Богино зайны улс төрд цэг хатгая

Улс төр бужигнаж байна. Энэ удаа бүр өргөн хэмжээнд ард түмэнтэйгээ, олуулаа шүү гэсэн агуулга илэрхийлж байгаад ажил хаялт, суулт, жагсаалт аль алинийг нь дэглэж үзүүлэв. Хэн нэгэнд таалагдахгүй, эсвэл эрх ашигт нь нийцэхгүй байвал аль ч улс оронд ийм “бойкот” байдаг л үзэгдэл. Гэхдээ цаасан дээр эдийн засаг нь өссөн, ядуурал урд хожид байгаагүйгээр өсч 40 хувьд хүрсэн ардчилсан Монгол Улсад байж боломгүй зүйл мэт. 

Хамгийн хөгийн нь бодлого, шийдлээр өрсөлдөж биш нэг хүнийг албан тушаалаас нь буулгачихвал амьдрал цэцэглэчих мэтээр итгүүлж, олон нийтийн тархийг угаартуулсанд хамаг учир байна. Ерөөс улстөрчид ард түмнийг арав таван төгрөгөөр худалдан авч, өөрийнх нь итгэл үнэмшил, үзэл бодлоос гажсан зүйл яриулж, өнө хэтийн ирээдүй бус өнөө маргаашаа аргацааж засаглаж байх үедээ эрх мэдэл, албан тушаалд эзэн суух гэсэн хүсэл нь энэ удаагийн эрх баригчдыг эрхгүй “хатгаж” хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд хоёр сар гаруй саад учрууллаа. Энэ хооронд эдийн засагт ахиц дэвшил гарсангүй, валютын ханш өсч, ард иргэдийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт доройтов. Гадаад худалдаа ч сайнгүй. Гадна, дотнын байгууллагын тусламжтайгаар арайхийж өндийх гэж байсан эдийн засгийг төсвийн сахилга бат “зөрчсөн” хэргээр ОУВС оны өмнө хийх байсан санхүүжилтээ хялайлгасангүй. Асуудал ийн үүсч байсан ч саарал ордонд албан тушаал, эрх ашгийн эрэмбэ ярьж, хэн хэзээ ч үүсгэсэн, хэдийд тасран унах нь үл мэдэгдэх МАНАН гэсэн ганц үгийг ярьж хэрэлдсээр өвлийн саруудыг давж, хаврын эхэн сартайгаа золгох гэж байна. Ерөнхий сайд, эрх баригч намын дарга У.Хүрэлсүх энэ талаар “МАНАН бүлэглэлийг зайлуулах цаг болсон гэдгийг өөрийнхөө биеэр мэдэрлээ. Хүмүүс МАНАН гэж байдаг юм байна гэж ярьдаг. Үнэн юм байна. Нам дамжсан олигархиуд, төрийн мөнгөөр баяжсан бүр сүүлдээ үр хүүхдүүд нь төрд шургалсан хүмүүстэй Ерөнхий сайд нь тэмцэж байна. Гэвч эрх мэдэл, хуулийн хүч хүрэхгүй байна. Сэтгэл санааны хүч бол надад бий. Айгаад байх зүйл алга. Төрийн их цэвэрлэгээ эхэлсэн гэдгийг албан ёсоор хэлж байна. Би төрөө цэвэрлэхийн тулд намаа цэвэрлэх шаардлагатай болсон. Энэ ажлыг хийх ёстой хүн нь би мөнөөс мөн. Засгийн газрыг эсэргүүцэж 27 хүн мэдэгдэл хийсэн. Тэр 27 хүнийг хэн нь хэн бэ гэдгийг сайн хараарай” гэсэн.

Тэгвэл УИХ-ын дарга асан М.Энхболд “Би МАНАН-г дэмжигч биш. Хамгаалагч, өмгөөлөгч нь ч байгаагүй. Харин МАНАН-гийн Засгийн газрыг огцруулж, МАНАН-гүй Засгийн газар байгуулж явсан намтартай хүн” хэмээн байр сууриа илэрхийлсэн билээ. 

