Байгуулагдах Баялгийн сан 1 их наядын өртэй

Дэлхийн улс орнууд хойчийн ирээдүйгээ бодоод хөрөнгө мөнгө хадгалах гэж оролдож байсан нь Баялгийн сан нэртэй эдийн засгийн том үзэгдэл болж ялангуяа 2000-аад оны үед их л хүч авч байсан байдаг. Энэ үзэгдэл Монголыг бас тойроогүй. Нэн ялангуяа уул уурхайн сэргэлтийн үед  буюу ашигт малтмалын  үнэ өндөр байх үед тун моодонд орсон яриа болж байсан. Бусад орноос хоцроод яахав гэсэн бололтой Норвегийн санг судлахаар тус улс руу олон ч хүн очиж туршлага судалж байж. Манайх шиг зэс ихтэй Чили орноос суралцья хэмээн тэднийхээс эрдэмтэн мэргэдийг залж өөрсдөө ч зөндөө очсон. Гэвч Монголд Баялгийн сан жинхэнэ утгаараа байгуулагдаж чадаагүй. Гэтэл энэ яриа дахин өндрөө авч, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс эхлээд Баялгийн сан байгуулахаа мэдэгдэж Норвегиэс туршлага судална хэмээлээ. 

2020 оноос хуримтлал үүсгэх боломжтой

Өнгөрсөн жилийн сүүлчээр Норвегийн баялгийн сангийн хөрөнгө анх удаа нэг их наяд ам.долларт хүрсэн тухай мэдээлэл гадаадын хэвлэлд гарсан. Энэ бол Мексикийн ДНБ-тэй тэнцэхүйц хэмжээний мөнгө аж. Харин энэ мөнгөөрөө хөрөнгө оруулах том зах зээл олохоос эхлээд олон сорилттой тулж байгаагаа Норвегийн баялгийн сангийн захирал хэвлэлд ярьсан байв. Хөрөнгө мөнгөөрөө энэ сантай дөхөхүйц гэвэл Японы Засгийн газрын Тэтгэвэр тэтгэмжийн хөрөнгө оруулалтын сан, Хятадын Гадаад валютын нөөцийн сан байдаг аж. Дэлхий дахинд иймэрхүү 40 орчим хуримтлалын сан үйл ажиллагаа явуулдаг. Норвегийн баялгийн сангийн хөрөнгийг гүйцэхгүй ч, тодорхой хэмжээний хуримтлалтай. Харин Монгол Улсын хувьд энэ төрлийн сан байгуулахаар баталсан Ирээдүйн өв сангийн тухай хууль 2018 оноос хэрэгжиж эхэлсэн. Гэхдээ тус санг Хүний хөгжил сангаас уламжлан байгуулсан тул өртэйгөөр эхэлсэн байдаг.  Норвегийн баялгийн сан нэг их наяд ам.долларын хөрөнгөө багтааж ядаж байхад манай Ирээдүйн өв сан 1.7 их наяд гаруй төгрөгийн өртэй үйл ажиллагаагаа эхлүүлж 2018 онд 620 орчим тэрбум төгрөг хуримтлуулснаа өрөө дарсан байна. Энэ онд буюу 2019 онд Ирээдүйн өв санд нэг их наяд төгрөг төвлөрүүлэхээр тооцоолсноо Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлсэн. Нүүрсний экспортын хэмжээгээ 42 сая тонноор төлөвлөж эрдэс баялгийн үнэ өсөх төлөвтэй байгаагаас ингэж харсан бололтой. Уг нь энэ сан нөхөн сэргээгдэхгүй баялгийн олборлолтоос орж байгаа орлогын тодорхой хэсгийг ирээдүй үедээ өвлүүлэх ёстой. Тиймээс “Орлогын үндсэн эх үүсвэр нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 65 хувь, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй компанийн төрийн өмчийн хувьцааны ногдлоос бүрдэнэ” гэж Ирээдүйн өв сангийн тухай хуульд заасан байдаг. Гэвч орж ирсэн орлогоороо Хүний хөгжил сангийн өрийг дарсаар байх төлөв энэ он дуустал харагдаж байна.

“Хэрэв гадаад зах зээлд уул, уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөж, төсөвт төвлөрөх эрдэс баялгийн орлого нэмэгдсэн тохиолдолд Ирээдүйн өв санд хуримтлал 2020 оноос өмнө үүсэх боломжийг нэмэгдүүлнэ” гэж төсвийн төсөлдөө дурдсан байсан. Тэгэхээр 2020 оноос л Ирээдүйн өв сан жинхэнэ хуримтлалтай болж, түүнийгээ өсгөж, арвижуулах боломж гарч ирэх бололтой.

