Монголд хүн ам зүйн бодлого байна уу?

Статистик мэдээлэл биднийг цочирдуулж байна. Манай улсын 0-18 насны охид нийт эмэгтэйчүүдийн 35 хувийг эзэлж байх. Өөрөөр хэлбэл, охидын эрхийн асуудал хүн амын 20 орчим хувьд хамаатай болжээ. Гэвч бид хүүхдээ хичээл номоо сайн хий гэхээс бус хэнтэй нөхөрлөж, хаагуур юу хийгээд яваад байгааг тэр бүр хайхардаггүй. Үүнийгээ ажил ихтэй байна гэх үгээр хаацайлдаг. 

Н охин 16 настай, ЕБС-ийн сурагч. Дээд ангийнхаа хөвгүүнтэй үерхдэг. Найз хөвгүүн нь бэлгийн харьцаанд орох санал удаа дараа тавьж, янз бүрээр шахалт үзүүлж буй учраас ямар шийдвэр гаргахаа сайн мэдэхгүй байгаа. Охин өөрийгөө бэлгийн харьцаанд орох хараахан болоогүй гэж үздэг ч найз хөвгүүндээ хайртай учраас түүнээсээ салахыг ч мөн адил хүсэхгүй байгаа аж.

ХЭҮК-оос хийсэн судалгаанд ийм төрлийн жишээ, тайлбар хэлсэн охид олон байжээ. Монголчууд эрт үеэс охин үрээ нүдний цөцгий мэтээ хайрлах ёстой гэж сургасаар ирсэн ч ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хэм хэмжээ гэж ярьсаар үүнийгээ умартсан нь өсвөр насны охидын жирэмслэлтээс харагдаж байна. Охидын төрөлтийг 15-19 насны эмэгтэй хүн амын тоотой харьцуулж харахад нийт өсвөр насны охидын 3.3 хувь нь хүүхэд төрүүлжээ. Тэдний 30 хувь нь 14-16, харин 70 хувь нь 17-19 насандаа ээж болсон статистик тоо байна. Манай улсад 2016 оны байдлаар нийт 79.9 мянган хүүхэд мэндэлсний 3839 нь буюу 4.8 хувь нь 15-19 насны охидоос төржээ. Энэ нь өмнөх 2015 онтой харьцуулахад нийт төрөлт 2210 нэгжээр буурсан ч өсвөр насны охидын төрөлт 244-өөр өссөн тоо юм. Нийслэлийн есөн дүүргийн 152 хорооны 10-17 насны 549 хүүхдийг судалгаанд хамруулахад өсвөр насныхны нөхөн үржихүйн эрүүл мэнд тулгамдсан асуудал байдаг гэж хариулсан байна. Энэ нь хүүхдүүдийн дунд эрүүл мэндийн системтэй боловсрол муу байгаагийн нэг илрэл юм. Манай улсад 1998 оноос эрүүл мэндийн хичээл ЕБС-иудад орж эхэлсэн ч 2013 оноос хэрэгжиж буй Бага, суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрт Эрүүл мэндийн хичээл бие даасан хэлбэрээр бус, биологи, биеийн тамиртай нэгтгэсэн байдлаар орохоор тусгажээ. Биологийн хичээлээр хүний биеийн эрхтэн тогтолцоо, түүний бүтэц, үйл ажиллагаа буюу анатоми, физиологи талаасаа илүүтэй судлагддаг учраас нөхөн үржихүйн суурь боловсрол бараг ордоггүй учир дутагдалтай буйг ХЭҮКиос гаргасан тайланд дурджээ. Охид хүсээгүй жирэмслэлтээс хэрхэн сэргийлэх тухай мэдлэгтэй ч энэ талын дадалд суралцаагүйг өсвөр насны ээжүүдийн дунд явуулсан судалгаа илтгэж байна. Судалгаанд хамрагдсан залуу ээжүүдийн 69.1 хувь нь огт төлөвлөөгүй хүүхэдтэй болсон гэж хариулжээ. Улсаас үнэ төлбөргүй олгодог жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгсэл ч зарим тохиолдолд хороодод хангалттай тоогоор ирдэггүй аж. Энэ талаар Хан-Уул дүүргийн дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч А “Заримдаа хугацаа хожимдож ирдэг учраас товлолт хугацаанд нь эмэгтэйчүүддээ өгч чадахгүй тохиолдол гардаг. Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдээ нэн тэргүүнд хангахыг зорьдог болохоор авахыг хүссэн эмэгтэй бүрт олгож чаддаггүй” гэсэн юм. Хүсээгүй жирэмслэлт нэг талаар үр хөндөлтийг нэмэгдүүлж байна. 2016 оны байдлаар манай улсад нийт 18316 үр хөндөлт хийгдсэнийг өмнөх онтой харьцуулахад өсчээ. Үр хөндөлтийн 75.4 хувь нь Улаанбаатар хотод, үлдсэн хэсэг нь хөдөө орон нутагт хийгдсэн байна. Мөн оны байдлаар нийт үр хөндөлтийн 23 хувийг 15-24 насны эмэгтэйчүүд хийлгэсэн гэх. Судалгаанд хамрагдсан үр хөндүүлсэн 15-24 насны охид, залуу эмэгтэйчүүдийн 7.9 хувь нь хоёр ба түүнээс дээш удаа үр хөндүүлсэн үзүүлэлттэй байна.

