П.Бадарч: Дахиж “Болор цом” хөтлөхгүй гэж хэлээд би үзэгчдийг байлдан дагуулсан шүү дээ

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч П.Бадарч Сар шинийн босгон дээр төрийн шагнал хүртлээ. “Есөн эрдэнийн эх орон”, “Зургаан мөнгөн мичид”, “Алтан тоос”, “Ширхэг цагаан сувд”, “Намрын хонгор салхи”, “Хэрлэнгийн цэцэг”, “Би энэ байна”, ”Бөрттэй цагаан сарны дор”, “Тэнгэрийн хас од” зэрэг номуудаа уншигчдын гар дээр тавьж, “Есөн эрдэнийн орон”, “Адуу”, “Тэмээ”, “Эхийн сэтгэл” тэргүүтэн олон арван шүлгээрээ ард түмэндээ хайрлагдсан буурал найрагчтай есөн жилийн өмнө 2010 онд хийсэн ярилцлагаа хүргэж байна.

70 настай өвгөн шүлэг уншихад үзэгчид өрөвдөөд л алга ташна

-Та энэ жилийн “Болор цом” наадмын дэвжээн дээрээс “зодог тайлж” байгаагаа мэдэгдсэн. Энэ талаараа ямар нэгэн тайлбар хийгээгүй. Уг нь “Болор цом”-ын үеэр болсон үйл явдлууд араасаа шүүмжлэл, маргаан, тайлбар дагуулдаг. Энэ жилийн шүүгчид хийгээд зарим найрагч ч энэ жамаас гажаагүй. Харин та л дуугүй болчих юм?

-Би “Болор цом”-оос хойш нэг ч сонин, хэвлэлд ярилцлага өгөөгүй ээ. Яршиг, яах юм.

-“Болор цом”-д шүлгээ уншихгүй, уг наадмыг хөтлөхгүй гэдэг шийдвэр яагаад гаргах болов?

-Энэ бол ерөөсөө насных юм. Түүнээс би гуньж, гутраад ийм шийдвэр гаргасан юм биш. Сүүлд хүмүүс тэгж асууж байна лээ. Тийм зүйл огт байхгүй. Ерөөсөө л больё гэж бодсон. Ийм шийдвэр гаргасан нь бас биеийн эрүүл мэндтэй ч холбоотой. “Болор цом” хөтөлнө гээд тэнд очоод суухаар ядардаг болж.

-Тэгэхээр нэлээд эрт шийдвэрээ гаргачихсан байсан хэрэг үү?

-Төлөвлөөд байсан юм байхгүй. Гэхдээ ер нь л хэдэн жилийн өмнөөс “Болор цом” хөтлөнө гэдэг нэг л дэмий санагдаад, болимоор ч юм уу гэж бодогдох болсон. Тэгээд л тухайн үед л гэнэт шийдвэр гаргасан. Би хэн ч тэг, ингэ гээгүй байхад аяндаа тайзан дээр гарч ирээд “Болор цом” наадмыг хөтлөхгүй гэж хэлээд үзэгчдийг байлдан дагуулсан шүү дээ. Уйдтал дэргэд нь байхаас холоос өөрийгөө сануулж байх нь дээр гэдэг үг бий. Намайг “зодог тайллаа” гэхээр зарим хүн уйлж байна гэсэн.

-Та “Болор цом” наадмыг анх зохиогдож эхлэх үеэс нь л оролцож, шүлгээ уншиж, бас түрүүлж явсан хүн. Дахиад тэр тайзан дээр гарахгүй гэж бодоход хэцүү байгаагүй юу?

