Мэнэжмэнт ба анти-эдийн засаг

Тэтгэвэрт гарсан хүмүүст ажил олж өгөх сан хөгжингүй орнуудад байдаг. Мэргэжил, дадлага туршлага суусан тэдэнд хөгжиж буй ядуу орнуудад очин сайн санаагаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх боломж олгоно. Цалин мөнгөний хувьд тухайн орны хүмүүсийн олж буй дундачтай тэнцүү гэхээр энэ нь цэвэр сайн санааны үйлс юм. Ерөнхийлөгч Кэннэди 1960 онд залуусыг уриалан төстэй сан байгуулсныг Пийс корпус гэдэг. Залуус амьдралын их далайд орохын өмнө хүнд хэцүүг туулж, ядарсан нэгэндээ туслаг гэсэн санаа бол дээрх тэтгэвэрийнхний сан нь чаддаг мэддэгээ бусдад түгээх ариун зорилготойгоороо ялгаатай. 2000 оноос өмнө эдгээр сангийн шугамаар олон хүн Монголд ирсэн дээ. Ид картны үеэр Пийс корпусын залуус хөдөө хөхөрч гадаа гандан багш эмч хийж байсныг хүмүүс санаж байгаа байх. Тэтгэвэрт гарсан мэргэжилтнүүд ч монголчуудад компани байгуулах, байгуулагдсан нэгэнд нь мэргэжлийн туслалцаа үзүүлэх гээд зөндөө сайхан юм хийсэн.

Ерээд оны эхээр ямааны болон сарлагийн сүүгээр хийсэн голланд, швейцари бяслаг гэнэт элбэг болж билээ. Монголд үйлдсэн ийм төрлийн бяслаг бол мөнөөх тэтгэвэрт гарсан мэргэжилтнүүдийн санаачлага. Өвөрхангайд нэг эр ийм “гадаад” бяслаг шахах болсон нь энэ төрлийн бяслаг үйлдвэрлэгч нэлээд олон айлын зөвхөн нэг нь. Багш нь Швейцариас ирсэн тэтгэвэрийн хөгшин. Үйлдвэрлэл дороо өргөжин мундахгүй орлого олох болов. Мань эр ч багшаасаа огт дутахгүй сайн чанартай бяслаг шахах болж. Тэгээд нэг өдөр боджээ, мал минийх, сүүгээ манай авгай саадаг, бяслагаа би өөрөө хийчихдэг. Гэтэл энэ швейцари өвгөн яахаараа надтай орлого хуваадаг билээ!? Ингээд хармын сэтгэл төрж өнөөх багштайгаа зориуд муудалцан хөөж явуулав. Ердөө сарын дотор дампуурсан даа. Бяслаг хийхээ ч больсон. Шахаад тавьчихсан бэлэн бяслагийг нь авах эзэн байдаггүй. Монголчууд, тэрдундаа хөдөөнийхөн гадуур нь лаадчихсан шорвог бяслаг идэж сураагүй, гагцхүү зарах гэж л хийж байв. Манай баатар хаана зарахаа мэддэггүй, учир нь мөнөөх швейцари өвгөн тэрийг нь зах зээлд нийлүүлдэг байж. Энэ жишээ нэлээд түгээмэл болсон байх, учир нь шинэ зуун гарснаас хойш нүдний гэм болсон. Намзасаг ч нүүрсний буянгаар бэлэн мөнгө баахан тараалаа, үйлээ үзэж бяслаг шахаж суух тэнэг хаанаас олдох билээ. Харин хямрал нүүрлээд эхэлсэн өнөөгөөс “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой дажгүй сайхан бяслаг элбэг үзэгдэх боллоо. Үнэ нь ч гайгүй. 

Харамч эр өөрийнхөө сүүгээр дажгүй бяслаг шахаад сурчихсан нь үнэн боловч мэнэжмэнт, маркэтингийн талаар ямар ч ойлголт байсангүй. Мэнэжмэнт гэдэг нь хувь хүн, өрх гэрээс эхлээд улс орон төр засгийг хүртэл хамарсан үйлдвэрлэлийг хамгийн ашигтай явуулах удирдлага, ур ухаан, эв дүй, арга, чадамжийн ерөнхий нэр юм. Манайхан нэг хэсэг “удирдлагын ухаан” гэж орчуулж байсан байх. Мэнэжмэнт нь аж ахуйн янз бүрийн тодорхой салбарыг хөтлөх аргыг эдийн засгийн онолтой хослуулсан арга зүй юм. Мэнэжмэнтийн хамгийн чухал бүрэлдэхүүний нэг нь маркэтинг. Энэ нь хамгийн энгийнээр хэлэхэд буй болгосон бүтээгдэхүүнээ борлуулах арга ухаан. Товчхондоо зах зээлийн эрэлтийг зөв тодорхойлж бүтээгдэхүүнээ борлуулан тэндээс ашигаа нэмэгдүүлэх ухаан. 

