Жеокэч буюу тоглонгоо аялахуй

АНУ-ын Сиэтлд амьдардаг нэгэн эр Портландад байдаг найздаа бяцхан ачаа хүргэж өгөх гэсээр чамгүй уджээ. Хоёулаа аль нэг хотдоо уулзалдахаар ярилцсан ч зав гарахгүй байв. Ингээд хэн хэн нь ажил их, зав тааруу юм чинь замынхаа дунд уулзъя гэж ярилцаж л дээ. Гэвч яг болзоод хоёр талаасаа зэрэг гарах гэтэл хэн нэгэнд нь ажил гарч төлөвлөгөө бүтэлгүйтэв. Ингээд хоёр найз сонирхолтой байдлаар асуудлыг шийджээ. 

Тэдний хэн хэнд GPS буюу байршил тодорхойлох төхөөрөмж байв. Тиймээс бие биеэ хүлээж цаг алдалгүй өнөөх дамжуулах зүйлээ замын дунд найдвартай газар нууж орхиод, нөгөө найз нь түүнийг дараа нь ирээд GPS-ээ ашиглан олж авахаар тохирсон байна. Сиэтлийн эр ачаагаа хүн олохооргүй газар нуугаад тухайн цэгийн байршлыг найздаа илгээжээ.

Энэ бол 2000 онд болсон явдал. Америкууд 1973 оноос хойш цэргийн зориулалтаар ашиглаж байсан GPS буюу байршил тодорхойлох системийг 2000 онд иргэний хэрэглээнд нэвтрүүлсэн юм. Анхандаа GPS-ийг тийм ч өргөн ашиглаж чадахгүй байжээ. Харин дээр дурдсан түүх нэгэн шинэ төрлийн тоглоом, бизнесийн эхлэлийг тавьсан аж. Жинхэнэ жеокечийг компьютерийн зөвлөх мэргэжилтэй Дэйв Улмер гэгч эр эхлүүлжээ. 

Тэрээр шинээр хэрэглээнд нэвтрээд байсан GPS-ийн технологийн үнэн бодит, найдвартай байдлыг шалгаж тест хийхийг хүсчээ. Тиймээс 2000 оны тавдугаар сарын 3-нд нэгэн модон сав нуугаад түүнийгээ “Great American GPS Stash Hunt” гэж нэрлэн байршлын цэгийнх нь координатыг тэмдэглэн интернэт дэх GPSийн хэрэглэгчдийн бүлэгт байршлуулсан байна. Уг хайрцгийг нь Майк Тигю гэгч эр GPS ашиглан гурав хоногийн дараа олжээ.

Тодорхой цэгт ямар нэг зүйл нууж орхиод түүнийгээ бусдаар олуулах санааг америкууд төгс төгөлдөр болгон хөгжүүлсэн байна. Тэр нь geocaching юм.

Дэлхийгээр нэг аялал жуулчлалын хоббитнууд бий. Тэд интернэтээр холбогдон харилцан мэдээлэл солилцож, аяллынхаа төлөвлөгөөг гаргах, улмаар тухайн аяллаа хөгжилтэй, зугаатай, сонирхолтой басхүү зорилготой болгоход geocaching тун тохиромжтой хэлбэр болжээ. Хөгжилтэй, зугаатай гэдэг нь хэн нэгний нуусан кэш (cach)-ийг GPS ашиглан өргөрөг, уртрагийн солбицлоор нь хайж олдог учир аяллыг адал явдалтай болгодог байна.

Кэчийг зүгээр нэг газарт нуухгүй. Байгалийн үзэсгэлэнтэй, онцгой сонин тогтоц, содон уул, хад, түүх, соёлын дурсгалт газар гэх мэт онцлог газрыг сонгон байрлуулна.

