Дээд шүүхэд бүртгэлтэй 31 намын 27 нь л нөхөн сонгуульд оролцох боломжтой

УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх зургадугаар сарын 30-нд болно. Энэхүү сонгуулийн бэлтгэл ажил эхлээд байна. Тухайлбал, нөхөн сонгуульд нэр дэвших хүсэлтэй төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал энэ сарын 15-ны дотор ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ томилсон дээд албан тушаалтандаа гаргана.

Нөхөн сонгуулийн бэлтгэл ажил ийнхүү эхэлж байгаатай холбоотойгоор СЕХ-ноос өчигдөр Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намуудад албан бичиг илгээж, зөвлөмж өгчээ. Ингэхдээ Дээд шүүхэд бүртгэлтэй 31 намаас 27-д нь л албан бичиг илгээсэн байна. Учир нь, хуулиараа санал хураалт явуулахаас өмнөх 180 хоног буюу зургаан сарын дотор Дээд шүүхэд бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээгээ авсан нам сонгуульд оролцох боломжгүй байдаг. 31 намын гурав нь (Ард түмний олонхийн засаглал, Их эв, Гэр хороолол хөгжлийн нам) 2019 он гарснаас хойш Дээд шүүхэд бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээгээ авчээ. Дээрээс нь Иргэний зориг ногоон нам нөхөн сонгуульд оролцох боломжгүй гэдгийг СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан хэллээ.

Тэрээр “Иргэний зориг ногоон нам 2016 оны санхүүгийн тайлангаа манайд ирүүлээгүй. Өнгөрсөн намар 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг явуулахаар төлөвлөж байхад 14 нам оролцохоо илэрхийлсэн. Үүнээс СЕХ Иргэний зориг ногоон намыг бүртгээгүй. Иргэний зориг ногоон нам шүүхэд хандсан. Энэ асуудал нь одоо шүүхийн шатанд явж байгаа” гэлээ.

Дээд шүүхэд одоогийн байдлаар дараах 31 нам бүртгэлтэй байгаа юм.

1. Монгол Ардын нам /МАН/
2. Ардчилсан нам /АН/
3. Монголын Ногоон нам /МНН/
4. Иргэний зориг ногоон нам /ИЗНН/
5. Монголын Уламжлалын Нэгдсэн нам /МУНН/
6. Монгол Либерал Ардчилсан нам /МЛАН/
7. Эх Орон нам
8. Монголын Либерал нам /МЛН/
9. Бүгд найрамдах нам /БНН/
10. Монголын Эмэгтэйчүүдийн Үндэсний Нам /МЭҮН/
11. Монголын Социал Демократ Нам
12. Ард Түмний Нам /АТН/
13. Монгол Үндэсний Ардчилсан Нам /МҮАН/
14. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам
15. Иргэний Хөдөлгөөний Нам /ИХН/
16. Хөгжлийн Хөтөлбөрийн Нам
17. Монголын Ардчилсан Хөдөлгөөний Нам
18. Монгол Ардын Хувьсгалт нам /МАХН/
19. Хамуг Монголын Хөдөлмөрийн нам /ХМХН/
20. Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/
21. Эх орончдын нэгдсэн нам /ЭОНН/
22. Монгол Консерватив нам /МКН/
23. Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам /ТТЭНН/
24. Ард түмнээ хайрлая нам /АТХН/
25. Монголын хүний төлөө нам
26. Үнэн ба Зөв нам
27. Зон олны нам /ЗОН/
28. Дэлхийн монголчууд нам (ДМН)
29. Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/
30. Их эв нам /ИЭН/
31. Гэр хороолол хөгжлийн нам /ГХХН/


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)