Нэг километр замд нэг ч улсын цэцэрлэг байхгүй

Мэдээ мэдээллийн www.еagle.mn сайт долоо хоног бүр “Нэг километрт" цуврал  сурвалжлагаа  уншигч танд хүргэж байгаа билээ. Энэ удаад Хүннүгийн гудамж буюу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах "Home Plaza" дэлгүүрийн уулзвараас "Дүнжингарав" худалдааны төвийн уулзвар хүртэлх нэг км замд хэчнээн улсын цэцэрлэг байрлаж  байгааг  сурвалжиллаа. Хүннүгийн гудамжны хоёр талд нийтдээ 19 хотхон, хороолол, apartment, residence, village байдаг ч харамсалтай нь нэг ч улсын цэцэрлэг байсангүй

Энэ замд байрлах хамгийн том хороолол болох "Баянмонгол" хороололд гэхэд л зургаан хувийн цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байлаа. Тус хороолол нь 13 байрнаас бүрдэх бөгөөд 1800 гаруй айл, өрх амьдардаг ч улсын цэцэрлэггүй.

Үндэсний компаниуд 2000 оноос барилгын салбарт хүч төрөн орж ирсэнтэй зэрэгцэн хотхон, хороолол, цогцолбор, town, apartment, residence, village, garden гэх гоё, чамин тодотголтой барилгууд олноор сүндэрлэн боссон. Гэвч эдгээр хотхон, хороололд улсын гэх тодотголтой цэцэрлэг, сургууль тун ч ховор баригдсан юм байна. Ихэнх нь улсын цэцэрлэггүй, харин иргэдийн хэрэгцээ шаардлагатайгаа уялдан хувийн цэцэрлэгүүд ийнхүү үйл ажиллагаа явуулах болсон ажээ.

- 26 дугаар хороонд газар нь шийдэгдэх юм бол цэцэрлэг, сургууль барих боломжтой-

26 дугаар хороонд тулгамдаад буй төрийн өмчийн цэцэрлэг, сургуулийн асуудлаар Нийслэлийн боловсролын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Энхтөрөөс тодрууллаа.

-Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны төрийн өмчийн цэцэрлэгийн асуудал ямар шатандаа яваа бол?

-Улаанбаатар хотод одоогоор сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт хамрагдах ёстой 146252 хүүхэд байгаа. Одоо төрийн өмчийн 231, төрийн бус өмчийн 441 цэцэрлэг нийт 672 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. 672 цэцэрлэгт нийт 117231 хүүхэд нь буюу нийт цэцэрлэгийн насны хүүхдийн 80.1 хувь нь ийнхүү цэцэрлэгт хамрагдаж байгаа.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо бол төрийн өмчийн цэцэрлэггүй хороо. Төрийн өмчийн нэг сургуультай. Тэр нь Дүнжингарав худалдааны төвийн эсрэг талд 2017 онд ашиглалтад орсон байранд хоёр сургууль байдаг. Нэг нь кембрижийн сургалттай" Монгол Тэмүүлэл" нөгөөх нь төрийн өмчийн 133 дугаар сургууль.

Тухайн хороонд яагаад төрийн өмчийн цэцэрлэг байдаггүй вэ гэхээр Баянмонгол, Кристал таун, Их Монгол зэрэг хорооллуудыг анх төлөвлөхдөө сургууль, цэцэрлэг барих газрыг нийслэлийн боловсролын газрын нэр дээр шилжүүлж өгөөгүй. Энэ асуудлыг бид нийслэлийн газрын алба, ерөнхий төлөвлөгөөний газарт байнга тавьж байгаа. Удахгүй гуравдугаар сарын сүүлээр энэ талаар нэлээд том хэлэлцүүлэг зохион байгуулна. Анхнаасаа хорооллын төлөвлөлт хийхдээ сургууль, цэцэрлэгийн газар гэж тавьдаг боловч тэр нь явцын дунд байхгүй болон барилга, байшин болдог. Төрийн өмчийн цэцэрлэг, сургууль барихаар төлөвлөсөн албан ёсны газрын гэрчилгээг нь нийслэлийн боловсролын газар юм уу боловсролын харьяа байгууллагад шилжүүлж өгөөгүй болохоор тэр газрууд гээгдэн байхгүй болдог учраас тэдгээр хорооллын дунд төрийн өмчийн нэг ч цэцэрлэг байхгүй.  Энэ хороонд төрийн бус өмчийн 23 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг.

