Эхлээгүй хөтөлбөрийн үргэлжлэл...

БСШУЯ эдүгээгээс яг дөрвөн жилийн өмнө үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаархи тайлан гаргасан байдаг. Уг тайланд хэрэгжилт “0” хэмээн тэмдэглэгдсэн ганц хөтөлбөр нь “Монгол уран бүтээл” хэмээх сайхан нэртэй байв. Хамгийн их анхаарч, дэмжиж, бүрэн дүүрэн хэрэгжүүлэх ёстой энэ хөтөлбөр тухайн үед гараан дээрээ таг гацаад байсан хэрэг.

Соёл, урлаг хөгжүүлэх сангийн захирал Н.Батмөнх Төр мөнгөгүй байна гээд төслийн санхүүжилт хийгдэхгүй болсон. Тэгээд л овоо явж байсан ажлууд нь нам зогссон доо. urlag.mn (2015.01.27)

Агуулга, зорилтыг нь харах юм бол үнэхээр алга ташин дэмжихээс өөр аргагүй, төсөвлөсөн хөрөнгө мөнгө нь ч гэсэн чамлахааргүй, 10 жил хэрэгжсэний дараах үр дүнд нь сэтгэл хангалуун байж болох нь гэсэн асар их хүлээлт үүсгэсэн энэ хөтөлбөр хугацааны хувьд тэг дундаа орсон ч хийгдсэн ажил нь тэг шахуу үзүүлэлттэй байгаа. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 252 дугаар тогтоолоор “Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөрийг баталж 2015-2025 оны хооронд 10 жилийн хугацаатай хэрэгжүүлэх бөгөөд жил бүр улсын төсвөөс 10 тэрбум төгрөг зарцуулахаар болсон юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хамгийн анхны төслийг Улсын филармонийнхон санаачилж байв. Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг уран бүтээлийн дээжээс толилуулах “Монгол уран бүтээл” нэртэй уг төслийн хүрээнд Монгол Улсын Төрийн хошой шагналт, А Ардын жүжигчин Н.Жанцанноров, Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Нацагдорж, Монгол Улсын Төрийн шагналт З.Хангал, Б.Шарав, Ц.Чинзориг, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Алтанхуяг зэрэг монголчуудын бахархал болсон хөгжмийн зохиолчдын симфони найрал хөгжимд зориулсан шилдэг бүтээлүүд Улсын филармонийн тайзнаа бүтэн улирлын турш тоглогдсон билээ. Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровын тайлбартайгаар үзэгч, сонсогч түмэнд хүрсэн энэхүү тоглолтууд “Монгол уран бүтээл” төслийн сайхан эхлэл, урамтай гараа байв. Улсын филармонийнхны энэ жишгээр бусад соёл, урлагийн байгууллага, мэргэжлийн чуулга, театрууд монгол уран бүтээлийн агуулга, далайц, хамрах хүрээгээ тэлэн өргөтгөх болов уу гэсэн хүлээлт ч байлаа. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар 2017 онд Монголын үндэсний олон нийтийн радиотой хамтран хүүхдэд зориулсан уран  бүтээлийг дэмжих зорилгоор хүүхдийн уран зохиолын радио нэвтрүүлэг, радио жүжиг, сонсдог ном хийх төсөл хэрэгжүүлж, Монголын үндэсний олон нийтийн телевизтэй хамтран “Болжморын цаг”, “Жив жив” нэвтрүүлгийг бага насны хүүхдүүдэд зориулан явуулж эхэлсэн гэсхийгээд л өнгөрсөн таван жилд “Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлууд дуусч байна.

“Монгол уран бүтээл” хөтөлбөр ийнхүү гацсаны учир нь хөрөнгө оруулалттай нь шууд холбоотой. Хөтөлбөрт батлагдсан анхны жил буюу 2015 онд таван тэрбум төгрөг төсөвлөж, цаашид энэ тоо хамгийн багадаа хоёр дахин нэмэгдэх ёстой байсан ч эсрэгээрээ 10 дахин буурчээ.