Уг нь ард түмэн МАН-д бүтэн итгэл хүлээлгэсэн. Нэг намынхаас олон намын тогтолцоонд шилжиж нийгмийн ороо бусгаа үеийг мэр сэр үзсэн, мэдэрсэн учраас 2000 онд тухайн үеийн МАХН (одоогийн МАН)-д мөн л бүрэн итгэж, парламентад 72 суудал өгч байлаа. Тухайн үед төрийн байдал тогтвортой, байгуулсан Засгийн газраа огцруулахгүй, дөрвөн жил ажиллуулж, УИХ, Засгийн газрын түвшинд хамгийн сайн ойлголцож ажиллаж байсан гэдэг. Яг энэ зарчмаар ажиллах нь гэсэн ард түмний ой санамж 2016 оны сонголтыг хийсэн. Гэвч итгэлийг зүтгэлээр хариулах уриа лоозонзтой сонгуульд оролцсон МАН зангаа хувиргаж орхисон нь өнөөдрийн ийм байдлыг бий болголоо. Байгуулсан Засгийн газраа хоёронтой огцруулахыг завдаж, өдгөө хамгийн тогтвортой албан тушаалд тооцогддог хууль тогтоох байгууллагын даргыг хоёр сар шөнө өдөргүй явуулсан тэмцлийнхээ үрээр огцруулчихлаа. М.Энхболд МАН-д гавьяа, “гай”-г эн тэнцүү авчирсан. Парламентад 26- хан суудалтай, нийслэл, орон нутгийн түвшинд ч үнэмлэхүй ялагдал хүлээсэн үе буюу 2016 онд намаа сонгуульд удирдан оролцож, өнөөдрийн ялалтыг авчирсан. Энэ түүний гавьяа бас гай. Тэр парламентад 40 суудал авсан бол магад өнөөдрийн үйл явц өрнөхгүй ч байсан байж мэднэ. М.Энхболд УИХ-ын даргын ажлаа өгснийхөө дараа хэлсэн үгэндээ “Миний хувьд энэ бүх гүжирдлэг, гүтгэлгийг даваад гарч чадна. Надад эцэг, эхээс олгосон хүмүүжил бий. Төрд зүтгэх хугацаандаа олж авсан тэвчээр хатуужил бас байна. Харин эхнэр, хүүхдүүдэд маань зориулж жагсаал цуглаан хийж, шаардах хуудас өгч, Монголын улс төрийн амьдралын сүүлийн 30 жилд байгаагүй үйлдэл гаргасанд харамсаж байна. Би ямар хүмүүстэй энэ танхимд сууж байна даа гэж бодогдох үе ч надад байсан. Тэдний өмнөөс гэр бүлээсээ, үр хүүхдүүдээсээ уучлалт гуйх юмсан гэж бодогдож байсан үе ч бий шүү” хэмээн хэлсэн.

Энэ нэг талаараа сайн, муу, алдаа оноотой ямар ч хүн байсан харлуулах, муулах, боорлоход олон нийт тэр дундаа сошиал медиаг ашиглаж, хэн ч биш болгож болдгийг харуулсан үйл явц байлаа. 

