Монголын цагаан сар

Хорьдугаар зууны эхэн үеийн Нийслэл Хүрээнд ариун цэврийг огт сахидаггүй, гудамжаар нь өвлийн цагт гадагшаа урссан шингэн ялгадас нь овоо болж хөлдөөд, зун цагт хүний өтгөн, шингэний үнэр хамар сэтлэх шахаж, ялаа батгана үлэмж их бөгөөд Өндөр хог, Амбан хааны, Түшээт ханы, Бэйсийн, Цэ вангийн гэх мэт хогийн овоонууд сүндэрлэж байжээ. Харин жилдээ хоёр л удаа албан шахалт, шашин сүсгийг хавсран байж Хүрээний хэмжээнд цэвэрлэгээ хийлгэдэг байж.  

Цагаан сарыг угтан өвлийн адаг сарын 29-нд гэр, хороогоо цэвэрлэж тоос шороогоо гүвдэг бол тавдугаар сарын 13-ны өдөр Майдар эргэхийн өмнө нэг удаа цэвэрлэгээ хийдэг байсан гэдэг. 

Энэ бол монголчууд Будда Шагжамунийн дараа энэ Замбутивд заларсан хэмээн домоглодог Майдар бурханд сүсэглэн залбирдаг шигээ үндэсний баяр Цагаан сараа чинхүү дээдэлж хүндэтгэдэг байсны илрэл. Сар шинэдээ сэтгэл санаа өөдрөг сайхан, бие амар амгалан, эд эдлэл, идээ ундаан элбэг дэлбэг, гэр, хотлоороо цэвэр цэмцгэр золгохыг эрхэмлэдэг энэ ёсон эртээс улбаатай. Анх 2200 гаруй жилийн тэртээ буюу эртний хүннүчүүдийн үед айраг цагаа, идээ ундаа дэлгэрсэн намрын налгар дэлгэр улиралд Цагаан сарыг тэмдэглэдэг байсан нь мянган жилийн туршид тасралтгүй уламжлагдан явсаар XIII зуунтай золгож, их эзэн Чингис хааны үед хаврын тэргүүн сард золгож шинэлдэг болсон түүхтэй. Энэ уламжлал өнөөг хүртэл үргэлжилсэн ч өнгөрсөн зууны дундуур социализмын үед Цагаан сарыг бүрэн хориглож байсан зурвас цаг хугацаа бий. 1952 оны Цагаан сараар маршал Х.Чойбалсан нас барсан тул тухайн жил Цагаан сар тэмдэглээгүй аж. Түүнээс хойш энэхүү үндэсний баяраа “Малчдын баяр”, “Нэгдэлчдийн баяр” хэмээн нэрлэж, тэмдэглэх хүрээг нь хумьсан байдаг.  

Тиймээс социализмын жилүүдэд Цагаан сарын шинийн нэгний өдрийг тааруулан намын хурал, сонсгол зохион байгуулах зэргээр аль болох энэ баярыг тэмдэглүүлэхгүй байх арга хэмжээг авдаг байв. Өтгөс буурлууд нууцаар битүүлж, үүд хаалгаа түгжин байж бууз, баншаа жигнэдэг, битүүлэг, цагаалга тэргүүтэн идээ будаагаа орныхоо хөндийд нуудаг хэцүүхэн цаг үе байжээ. 1990 оноос Цагаан сарыг дахин тэмдэглэх болов. Коммунизмын хорио, хяналт нуран унаснаар үндэсний ухамсар сэргэсний нэг тод илрэл нь монголчууд Цагаан сараа уламжлалт ёс жаягаар нь өргөн дэлгэр тэмдэглэж эхэлсэн явдал байсан юм. Гэхдээ харамсалтай нь манайхны уйдамтгай, өөнтөгч зангийнх уу, тун удалгүй Цагаан сараа муулах, өөчлөх хандлага газар авсан. Энэ нь өнөөг хүртэл үргэлжилсээр байна. Эхэндээ Цагаан сарын ууц, бэлэг сэлт, золгуутын мөнгө зэргийг тойрон хэт үрэлгэн, зардал ихтэй тэмдэглэж байгааг шүүмжилдэг байсан бол яваандаа Төвдийн шашны мухар сүсгийн баяр, Хятадын зурхайг дагах ёсгүй, тиймээс хавар гуравдугаар сарын 22-нд тэмдэглэх ёстой, эсвэл намар тэмдэглэх нь зөв, би монгол, чи монгол биш гэх мэтээр хадуурч эхлэв. 