Өнгөрсөн 2018 онд л гэхэд БСШУСын сайдын багцад “Монгол уран бүтээл” хөтөлбөрт зориулж 500 сая төгрөг л төсөвлөсөн аж. Энэ бол ЖДҮХС-гаас УИХ-ын хэн нэг гишүүний авсан зээлийн талын тал гэсэн үг. Нөгөө талаараа нэгэнт баталсан үндэсний хөтөлбөртөө хийж буй “Амь тариа” төдий мөнгө юм. Уг нь энэ үндэсний хөтөлбөр өөрөө ийнхүү “Амь тариа”-нд орж сэхээний оронд дээр хэвтэх биш, харин ч үндэсний өв, соёл, ардын язгуур урлаг, зан заншлыг сэргээн хөгжүүлж, түгээн дэлгэрүүлж, монгол дархлааг сайжруулах амин дэм нь болох ёстой байлаа. Тиймээс ч “Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөрийг баталсан зорилгоо “Монгол уран бүтээлийг радио, телевиз, киноны зах зээл, цахим орчинд нэмэгдүүлэх замаар хойч үедээ уламжлалт соёл, түүх, зан заншлыг өвлүүлэн уламжлуулах, өв соёлоо хадгалж, хамгаалах, үндэсний соёлоор бахархах үзлээр хүмүүжүүлэх, дэлхийн зах зээлд үндэсний соёлыг сурталчлах, монгол  уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх” хэмээн тодорхойлсон юм. Энэ зорилгынхоо хүрээнд дараах ажлуудыг хийх байв. Үүнд:

- Үндэсний мэргэжлийн уран бүтээлчдийн шинэ уран бүтээлийн нийлүүлэлтийг телевиз, радио, цахим орчинд нэмэгдүүлэх, уран бүтээлийг цахим хэлбэрт хувиргах, зах зээлд нийлүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, цахим орчин дахь үндэсний уран бүтээлийн эзлэх хувийг нэмэгдүүлэх;

- Монгол ардын уламжлалт болон дахин давтагдашгүй үндэсний уран бүтээлийг түгээн дэлгэрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, соёлын биет бус өвийг цахим орчноос суралцах боломжийг бүрдүүлэх;

- Үндэсний агуулгатай уран бүтээлийн урын санг баяжуулах, архив болон хувь хүнд хадгалагдаж байгаа монгол уран бүтээлийг сэргээн ашиглах, хадгалалт хамгаалалтыг сайжруулж, цахим уран бүтээлийн хадгалалтын нэгжийг бүрдүүлэх, дэмжих зорилтуудыг дэвшүүлжээ.

Аль нь хэрэгжсэн, аль нь хэрэгжээгүйг мэргэн уншигчид шууд багцаалах байх. БСШУСЯ-наас өмнө нь хэрэгжүүлж байсан язгуур урлаг, соёлын биет болон биет бус өвийг сэргээх, хадгалан хамгаалах, өвлүүлэх зорилготой төсөл, хөтөлбөрүүд өнгөрсөн таван жилд үргэлжлэн хэрэгжсэн болохоор монгол уран бүтээлийг дэмжих төрийн бодлого хэрэгжсэн нь мэдээж.