Тиймээс кэч олно гэдэг тухайн жуулчнаас багагүй хүчин чармайлт, авхаалж самбаа, эр зориг, туршлага бас цаг, зав шаарддаг ажээ. Үүний зэрэгцээ танин мэдэхүйн ач холбогдолтой. Кэч байрлуулсан газрынхаа талаар анх байрлуулсан хүн нь дэлгэрэнгүй мэдээллийг интернэт сүлжээнд танилцуулга заавал оруулдаг. Түүнийг нь дэлхий өнцөг булан бүрт суугаа жеокэччид олж унших бөгөөд уг танилцуулгаас аяллынх нь сэдэл бий болдог байна. Үүгээрээ жеокэч дотоод, гадаадын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхэц болдог ажээ. Тухайлбал, Монголын жишээн дээр ярихад Чингис хааны мэндэлсэн газар Хэнтий аймгийн Дадал сумын төвийн зүүн хойно оршин Дэлүүн болдог хэмээх толгойн ойролцоо кэч нуулаа гэхэд тухайн газар нутгийн байршлын өргөрөг, уртрагийн мэдээллээс гадна Дэлүүн болдогийн үүх түүхийг жеокэшчдийн цахим хуудаснаа танилцуулга болгон нийтлэнэ. Түүнийг нь уншсан жеокэшчин дэлхийн хоёр дахь мянганы суут хүн Чингис хааны мэндэлсэн нутагт хөл тавихыг хүсэх аваас үүргэвчээ үүрч, GPS ээ халааслаад Монголыг зорино. Монголд ирээд хаашаа явах эсэхдээ эргэлзэх зүйлгүй. Жеокэччидийн сүлжээгээр урьчилан мэдээлэл авчихсан байх тул очих газар нь Улаанбаатараас аль зүгт, хэдэн километрт байдаг, ямар ямар төв суурин газруудаар дайран өнгөрөх вэ гэдэг нь тодорхой байна гэсэн үг.

Жеокэчийн дүрэм

Байрлал тодорхойлогч буюу GPS (Global Positioning System) ашиглан дэлхий нийтээр тоглож буй Geocaching хэмээх энэ тоглоомын дүрэм маш энгийн. Жеокэшийн гол хэрэглэгдэхүүн нь кэч буюу бяцхан хайрцаг болон түүний дотор хийсэн авсаархан эд зүйлс юм. Тэрхүү эд зүйлс нь үзэг, бал, тэмдэглэлийн дэвтэр, овор багатай бэлэг дурсгалын зүйл, зоос гэх мэт байдаг аж. Үүнийг монгол жеокэччид эрдэнэс хэмээн нэрлэдэг байна. Жеокэчийг эрдэнэсийн эрэл хэмээн тун оновчтой монголчилжээ. Энэ нь хэн нэг GPS эзэмшигч энэхүү эрдэнэс буюу хайрцгийг, эд зүйлсийн хамт нууж, түүний байрлал солбилцол координатыг зарлах ба нөгөө GPS эзэмшигч нь уг координатын дагуу “эрдэнэс”-ийг хайж олох зарчимд тулгуурладаг тоглоом юм. Энд ганц л дүрэм үйлчилнэ. Хэрвээ кэчийг хайж олоод хайрцаг дотроос ямар нэгэн зүйл авахыг хүсвэл, уг зүйлтэй тэнцүү үнэлгээтэй буюу түүнээс дээш үнэлгээтэй зүйлийг хайрцагт үлдээх ёстой. Мөн хайрцгийг авч явж болохгүй. Харин өмнө байсан хэвээр нь нууцлан дараагийн жеокэччидэд үлдээнэ. Түүнчлэн тухайн кэчийг олсон талаараа бусдадаа заавал мэдээлэх ёстой.

Гандан бууршгүй монгол жеокэччид

Жеокэччидийн цахим хуудсаар зочлоход Монголтой холбоотой мэдээлэл цөөнгүй тааралдана. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Улаанбаатарт 88 кэч байгаа гэсэн байна лээ. Мөн Богд ууланд 30 гаруй кеч тавьжээ. Улаанбаатарт гол төлөв музей, номын сан, түүх, соёлын дурсгалт газруудад кеч байрлуулсан юм байна. Баруунд нэг хотод л гэхэд 1000 гаруй кеч байрлуулсан байдагтай харьцуулахад Улаанбаатарынх дөнгөж эхлэл төдий гэсэн үг. Нэгэн жеокэччин жуулчин Монголд ирж “Найрамдал” зуслангийн ойролцоо газраас кэш олсон тухайгаа бичсэнийг интернэтээс олж үзсэн юм. Тэрээр, “Улаанбаатараас 30 км зайд орших Баянголын хөндийгөөр аяллаа. Энэ бол гайхалтай сонголт байлаа. Хөдөөгийн амар амгаланг мэдрэх боломжтой. Энд олон улсын хүүхдийн “Найрамдал” төв байрладаг. Зуны турш дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хэдэн зуун хүүхдүүд уг төвд амардаг юм байна. Нөхөрлөл гэсэн утгатай “Найрамдал” хэмээх үгээр нэрлэсэн уг төвийг 1978 онд байгуулжээ” гэсэн байна.