Үйл явцыг жил гаруйн өмнөхөөс нэхэн сануулбал, МАН байгуулсан Засгийн газраа огцруулсан үйл явцаас эхтэй. 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Ж.Эрдэнэбатын Засгийн газар 1.2 жил ажиллаад бүрэн эрхээ дуусгавар болгов. Тухайн үед түүний танхимд ажиллаж байсан Шадар сайд өдгөө Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Ерөнхий сайд намайг тагнасан, чагнасан гэх хэрүүл нь даамжирсаар УИХ дахь бүлгээ хоёр талцуулж, улмаар гүйцэтгэх засаглалаа унагахад хүргэв. Тэр үед Ж.Эрдэнэбат “Шадар сайдаа тагнаж, Монгол Улсын Ерөнхий сайдын нэр хүнд, Монгол төрийн үнэлэмжийг унагах ёс суртахуун, хүмүүжил надад байхгүйг энэ хариуцлагатай индэр дээрээс хэлэх байна. Хэрвээ Шадар сайдыг би захиалга өгч тагнаж чагнасан нь хуулийн байгууллагаар нотлогдвол би хуулийн хариуцлагаа хүлээхэд бэлэн байна. Гэхдээ улс төр өөрөөр явсан” хэмээн мэдэгдэж байв. Энэ л үеэс ямар ч хэрүүлийг тогоон дотроо хэлэлцэж, ойлголцож чаддаг гэгддэг 90 гаруй жилийн түүхтэй ууган намын рейтинг унаж эхлэв. Өдгөө ч улс төрийн намд итгэх иргэдийн итгэл буурсаар байна. Хэдийгээр нэг намын Засгийн газар нөгөөгөөр солигдож байгаа ч төрийн албанд албан тушаалын халаа сэлгээ үргэлжлэв. Энэ нь өдгөө нийслэл, УИХ-ын түвшинд үргэлжилж байх. УИХ-ын дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн удирдлага солигдож, нийслэлийн Засаг дарга ч ажлаа өглөө. УИХ-ын дарга М.Энхболд энэ бүх халаа сэлгээг тоймлож “Миний удирдсан УИХ сүүлийн хоёр сарыг эс тооцвол сайн ажилласан гэж бардам хэлнэ. Хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн тоо, хуралдааны ирц өмнөх парламентуудаас илүү байсан. Улсын эдийн засаг уналтад орсон үед бид ажлаа эхэлж байлаа. “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”- ийг бид баталсан. Банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг цэгцлэх, журамлах хууль эрхзүйн орчныг бид хамтран бүрдүүлсэн. Эдгээр нь эдийн засгийн өсөлт, нааштай өөрчлөлт, дэвшил гарахын үндэс суурь болсон юм шүү. Бид төрийн албыг шинэчлэх хууль баталж, дагаж мөрдөх журмуудыг хэлэлцэж байгаа. Энэ бол цаашдаа Монголын төр тогтвортой байх, төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн тогтвортой ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх, дадлага туршлагатай хүмүүс дэвшиж ажилладаг эрэмбэ дарааг тогтооход чухал алхам болсон” хэмээсэн.

Хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа хоёр сар гацаж, нэн яаралтай хэлэлцэн батлах ёстой хууль, тогтоолын төсөл гацсаныг эрх баригчид юман чинээ санахгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжих хугацаа нэгдүгээр сарын 1-нээр дуусгавар болж байсан ч “бойкот”-оос болоод салбарын сайд нь үүрэг авсан цэрэг мэт чуулганы танхимд ирцэд бүртгүүлэхгүй, картаа хийхгүй юу ч болоогүй мэт сууж л байлаа.  