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагт энэ хоёр аль алин нь огт хэрэггүй. Хамтын нийгэмд өрсөлдөөн байхгүй учир мэнэжмэнт огт хэрэггүй, гаргасан чанаргүй бүтээгдэхүүнийг нь үргэлжийн хомсдол гачигдалтай байдаг зах зээл нь булаацалдаад авчихдаг учир зарах гэж ур ухаан зарах хэрэг юу байхав дээ. Тэгэхээр ийм тогтолцоонд эдийн засгийн утга учир үгүй, эдийн засаг гэж нэрлээд байгаа нь үнэндээ анти-эдийн засаг юм. Хүйтэн дайн зогссоноор анти-эдийн засгийн тогтолцоо нуран унаж хүссэн хүсээгүй зах зээлийн тогтолцоо бүрэлдэж эхэлсэн юм. Гэхдээ маркэтинг, мэнэжмэнтийн ухаан, арга, онол, чадвар шууд залгаагүй, хүмүүс хар зөнгөөрөө л ашиг олохын тулд бие даан аж ахуй эрхлэх болжээ. 

Ерэн оны эхээр хөдөө амьдардаг хуучин танилтайгаа  таарав. Тэрээр гурван сарын дамжаанд суралцахаар хотод ирсэн гэнэ. Ямар дамжаа болохыг нь асуутал ээрч гацаад удтал бодов. Дамжааных нь нэр санаанд нь ордоггүй бололтой. Гэнэт духаа алгадаад “Брокэр!”. “Брокэрийн сургалтын дамжаанд сууж байгаа юм уу?” гэж лавлатал “Бишээ, брокэрын нөгөөх нь юу билээ?” гэж сөргүүлж асуув. “Мэнэжмэнт үү?” гэхэд тэрээр баярлан дуу алдаж “Тийм тийм, мээнэжир, Мээнэжирийн дамжаанд хөгшин чинь сууж байгаа!”

Чөлөөт зах зээлийн тогтолцоонд шилжээд 30 жил болжээ. Тэр үеийг бодвол нийгмийн ойлголт их өөр болсон. Жинхэнэ мэнэжмэнт, маркэтингийг онолын ч практикийн ч хувьд мэддэг шинэ залуу үе аажмаар түрсээр. Гэвч энэ процесс нийгэмд давамгайлахад төрийн удирдлага саад болсоор. Өнөөдөр манай нийгмийг анти-эдийн засгийн бодлого, анти-эдийн засагчид удирдсаар. Удирдлагын бүтэц бүрэлдэхүүн нь социалист онолоор зэвсгэлсэн өнгөрсөн нийгмийн бүтээгдэхүүнүүд, шилжилтийн эхэн үед тэднээр анти-эдийн засаг заалгасан завсрын үеийнхэн. 

Социалист анти-эдийн засгийн мэргэжлийн дипломтой бүтээгдэхүүнүүдийн дотор хүмүүний ердийн эдийн засаг ойлгодог ядахнаа ганц хүнтэй өдий болтол тааралдсангүй. Тархиных нь эд эс болоод ургачихсан болохоор тэр ойлголт нь мэс заслалаар ч эдгэдэггүй бололтой. Нэг хэсэг нь “улстөр-эдийн засгийн ухаан” гэх гарчиг бүхий мэргэжилтэй, зэрлэг капитализм, мөлжлөг, хүн төрлөхтний нийгмийн таван шат, анхны хуримтлал, үйлдвэрлэлийн хэрэгслэлийг өмчлөх, нэмүү өртөг гэсэн хэдэн нэр томъёотой. Ядахнаа “нэмүү өртөг” байхдаа ч яахав. Surplus value-ийн буруу орчуулга. Өртөг бол зарлага, сүйтгэл. Хөсрий капиталистууд улам их ашиг олохын тулд улам их өндөр өртөгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэн байж мөлжигчөөрөө дуудуулдаг юм бол усан тэнэгүүд байж таараа. 

