1072 хувьцаа хэзээ иргэдэд очих вэ?

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ оны нэгдүгээр улиралд “Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашиг тараахыг үүрэг болгосон. Тэрбээр, Монгол хүн болж төрсний хувьд, монголчууд байгалийн баялагаас хувь хүртэх ёстой. Монгол хүн баялагийнхаа эзэн байх зорилт, бодлогоо хэрэгжүүлэх хамгийн том алхам нь энэ байх юм. Энэ ажлыг хууль, тогтоомжийн хүрээнд сайн зохион байгуулах хэрэгтэй. Засгийн газарт ашигт малтмалын салбараас олж буй орлогыг иргэддээ хуваарилах бодлого барина. Энэ бол зүгээр бэлэн мөнгө тараахаас өөр. Төр засаг байгалийн баялагаас иргэн бүрт хувь хүртээх үүргээ биелүүлж буй хэрэг. Энэ нь Монголын ард иргэдийн амьдралд ач тусаа өгнө” гэсэн юм. Харин тус компанийн ногдол ашиг тараах ажил нь бэлтгэл шатандаа яваа. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” компанийн өнгөрсөн оны аудитын тайланг холбогдох газар хянаж, түүнийг захирлуудын зөвлөлөөр хэлэлцүүлж, дөрөвдүгээр сард болох хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж баталсны дараа ногдол ашигтай холбоотой асуудлууд тодорхой болох юм гэдгийг Б.Ганхуяг захирал учирлаад буй. Ингэхээр 1072 хувьцаа хэзээ иргэдэд очих вэ. Энэ талаар түүнээс тодруулахад “Аливаа компани тухайн жилийнхээ санхүүг хаагаад, ямар ашиг гарав гэдгээ нэгтгэдэг. Үүний дагуу арванхоёрдугаар сарын 31-ээр хагалбар болгоод санхүүгийн дараагийн жил эхэлдэг. Манай компани өнгөрсөн оны аудитын тайлангаа Үндэсний аудитын газар хүргүүлсэн байгаа. Тус газраас батлаад манайх руу илгээнэ. Тэгээд захирлуудын зөвлөл, хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж энэ асуудлыг тодорхой болгоно. Түүний дараа хуваарилна. Тэгэхээр ногдол ашиг тараах ажил процессын шатандаа явж байна. Компанийн хувьцаа хэдээс хэдэн төгрөг байх нь дээрх тооцоо гарсны дараа бэлэн болно. Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр нэгж хувьцааны үнэ тодорхой болно. Одоогийн яригдаад буй тоонууд бол урьдчилсан тооцоо гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Манай компанийн үүрэг бол ашигтай ажиллах. 2010 оноос хойш манайх хасах баланстайгаар үйл ажиллагаагаа эхлээд 2016 он хүртэл ашиггүй ажилласан. 2017 онд 410 тэрбум, өнгөрсөн онд 700 гаруй тэрбум төгөргийн ашигтай ажилласан. Аливаа компани ашигтай ажилласан л бол түүнийхээ үр дүнг үзүүлэх хэрэгтэй. Тэгээд хуулийн дагуу компанийнхаа төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу гаргадаг. Энэ журмаараа л бид явж байна. Засгийн газрын зүгээс энэ тооцоог яаралтай нэгтгэх, тайлангаа эцэслэх, 1072 хувьцааг амь оруулах чиглэлийг өгсөн. Энэ хүрээнд бид шамдан ажиллаж байна гэдэг байр суурийг илэрхийлэв.

Урьдчилсан тооцооллоор нэгж хувьцаа 933 төгрөг байгаа юм. Иргэд 1072 хувьцаагаа өмнө нь хэд хэдэн удаа арилжиж байсан. Тухайлбал, 2016 онд УИХ-ын сонгуулийн өмнө, 2011 онд оюутны сургалтын төлбөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гэх мэт. Харин одоогоор 1072 хувьцаа нь хаалттай байгаа.Тиймээс хэн нэгэнд шилжүүлж, зарах боломжгүй юм. Хувьцааг Монгол Улсын иргэн, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн иргэд  эзэм­ших эрхтэй. Харин энэ хугацааас хойш төрсөн иргэд эзэмшихгүй юм. Түүнчлэн 2011.04.01-2012.04.11 өдрийн хооронд нас барсан, Монгол Улсын харьяатаас гарсан иргэдэд хувьцаа эзэмшүүлээгүй байгаа билээ. Хувьцааны дансыг Монгол Улсын иргэн хаана ч нээлгэх боломжтой юм байна. Мөн орон нутгийн иргэдэд зориулан аймгийн төвүүдэд брокерийн компаниуд үйл ажил­лагаа явуулж байгаа аж.  Гадаадад суугаа иргэдийн хувьд гэр бүлийнхээ хэн нэг­нээр төлөөлүүлж данс нээлгэх боломж­той. Гадаадад байгаа хүнийг иргэ­ний үнэмлэхний хуулбараар бүртгэж болно. Брокерийн компа­нид бүртгүүлснээс 20 хоногийн дараа таны дансыг  нээх юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. хувицаагаа хэзээ тараах вэ

    0 0 Хариу бичих
  2. Dansa neelguuley

    0 0 Хариу бичих