-“Зодог тайлсандаа” харамсахгүй байна уу гэж үү. Яалаа гэж дээ. Ерөөсөө урлаг соёлын том зүтгэлтнүүд, алдар цуутай жүжигчид хийгээд бөхчүүд ч ялгаагүй ухаантай байх хэрэгтэй. Ухаангүй хүн гэж байхгүй л дээ. Гэхдээ миний хэлж байгаа ухаан өөр юм. Тухайн хүн цаг нь болсон бол бөхийн дэвжээ, урлагийн тайз, дэлгэцнээсээ зайгаа тавьж өгөх ёстой. Манайхан тэгж зайгаа тавихгүй юм байна шүү дээ. Зарим нь тэднийг худлаа хөөргөөд л, авьяас тэтгэвэрт гардаггүй ч гэдэг юм уу, хөгийн юм яриад байдаг. Яруу найрагч, уран бүтээлч хүн гэдэг асч байгаа дээрээ улам дүрэлзэх хэрэгтэй. Түүнээс биш унтарсан хойноо утаа май битгий тавиад бай гэж саяхан “Хулангийн үдэш” дээр ч билүү, тэгж хэлсэн. Энэ бол манай Д.Пүрэвдоржийн үг л дээ. Би жаахан нэмж гоёчлоод хэлсэн юм. Энэ үг бол их учиртай. Хүн төрөлхтний бүтээсэн сэтгэл зүй, дотоод сэтгэлд үйлчилдэг ариун тунгалаг урлагийг гоо зүй дагаж явдаг. Тийм учраас тэр урлагийн бүтээлийг тоглож, толилуулж байгаа хүн буюу жүжигчин, дуучин, яруу найрагч гэдэг олны өмнө гарч байгаагийн хувьд өөрсдөө их гоё байх ёстой. Тэгж байж урлагийн төгөлдөрших чанар хамт оршино. Тэгэхгүй бол 70 настай өвгөн тайзан дээрээс шүлэг уншаад, 80 настай эмгэн бүжиглээд л, эмгэн өвгөн хоёр “Учиртай гурван толгой”-д дуулаад байвал юу болох вэ. Под текст нь ойлгогдож байна уу. Тиймээс 70 насны босго давчихаад “Болор цом” хөтөлнө гэдэг би ухаантайдаа ч биш, ерөөсөө дэмий санагдаад явчихсан. Тэгээд өөрийнхөө байж байгааг харсан ч, бичиж байгаагаа харсан ч түрүүнд хэлсэнчлэн унтарсан гал шиг байгаад байх хэрэггүй нь мэдээж шүү дээ. Далан хэдтэй өвгөн намайг шүлэг уншихад 100 хүний 30 нь алга ташна. Өрөвдөөд тэр шүү дээ. Түүнд хууртах хэрэггүй. Хүнд 70 нас хангалттай гэж Фалес, Платон зэрэг өрнийн гүн ухаантнууд хэлсэн байдаг юм. Түүнийг уншсандаа ч би ингэж яриад байгаа юм биш. Ерөөсөө өөрийгөө харсан ч, үеийнхнийгээ бодсон ч биеийн хүч чадал нь урлагийн гоо сайхан, үнэмлэхүй дээд утгаас гээгдэж хоцорчихсон байхад тэр рүү зүүгдээд байх утгагүй.

-“Болор цом”-оос хойш тантай уулзаагүй болохоор энэ наадамтай холбоотой дахиад нэг асуулт байна. Яруу найргийн энэ наадмыг байх хэрэгтэй, хэрэггүй гэсэн хоёр эсрэг байр суурь байдаг. “Болор цом” наадмыг ч, түрүүлсэн найрагчийг ч тэр газар дор ортол муулах юм байна шүү дээ?

-“Болор цом” наадам энэ жил 27 дахь жилээ зохиогдсон. Би хоёр удаа л энэ наадмыг зрителээс үзсэн. Бусад бүх наадамд нь оролцсон. Эхэн үед нь шүлгээ уншдаг байсан, дараа нь хөтөлсөн. Аливаа юм үүргээ гүйцэтгээд, зорилгодоо нэгэнт хүрчихээр түүнийг олон түмэн хүлээж авахаа байдаг. Анх миссийн тэмцээн зохиож байхад түүнийг үзэх гэж хаалга үүд эвдэх шахаад л зүтгэдэг байсан. Харин одоо бол тоохгүй. Юм бүхэн өөрийн цаг хугацаатай байдаг. “Болор цом”-ын нэг мундаг гавьяа бий. Энэ бол нийгэмд тустай, уншигчдад хэрэгцээтэй наадам. Тухайн үед утга зохиолыг зөвхөн цаасан дээрээс, номоос уншдаг, сайн л бол жилд нэг хоёр удаа зохиолчдын уулзалт болдог байсан. Гэтэл “Болор цом” гэдэг гайхамшигтай соронзон бий болгоод уншигчдыг татсан. Яруу найраг гэдэг ямар сайхан юм гэдгийг мэдрүүлсэн. “Болор цом”-ын гол гавьяа энэ байгаа юм. Түүнээс биш хэн түрүүлж, хэн сүүлдэж байгаа нь ач холбогдолгүй. Түрүүлсэн шүлэгч нь сайн, хоцорсон нь муу гэсэн үг ч огт биш. Уншигчдын сэтгэлийг уран зохиол, яруу найраг руу соронздон татаж байгаа нь л чухал.

