Хэрэглээний зээл хязгаарлаад ямар үр дүн гарав?

Иргэдийн өрийн дарамт сүүлийн найман жилд хоёр дахин нэмэгдсэн. Тиймээс хэрэглээний зээлд хязгаар тогтоохоос өөр аргагүй” гэдэг тайлбарыг Төв банкнаас өгсөн. Тухайлбал, өр тухайн хугацаанд ДНБ-тэй харьцуулж үзвэл 17-18 хувьтай тэнцдэг байсан бол одоо 33-35 хувьтай тэнцжээ. Ингэснээр нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ипотекийн бус иргэдийн хэрэглээний зээлийн хугацаанд 30 сар, иргэдийн өр, орлогын харьцаанд 70 хувийн хязгаар тогтоосон юм.

Нээрэн өнөөдөр Монголд зээлгүй хүн байхгүй гэхэд худал болохгүй. Цалингийн, тэтгэврийн, ипотекийн, гар утас, машин лизингээр тэр бүү хэл зурагт, хөргөгч, угаалгын машинаа хүртэл зээлээр авдаг болсон. Хэрэгцээт зүйлээ худалдан авахдаа өөрийн орлогоор, эсвэл зээлээр гэсэн хоёр сонголт л байдаг. Зээл авсан атал түүнийгээ тансаглалд ашиглах нь их. Тухайлбал, “приус 20”-оо 30 болгох, гар утсаа сайжруулах, зурагтаа томруулах гэж. Ингэснээр авсан цалингаа зээл, зээлийн хүүдээ зарцуулж, өөрөө халаас хоосон хоцордог. Энэ нь тухайн иргэнийг өрийн дарамтад автуулаад зогсохгүй, том зургаараа харвал улсын эдийн засагт сөрөг нөлөөтэй. Нэг үгээр хэлбэл, иргэд нь ирээдүйн хэрэглээгээ өнөөдөртөө авч ирж ашигласнаар таван жилийн дараа зах зээл дээр худалдаа хийх хүнгүй болох юм. Бүгд өнөөдөр хэрэглээгээ зээлээр хангасан. Арилжааны банкнаас зээл гарахгүй зах зээл дээр мөнгө эргэлдэхгүй. Ингэхээр нийтээрээ бэлэн мөнгөний хомсдолд орно. 2018 онд банкны системээс нийлүүлэгдсэн нийт зээлийн хэмжээ 3.9 их наяд төгрөгөөр буюу 20 гаруй хувиар өссөн байна. Хэдий тийм боловч хэрэглээний зээлийн өсөлт бизнесийнхээс өндөр байсан аж. Хэрэглээний зээл нь эргээд импортыг идэвхжүүлдэг. Импорт идэвхжихээр мөнгөний урсгал гадагшаа чиглэж, валютын ханшид нөлөөлдөг. Энгийнээр тайлбарлавал ийм юм.

Нөгөө талдаа хэрэглээний зээлийг хязгаарласан шийдвэр нь бизнесийн зээлийг тэлэх зорилго өвөрлөсөн. Бизнесийн зээл нэмэгдэх нь ажлын байр, орлого нэмэгдэх ач холбогдолтой юм. Энэ талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Банкны ерөнхийлөгч арилжааны банк руу  “Та бүхэн бизнесийн зээл рүү түлхүү анхаарал хандуулж ажиллаарай.  Хэрэглээний зээл нэлээд хурдтай өсөж байна. Энэ нь цааш удаан үргэлжилбэл, иргэдийн өрийн дарамтаар дамжаад хүндрэл учруулж болзошгүй байна” гэдэг мэдэгдэл хүргүүлсэн. Энэ нь арилжааны банк цаашид зах зээл дээр бизнесийн зээл олголт дээр анхаарахгүй бол болохгүй юм байна гэдэг ойлголтыг зах зээл дээр бий болгосон. 2015 оноос  хойш 2018 оны нэгдүгээр улирал хүртэл бизнесийн зээл огт өсөлтгүй байсан.  Энэ хандлага 2018 оны хоёрдугаар улирлаас нааштайгаар өөрчлөгдөж эхэлсэн. Одоо бизнесийн зээл 14-15 хувийн өсөлттэй байна. Энэ бол нааштай том үр дүн. Хоёрдугаарт, арилжааны банкны бизнесийн зээлийн зах зээл дээр өрсөлдөж байгаа өрсөлдөөн нь нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүүгээр өрсөлдөж байгаа. Энэ утгаараа зээлийн жигнэсэн дундаж хүү 20 хувиас 17 хувь руу буурсан. Бизнесийн зээлийг дотор нь задлаад харвал 15-16 орчим хувийн хүүтэйгээр бизнесийн зээлийн нэлээд томоохон хэсэг зах зээл рүү нийлүүлэгдэж байгаа. Эдгээр нь санхүүгийн систем дээр гарч байгаа нааштай өөрчлөлтүүд юм” гэлээ. Түүнчлэн Монголын банкны холбооны ерөнхийлөгч Ж.Үнэнбат “Хэрэглээний зээлийг хязгаарласнаар бизнесийн зээл нэмэгдэж байгаа.  Хэрэглээний зээлийн хугацааг хязгаарласнаар ББСБ-аас зээл авах хүмүүсийн тоо нэмэгдсэн гэдэг асуудал нийтийн дунд байгаа. Ийм асуудал байхгүй. Үүнийг зохицуулж байгаа” гэсэн юм. Ямартай хэрэглээний зээлийг хязгаарласнаар иргэдийн өрийн дарамтыг багасгаж, бизнесийн зээл нэмэх зорилт биелэгдэж байгаа бололтой. Үүний үр дүн зах зээл дээр өнөөдөр биш ч урт хугацаандаа харагдах биз ээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Дандаа жирийн ард түмнийхээ эсрэг шийдвэр гаргах юмаа, хэрэглээний зээл авч хуучин юмаа л сайжруулна биз дээ!!! хугацаа нь багасаад юм ч авч болохгүй байна шүү дээ!!! Тэр баячуудынхаа үнэтэй олон жилээр авдаг юмаа л хязгаарлана биз дээ!!!

    0 0 Хариу бичих
  2. Бизнесийн зээл аваад хэрэглээндээ ашиглаж байгаа нь 100% үнэн.Нэгийг нь хязгаарлахаар нөгөө нь өсөх нь тодорхойшдээ

    0 0 Хариу бичих
  3. Arga yadsan ued zeel av

    2 0 Хариу бичих