Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирвэл ээлжит бус чуулганаар хэлэлцэх боломжтой юу?

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлсэн сангийн зээлтэй холбоотой асуудлаар прокуророос нэр бүхий таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг удахгүй эхлэх УИХ-ын ээлжит чуулганд оруулж ирэх тухай мэдээлэл гарсан. Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ “Одоо удахгүй Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой асуудлаар таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулж ирэх гэж байгаа юм билээ. Уг нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн асуудалд нэр холбогдсон 23 гишүүн байгаа. Тав таваар нь оруулж ирж байгаа юм билээ. Ээлжит бус чуулганаар, эсвэл ээлжит чуулганы хугацаанд таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулж ирэх юм байна гэж ойлгосон” гэсэн.

Хэрэв УИХ-ын ээлжит бус чуулганаар прокуророос нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулж ирвэл хэрхэн хэлэлцэх вэ гэдэг нь анхаарал татаж байна. Прокуророос гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг чуулганы хугацаанд оруулж ирвэл хоёр өдрийн дотор хэлэлцэн шийдвэрлэх тухай заалт УИХ-ын тухай хуульд бий.

6.11. Улсын Их Хурал чуулганы үеэр энэ хуулийн 6.9.1, 6.9.2-т заасан санал хүлээн авсан бол ажлын 2 өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

Өмнөх тохиолдлуудад чуулганы хугацаанд оруулж ирж байсан учраас дээрх заалтын дагуу хэлэлцэж байлаа. Харин чуулганы чөлөөт цагт УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулж ирсэн тохиолдолд хэрхэн шийдвэрлэх вэ. Энэ тухай мөн УИХ-ын тухай хуульд дараах байдлаар заажээ.

6.12. Чуулганы чөлөөт цагт энэ хуулийн 6.9.1, 6.9.2-т заасан санал хүлээн авсан бол 24 цагийн дотор ээлжит бус чуулган зарлаж чуулганы хуралдаан эхэлснээс хойш ажлын 2 өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

Тэгэхээр ээлжит бус чуулган хуралдахаас өмнө болон хуралдаж байх үед прокуророос нэр бүхий таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулж ирвэл дээрх заалтуудын дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь. Гэвч УИХ-ын тухай хуульд энэхүү процесстой зөрчилдөх нэг заалт бий. Тодруулбал, энэ хуулийн 16.4-т “Улсын Их Хурлын дарга ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудал, хуралдах өдөр, цаг, үргэлжлэх хугацааг товлон захирамж гаргана”, 16.5-д “Ээлжит бус чуулганаар зөвхөн Улсын Их Хурлын даргын захирамжид заасан болон түүнтэй шууд холбоотой асуудлыг хэлэлцэнэ” гэж заасан байдаг. УИХ-ын дарга Г.Занданшатар үүний дагуу захирамж гаргаж ирэх даваа гаригт эхлэх ээлжит бус чуулганаар дараах найман асуудлыг хэлэлцүүлэхээр болсон.

1.Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

2.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

З.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

4.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

5.Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

6.Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал;

7.Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай асуудал;

8.Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудал.

Ээлжит бус чуулганаар зөвхөн УИХ-ын даргын захирамжид заасан асуудлыг л хэлэлцэх ёстой учраас дээрх асуудлуудаас өөр асуудал хэлэлцэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын ээлжит бус чуулган эхэлсэн даруйд прокуророос нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулж ирвэл хуулийн зөрчил гарч тухайн асуудлыг хэрхэн хэлэлцэх вэ гэсэн маргаан өрнөхөөр байна. Хуульч Ү.Амарбатын тайлбарлаж байгаагаар бол УИХ-ын дарга дахин захирамж гаргаж прокурорын саналыг ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх ёстой ажээ. Хэрэв ингэхгүйгээр зөвхөн УИХ-ын даргын захирамжид дурдсан асуудлыг л хэлэлцэнэ гэвэл УИХ-ын дарга өөрөө Үндсэн хууль зөрчсөн хэрэгт унах юм байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээллийн дагуу нэр бүхий таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг ээлжит бус чуулганы хугацаанд оруулж ирэх үү, үгүй юү гэдэг нь ирэх долоо хоногт тодорхой болох юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. ЗХЖШ-ын даргын томилгоо хэд хэдэн хууль зөрчсөн хүн томилохоор Ерөнхийлөгчийн зүгээс зүтгүүлээд байгаа нь сонин бн Эрхбиш бичиг үсэг тайлсан гишүүд байна хуулиа барьна бз Сайн сайн залуу генералууд бн Сүхбат, Ганзориг, Онцгойбаяр, Эрдэнэдалай гээд

    0 0 Хариу бичих
  2. Хэрвээ их хурал хуулиа зөрчвөл өөрөө тарах ёстой алин болгон хууль зөрчдөг эрхэмүүдээр хууль зохиолгож батлуулж явах ёстой гэж

    0 0 Хариу бичих
  3. НӨАТ-ын тухай өөрчлөлт оруулах хэрэгтэй байна Аж ахуй нэгжүүд НӨАТ-д л унаад байгаа ш дээ Тайлагнал, тооцоолол бэрхшээлтэй шүү

    0 0 Хариу бичих