Баялгийн сан ЖДҮ сангийн араас орох вий

Баялгийн сантай байх нь гарцаагүй гэдгийг бид ойлгосон, байгуулсан. Алсдаа ашгаа үзүүлэх л байх. Гэхдээ сангийн үйл ажиллагааг улс төр болон хэсэг бүлэг хүний нөлөөнөөс хамааралгүй байлгаж чадах уу. Өмнө нь бид алдсан нь үнэн. Монгол Улсыг хөгжүүлэх сан, Хүний хөгжил сан хоёр хоёулаа л хүсэн хүлээж байсан үр дүнд хүрээгүй. Сан гэдэг үгээс бид айдаг болоод байгаа нь үнэн. Хамгийн сүүлд гэхэд, ЖДҮ-ийг дэмжих сангаас УИХ-ын гишүүн, сайд нар өөрсдийн хамаарал бүхий компанид зээл авч өгч, тэд нь мөнгийг зориулалтын бусаар зарцуулсныг АТГ шалгаж байгаа. 

Уг хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал “Энэ хуулийг гаргахын тулд Монгол Улс Норвегийн сангийн хүмүүстэй хамтарч ажилласан. Бусад улсын Баялгийн сангийн хуулийг нэлээд судалсан. Гэхдээ миний дотроо шаналж явдаг нэг л зүйл бий. Асар их хэмжээний мөнгийг захиран зарцуулах эрхийг эдэлж байгаа хүн нь хэн байх вэ гэж. Сангийн Удирдах зөвлөлөөс Гүйцэтгэх захирлыг томилно. Тэр томилгоон дээр улс төрийн нам, Засгийн газар оролцохгүй гэх мэт хязгаарлалтуудыг хийж өгсөн ч манай төр засгийн байж байгаа байдлаас харахад бас нэг шуналтай “дурак” ирээд суучих вий гэсэн айдас байна. Бусад бүх улсын санд дээрх зохицуулалт байдаг. Өөрөөр хэлбэл, Сангийн сайд нь утасдаад “Алив наад сангаасаа улсын төсөвт тэдийг шилжүүлээдэх” гэж хэлэх л юм бол маргааш нь шууд огцордог зохицуулалттай” хэмээн ярьж байжээ.

МАН 2016 онд сонгуульд ялахдаа1072 ширхэг хувьцааг амилуулах, "Эрдэнэс Тавантолгой"-г эргэлтэд оруулах, Баялгийн сан байгуулна гээд мөрийн хөтөлбөртөө заасан. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нь уг хуулийн төслийг санаачилж Засгийн газраараа хэлэлцүүлэх шатандаа яваа. Баялгийн сангийн тухай хуулийн төсөлд Баялгийн сангийн нэгдэл буюу “Эрдэнэс Монгол”-ыг шинэ бүтцэд оруулж, шинээр хувьцаа, өмчөө бүртгэж авах ёстой гэх мэтчилэн заалтуудыг тусгаад байгааг Д.Сумьяабазар сайд хэлсэн байна.

Бусад улс ямар сан ажиллуулдаг вэ

Эрдэс баялгийн орлогоо зүй зохистой удирдаж, ирээдүй хойч үедээ өвлүүлж, үлдээсэн орнуудын сайн туршлага олон. Дэлхийн анхны баялгийн санг 1953 онд Кувейт улс газрын тосны орлогоосоо хуримтлал үүсгэн бүрдүүлжээ. Эдүгээ “Kuwait Investment Authority” буюу Кувейтийн хөрөнгө оруулалтын сан 600 тэрбум орчим ам.долларын хуримтлалтай болж чадав. Энэ нь Монгол Улсын энэ жилийн төсвийг 180 дахин нугалсантай тэнцэх хэмжээний их мөнгөн дүн юм. Тэгвэл өнөөгийн хамгийн том баялгийн сан болох “Government Pension Fund-Global” буюу дээр өгүүлсэн Норвегийн баялгийн сан нэг их наяд ам.долларын хөрөнгөтэй. 1990 онд анх Норвегийн газрын тосны сан гэдэг нэрээр бий болсон тус сан эдүгээ “Apple”, “Microsoft”, “Nestle” зэрэг томоохон компанийн хувьцааг эзэмшиж буй.

Хамгийн сүүлд тус сан Японы үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийгээд байна. Харин Чад, Нигер зэрэг улс эрдэс баялгаа үр ашиггүй зарцуулснаас хүний хөгжлийн индексээр хамгийн доогуур үзүүлэлттэй орны тоонд багтаж буй.

Баялгийн сан нь ихэвчлэн ашигт малтмалын орлого, валютын арилжаанаас олсон ашгаас эх үүсвэрээ бүрдүүлдэг. Харин ажиллах зарчим нь төрийн өмчит хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр олон улсын зах зээлд санхүүгийн хөрөнгө оруулалт хийх. Олон улсын баялгийн сангийн институтын мэдээлснээр тэдгээр сангийн нийт хөрөнгө долоон их наяд ам.долларыг хэдийнэ давсан. Энэ нь тус сангууд дэлхийн хөрөнгийн зах зээлийн хамгийн том тоглогчид болж байдаг. Ийм сантай улс орнууд эдийн засгаа төрөлжүүлэх зорилгоор эрдэс баялгийн бус салбарт хөрөнгө оруулах нь элбэг.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)