь судалгаанд 24.9 орчим тэрбум төгрөгийн ажил хийжээ. Цаашид баруун нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамруулж судалгаа хийхээр төлөвлөжээ. Энэ судалгаануудын үр дүнд тогтоосон нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулах, хайгуулын зөвшөөрөл олгох асуудлыг зохион байгуулах юм байна.

Нөхөн сэргээлт: Хаалтын журам, хариуцлага нэхсэн хууль

Байгаль орчин, нөхөн сэргээлтийн асуудлыг бодлогын түвшинд гаргаж ирж, үүнийг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай байгаа гэдгийг салбарын яамныхан онцлов. УУХҮЯ, БОАЖЯ болон орон нутгийн төр захиргааны байгууллагууд хамтран уул уурхайн олборлолтоос болж эвдрэлд орсон газруудыг хэрхэн нөхөн сэргээх вэ гэдгийг ярилцах юм байна. Тэдгээр газруудад техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хэрхэн хийж дуусгах, цаашид олборлолт явуулсан талбайд нөхөн сэргээлт хийлгүй орхидог зөрчлийг таслан зогсоохад анхаарах гэнэ. БОАЖЯ-наас авсан мэдээгээр 12 аймгийн хэмжээнд нөхөн сэргээлт хийлгүй орхигдсон 8 мянга орчим га газар байгаа аж. Эхний ээлжинд эдгээр орхигдсон талбайнуудыг эзэнжүүлж, нөхөн сэргээлт хийгээгүй компаниудтай хариуцлага тооцох гэнэ. УУХҮЯ өнгөрсөн онд уурхайн хаалтын журмыг шинээр боловсруулсан. Ийнхүү уурхайн олборлолтоос хаалт хүртэлх бүх тогтолцооны хүрээнд эрх зүйн зохицуулалтууд харьцангуй сайн болж цэгцэрчээ. Тиймээс уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн асуудлууд 2019 онд нэлээд цэгцрэх болов уу гэсэн хүлээлттэй байгаа.

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Алт-2” төслийг санаачилсан боловч алтны асуудлуудаа цогцоор нь хэрхэн шийдэх вэ, урт хугацаандаа алтны татвар, эрх зүйн зохицуулалт, алттай холбоотой маргаан дагуулсан байгаль орчин асуудлыг бүрэн шийдэж чадаагүй байна гэж харж байгаа. Байгаль орчин талаас нь хараад, нөгөө талдаа эдийн засаг талаас нь хараад энэ хоёрын зохистой хувилбарыг олж тогтоох, байгаль орчин, уул уурхайн салбарын бодлогыг хооронд нь уялдуулж чадсан алсын хараатай төлөвлөгөөтэй болох нь бидний хувьд чухал юм.

Татварын бодлого: Хүчингүй болсон хөнгөлөлт

Ашигт малтмалын нөөц ашигласны татвар буюу роялтийг 2.5 хувь болгосон хуулийн зохицуулалт 2019 оны нэгдүгээр сарын 01-нээс үйлчлэл нь дуусч, хүчингүй болоод байна. Уг нь Засгийн газраас уг татварын хөнгөлөлтийг дахин таван жилээр сунгах санал гаргаж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 20-нд УИХ-д өргөн барьсан юм. Энэхүү хуулийн төсөл УИХ дээр гацсаар шинэ онтой золгоод байгаа. Ашигт малтмалын нөөц ашигласны татвар 2.5-аас 5 хувь болж нэмэгдсэнээр алтны салбарт сүүлийн жилүүдэд бий болсон тогтвортой өсөлт зогсоно гэж салбарын яамныхан үзэж байна.

УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Б.Мөнхтөр Бидний харж байгаа өнцгөөр бол энэ хуулийн зохицуулалт байхгүй болсноор татварын суурь ачаалал 5 хувь болно. Дээр нь өсөн нэмэгдэх роялти нь үнийн дүнгээс хамаараад 4-5 хувь орчим болно гэхээр бараг 9-10 хувийн татварын ачаалал нэмэгдэх нөхцөл бүрдчихээд байна. Мэдээж аж ахуйн нэгжүүдэд энэ нь асар том татварын ачаалал болно. Хоёрт, том зургаар нь харвал үүнийг дагаад салбарын хөгжлийн асуудал яригдана. Энэ зохицуулалт маань өөрөө алтны салбарыг дэмжсэн бодлого байсан. Бид нэг гараараа “Алт-2” хөтөлбөр хэрэгжүүлээд энэ салбарыг дэмжих ажлууд хийгээд байдаг. Нөгөө гараараа энэ ажлаа нурааж болохгүй. Тэгэхээр татварын хөнгөлөлтийн асуудлыг таван жилээр сунгах шаардлагатай

eagle.mn 2019.01.02

Энэ оны нэгдүгээр сарын 01-нээс хүчингүй болсон ашигт малтмалын нөөц ашигласны татварыг 2.5 хувь болгосон зохицуулалт алтны салбарт том дэмжлэг болжээ. Учир нь алтны олборлолтын хэмжээ татварын зохицуулалт, ачааллаасаа шууд хамаардаг. Монголбанканд тушаах алтны хэмжээ эрс нэмэгдэж 20 тоннд хүрсэн нь дээрх хөнгөлөлтийн үр дүн юм. Өмнө нь 68 хувийн гэнэтийн ашгийн татвартай холбоотойгоор алт тушаалт 2010 онд жилд хоёр тонн хүртэл унаж байв. Роялти татварыг 2.5 болгосон зохицуулалт хэрэгжсэнээс хойш Монголбанканд тушаасан алтны хэмжээ 2014 онд 12 тонн, 2015 онд 14.7 тонн, 2016 онд 18 тонн, 2017 онд 20 тонн, 2018 онд 22 тонн хүрчээ. 2013 онд буюу Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орохоос нэг жилийн өмнө 8 хувь хүн, 120 аж ахуйн нэгж алт тушаасан бол 2017 онд Монголбанкны худалдаж авсан 20.01 тонны алтны 66 хувийг иргэд (216), 34 хувийг аж ахуйн нэгж (117) тушаасан байна. Харин 2018 оны арванхоёрдугаар сарын 20-ны статистикаас харахад энэ жилийн алт тушаалтын бүтцэд бага зэрэг өөрчлөлт оржээ. Монголбанкинд тушаасан 21.2 тонн алтны 59 хувийг иргэд, 41 хувийг аж ахуйн нэгжүүд бүрдүүлээд байна.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан Үндэсний алт үйлдвэрлэгчдийг төрийн бодлогоор дэмжиж, тулгарч буй хууль эрх зүйн зохицуулалтын шинжтэй хүндрэл бэрхшээлийг төрийн байгууллагууд хамтран шийдвэрлэх нь алтны салбарын хөгжил төдийгүй Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал. 2008-2009 онд дэлхий даяар нүүрлэсэн санхүүгийн их хямралыг гадаад валютын нөөцтэй улс орнууд амжилттай даван туулж байсан. Тиймээс Монгол Улсын хувьд ч гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэхэд алтны салбар үлэмж чухал үүрэгтэй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Тушаасан алтны тоо нь яагаад олон улсын tradingeconomics.com-ын тооноос зөрж байгаа юм бол? Энэ сайт нь манай (монголбанк дахь) алтны нөөц 2016 онд 1.74 тонн (нийтлэлд 18 т), 2017 онд 3.09 т (нийтлэлд 20 т), 2018 онд 15.1 т (нийтлэлд 22 т) байсан гэжээ. Харин 2019 оны 1-р улиралд 18.7 тонн хүрсэнийг хэлжээ. Сайт нь мэдээллээ ЗГ, Дэлхийн банк зэрэг олон эх сурвалжаас авч нэгтгэдэг. Нийтлэлд мэдээлсэн тэр их алт хаашаа алга болчихсон юм бол? Өрөнд төлчихсөн юм уу? Эсвэл худал юм уу?

    0 0 Хариу бичих
  2. Altnii tatvariig baga bailgah sonirholtoi nuhduud hydlaa lobbydoj baga bailgah sonirholtoi, tarhi ygaah sanaatai nemchihvel tatvaraas zygtana geh shig tur yls um bol tatvaraa avch l taarna shude

    0 0 Хариу бичих
  3. Tegj ih nemeh geed bgaa yum bol baga han shig 3% bolgochihooch.

    0 0 Хариу бичих