Үр хөндөлт гээд ярихаар бэлгийн хүчирхийллийн асуудал ч мөн хамаарна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай бага мэдээл, муу хүмүүст сэдэл төрүүлнэ гэдэг ч дурдахаас өөр аргагүй хэд хэдэн тоо байна. Хүчирхийлэлд өртсөн охидын тэн хагас нь 16-аас доош насных. Дэлхий дээр өдөр бүр 41,000 охин хүчээр гэрлэж байна. Бага сургуулийн насны 32 сая охин сургуульд суралцаж чадахгүй байгаа баримт бий. Бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой хүүхдийн тусламжийн 108 утсанд ирүүлсэн дуудлагын 97 хувийг 0-18 насны охид эзэлж байгаа аж. Хэдийгээр “насанд хүрсэн хүн 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орж болохгүй” гэдгийг хуульчилсан ч насанд хүрээгүй хүмүүсийн хоорондын бэлгийн харьцааны асуудлыг зохицуулсан эрх зүйн зохицуулалт одоогоор манайд байхгүй. Энэ нь өсвөр насны охидын жирэмслэлт нэмэгдэхэд нөлөө үзүүлдэг талаар судалгаа ч байна.

Хүсээгүй жирэмслэлт, өсвөр насныхны бэлгийн боловсрол муу байгаагаас бэлгийн замын халдварт өвчин ч аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрчээ. 2017 оны байдлаар улсын хэмжээнд БЗДХын 22230 тохиолдол бүртгэгдсэнээс 15-19 насны охидын өвчлөл 1653 буюу нийт өвчлөлийн 7.43 хувь байна. Төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрүүлсэн эхчүүдийн 11.3 хувийг өсвөр насны буюу 15-19 насны охид эзэлж байгаа нь үнэхээр сэтгэл эмзэглүүлж байна. Өсвөр насны гурван эх тутмын нэг нь төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрүүлсэн нь манай улс хүн амзүйн бодлого тэр дундаа нөхөн үржихүйн боловсролыг системтэйгээр нэн яаралтай олгож, хүн бүр ухамсарлахыг үүрэгжүүлэхгүй бол хүний удмын санд асар том хохирол учирч мэдэх нь ээ.

Улсын хэмжээнд жилд хэдэн ширхэг үр зулбуулах эм худалдагддаг, тэдгээрийн хэдэн хувийг өсвөр насны охид хэрэглэсэн эсэх, түүнчлэн эмийн гаж нөлөөнөөс болж эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн хэдэн хувь нь охид болох, тэд хэрхэн хохирсон талаарх мэдээлэл, судалгаа алга. Манай улсад үр зулбуулах үйлчилгээтэй эмийг эмийн сангуудад худалдаалдаг ч заавал эмчийн жороор олгодог. Гэтэл охид, залуу эмэгтэйчүүд эмчийн жоргүйгээр худалдаж авахыг хүсч эмийн сангуудад хандах нь их байдаг байна. Баянзүрх дүүргийн нэгэн эмийн сангийн эм зүйч “Үр зулбуулах үйлчилгээтэй эмийг манай эмийн сан худалдаалдаг. Гэхдээ заавал эмчийн жороор олгодог. Гэтэл эмчийн жоргүйгээр эм авах гэж маш олон охид, бүсгүйчүүд асууж ирдэг. Анзаарч байхад амьдралын боломжгүй охид, эсвэл оюутан охид л их ирж эм асуудаг” хэмээн ярьсан.

Үр хөндөлттэй холбоотой хийсэн судалгаа манай улсад маш ховор. Ялангуяа өсвөр насны охидын үр хөндөлттэй холбоотой хийгдсэн тоон болон чанарын судалгаа ч байхгүй. Жишээ нь, үр хөндөлтийн талаарх охидын ойлголт мэдлэг, өсвөр насны охидод үзүүлэх үр хөндөлтийн тусламж үйлчилгээний чанар,хүртээмжтэй холбоотой нарийвчилсан судалгаа яг өнөөдрийн түвшинд хэрэгтэй байна. Манай улс 2025 он хүртэл хэрэгжих “Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогод” өсвөр насны охидыг хүсээгүй жирэмслэлт, эрт төрөлтөөс сэргийлэх зорилт дэвшүүлжээ. Гэвч одоогоор дорвитой мэдэгдэхүйц өөрчлөлт алга байх жишээтэй.

Үргэлжлэл бий.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)