Хоёрдахь бүлэг нь анти-эдийн засгийг аж ахуйн нэгжид хэрхэн хэрэгжүүлэхийг үзэл сурталтай холин заалгаад эдийн засагч нэр авсан амьтас. Тээврийн эдийн засаг, нийтийн хоолны эдийн засаг, хамтралын эдийн засаг, уул уурхайн эдийн засаг, инжинер эдийн засагч гэх хачирхам мэргэжилд сурган “эдийн засагч” хоч авцгаасан хүмүүс. Социалист анти-эдийн засгийн тогтолцоонд тухайн аж ахуйн нэгжид нягтлан нярав нарыг даргалж суудаг мэргэжил бололтой. Ленин хэзээ ч үйлдвэрлэл сонирхож байгаагүй, түүний эдийн засгийн гол хэллэг нь - хяналт, шалгалт. Түүний 50 боть тэр чигээрээ хяналт шалгалтаар дүүрэн. Арга ч үгүй юм даа, эзэнгүй хамтын нийгэм байгуулсан болохоор хулгайч, шамшигдуулагч эзэнгүй өмч дээр овоорох нь ойлгомжтой, тэгэхээр илэрснийг нь буудаад л, дүүжлээд л… Ийм л “эдийн засагчид” чөлөөт зах зээлийн Монгол орныг сүүлийн 30 жил удирдан чиглүүлж мэнэжэрлэсээр ирлээ. Одоо болтол бараг бүгдээрээ алдагдалтай төрийн мэдлийн зуу нэлээд гаруй компани нийгмээ мөлжиж, жинхэнэ шууд утгаараа нэмүү өртөг үйлдвэрлэсээр яваад гайхах юм алга. Ийм эрлийз нийгэмд авилга, хээл хахууль, хулгай, шамшигдуулал ноёлж буйд ч гайхах явдалгүй. 

Хувийн хэвшил буй болоод гучаад жил боллоо. Нэгдүгээрт хүн өөрийнхөө юмыг хулгайлдаггүй, хоёрдугаарт хэн ч өөрийн ашиг орлогыг нэмэгдүүлэхийн төлөө зүтгэдэг. Иймээс жижиг түцийн эзэн ч хичнээн онолыг нь мэдэхгүй байсан ч хэрэндээ хар ухаанаараа (хүний ухаанаар шүү дээ!) арга эвийг нь олох гээд мурчийна. Үүнийг өнөөгийн ялдамхан ааштай махны худалдагчийг оочирлож оочирлож арай гэж ганц кийл яс авахдаа, социалист дэлгүүрийн аашилж хялалзсан худалдагчид арай л зодуулчилгүй салдаг байсантайгаа харьцуулаад үзээрэй. Хэдийгээр монгол хүн болгон дарга болох сонирхолтой авч мэнэжмэнт хийнэ гэдэг цаад хүний төрлөх авъас чадвараас их хамааралтай. Одоо бараг 120 мянга шахам хувийн хэвшлийн компани бүртгэлтэй байгаа ч арав хүрэхгүй хувь нь татвараа төлдөгөөс үүнийг харж болно. Хүсэл хяслын хоорон дахь энэ зөрүү нийгмийг эцэст нь ёс суртахууны айхавтар зөрчил хямралд аваачдаг.

Одончимэгийг авъяастай жүжигчин гэдгээр нь хүн бүр мэднэ. Манай сумандаа Маркс гэгчээр Монголд төрсөн ховорхон авъяаслаг найруулагч гэдгийг нь цөөн хүн ажигласан байх. Гэтэл Онон тэр хоёр тун сүрхий мэнэжмэнт, маркэтинг сайтай гэдгийг анзаарсан хүн ховор болов уу. Тогтмол цалинтай төрийн албан хаагч урлагчин байснаас чөлөөт уран бүтээлч болбол өөрийн эрсдэлээр гагц орлого төдийгүй ёс суртахуун, чөлөөт амьдрал, бүтээл, нэр хүндийн хувьд хавьгүй дээр гэдгийг тэд анхлан ажиглаж чөлөөт зах зээлд гарснаар чадал тэнхээгээ харуулж чадсан. Сосорбарам ч анхдагчдын нэг. Эд цалингаа нэмэгдүүлнэ гэж төр засагтаа гомдон талбай дээр жагсдаггүй, суулт хийдэггүй, өлсгөлөн заралдаггүй. Тэд чөлөөт уран бүтээлчид болсноор бусдад сайхан үлгэр дууриалал болж араасаа бусдыг дагуулсан, тэр л утгаараа олон өрсөлдөгчидтэй болсон. Тиймээс хүссэн ч хүсээгүй ч мэнэжмэнт, маркэтингаа сайжруулах шаардлага гарчээ. Икс түүцэд орж ирсэн жүжигчин цоорч гарч ирдэг, тэндээс салаад явахаараа эрс суларчихдагийн цаад нууц нь мэнэжмэнтийн чадавхи биш гэж үү? Бүхний нүдэн дээр ил харагддагаар нь энэ жишээг онцлов. Салбар болгонд ийм жишээ зөндөө.