Үндсэндээ, Засгийн газрын сайд нар чуулганы хуралдаанд суухгүй байсан цаг үе л дээ. Төрийн албаны тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ч хуулийг дагаж мөрдөн гарах ёстой 45 журмын ихэнх нь гараагүй. УИХ-аар тогтоолын төсөл хэлэлцэх гэсэн ч ирц нь бүрдэхгүй байсаар хоёрдугаар сартай золгов. Энэ мэтээр төрийн ажил хийцгүйрч, түшээд нь хий дэмий сэлгүүцэж хоёр сар орчим боллоо. Харин албан тушаал ярих болохоор шөнө дөл хүртэл хуралдсаар байгаа юм. Гэвч энэ албан тушаалын хуваарилалт нь дүн өвлийн дөрвөн есийн хүйтнээр Төв талбайдаа гэр барьж, жагсаал цуглаан зохион байгуулж байсан шударга үнэний туйл болсон гишүүдийн заримд нь таалагдаагүй, тиймдээ ч гомдлын үг чулуудаж харагдана лээ. Үүнтэй зэрэгцээд тэдний эхлүүлсэн тэмцэл нэг хүнийг албан тушаалаас нь чөлөөлөөд өөрсдөө шагнал авах тохироо байсан юм уу гэх шүүмжлэл ч нийгэмд гарч эхэллээ. Эрх баригч намд өрнөсөн эрх мэдлийнх төлөөх хуваариалт өдгөө ч дуусаагүй байна. Гэхдээ тэд 2020 онд ард түмнээр дүгнүүлнэ. Уг нь бол 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар дараалсан сонгуулийн цикл дуусч, улстөржихгүй, танайх манайх гэж талцахгүйгээр зөвхөн ажил хийх 2018, 2019 он үлдээд байсан. Гэвч энэ хоёр жилийн нэгийг нь ийнхүү үдэж байна. Дээр цухас дурдсан арайхийж өндийж эхэлсэн эдийн засаг хараахан бэхжээгүй, хямралаас гараагүй буй. Ийм байхад улстөржилтөөс илүү иргэдийн орлогыг нэмэгдүүлэх ажил МАН-ыг хүлээж байна гэсэн үг. Цалин, тэтгэвэр нэмэх бус хувь хүний худалдан авах чадварыг нэмэгдүүлэх замаар иргэдийнхээ орлогыг өсгөх нь юу юунаас илүү чухал баймаар. Дээрээс нь авлигыг цэгцлэх, эрүүл мэндийн салбарт дорвитой өөрчлөлт хийх хэрэгцээ шаардлага үүссэнийг бид алхам тутамдаа мэдэрч сууна. Энэ хүлээлтийг жил гаруйн хугацаанд МАН бий болгож чадах уу гэдэг нь бас л эргэлзээтэй. Ард түмэн МАН-д үнэмлэхүй эрх мэдэл, бас ийм хэмжээний хариуцлага үүрүүлсэн. 2016-2020 онд эрх барьсан гай, гавьяаг МАН хэнтэй ч хуваалцахгүй, дангаараа үүрэх учиртай. Ард түмэндээ өгсөн амлалтынх нь бэх ч хатаж амжаагүй байгаа гэдгийг тэдэнд сануулъя. 2016 оны сонгуулийн үр дүн 76 хүний гавьяа бус Монголын ард түмний сонголт байсан. Улс төрийн нам, ард түмнээр дамжуулж төр барих эрхээ эдэлж буй 76 түшээ эрх, үүргээ ухамсарлаж богино зайны улс төрд цэг хатгах алхам хийх шаардлага байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. ПОПОРЧИНГУУДААС УЛС ТӨР ГАЦААГҮЙ ХАРИН САНДАЛ СУУДАЛДАА ХАЙРТАЙ НЭГ ДАРГААС БОЛЖ ТӨРИЙН АЖИЛ 2 САР ГАЦСАН ГЭВЭЛ ҮНЭНД НИЙЦНЭ..УИХ ГИШҮҮДИЙН ДИЙЛЭНХИ НЬ ЭНЭ ХҮНТЭЙ АЖИЛЛАХ БОЛОМЖГҮЙ ГЭЭД БАЙХАД БИ ОГЦРОХГҮЙ ГЭЭД ГҮЛИЙГЭЭД БАЙДАГ...

    0 0 Хариу бичих
  2. Засгийн газар боломжоороо сайн ажиллаж байна даа, АН гэдэг луйварчдын бүлэг улс орныг дэндүү доор оруулсан даа

    0 0 Хариу бичих
  3. Улс төрийн энэ хэрүүл эрх барьж байгаа нам юу ч өөрчилж чадахгүй байгаагаас эхтэй. Албан тушаалыг өөртөө зэвсэг болгон ашигладаг, ард олонд ээлтэй нэг ч үйлдэл санаа ажлыг огт хийгээгүйгээс эхтэй. Тэр дундаа Ми, Энхболд гэж адгийн арчаагүй хулгайчаас эхтэйг захын чавганц мэднэ. Эрх барьж байсан нам юу ч хийж чадаагүй учраас иргэд сонголтоо дараагийн намд итгэл үзүүлсэн болохоос Энхболд гэж нөхөр МАН-ыг ялалтанд хүргээгүй юм.

    0 0 Хариу бичих
  4. Засгийн газар боломжоороо сайн ажиллаж байна даа, АН гэдэг луйварчдын бүлэг улс орныг дэндүү доор оруулсан даа

    0 0 Хариу бичих
  5. БААСАНХҮҮГИЙН ҮЗЭЛ БАРИМЖАА ХЭЗЭЭ ТӨЛӨВШИХ БОЛ...

    0 0 Хариу бичих
    • ЧӨТГӨРРҮҮГЭЭ ЯВСАН ТОХИОЛДОЛД МАГАДГҮЙ...ГЭХДЭЭ ТЭНД ОЧООД АЛБИНШИЖ БҮР ДОРДОХ МАГАДЛАЛТАЙ...

      0 0