-26 дугаар хорооны цэцэрлэгийн насны хүүхдүүд "Натур" төвийн дэргэдэх төрийн өмчийн цэцэрлэгт харьяалагдаж байгаа гэсэн?

-Сая шинээр ашиглалтад орж үйл ажиллагаагаа эхлэх гэж байгаа 256 дугаар цэцэрлэг.

-Тухайн хорооны эцэг эхчүүдтэй уулзахад анх төрийн өмчийн сургууль, цэцэрлэг болно гэж үзүүлж байсан газар Саруул хотхон шинэ байраа барьсан гэж бухимдаж байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-26 дугаар хороонд сургуулийн насны 2701 хүүхэд, цэцэрлэгийн насны 1544 хүүхэд байдаг. Үүнд 133 дугаар сургуулиас гадна 2018 оны төсөвт дахин төрийн өмчийн нэг сургуулийн барилга барихаар тавьсан. Тэрхүү газрыг шийдэх гэж асуудал болон Олимп хотхоны хажууд нэг газар гарсан ч нөгөө компани нь газраа өгөхгүй гээд шүүхийн маргаантай байгаа. Газар нь шийдэгдэх юм бол тэнд ямар нэгэн улс, нийслэл дүүрэг ч юм гадаадын зээл тусламжаар хөрөнгийг нь босгон цэцэрлэг барих боломжтой. Хамгийн гол асуудал нь 26 дугаар хороонд цэцэрлэг барих ямар ч газар байхгүй.

-Энэ онд улсын хэчнээн цэцэрлэг, сургууль барихаар төлөвлөж байгаа вэ?

-Улс, нийслэл, дүүрэг, гадаадын зээл тусламжаар нийтдээ Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 91 цэцэрлэг баригдах төлөвлөгөөтэй байна. Үүний 73 нь 2019 онд баригдаж, ашиглалтад орохоор төлөвлөгдсөн. 2019 онд 73 цэцэрлэг ашиглалтад орсноор цэцэрлэгийн хүчин чадлыг 12255-аар нэмэгдүүлнэ. Цэцэрлэгийн хамрагдалт хүндрэлтэй байгаа. Ганц Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд ч биш.

Төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хүчин чадал өөрөө 42 орчим мянга байдаг. Өнөөдөр 42 мянга орчим хүүхдийн хүчин чадалтай 231 цэцэрлэгт 85220 хүүхэд явж байгаа. Стандартаараа бага ангид 20 хүүхэд, ахлах, дунд ангид 25 хүүхэд байх ёстой бол өнөөдөр 44.6 хүүхэдтэй байгаа гэхээр нэг анги хүчин чадлаасаа 2.1 дахин их хүүхэдтэй нийслэлийн хэмжээнд бүх газраа л хүнд байгаа.

Хүүхдийн хамгийн сайн сурах орчин гэртээ ойр байснаар бүрддэг

Улсын комисс хотхон, хорооллыг хүлээн авахдаа хэрвээ сургууль, цэцэрлэггүй бол хүлээн авахгүй гэсэн зүйл байдаггүй учраас ийнхүү анх төлөвлөсөн зургаа өөрчлөн барилга, байгууламжаар өргөтгөсөөр байгаа аж. Энэ бол хот төлөвлөлтийн нэг доголдол. Хүн амын тоо, газар нутгийн хэмжээтэй нь уялдуулан сургууль, цэцэрлэгүүдийг төлөвлөдөг байсан бол Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо шиг хөл тавих зайгүй шахам шигүү баригдсан орон сууц бүхий хүн ам төвлөрсөн томоохон хорооллуудад улсын цэцэрлэг нэг байтугай баригдах учиртай. Харин сайн жишээ дурдахад, Баянгол дүүргийн 3 дугаар хороо "Нарны хороолол" гэхэд л улсын 960 хүүхдийн сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгтэй нийслэлийн жишиг хороолол юм.