-Гэхдээ сүүлийн жилүүдэд “Болор цом”-д түрүүлсэн найрагчийг таагүй яриа ёс юм шиг дагадаг боллоо?

-Тэр шагналыг хэн авах нь вэ гэдгээс илүү “Болор цом”-ыг ямар найрагч авах нь сонирхолтой, нэр хүндтэй байлаа. Уг нь тэргүүн байрыг хэн авах нь хамаагүй. Яруу найргаар олон нийтийг гэгээрүүлж, мянга мянган хүнийг танхимд цуглуулж, зурагтын өмнө догдлуулж байгаа нь чухал. Энэ бол яруу найргийг дэмжигч, шимтэгчдийн асар том хүрээг бий болгож байгаа хэрэг шүү дээ. Харамсалтай нь манайхан хэн хэн “Болор цом”, савхин дээл авав гэдгийг л тойруулж яриад байдаг. “Болор цом”-ын шүүгчид буруу шүүлээ, энэ тэрийг хаалгадлаа, новшийн муу шүлэг уншлаа гэж байгаа тэр хүмүүс өөрсдөө оролцохгүй л байг л дээ. Тийм бузар заваан юмаар яах юм. Бузар заваанаараа бид ороод уншиж байя. Шүлэг уралдуулах нь буруу л гэдэг. Энэ зөв л дөө. Яруу найргийг морь, тэмээ шиг уралдуулна гэж байхгүй нь үнэн. Зарим хүн миний шүлгийг он цаг шүүнэ л гэж байдаг. Тэр он цаг нь шүүх ч юм уу, бүү мэд.

-Таныг “Болор цом” авч байх үед ийм шүүмжлэл, маргаан хэр байсан бэ?

-Байгаагүй ээ. Бөх хүн хүртэл барилдахынхаа өмнө хэдэн өдөр бэлтгэл хийдэг биз дээ. Түүн шиг “Болор цом”-д чамгүй бэлтгэдэг байсан. Энэ жилийн наадамд алаад өгнө өө, “Болор цом” авна гээд л. Тэгж л бие биеэ ирлэж, уран бүтээлээрээ өрсөлдөж байсан.

-“Адуу”, “Тэмээ” шүлгээ энэ наадамд зориулж бичсэн үү?

-“Болор цом” авна л гэж бодож, түүнд зориулж бичсэн. Би анхны болон дөрөв дэх наадамд аман хүзүүдсэн. Тэгээд л 1987 онд “Болор цом” авсан. Одоо бол “Болор цом” яаж авах вэ, яавал алдарших вэ гэж бодоод л, наадам нь ч тийм болоод байна. Намайг “Болор цом” авахад манай сумынхан уриад, БХЯ-ны сайд Ш.Жадамбаа цоо шинэ “УАЗ-469” гаргаж өгч явуулж байсан. Улсын наадамд түрүүлсэн бөх шиг л хүндэлж байлаа. Нутгаараа явж, ах дүү, хамаатан саднаараа орж, өвлийн идшээ аваад, Хэрлэнбаян-Улаанаар яваад ирж байлаа.

-“Болор цом” наадам хэрэггүй гэвэл зохиохоо болчихвол яасан юм бэ?

-Болно шүү дээ. Хэрэггүй гэвэл больчихож болно. Гэхдээ уншигчид үгүйлнэ л дээ. Үгүйлээд байгаа хүмүүс нь заавал Улаанбаатарт гэлтгүй, аль нэг аймагт “Болор цом” зохиож болно.