Үндэсний баяраа ингэж муулан муулан тэмдэглэдэг үндэстэн өөр байхгүй л болов уу. Зардал чирэгдлийн хувьд гэвэл гадаадын улс орнуудад ч гэсэн хэт үрэлгэн бөгөөд олон өдрийн турш тэмдэглэдэг баяр ёслолууд зөндөө бий. Азийн ард түмнүүд билгийн тооллын шинэ жилээ бидэнтэй нэгэн адил хугацаанд өргөн дэлгэр тэмдэглэдэг. Тэглээ гээд энэ баяраа муулж муучлаад байдаггүй. Харин ч үндэстнийхээ өвөрмөц онцлогийг хадгалж үлдэх, ёс заншлаа үр хойчдоо уламжлуулах, цаашилбал улс орноо гадаадад сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх эвент болгож байдаг ажээ. Ойрын жишээ татахад БНХАУ-ын Харбин хотын соёл, аялал жуулчлалын газрынхан Цагаан сар дөхөж гадаад, дотоодын зорчигчдын хөл хөдөлгөөн нэмэгддэг энэ үеийг тохиолдуулан хотынхоо галт тэрэгний буудал дээр сонгодог хөгжмийн тоглолт үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа тухай мэдээлжээ. Дорно дахины ард түмэн энэ мэтээр үндэсний баяраа асар өргөн дэлгэр тэмдэглэдэг. Тиймээс бид үндэсний баяраа муучилж, гоочилж, өөлж өөнтөглөх хэрэггүй л байгаа юм. Амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг шүү дээ. Нэрнээс нь л бодоход энэ бол яах аргагүй сайн сайхны, бэлгэ дэмбэрлийн, элбэг дэлбэгийн баяр. Аав ээж, ахмад буурлууд, ах дүүс, үр хүүхдүүдээрээ уулзан золгодог ураг төрлийн баяр. Бас төрт ёсны их баяр. Төрт ёсны баярын хувьд улс үндэстний маань түүх, соёл, өв, ёс заншил гээд алив бүхэн Цагаан сарын зан үйлд хадгалагдан өнөөг хүрсэн. Тусгаар улс байгаагийн утга учир энэ л баярын үед илүү тод томруун харагдаж, мэдрэгддэг. 1206 онд эсгий туургатан улсаа энх шударга болгосны дараа 1207 онд их эзэн Чингис хаан анх Цагаан сарыг хавар тэмдэглэжээ. Энэ тухай Инжинашийн “Хөх судар”-т “IV жарны анхны жил, улаагчин туулай буюу 1207 оны хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд Чингис хаан хулгана цагт дээшлэн, биеэ ариутгаад, ёсны хувцсаа өмсч, Өүлэн ээждээ мөргөж, ордноосоо заларч гарч ирэхэд есөн зүйлийн гүн нарийн хөгжим, алтан хасын чимээ дуурсгаж, жүн хэнгэрэг дэлдэн угтав. Чингис хаан харьяат олондоо “Тэнгэрийн хөвгүүний дохио тэмдэг, хөгжим сэлтэс цөм Өмнөд Дундадын хууль дүрэм болой. Би өөрөө арьсан дээлтэй монгол хүн. Та бүхэн хаан өргөмжилж их сууринд суулгалаа. Өнөөдрийн ёслол сүрдүүлэн цочоох төлөв байдалтай учир ар газар таарахгүй” хэмээн айлдсан тухай өгүүлсэн нь бий. Мөн Чингис хаан, “Дээл хүндэдвэл өмссөн хүнд ачаа болно Эмээл хүндэдвээс тохсон моринд дарш болно Эрхэм хэтэрвээс хүмүүний сэтгэлд осол болно Янз хэтэрвээс ядуу дордост зүдгүүр болмой Хожмын үр сад эрхэмдээ эрэмшин, осол цалгай явах вий. Тиймээс энгийн даруу болго” гэж айлдсан ажээ. Цагаан сарын, ер нь аливаа баяр ёслолын цаадах утга учир, гүн нарийн ёсон, бэлгэ бэлгэдлийг Чингис хаан дээрх бэлгэ сургаалдаа тов тодорхой өгүүлсэн ажээ. Сайтар ухах юм бол их хааны айлдвараас ёстой л түмэн утга цацарна. Өнөөгийн бидний хэрэлдэж, хэлэлцэж, шүүмжлэн муучлаад байгаа бүхнийг урьдчилж хараад, ухаж бодоод, учиг сэжүүрийг нь уг үндсээр нь хэлчихсэн аж. Хожмын үрс минь “Өвсөнд ороовч үхэр тоож идэхгүй, өөхөнд боовч нохой тоож шинжихгүй хүмүүс төрөх вий” гэж сэтгэл чилээж явсан их хааны сэцэн билгийг өнөөгийн бид ухаарч таних аваас их олон зүйлийн ээдрээг онож тайлах болно. Тухайлбал, Цагаан сар хэмээх үндэсний их баяраа хэрхэн тэмдэглэх вэ гэдэгт бид эргэлзэн тээнэгэлзэж, элдэвлэн мэтгэлцэх шаардлага үгүйг ухаарна. Төвдүүдийн тооллоор Хятадын баярыг тэмдэглээд байна гэж шүүмжлэгчдэд хэлэхэд Цагаан сар бол эзэн Чингисийн үеэс уламжлан ирсэн төрт ёсны их баяр, монгол үндэсний баяр гэдгийг гэрчлэх баримт олон бий. Богд хаант Монгол Улсыг байгуулсны дараа Богд хаан өвлийн сүүл сарын 2 буюу 1912 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр зарлиг буулгаж, бие даан тусгаар улс болсон тул Цагаан сарын баяраа монгол хэлээр туурвисан цаг тооллын дагуу явуулж байхаар болгож, зурхайчдад монгол цаг тооны бичиг зохиохыг үүрэг болгосон тухай төрийн шагналт түүхч О.Батсайханы “Монголын сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба” номд өгүүлжээ.