Өнөөдрийн байдлаар манай улсад нийт 380 гаруй, харин дэлхийн улс орнуудад нийт 3 сая гаруй кэч байрлуулаад байгаа аж. 

Дэлхий нийтэд 8 сая гаруй хүн жеокэчийг тоглож байгаа гэсэн статистик байна. Энэ тоо жилээс жилд өссөөр буй бөгөөд энэ нь жуулчид илүү сонирхолтой, үр өгөөжтэй бөгөөд тодорхой зорилготой аяллыг сонирхдогийн илрэл юм. Монголын жеокэччид хэдий цөөн боловч холбоо байгуулан цахим орчинд нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа ажээ. Дээр дурдсан 380 кэч бол тэдний хийсэн ажил. Нэг ёсондоо тэд Монголын аялал жуулчлалын талаар 380 бодит сурталчилгааг олон улсын жеокэччидийн сүлжээнд байрлуулчихаад байна гэсэн үг. Дэлхийгээр тойрон аялах дуртай, адал явдалт явган аялал сонирхдог, жеокэччид дээрх мэдээллүүдийг үзээд кэч хайн тоглохоор Монголыг зорьсоор байгаа ажээ. Ганц жишээ хэлэхэд хэдэн жилийн өмнө Улаанбаатарын нэгэн ресторанд монгол жеокэччид кэч байрлуулжээ. Одоо уг ресторанд гадаадын жуулчид олноор ирдэг болсон байна. Тэд бол өнөө дэлхийгээр нэг хэрэн жуулчилдаг найман сая жеокэчдийн нэгээхэн хэсэг нь гэсэн үг. Тэд Монголд ирээд тухайн рестораныг GPS-ийнхээ тусламжтайгаар төвөггүй олж очдог бөгөөд ресторанд хооллонгоо тэнд байрлуулсан кэчийг үзэж, сонирхох аваас дурсгал болгож бяцхан бэлэг дурсгалын зүйл авч оронд нь дүрмийн дагуу адил хэмжээний үнэ бүхий зүйл, эсвэл мөнгө, доллар хийж үлдээдэг байна. Мэдээж тухайн жуулчин энэ талаараа дэлхий даяар буй жеокэчдэдээ мэдээлнэ. Тэр нь дараагийн жуулчныг даллан дуудах сэдэл болдог байна. Жеокэчийг ийнхүү аялал жуулчлалын бизнес болгон хөгжүүлж байгаа дэлхий нийтийн жишиг манайд амжилттай нэвтэрч байгаа ажээ. Түүнчлэн зарим компани, төрийн байгууллага жеокечийг багахан хүрээнд сонирхолтой байдлаар ашиглаж байгаа жишээ ч байна. Тухайлбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Хаан жимс” амралтын газрынхаа чацарганын талбайд жил бүрийн намар чацарганын баяр зохион байгуулдаг. Энэ үеэрээ чацарганын талбайдаа кечүүд нууж түүнийгээ чацарганын баярт оролцогчдоор GPS ашиглан уралдаж олуулах тэмцээн зохион байгуулдаг байна. Мэдээж хамгийн олон кеч олсон оролцогч түрүүлнэ. Энэ бол жеокеч тоглоомыг тухайн аж ахуйн нэгж өөрийн үйл ажиллагааг сурталчлах, үйлчлүүлэгчид, амрагчдынхаа тоог нэмэгдүүлэх менежмент болгон ашиглаж байгаагийн нэг жишээ юм. Мөн Дорнод аймгийн Аялал жуулчлалын газрынхан аймгийнхаа төвийн түүхэн дурсгалт газрууд, соёл, урлагийн байгууллага зэрэгт кеч байрлуулан, тэдгээрийг олох маршрутын дагуу богино хэмжээний аялал зохион байгуулдаг болжээ. Энэ нь хүүхэд, залуусыг Чойбалсан хоттой танилцуулах аяллыг илүү сонирхолтой, өгөөжтэй болгож байгаа ажээ. Цаашид энэ санаагаа дэлгэрүүлэн аймгийнхаа бүх сумдыг хамарсан жеокеч аялал зохион байгуулах боломж дорнодчуудад бий. Монголын жеокеччидийн клубынхэн зүүн гурван аймгуудаар аялахдаа түүхэн дурсгалт газрууд, буган чулуун болон орчин үеийн хөшөө дурсгал, байгалийн үзэсгэлэнт уул, ус гээд маш олон газарт кеч байрлуулжээ. Ер нь бусад аймгуудад ч гэсэн жеокеч байрлуулсаар байгаа гэнэ. Эдгээр кечийн талаар танин мэдэхүйн мэдээлэл авч, зугаатай, адал явдалтай аялын төлөвлөгөөндөө Монголын багтаасан найман сая жуулчин дэлхийн өнцөг булан бүрт байгаа гэсэн үг.