Би Монголын рекламны анхны зураачдын нэг

-Танайх төрийн шагналт яруу найрагч П.Пүрэвсүрэн гуайнхтай ойрхон юм байна шүү дээ. Ойрд уулзалдав уу?

-Цагаан сараар очсон. Бие нь гайгүй байсан. Ойрдоо манай хүн ярихгүй л байна. Тэднийх ойрхон шүү дээ. Манайхаас хоёр буудал хэртэй л байх.

-Төрийн шагналт, ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн П.Пүрэвсүрэн, соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Дулмаа гээд л та бүхэн бүгд нэг үеийнхэн. Бас дотно найзууд. 1960-аад оноос хойш нөхөрлөсөн гэхээр сайхан санагддаг юм?

-Бид найзууд биш байх гээд яах билээ. Өөр хэнтэйгээ үерхэх вэ дээ. Дээшээ жаахан асч үерхдэг байсан Д.Пүрэвдорж маань яваад өглөө. Хүн гэдэг цаг үеийн бүтээгдэхүүн учир тухайн цаг үетэйгээ л дуусдаг амьтан юм байна. Тэр үе нь хамгийн дурсгалтай байдаг ч юм уу. Бид утга зохиолд хөл тавьж, үерхэж нөхөрлөөд 50 жил болж. 1959 онд Б.Явуухулан хойно М.Горькийн нэрэмжит дээд сургууль төгсч ирсэн. Би 1960 оноос шүлэг оролдож эхэлсэн юм. Багшийн сургуулийн хар Баатар гэж миний найз байв. Тэр бид нийлээд Их сургуулийн, Багшийн дээдийн, Комбинатын гээд л уран зохиолын дугуйлангуудаар хэснэ. Тэнд очиж шүлгээ уншина. Мөн Зохиолчдын хороон дээр Д.Сэнгээгийн үеэс уламжилсан гуравдахь өдрийн уулзалт гэж болдог байсан. Тэнд бас очно. Оюутнуудын хичээл тарсны дараа болдог байсан юм уу даа. Жан.Шагдар, Жамцын Шагдар, Б.Жамд нар тэр уулзалтад очдог байлаа. Мань мэт нь зохиолч болох санаатай л явж байгаа нь тэр. Явуугийн удирддаг тэрхүү гурав дахь өдрийн уулзалтад долоо хоног бүр очно. Шүлгээ магтуулах сан гэж бодно. Явуу нэг их юм ярихгүй. Сайхан санаа байна л гэнэ. Эсвэл тааруу байна шүү дээ нөхөр минь гэнэ. Тэр үед буюу 1960-1961 оны үед бид танилцсан. П.Пүрэвсүрэн, Ш.Дулмаа, Д.Шагдарсүрэн, П.Сандуйжав, Е.Чулуун, И.Цэрэнжамц гээд л. И.Цэрэнжамц гэж Санхүүгийн техникумаас ирсэн жаахан залуу их хэвлүүхэн шүлэг уншдаг байв. Гучаад залуус цуглаж шүлгээ уншдаг байсан. Тэр үед Д.Пүрэвдорж хойшоо сургуульд яваад жил хэртэй болж байсан ч шүлэг нь сонин хэвлэлээр гарна. С.Дашдооров их нэрд гарч байлаа. С.Эрдэнэ багш өгүүллэгээ ид бичиж байсан. Тэгж байтал 1962 онд залуу зохиолчдын анхны номын уралдаан зарласан. Уг уралдаанд 117 шүлгийн түүвэр ирснээс Ш.Сүрэнжав, П.Пүрэвсүрэн, Жамцын Шагдар нарын ном шалгарч хэвлэгдэж байлаа. Тэгж л бид их утга зохиол руу орж ирж байгаа царай нь тэр.

-Та тэр үед оюутан байсан уу?

-Үгүй ээ. Холбооны техникум төгссөн ухаантай юм. Тэгээд хоёр жил хэртэй реклам чимэглэлийн үйлдвэрт ажилласан.