Нийслэл Хүрээнд байсан Автай сайн хааны өргөө буюу Баруун өргөөнд эзэн Чингис хааны үеэс таслалгүй бадрааж ирсэн тулганы галыг Цагаан сарын шинийн нэгний өглөө Чингис хааны алтан ураг Автай сайн хааны удмынхан болох Түшээт хан аймгаас ирсэн төлөөний түшмэл, хатны хамтаар цахиж бадраадаг байсан гэдэг. Мөн Цагаан сарын битүүнд Баруун өргөөнд ширээ засч идээ шүүс тавин будаалга хийхдээ төмөр зуух хэрэглэдэггүй эртний заншлаар гурван чулуу тулсан тулганд гал асаан ёслол хүндэтгэл үйлддэг байжээ. 

Алтан ургийн дөрвөн тойн ээлжлэн зул, хүжийг нь бадрааж, галыг нь манаж байдаг энэхүү Баруун өргөөний Улаан сахиусны өмнө 2012 онд Богд хаант Монгол Улсын сайд, түшмэд, 1920 онд Хүрээний нууц бүлгийн хувьсгалч, эх орончид тангараг өргөж байсан түүхтэй. 2011 онд тусгаар тогтнолоо сэргээн мандуулснаас хойш Богд хаан, Эх дагинын хамт жил бүрийн Цагаан сарын шинийн нэгний өглөө Баруун өргөөнд ирж, гал асаадаг болсон байна. Энэ бол эзэн Чингисийн төрийн залгамж, уламжлалыг хадгалж буйг илэрхийлсэн төрт ёсны хүндэтгэлийн илрэл байсан хэрэг. Ийнхүү Цагаан сарыг монголчууд “Хүннү Шаньюйгийн үе инагш” тэмдэглэж ирсэн бөгөөд их эзэн Чингис хааны үед төрт ёсны их баяр болон өргөжиж, өнгөрсөн зууны эхээр тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны их баяр болон уламжлагдаж өнөөг хүрчээ. Цагаан сар хэрвээ Хятад, Төвдийн уламжлалт баяр байсансан бол Чингис хаан ч тэр, Богд Жавзандамба ч тэр зарлиг гарган улс гүрэн даяар тэмдэглэхгүй л байсан. Монголын гэх тодотголтой, үндэсний дархлаа, үндэсний бахархлыг хадгалсан төрт ёсны баяр тул ийнхүү цаг, төрийн үймээнтэй, ороо бусгаа үед ч монголчууд тэмдэглэсээр ирсэн бизээ. Цагаан сарыг намар тэмдэглэдэг байсны тухайд бол XIII зуунаас өмнө тэнгэр шүтлэг, бөөгийн ёсоор цагаалж байсантай холбоотой. Хаврын тэргүүн сард тэмдэглэх болсны учрыг дээр өгүүлсэн. 

