Н.Дашзэвэг: ТЭЗҮ-гүй үйлдвэр барина гэхээр санаанд багтахгүй байна

Эдийн засагч Н.Дашзэвэгээс зарим асуултад хариулт авлаа.

-Австралийн уул уурхайн гол бүс нутагт үер болж ихээхэн хэмжээний хохирол учраад байгаа. Үүнийг манай улсад ашигтай гэдэг байр суурийг зарим эдийн засагчид илэрхийлдэг. Тэгэхээр манай улсын нүүрсний салбарын цаашдын хандлагыг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Нүүрсний үнэ цаашид унах магадлал маш өндөр байна. Учир нь ОХУ коксжих нүүрсээ Алс Дорнод руу  нийлүүлж байна. Тэдний хүчин чадал нэмэгдэж, зах зээлээ эзэлвэл манай улс хүнд байдалд орно. ОХУ өөрийнхөө нүүрсэнд татаас өгч чадна. Харин манайх тэр үед “Эрдэнэс Тавантолгой”-д татаас өгч чадахгүй. ОХУ Монголын нүүрсний зах зээлийг эзлэх боломж ойрхон байгаа. Тиймээс бид нэн тэргүүнд урагшаа болон зүүн тийш төмөр замаа тавих хэрэгтэй байна. Ингэснээр бид ОХУ, БНХАУ-г өрсөлдүүлж, нүүрснийхээ үнийг өсгөх боломжтой. Баяжуулах үйлдвэр бариад нүүрсээ үнэтэй зараад ашиг олоод байгаа жишээ бол Ухаа-Худаг байна. Тэгэхээр нүүрсээ баяжуулах хэрэгтэй. Цаашлаад кокс үйлдвэрлэх амбийцтай байх хэрэгтэй. Тэгвэл 70 ам.долларын нүүрсийг 500 ам.доллароор зарна.

-Энэ оны Улсын төсөвт 42 сая тонн нүүрс экспортлоно гэж тооцсон. Энэ хэр боломжтой юм бэ. Бид үйлээ үзэж байж л 36.5 сая тонныг өнгөрсөн онд гаргасан шүү дээ?

-Боложтой байх гэж бодож байна. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсний үнийг өсгөх боломж ч байна. Бид нүүрсээ зарахдаа зөвхөн Хятадын үнээр бус, Австралийн үнэтэй уях хэрэгтэй. Энэ нь  дэлхийн жишиг үнэ шүү дээ. ОХУ нүүрсээ хямд үнээр зарах хандлагатай байгаа. Нүүрсний үнийг нэг ам.доллароор өсгөлөө гэхэд л хэчнээн хэмжээний мөнгө нэмэгдэх билээ дээ.

-Нефть боловруулах үйлдвэрийг тойрсон олон эргэлзээ бий. Манай улсад ашиггүй гэдэг үндэслэлийг тайлбарлах судлаачид ч байгаа. Таны байр суурь ямар байна вэ?

-ТЭЗҮ гараагүй байхад үйлдвэр барина гэдэг буруу. ТЭЗҮ-гээ олон хувилбартай гаргаад, эрсдэлээ тооцож, үйлдвэр барих ёстой. Хэдэн жилийн өмнө замын хөдөлгөөнийг бууруулна гээд “Rail bus” нэвтрүүлсэн. Гэтэл үр дүнгээ өгөлгүй мөнгө үрсэн хэрэг болоо биздээ. Түүнтэй ижилхэн ТЭЗҮ гараагүй байхад энэ үйлдвэрийг барина гэдэг үнэхээр санаанд багтахгүй байна. Яагаад ч ийм юм байж болохгүй. Манай улсын хүчин чадал их бага.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК ногдол ашиг тараах тухай асуудал сүүлийн үеийн трэнд сэдэв болж байна. Энэ хэр оновчтой шийдэл вэ?

-Ногдол ашиг гэх мэт багахан хэмжээний бэлэн мөнгө тараагаад иргэдийн амьдралд ч тэр, улс орны ирээдүйд ч тэр үр дүнгүй. Иргэд өмнө нь “Эрдэнэс Тавантолгой”-гоос сая төгрөгийн ашиг авсан. Нийт 350 орчим сая ам.доллар болсон. Нэг удаа тухайн компанийг иргэн бүр сая төгрөгөөр мөлжсөн. Үүнээс цааш дахин мөнгө авах хэрэггүй. Дэлхийн улсууд  ингэж бэлэн мөнгө тараадаггүй. Энэ бол буруу жишиг. Харин тэрний оронд хуримтлал үүсгэж түүгээрээ хөрөнгө оруулдаг. Тэрнээсээ ашиг олвол ногдол ашиг тараадаг. Сүүтэй үнээгээ бий болгоогүй байж бага зэрэг ашиг олонгуутаа түүнийгээ тараадаг байж болохгүй. Энэ нь монголчуудад ашиггүй. Хамгийн энгийнээр бодоход хоёр тэрбум төгрөгөөр 20 цэцэрлэг байгуулъя.  Эсвэл ЖДҮ-ийн маягаар хувьцаа эзэмшигчдэд үйлдвэр байгуулах боломжийг олгоё. Тэгээд тэр үйлдвэрийнх нь хувьцааг иргэдэд эзэмшүүлье. Тэгвэл илүү найдвартай болж байгаа биз. Цаашлаад эдийн засаг тэлнэ. Иргэдийн амьдрал сайжирна. Тэгэхгүйгээр өнөөдөр нэг иргэнд ногдол ашиг нэрээр хэдэн төгрөг тараагаад тэр нь ямар ч ашиггүй. Тиймээс Тавантолгойн ордоо өгөөжтэй зарцуулмаар байна. Хөрөнгө оруулалт маш их шаардлагатай байгаа энэ үед мөнгийг ингэж зарцуулмааргүй байна. “Эрдэнэс Тавантолгой”-д өнөөдөр төмөр зам, баяжуулах үйлдвэр хэрэгтэй байна. Энэ мэт дэд бүтцийн дутагдалд байгаа. Тиймээс би иргэдийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашгийг энэ удаа авахаас татгалзаач гэж уриалмаар байна. Авахгүй байх нь иргэдэд гомдолтой байвал. Тус компани иргэдийн дансан дээр бичилт хийгээд үлдээчих. Тэгээд энэ ашгаа төмөр зам, үйлдвэр зэрэг ашигтай, аслын үр өгөөжтэй зүйлд зарцуулаад, дараа нь иргэдэд олговол илүү ач холбогдолтой.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Иргэд өмнө нь “Эрдэнэс Тавантолгой”-гоос сая төгрөгийн ашиг авсан. gen uu bid haaguur yavsan yum bol oo

    0 0 Хариу бичих
  2. Tezu gedeg orgon oilgolt sudalgaa bagtana

    0 0 Хариу бичих
  3. Dashzeveg doktoriin sanaag demjij baina.

    0 0 Хариу бичих