-Реклам чимэглэлийн үйлдвэрт ий?

-Тийм. Би Монголын рекламны анхны зураачдын нэг шүү дээ.

-Мэргэжлээ сонгох гэж нэлээд төөрөлдсөн юм аа даа?

-Тэр үед чинь цалин хангамжтай болохоор нь залуус техникумд их элсдэг байв. Би барилгын техникумд ороод нэг жил хэртэй болоод гарсан. Нэг л сэтгэлд таарч өгөхгүй байсан. Тэгээд холбооны техникумд орсон. Техникумаа төгсөөд байж байтал реклам, чимэглэлийн курс нээгдэнэ гэсэн зар радиогоор явдаг юм байна. Тэр чинь 1960 он. Улсын их дэлгүүр, “Улаанбаатар” ресторан, “Выставка” зэрэг нээгдэнэ гээд бөөн хөл болж байсан үе. Реклам чимэглэлийн зургаан сарын курст нь бүртгүүлж орхилоо. Чехээс Прагийн “Белый лебедь” гэдэг алдартай их дэлгүүрийн чимэглэлийг хийдэг мэргэжилтнүүд ирж хичээл заасан. Реклам сурталчилгаа гэж ийм юмыг хэлдэг юм гээд л. Тэр курсээр цонхны реклам чимэглэл хийж сурсан. Их дэлгүүрийн цонхны рекламуудыг Майн нэгэн, Мартын найман, ой гэх мэтээр төрөлжүүлэн зохиомжилж хийдэг байлаа. Монголд анх удаа манекан гэдэг юмыг тэр үеийн ЗХУ-аас ч юм уу, Чехээс ч юм уу авчирч байсан. Намар болохоор л арав хорин метр цагаан даавуу авчраад л модон раман дээр татаж байгаад жимс, ногоо зураад байна даа. Залхатлаа зурна. Улаанбаатарын бүх дэлгүүр хоршоог зурагт самбараар хангадаг байсан. Тэр үед реклам чимэглэлийн үйлдвэрт ажиллаж байсан хүмүүсийн ихэнх нь цагийн эрхээр элжээ. Олны танил хүн гэвэл зураач Д.Пушкин байна. Тэрээр Монголын анхны хүүхдийн ботийн зургийг зурсан хүн. Бид хоёр нэг өдөр шахуу сонин хэвлэл рүү шилжиж байсан юм. Би “Утга зохиол” сонинд, Д.Пушкин “Пионерын үнэн” сонинд зураачаар очсон.

-Хэдэн онд тэр вэ?

-Тэр бол 1967 он. Нэг өдөр Ч.Чимид гуай, С.Эрдэнэ багш өөр хэн ч билээ гурав дөрвөн хүн ирлээ. Би “Баянгол” рестораны ойролцоо Худалдаа үйлдвэрийн газрын харъяа дэлгүүрт зураг зурж байсан юм. Тэд “Чи архи олж чадах уу” гэнэ. Чадна л гэлээ. Тэгсэн надад 50 төгрөг өгч байна. Худалдааны газар тул архи байж магадгүй гэж тэгж очсон хэрэг. Манай дэлгүүрийн үүдэнд нэг мухлаг байх. Мухлагын худалдагч нь Натар гэж нусаа гоожуулсан муухай царайтай өвгөн байдаг байв. Түүнээс архи гуйлаа. Байна ч гэхгүй, байхгүй ч гэхгүй муухай царайлж байснаа хоёр шил архи гаргаж өгөв. Нөгөө хэд “УАЗ-469”-тэйгөө тоос татуулаад алга болсон. Түүнээс хойш жил гаруй болсны дараа нэг өдөр манай дарга дуудаад Зохиолчдын хороон дээр Эрдэнэ гэдэг хүн чамайг дуудлаа гэж байна. Очсон чинь С.Эрдэнэ багш сууж бaйна. “Чи манай сонинд зураачаар ажиллах уу” гэлээ. За ч гэсэнгүй, үгүй ч гэсэнгүй. С.Эрдэнэ багш тэгэхэд “Цог” сэтгүүл, “Утга зохиол” сонины эрхлэгчээр давхар ажиллаж байв. Багш, албан газарт чинь бичиг явуулна. Чи энд ирээд сайн ажиллах юм бол цаашид сургууль соёл бараадах юм даа. Ном уншиж, мэдлэгээ дээшлүүлж, хэл ус сурна биз гэсэн. Тэгээд 1967 оны аравдугаар сард “Утга зохиол” сонинд орж ,Октябрын баярын сонины плакат гээд В.И.Лениний зураг энэ тэр зурж байлаа. Ингэж л миний зохиолч болох зам шуударсан. Тэгээд л энэ туучий нартай нийллээ, архи ч уулаа.