Хэрвээ хотхон, хороололд улсын цэцэрлэг, сургуулийг барьж байгуулбал иргэдийн ая тухтай амьдрах орчин бүрдэн үр хүүхдээ хороолол дамнуулан хол сургууль, цэцэрлэгт зөөхгүй гэхээр адаглаад л түгжрэл тэр хэмжээгээр буурна. Хүүхдийн хамгийн сайн сурах орчин гэртээ ойр байснаар бүрддэг. Хотын удирдлагууд  хотхон, хорооллын иргэдийн тав тух, бяцхан иргэдээ сурч боловсрох нөхцөлөөр хангах асуудалд анхаарлаа хандуулах цаг хэдийнээ болжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. Хүүхдэд ээлгүй хотхон монголчууд бид яаж амьдраад б.а аа яаж хөгжнөө хууль дүрэм байхгүй хогийн газар

    0 0 Хариу бичих
  2. Tiim shuu surguuli tsetserleg heregtei bnaa.

    0 0 Хариу бичих
  3. Энэ хот төлөвлөлт нь юугаа хийж байдын болдоо Том том өндөр өндөр байшин тулгаад тулгаад барьсан явах ч зайгүй шаваал байхым да

    0 0 Хариу бичих
  4. Улсын цэцэрлэг сургуультай болчихвол сайхан л байна. Олимп хотхонд байр анх авахад сургууль барина гээд байсан. Одоо болохоор барихгүй гэхийн ёстой хогийн газар амьдарч байна да.

    0 0 Хариу бичих
  5. 26 р хороонд нийтийн тээврийн чиглэлийг нэмэх хэрэгтэй, хотын төв рүү явах гэж үнэхээр зовох юм

    0 0 Хариу бичих
  6. Стандартаараа бага ангид 20 хүүхэд, ахлах, дунд ангид 25 хүүхэд байх ёстой бол өнөөдөр 44.6 хүүхэдтэй байгаа гэхээр нэг анги хүчин чадлаасаа 2.1 дахин их хүүхэдтэй нийслэлийн хэмжээнд бүх газраа л хүнд байгаа. Тэгэхээр Төрийн өмчийн цэцэрлэгүүд Стандартаа зөрчөөд хүүхдийн эрүүл ахуйн шаардлага хангахгүй цэцэрлэг ажиллуулаад болоод байдаг юм байна. Харин хувийн цэцэрлэгүүдийг МХГ-ынхан торгож хаагаад байдаг ийм л сайхан даа-

    0 0 Хариу бичих
  7. Ганц улсын сургуультай цэцэрлэг ер бхгүйгээс гадна хороолол дундуураа зам бхгүй хашаад хашаад явсан дүнжингаравын уулзвар хүртэл нарийн зам нь байнгын түгжрээтэй дүнжингаравын уулзвар дээр гүүрэн гарц баримаар юм явган хүний зам нь маш нарийхан

    0 0 Хариу бичих
  8. Хотын болон төрийн мануухай нар юу хийж өдөр хоног өнгөрөөдөг байна аа.МАН иргэдийн саналыг авахдаа юу гэж бурснаа мартсан юм болов уу? Мянга яриад хэлдэг хэдэн үгстэй энэ мэтийн асуудлыг шийдэж чадахгүй. Ерөөсөө суурьшмал бүсэд хүн амынх нь тоогоор төрийн үйлчилгээ буюу сургуул цэцэрлэг, эмнэлэг байхаар хуульчлах хэрэгтэй.Хэрвээ ийм хуультай болчихвол нэмж замбараагүй газар олголт бий болохгүй. Яагаад гэвэл заагдсан хүн амынх нь тоо ихэдхээр бол сургуул цэцэрлэг, эмнэлгийн хүртээмж нь байхгүй болж хууль зөрчигдөхөөр байгаа учраас газрыг мөнгөний нүдээр биш бодлогоор хардаг болно. Хууль тогтоох гишүүд, хотын мануухай нар энэ мэтийн энгийн зүйлийг санаачилж чадахгүй бол эргүүлэн татаж улс төрөөс хөөж явуулдаг байх юм бол толгой нь ажиллаж эхэлнэ. Гурилсүх жаалд хамгийн түрүүнд хэлж сануулж анхааруулж үүрэг болгох хэрэгтэй.

    0 0 Хариу бичих