Биофизикч, аялал жуулчлал сонирхогч Л.Болорболд Би уул хадаар тэнэх, аялах дуртай хүн. Гадаадад байхдаа жеокэчийн талаар анх сонсч багагүй мэдээлэлтэй болсон. Монголд 2008 онд ирээд манайд жеокэчид байдаг юм болов уу гэсэн интернэтээр хайсан чинь 20-30 хүн байсан. Монголд 2000 оноос ирсэн жуулчид цөөнгүй кэч булаад явж. Тэд жаахан замбараагүй булсан байдаг юм. Соёл, түүхийн дурсгалт газар биш аяллынхаа маршрут дагуу л боломж гарсан үедээ кеч тавьсан байдаг юм билээ. Тэд энэ талаараа тайлбар бичсэн байгаа юм. Хамгийн гол бэрхшээл нь “Кеч тавих боломж ерөөсөө олгохгүй юм. Жуулчны компанийнхан үүнийг л үзэх ёстой гээд зам хазайлгахгүй аваад давхичихдаг” гэсэн байдаг. Тэгээд Монголын аль л үзэсгэлэнт байгальтай, түүхийн дурсгалт газарт цэгүүд олж кеч тавьсан. Алтай Таван Богдоос Буйр нуур хүртэл 380 кечтэй болоод байгаа. Кеч тавьсан газар болгоноо тайлбартайгаар интернэтэд сурталчилж мэдээлдэг. Энэ аялал жуулчлалын ирээдүйд хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг юм.

Жео арт ба сансраас харагдах тооно 

Жеокеч хөгжүүлсэн улс орнууд бүгд кеч байрлуулсан цэгүүдээ холбон сансраас харагдах хэмжээний зураг зурдаг байна. Энэ нь боловсронгуй болж жео арт гэсэн урлагийн төрөл болтлоо хөгжжээ. Энэ бол өргөрөг, уртрагийн олон цэгүүдийг координатын байрлалаар нь холбон зураг зурж байгаа хэрэг юм. Монголын жеокеччид энэ жишгийн дагуу өөрсдийн гэсэн жео артыг өнгөрсөн онд зурж дуусгажээ. Монгол жео арт мэдээж үндэстнийхээ түүх, соёл, зан заншил гээд өвөрмөц онцлогийг илэрхийлсэн байх ёстой гэдэгт тэд санал нэгдэж. Анх монгол гэр зурах санал гарч байж. Мөн нум, сум, адууны тамга гээд олон санаа яригджээ. Монгол гэр хэлбэрээр жео арт хийхэд 500 гаруй цэг буюу кэч орох тооцоо гарсан байна. Цэг бүхэнд кеч нууж тавина. Кеч буюу хайрцаг дотор бэлэг дурсгалын зүйл, тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг, бал сэлт хийнэ гээд тооцод багагүй мөнгө шаардагдахаар болжээ. Тиймээс арай хялбарчлан монгол гэрийн тооно зурахаар шийдсэн байна. Ингээд 10 километрийн диаметртэй тойрог бүхий монгол гэрийн тооныг жео арт буюу тодорхой газар нутагт цэгүүд тодорхойлон тэмдэглэх холбох замаар бүтээжээ. Энэхүү тооныг Төв аймгийн Зоргол хайрхан орчимд зурсан гэнэ. Дэлхийн жеокеччид GPS-ээ асаагаад л уг зургийг Монголын төв хэсгээс харж болох юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. сайхан юмаа

    1 0 Хариу бичих