Адилхан даргагүй газруудыг алагчлах шалтгаан юу вэ?

УИХ-ын ээлжит бус чуулган ирэх даваа гаригт эхэлнэ. 14 хоногийн турш үргэлжлэх тус чуулганаар найман асуудал хэлэлцэхээр төлөвлөсний гурав  нь томилгоо. Тодруулбал, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Улсын ерөнхий прокурорын орлогч, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэх юм.

Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Г.Давааг Ерөнхийлөгч өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-нд үүрэгт ажлаас нь чөлөөлж, удалгүй өөрийнхөө Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөрөө томилсон. Түүнээс хойших дөрвөн сарын хугацаанд цэргийн албан хаагчид амиа алдсан харамсалтай хэрэг гарч, Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг яаралтай томилохыг шаардсан юм. Үүний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч бөгөөд Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга хошууч генерал А.Ганбатыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилох саналаа зөвшилцөхөөр УИХ-д өргөн барьсан. Уг саналыг нь УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.

Мөн Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбатын бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн нэгдүгээр сарын 15-нд дууссан. Тиймээс түүнийг чөлөөлж, орных нь хүнийг томилох асуудлыг Ерөнхийлөгч ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх санал гаргасныг УИХ-ын дарга хүлээн авч захирамждаа оруулсан юм. Харин Ерөнхийлөгч ямар хүнийг Улсын ерөнхий прокурорын орлогоор томилуулах саналаа УИХ-д хараахан хүргүүлээгүй байгаа бөгөөд ээлжит бус чуулган эхлэхээс өмнө хүргүүлэх бололтой.

Ээлжит бус чуулганаар хэлэлцэх дараагийн томилгоо нь Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын томилгоо. Одоо энэхүү албан тушаалыг хашиж буй хүмүүсийн бүрэн эрхийн хугацаа дууссан, дуусаагүй гэсэн маргаан хуульчдын дунд өрнөж байгаа. Гэвч Ерөнхийлөгч тэдний бүрэн эрхийн хугацаа дууссан гэж үзэж байгаа бөгөөд өнгөрсөн оны тавдугаар сард Авлигатай тэмцэх газрын даргаар Д.Даваа-Очир, дэд даргаар Ж.Батсайханыг томилуулах саналаа УИХ-д хүргүүлсэн юм. Уг саналыг нь УИХ ээлжит бус чуулганаараа хэлэлцэхээр болоод байгаа нь энэ.

УИХ-ын ээлжит бус чуулганаар дээрх томилгоонуудыг хэлэлцэн шийдвэрлэснээр төрийн бүх байгууллага албан ёсны удирдлагатай болохгүй. Цаана нь Татварын ерөнхий газар, Үндэсний аудитын газар гээд албан ёсны удирдлагагүй газрууд бий. Татварын ерөнхий газрын дарга Д.Занданбатыг өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг зөрчсөн гэдэг үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Түүнээс хойш Татварын ерөнхий газар бараг хоёр сар албан ёсны даргагүй байна. УИХ-ын ээлжит бус чуулганы Засгийн газраас өргөн барьсан Татварын багц хуулийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Уг хуулийг батлахад биечлэн оролцох, батлагдсан тохиолдолд хэрэгжүүлж ажиллах гол хүн нь Татварын ерөнхий газрын дарга. Өөрөөр хэлбэл, эхлээд Татварын ерөнхий газрын даргаа томилчихоод, дараа нь Татварын багц хуулиа батлах нь илүү үр дүнтэй. Гэвч Засгийн газар Татварын ерөнхий газрын даргыг яаран томилох шаардлагагүй гэж үзэж байгаа бололтой.  

Албан ёсны удирдлагагүй байгаа бас нэг газар бол Үндэсний аудитын газар. Тус газрын дарга Д.Хүрэлбаатар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлд нэр холбогдож хууль шүүхийн байгууллагад дуудагдах болсонтойгоо холбоотойгоор албан тушаалаасаа түдгэлзээд байгаа. Түүнийг өнгөрсөн арваннэгдүгээр сард УИХ-ын дарга М.Энхболд дуудаж албан тушаалаасаа чөлөөлөгдөхийг санал болгосон юм. Гэвч тэрээр татгалзахгүйгээр түдгэлзэн шалгуулах санал гаргасныг нь УИХ хүлээж авсан. Хууль шүүхийн байгууллага ерөнхий аудиторын гэм буруутай эсэхийг хэзээ тогтоож Үндэсний аудитын газар албаны ёсны удирдлагатай болохыг хэн ч таашгүй. Адгийн зарга арав хоног гэдэг шүү дээ.  

Энэ бүхнээс харвал эрх баригчид албан ёсны удирдлагагүй байгаа бүх газрыг удирдлагатай болгох ёстой гэхээсээ илүү аль байгууллагынх нь даргыг яаралтай томилох, солих нь улс төрийн үйл ажиллагаанд ашигтай вэ гэдэгт анхаарлаа хандуулж байгаа бололтой.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Хянадаг, шалгадаг хүн ямар нэг зүйлд нэр холбогдвол шууд чөлөөлөх нь зөв өө. Яаж эргэж ажиллана гэж бодож явдаг хүн юм бол доо

    0 0 Хариу бичих