Бараа солилцоо хүн анх буй болсноос эхтэй байх. Хүн л юм чинь! Түүхийн турш янз бүрийн овсгоотой нэгэн бишгүй л байгаа биз. Бүгд л мэнэжмэнт, маркэтингтаа анхаарч байсан байж таараа. Харин мэнэжмэнтийг онол, судалхуун, шинжлэх ухаан болгосон явдал дөнгөж ХХ зуунаас эхтэй. Дэлхийн II дайны дараагаас л зах зээлийн баримжаат эдийн засаг дахь удирдлагын онол буй болсныг “Маркэтинг-мэнэжмэнтийн онол” гэдэг. Өнөөдөр дэлхийд хамгийн үнэтэй бараа бол мэнэжмэнт. Саяхан болтол Японы томоохон зочид буудлуудын мэнэжмэнтийг өөрснөө биш Америкаас өндөр үнээр залагдаж ирсэн мэнэжэрүүд гүйцэтгэж байжээ. Арабын баян орнуудын бараг бүхий л бараа үйлчилгээ, үйлдвэрлэлийг Америк Европоос уригдаж ирсэн мэнэжэрүүд гүйцэтгэдэг. Чилийн зэсийн ордууд Алендагаас болоод хуугаараа нийгэмчлэгдсэн, одоо болтол төрийн өмч, гэхдээ бүх мэнэжмэнтийг хувь хүмүүс, хувийн компани гэрээгээр гүйцэтгэдэг. Тэд тогтмол цалин хүртдэггүй, үйлдвэрлэлийг хамгийн зохистой хэлбэрээр удирдаж ашиг орлогыг нь нэмэгдүүлснээсээ хамаарч хувь хишиг авдаг. 

Төр яажшуу “мэнэжмэнт” хийдгийн хамгийн тод жишээний нэг бол Бразилийн “Пэтробрас” хэмээх зуун хувь төрийн өмч, зуун хувь төрийн мэнэжмэнттэй нефть хийн аварга корпарац. Жижигрүүлээд үзэх юм бол манай Эрдэнэт. Бүтэц бүрэлдэхүүн, мэнэжмэнт марктинг, удирдлага зохион байгуулалт нь ихэр мэт. Пэтробраст хийхгүй юм, оролцохгүй сэдэв гэж үгүй. Бараг бүх юмыг ивээн тэтгэх дуртай. Түүнээс хамгийн их ивээн тэтгэдэг юм нь сонгууль. Өрсөлдөгч гол намуудыг бүгдийг нь даана. Ялсан намыг сонгуулийн хугацаанд ивээнэ, төрийн эрхэнд гарсан намчуудыг байнга тэтгэнэ. Үргэлжийн урамшуулал! Шагналын гол хэлбэр нь тэдэнд тэндэр өгч баяжихад нь туслана. Үйлдвэрийн удирдлага аль нам ялснаас хамаарч, эсвэл төрийн толгойд хэн гарснаас хамаарч солигдоно. Гэвч төрийн мэнэжрүүд ухаалаг учир шууд л ялсан талд нь даруй урван орж тэднийг тэтгэлэгтээ хамааруулдаг учир зарим нь үйлдвэрийн удирдлагад олон жил элээжээ. Пэтробрасын авилга луйвар бүхэнд ил, иргэд бүгдээрээ үгүйдээ л гадарладаг, хэвлэл мэдээлэлд байнга шүүмжлүүлдэг байсан боловч он удаан жилийн турш төрийн хамгаалалтад байсаар иржээ. Пэтробрас гагц Засгийн газрыг төдийгүй парламэнт, шүүх, цагдаа, зэвсэгт хүчнийг хуугаар нь худалдаад авчихсан хэрэг. Төрийн өмчит Пэтробрас Бразилийн төлөө биш, Бразил орон Пэтробрасын төлөө амьдарч байлаа. Пэтробрас төрийн өмч гэхээсээ Бразил орон Пэтробарасын өмч юм даа! Элдэв хэрэг төвөг байнга илрэх боловч тэгэсхийгээд л нам жим болно. Гээд алив гоё үлгэр ч төгсгөлтэй байдаг болохоор Бразилд хэдэн мундаг (манайхаар бол шударга) прокурорууд гарч ирээд Пэтробрасыг дарж авсан. Үүний тулд прокурорууд олон жил тэмцэж, янз бүрийн сүрдүүлэгт өртөж амь насаа ч дэнчинд тавьсан байна. Гээд тэд өөрсдийгөө шударга ажилтнууд гэдгийг харуулж чадсанаар мэдээллийн хэрэгслэл, олон нийтийн дэмжлэг авч ялалт байгуулж дөнгөсөн. Дараалсан хэдэн Ерөнхийлөгчийг огцруулж, шүүхэд хүлээлгэн өгч, Пэтробрасын удирдлагуудыг шоронд аваачиж чадсан. Гэвч энэ бүхэн эцсийн ялалт биш байх. Хувьчлахгүй л бол энэ байдал хожим сэргэж л таараа.