Гагцхүү тусгайлан баталсан “Монгол уран бүтээл” хөтөлбөрийн хүрээнд энийг хийсэн гээд барин тавин хэлэх даацтай томоохон зорилтот төсөл, үйл ажиллагаа хэрэгжсэнгүй. Санхүү, эдийн засгийн хүндрэл, төсөв мөнгөний хомсдол гэхээсээ илүү эрх баригчдын сэтгэл, зориг л дутсан хэрэг. Жилд 10 тэрбум төгрөгийн “Монгол уран бүтээл” хөтөлбөрт зарцуулахаасаа гар татсан хэрнээ тусгай сангуудаар дамжуулж хэдэн зуун тэрбумыг хайр найргүй цацсан билээ, тэд. Үндэсний урлаг, уламжлалт өв соёлдоо ингэж ханддаг моод Монголоор дуусч байгаа ажээ. Даяаршиж буй өнөө цагт улс орон бүр өөрсдийн үндэсний өв, соёлоо хамгаалахад анхаарч, үндэстнийхээ өнгө аяс, өвөрмөц онцлогийг тусгасан уран бүтээлийг уухайлан дэмжиж, сурталчлах болсон. Австри улс л гэхэд батлан хамгаалах салбараасаа хэд дахин илүү хөрөнгийг соёлын салбартаа төсөвлөж, үндэсний урлаг, уран бүтээлүүдээ санхүүжүүлж байх жишээтэй. Өмнөд хөрш БНХАУ 56 үндэстэн, ястныхаа өв уламжлал, зан заншил, соёл, урлагийг дэмжиж сэргээн хөгжүүлэх, сурталчлах тал дээр сүүлийн жилүүдэд асар их хөрөнгө, хүч хаяж байгаа. Тэд Өвөрмонголын өөртөө засах орныг монгол соёлын том төв болгож, жуулчдыг татаж эхлэв. Монголын түүхтэй холбоотой хөшөө дурсгал, музей, галерей, монгол соёлын биет бус өвийг сурталчлах наадам, тэмцээн, монгол агуулга бүхий тайз, дэлгэцийн бүтээлүүдийг хятадууд бодлогоор дэмжин дэлгэрүүлж байна. Бидний хайхрахгүй байгаа эрдэнэсийг айл хөршүүд маань олж аваад өөрийн болгочихож байгаад тэднийг буруутгах аргагүй шүү дээ. Эдэндээ эзэн болж чадаагүй өөрсдөдөө л гомдохоос яахав. Түүнчлэн үндэстнийхээ соёл, урлагийг хүчтэй сурталчилж, түгээн дэлгэрүүлж буй солонгосуудыг, эсвэл хятад, япончууд, америкчуудыг муулаад ямар ч нэмэргүй. Гагцхүү монгол дархлаагаа л сайжруулах ёстой. Тэр дархлаа нь монгол уран бүтээлд хадгалагдана. Энэ нь олон нийтийн мэлмий, сонорыг мялаах бүтээлүүдийн 50-иас дээш хувь нь монгол агуулгатай байна гэдгээс эхлэх юм. “Гадаадын гэдгээр нь аливаа бараа таваарыг алагчлахгүй байх ёстой” гэсэн Дэлхийн худалдааны байгууллагын нэгэн алтан зарчим бий. Тус байгууллага энэ зарчмыг баримтлахыг гишүүн орнуудаасаа шаарддаг. Бараа таваар гэдгийг өгүүлж буй сэдэвтэй холбон өргөн утгаар нь хэрэглэх аваас соёлын өв, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үр дүнд бий болсон бүтээгдэхүүнүүд, урлагийн бүтээлүүдийг гадаадынх гэдгээр нь ялгаварлах нь Дэлхийн худалдааны байгууллагын зарчимд нийцэхгүй болж таарна. Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орны хувьд тус байгууллагын дүрэм, журмыг дагана. Үндэстний дархлаа, даяаршил хоёр ийн огтлолцож байгаа хэрэг. Гэхдээ үүнийг шийдэхийн тулд 1996 онд Уругвайд болсон Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрээр телевиз, дэлгэц, радио, хөгжмийн бүтээлүүд нь чөлөөт зах зээлийн хуулийг дагах албагүй бөгөөд улс орон бүр өөрийн соёлын дархлааг хадгалахын тулд гадаадын бүтээлийг өөрийн орны зах зээлд нэвтрүүлэхэд квот тогтоож болно гэдгийг Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн хоёроос бусад улс орнууд хүлээн зөвшөөрсөн тогтоол гаргажээ.

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл: Тайз, дэлгэцийн уран бүтээл, уран зураг, ном зохиолын тухайд төрийн уламжлалт дэмжлэг үргэлжлэхийн зэрэгцээ даяаршсан нийгэмд монгол хүний соёлын хэрэгцээг хангахын тулд “Монгол уран бүтээл” хөтөлбөр шиг цахим, телевиз, радио орчин руу хандсан хөтөлбөр яах аргагүй хэрэгтэй болох нь судалгаагаар тогтоогдсон учраас энэ хөтөлбөрийг анх санаачилж батлуулсан.

Төгсгөлд нь хэлэхэд, ургаагүй дэрсний үзүүрээс төрөөгүй туулайн бүжин барихын үлгэрээр хэрэгжээгүй хөтөлбөрөөс биежээгүй үр дүн нэхэх одоохондоо эрт байна. Юутай ч энэ онд Соёл, урлагийг дэмжих сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр “Монгол уран бүтээл” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төслийн сонгон шалгаруулалтыг саяхан зарлажээ. “Эхлээгүй” хөтөлбөрийн үргэлжлэл энэ жилээс эрчээ авах болтугай.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)