-Тэр үед зохиолч хүн архи уудаг, жолооч хүн бензин уудаг гэж ярилцдаг байсан гэдэг билүү?

-Биднийг Ч.Чимид манлайлна. С.Эрдэнэ, Б.Явуухулан, С.Дашдооров тэргүүлээд С.Надмид, Б.Цэдэндамба, Д.Найманжин Ч.Лхамсүрэн гуай гээд сайхан архи ууна даа. Тэднийг дагахаас өөр ямар ч аргагүй. Нэгдүгээрт, долигонож байгаа юм. Хоёрт, тэдний архи ууна гэдэг өнөөдрийн архи уухтай адилгүй. Тэр чигээрээ эрдмийн семинар. Л.Ванган гуайнх Нэгдүгээр дэлгүүрийн ард Эвлэлийн төв хорооны байранд байлаа. Л.Ванган гуай гэртээ нэг нөмгөн дээлтэй суудаг байлаа. “Хөдөөгийн баясгалан” киноны зохиолыг бичсэн Бат-Очир түүний гарын шавь нь. Тэрбээр М.Горькийн сургуулиас хөөгдөөд ирчихсэн, тэднийд байдаг байв. Л.Ванган гуай авгайгаасаа салаад байсан юм уу даа. Тэднийд зохиолчид их цугларна. Бид архийг нь зөөнө шүү дээ. Ирж байгаа хүмүүс нь Ч.Чимид, С.Эрдэнэ, Б.Явуухулан, Ч.Лодойдамба, С.Бадраа, Д.Цэнд гээд л. Тэдний яриа ерөөсөө л уран бүтээлийн, уран сайхны семинар болно. Архи ууна, бичсэнээ уншина, шүүмжилж ярилцана. Жинхэнэ гоё юм ярина. Орост Чингиз Айтматов гэдэг хүн гарч гээд л. Түүний “Прощай Гүлсары” гэдэг зохиолын нэрнээс маргаан үүсч байсныг санадаг. Уг зохиолд Гүлсар гэдэг жороо халиун морь гардаг. Тэр морины нэрийг орчуулбал талын халиун гэсэн үг. Тэгэхээр чоно шиг болоод байна гээд маргасан. Прощай гэдгийг нь хагацал гэхээр арай наагуур сонсогдоод байна гээд “Гүлсарын үхэл” гэж нэр өгч байх жишээтэй. “Өглөө” киноны тухай ярилцаж байхдаа “Морин дэл дээр дэлхийг дагуулах амархан. Мориноос буугаад улсаа засах амаргүй” гэдэг уг нь Чингис хааны хэлсэн үг байгаа юм. Гэхдээ Чингис хааныг дурдвал баларна. Тиймээс энэ үгийг Богдоор хэлүүлье гэж тохирцгоож байв. Л.Ванган гуайнд Б.Ринчен гуай, Ц.Дамдинсүрэн гуай хоёр хааяа ирнэ. Тэр хоёр их эрдэмтэн юм ярих, түүнийг нь ойлгон, хөхүүлэн дэмжих хүрээлэл Зохиолчдын хороо, Хэвлэлийн нэгдсэн редакциас өөр газарт байсангүй л дээ. Тэр хоёрт юмаа ярих газар өөр байгаагүй. Тэдний яриаг сонсч л гэгээрлийг олно шүү дээ. Эндээс л би уран зохиол гэдэг зөвхөн уран зохиол байдаггүй, утга зохиол байдаг юм гэдгийг ойлгосон.