Ардчилсан сонгуулийн тогтолцоотой авч тогтворжоогүй нийгэмд тохиолдлоор газрын өндөрлөгт гаран удирдагч болсон хүмүүс өөрийгөө төр гээд ойлгочихдог, тэр л ойлголтоороо бүхнийг өөрөө мэдэн захирч, өөрөө ерөнхий мэнэжэр болж байгаад болбол бүхий л өмчийг нэг газар төвлөрүүлэхийг хичээдэг. Нэг газар гэдэг нь төрийн өмч болгох. Эрдэнэт, Салхит, Цагаан суварга дээр энэ нь тод харагдаж байна. Энд хууль, логик, бодит байдал, үр ашиг ёстой түй л байна. Эдийн засаг ёстой хамаагүй. Мэнэжмэнт бол яршиг л байна. Маркэтинг яриад үхснээ хийх вэ дээ. Ингээд л “Сангийн юм сандайлаад байгаарай” болж дарж ална. Өгөөж нь харин удирдлагад нэлээд унац өгнө.

Орчин үед мэнэжмэнтийн шинэ шинэ арга туршлага, санаачлага үй олноор гарах болжээ. Мэдээж тэр болгон нь амжилт дагуулаагүй ч бусдад үлгэр дуурайлал болох мундаг санаачлага олон. Ийм шилдэгүүд өөрийн зохиосон эзэнтэй. Урьдын Копэрник, Чөрчилл, Соломон хаан, Чингис хаан, Хиппократ, Наполеон, Жэймс Ватт нар ч цагтаа шаггүй мэнэжэрүүд байсан гэх юм. Мэнэжмэнтийг хэнд хамааралтайгаар нь гурав ангилдаг юм байна.

Байгууллагын мэнэжмэнт (Билл Гэйтс, Фил Найт, Ворэн Бафэт гэх мэт)
Инновацийн мэнэжмэнт (Стив Жобс, Мадонна, Густав Эйфль гэх мэт)
Хувь хүний мэнэжмэнт (Михаил Шүмахэр, Стивэн Хокин, Пабло Пикассо г.м.)

Зохион байгнуулалттай гэмт хэрэг ч мэнэжмэнтээс амжилт нь хамаарна. ХХ зууны шилдэг 100 мэнэжэрийг Таймс сэтгүүл шалгаруулахад Лакки Лучиано хэмээх зартай гангстэр багтаж байсан. Гэмт хэргийн ертөнцөд түүн шиг төгс мэнэжмэнт хийж чадсан хүн өөр байдаггүй юм гэсэн. Шилдэг мэнэжэрүүдээс чухам юуг нь суралцах талаар Франк Арнолдын “Мэнэжмэнт: Шилдгүүдээс суралцъя” гэсэн бэсрэг ном ч бий.

2019.3.4


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Менежмент чухал гэдгийг олон хүн өдийд ойлгосон байхаа. Асуудлын гол нь хэнд үйлчилдэг, ямар менежмент тавихуу гэдэгт л байгаа бус уу. Монгол улсын сүүлийн 20 жилийг улс төрийн тэмцэл үеийн үед менежментийг томилох, эргүүлээд тэр менежментээс хариу тус авахын төлөөх тэмцэл. Одоо Эрдэнэтийн менежмент төрд суугаа даргад үйлчлэх, банкинд суугаа даргад үйлчлэх үнэндээ нэг юм. Эрдэнэт үнэхээр төрийнх, цаашлаад ард түмний өмч юм бол тохирсон тогтолцоог босгох нь чухал байна.

    0 0 Хариу бичих
  2. энэ үзэл санааг хэр олон хүн, хэр богино хугацаанд ойлгоно, Монгол төдий чинээ хурдан хөгжинө гэсэн үзэл бодолтой хүний тоо, толгой арвижихын ерөөл өргөн дэвшүүлэе!

    2 0 Хариу бичих