Харин үүнийг мэдсээр байж бөөгийн ёсоор, тэнгэр шүтлэгийн дагуу намар Цагаан сараа тэмдэглэх ёстой гэж зүтгэх нь тусгаар тогтнол, түүх, уламжлал, өв соёлоо тэр чигт нь үгүйсгэж байгаа хэрэг билээ. Марко Пологийн бичсэнээр бүх хүн Цагаан сараар цагаан зүсмийн морь унаж, цагаан бөсөөр хийсэн хувцас өмсч, бие биедээ цагаан хадаг өргөж, цагаан идээ зооглодог нь хэн хэндээ хиргүй цагаан сэтгэлээр явж байя гэсэн эв найрын бэлгэдэл байв. Алгаа дэлгэнэ гэдэг надад зэр зэвсэг алга, миний сэтгэлийн өнгө энэ гэсэн утгатай байсан ажээ. Цагаан сар эртнээс ёс заншил, бэлгэдлийн баяр байсан гэдэг нь эндээс харагдаж байна. Тиймээс хар муу, хувхай хоосон амлалгүйгээр Монголын Цагаан сардаа сайны ерөөл, бэлгэ дэмбэрэл дүүрэн золгоцгооё. Монгол хүн амны бэлгээр, хятад хүн гарын бэлээр гэдэг үг бий. Амны бэлгээс ашдын бэлэг болгож тэмдэглэдэг төрт ёсны их баяраа гарын бэлээр уралддаг буухиа тэмцээн болгож орхисон бол бидний л өөрсдийн буруу. Цайлгагч Цагаан сар үйлийн сайн, цагийн сайхныг урин дуудсаар байх болно оо.

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Дулам

Бэлгэдлийн утгаа л хадгалж байвал Цагаан сарыг их амархан хийх боломж зөндөө бий. Наад зах нь л хүүхдүүдэд дэвтэр харандаахан өгсөн ч хамгийн сайн бэлэг болно. Эрдэм номыг монголчууд эртнээсээ хүндэлж дээдэлж ирсэн улс. Монгол угсаатны хувьд олон мянган жилийн өмнөөс өдий хүртэл уламжилж ирсэн бэлгэдлийн цогцлол болсон цорын ганц үндэсний баяр бол Цагаан сар. Тийм ч учраас монгол үндэстэн гэж оршмоор байвал жилдээ ганц удаа ёсолдог баяраараа ёсолсон шиг ёслоод, баяр баясгалан болгож магнайгаа тэнийлгэж болно биз дээ. Үүнийг л би залуучуудаас хүсч байна.

Академич Д.Цэрэнсодном

Настангуудад чирэгдэл багатай байлгах хэрэгтэй. Тэднийг яаж баярлуулахаа л бодох ёстой. Түүнээс биш одоогийнх шиг зүдрээж болохгүй. Энэ бол гэр бүлийн баяр. Авах, гээхийн ёсоор авч үзвэл аль болох даруу, бололцоо, хэр чинээгээрээ, гэхдээ баяртай, сайхан тэмдэглэх ёстой юм. Ууцны хэмжээгээр уралдах хэрэггүй.

Нийтлэлч А.Баатархуяг

Хүмүүс хэр чинээгээрээ л тэмдэглэнэ. Сүүлдээ мөхсөн манж, үхсэн хятадын баяр болж, идээ ундаа, айраг цагаа, дээл малгайнд ч амны бузар орох шинжтэй болоод явчихлаа. Өнгөтэй өөдтэй юм ч өмсөж зүүх, дээжилж хүртэхээс эргэлздэг боллоо. Ийм бэлгэгүй, хар санаагаар сар шинэ угтах ч дээ... Монголд тэмдэглэж, монголчууд хийж байгаа бол Монголын л баяр. Дээл, гутал, хөөрөг нь Манжийнх, архи, малгай нь Оросынх, ул боов, уншуулдаг ном, ёс заншил нь Төвдийнх, еэвэн, цуу нь Хятадынх, салат нь Францынх, ааруул нь гурилтай, мах нь антибиотиктой л гэнэ. Монголын гэх цагаан юм үлдэж байна уу? Ер нь олны сүү шиг сэтгэлийг ээдүүлж байгаа энэ хар санаа л Цагаан сарыг маань гутаана шүү!

Философич С.Молор-Эрдэнэ

Цагаан сарыг боловсронгуй болгох ёстой. Их мөнгө зарах хэрэггүй. Заавал тэрэнд зориулж хувцас, машин худалдаж авах хэрэггүй. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)