-Таны үеийнхэн бүгд л Б.Явуухулан гуайг багш аа гэдэг. Харин та С.Эрдэнэ гуайг багш гэх юм. Үүнд учир бий байх аа?

-Би яруу найргийн дугуйлангууд болон Зохиолчдын хороон дээр болдог лхагва гаригийн уулзалтуудад шүлгээ уншаад л байлаа. Намайг ер магтдаггүй ээ. Болохгүй л байсан юм билээ л дээ. Гэтэл манай үеийнхнээс Ш.Сүрэнжав гарамгай, П.Пүрэвсүрэн мундаг, Ш.Дулмаа сүрхий, И.Цэрэнжамц бас часхийсэн юм уншина. П.Сандуйжав их далд утгатай шүлэг уншина. “Орос орон аллагын бандан шиг” гэж ирээд л. Түүнийг нь Явуу багш нэг их таалахгүй. П.Сандуйжав ч тэр барилаа тавихгүй бичсээр байсан. Тэгээд сүүлдээ ирэхээ больсон. Шүлэг маань нэг л явдаггүй. Тэгээд найраглал бичих юм болов оо. 1964 онд Халхын голын ялалтын 25 жилийн ойгоор нэг уралдаан зарласан билүү, яалаа даа. Нэлээд дуулиан болоод л явчихсан юм. Тэр үед Офицеруудын ордонд залуу зохиолчдыг ахмад дуучидтай уулзууллаа. Би Л.Дандар гуайг харах гэж очлоо. Тэр үед түүний баатар цолыг хураачихсан байсан. Л.Дандар гуай гэж малгай духдуулчихсан нэг их муухай харцтай бор хүн байна. Тэрээр юу ч ярьсангүй. Бусад ахмад дайчид их юм ярьж байна. Тэр уулзалтад очсоныхоо дараахан би “Морьд” найраглалаа бичсэн. Тэгээд хүнд тоогдохгүй байгаа амьтан чинь өнөөх найраглалаа С.Эрдэнэ багшид л үзүүлье гэж бодлоо. С.Эрдэнэ гуай л сайн хүн шиг санагдаад болдоггүй. Түүнийг ингэж дотночилдог нь учиртай. Манай гэр тэр үед Таван халуун усны тэнд байв. Одоогийн 21 дүгээр сургуулийн тэрүүгээр Сэлбийн гүүрээр гарахаар зүүн талаар нь баахан айлууд байсан юм. С.Эрдэнэ багшийнх тэнд байлаа. Багш Таван халуун усны тэндээс ажилдаа явдаг. Нэг гоё саарал пельник өмсдөг байв. Тэр бол 1958-1959 оны үе. Би техникум төгсдөг жилээ радио сонсч байсан чинь зохиолч уншигчдын уулзалт болно гээд зарлаж байна. Тэр уулзалтын тухай халзан Банзрагчийн “Утга зохиол” сонинд бичсэн мэдээ байдаг юм. Сүхбаатарын талбайн баруун талын 25 дугаар дэлгүүр, номын дэлгүүр гэж байв. Тэнд яваад очлоо. 30-40 хүн лангууны наагуур нааш цааш яваад л. Лангууны ард Ч.Чимид, С.Эрдэнэ, Б.Бааст, З.Баттулга, М.Ширчинсүрэн, Д.Мягмар эд нар зогсчихсон. Ч.Чимид уулзалтыг хөтөлж байна аа. Тэрээр, бидний ном урдаа өрөөтэй байна. Бааст лангууныхаа араас цухуйхгүй байна. Бааст аа, чи номонд дээрээ гараад зогс. Бидний дундаас хамгийн олон номтой нь Бааст байгаа юм гээд л. Олныг хөгжөөгөөд. Би тэндээс 20 хэдэн төгрөгөөр ном худалдан авч зохиогчдоор нь гарын үсэг зуруулж байлаа. Тэнд С.Эрдэнэ багшийг анх харсан. Тэр үед Зохиолчдын хороо одоогийн Мөрдөн байцаах газрын байранд байсан юм. С.Эрдэнэ багш Өвгөөдэй Ц.Дамдинсүрэн гуай хоёр нэг өрөөнд суудаг байв. “Морьд” найраглалаа үзүүлсэн чинь уншаатах гэж байна. Багшийн өөдөөс харж сууж байгаад л уншлаа. За наадахаа орхиод яв гэхээр нь ум хумгүй гараад арилж өглөө. Сандарсандаа хөлс чийхраад сүйд болж байгаа гэж жигтэйхэн. Ингээд 1964 онд “Морьд” найраглалыг маань С.Эрдэнэ багш “Бяцхан найраглал” гэсэн гарчиг дор өмнөтгөл тайлбартайгаар хэвлүүлсэн. Энэ найраглалаараа тэр жилээ “Цог” сэтгүүлийн шилдэг бичлэгийн уралдаанд түрүүлж 300 төгрөгөөр шагнуулсан. Ингэж С.Эрдэнэ багш минь миний урмыг сэргээж өгсөн юм.

-“Морьд” найраглал сонин түүхтэй бүтжээ. Таны “Есөн эрдэнийн орон” найраглалыг мэдэхгүй хүн байхгүй. Сүүлд дуу болсон. Энэ бүхэн бас түүхтэй л байж таарна даа?

-“Есөн эрдэнийн орон” найраглалыг 1970 онд бичсэн. Ардын хувьсгалын 50 жилийн ойг угтаж Сайд нарын зөвлөлөөс уран бүтээлийн бүх төрлөөр хоёр жилийн хугацаатай том уралдаан зарласан. Тэр уралдаанд Д.Пүрэвдоржийн “Сэгс цагаан Богд” түрүүлж, хоёрдугаар байрын бүтээл байхгүй гэж үзээд миний “Есөн эрдэнийн орон” найраглал гуравдугаар байрт шалгарсан. Тэр үед би хил дээр офицер байлаа. Уралдаанд байр эзэлсэн гэж эхнэрээс захиа очиж байв. Түүнээс нэлээд хожуу 1984 онд мөн л Улс тунхагласны баярт зориулсан уралдаан болсон чинь урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баттөмөр миний найраглалын эхний хэсэгт аялгуу хийсэн юм. С.Дашдооровынх руу Ногоон нуурт байдаг “долгио цагаан” гэж бидний нэрлэдэг байшин руу нь явж байгаад Д.Баттөмөр надад “Есөн эрдэнийн орон” найраглалд чинь аялгуу хийж дуу болгох гэж байгаа гэв.Тэгэхээр нь би “Миний найраглалд чи аялгуу хийнэ гэж юу байдаг юм” гэж ханхалзаж байлаа. Энэ дууг маань Монголын бүх солистууд дуулсан даа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Мухлагын худалдагч нь Натар гэж нусаа гоожуулсан муухай царайтай өвгөн байсан гэнэ үү? Натар өвөө чинь миний өвөөгийн аав юм аа. Та өөрөө ямар хүн болчихоод хүнийг царай зүсийг нус шүлстэй нь нийлүүлж муулдаг хүн бэ. Тэгж харагдсан байж болно, харин түмний хэвлэлээр ингэж хүн доромжилж болдог юм уу? Манай өвөөгийн аав Натар гуай муухай царайт байсан байж болно оо, харин нусаа гоожуулж байсан гэвэл арай ч дээ. Тэгж ярьвал таны шүлэг гэж юу байдаг юм. Есөн эрдэнийн орон гэдэг инээдтэй шүлгэнцэр чинь дунд сургуулийн бага ангийн хүүхдүүд л бичдэг хэмжээний шүлэг шүү дээ. Ш.Сүрэнжав, П.Бадарч хоёрыг бол хэт магтагдсан, хэтрүүлж үнэлэгдсэн яруу найрагчид гэж боддог. Ер нь соц үеийн шүлэг, найраглалууд бол инээдтэй ш дээ. Явуу гуай бол өөр хэрэг. Гайтав бол Сүүгий Баагий хоёроос дээр ч гэсэн бас л тиймэрхүү. Галсансүх, Аюурзана нарын шүлгийг л шүлэг гэнэ.

    1 1 Хариу бичих
    • Chinii to logo zuuvan bana.

      0 0