МАЛ, МАФИ, ТӨР гуравтайгаа байхад...

“Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” Монгол Улсын Үндсэн хууль

Мал нь төрийн хамгаалалтад байдаг атлаа хүнээ хамгаалдаггүй гэж шүүмжилдэг хүмүүс бий. Энэ бол нэг л өнцөг. Өөр талаас нь харах юм бол малаа хамгаална гэдэг харин ч хүнээ хамгаалж байгаа хэрэг юм.

Учир нь монгол мал эрүүл бол монгол хүн эрүүл байна. Эдийн засгийн үр өгөөж, ашиг шим, таваарлаг байдал гээд ярих юм бол эрүүл малаас л энэ бүгдийг авна уу гэхээс биш хатиар, гувдруу, хачиг шалзанд баригдсан, эсвэл шүлхий, боом, мялзангаар өвчилсөн малаас ашиг шим байтугай арьс ширний тасархай ч үлдэхгүй. Тиймээс Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах, Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай гэх мэт хуулиудыг төрөөс баталж, мөн “Монгол мал”, “Малын эрүүл  мэнд” тэргүүтэн олон арван хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, Мал хамгаалах сан байгуулан ажиллуулж ирсэн. Эдгээрийн хэрэгжилт, үр дүн нь харин хэлэхэд хэцүү, бодоход бачуу.

Эрх мэдэлтнүүд эрүүл мал гэж эрүүгээ чилтэл ярьсаар ирсэн ч үнэндээ эсрэгээр нь хийж иржээ.

Малаа эрүүлжүүлж байж мах, сүү, цагаан идээнээс эхлээд арьс шир, нэхий, ноос, ноолуур гээд малын гаралтай аливаа бүтээгдэхүүний чанар чансаа сайжирна. Тэнэг хүнд ч ойлгомжтой энэ аксиомыг төр, засгийн эрх мэдэлтнүүд ойшоодоггүй. Тиймээс малын эрүүл мэндийн асуудлыг сүүлийн 30-аад жил зоосны нүхээр харж ирсэн юм. Хэн, хэзээ хэрхэн яаж гэдгийг нь тоочих юм бол “Хүрээний бузрыг ухвал далай, далай” гэдэг шиг л юм болно.

Вакцины мафи

Малын вакцин гэдэг асар том далд бизнесийн талбарт улс төр, бизнесийн бүлэглэлүүд “алалцаж” байдгийг дурдахад л хангалттай. Энэ талаар цаасан хэвлэл хийгээд цахим орчинд хангалттай баримтууд бий. “Биокомбинат”-ийн ерөнхий технологич, үйлдвэрлэл технологийн албаны дарга Ц.Өлзийтогтох “Шүлхий тараадаг, вакциныг нь авч ирж зардаг мафийн бүлэглэл Монголд бий болсон” хэмээн хэвлэлд ярьсан байдаг. Энэ ноцтой асуудлыг улс төрийн хүрээнийхэн, хууль хяналтынхан сайн мэддэг ч арга хэмжээ авдаггүй байна. Үе үеийн Засаг дарга, сайд болон мал эмнэлгийн үржлийн газрын дарга нар монополжиж, вакцины мафи, бүлэглэл шинжтэй зохион байгуулалтад орсон байдгийг ч дээрх эрхэм ярилцлагадаа онцолсон байдаг. Тэд наад зах нь шүлхий, цэцэг, мялзан зэрэг өвчний вакцинуудыг ганцхан жилд хэдэн арван тэрбумаар нийлүүлж, мөнгө луйварддаг ажээ. Ганц баримт дурдахад, 2014 оны гуравдугаар сард Гурвалжингийн гүүрэн доорх гаалийн баталгаат агуулахад хөлдүү вакцин их тунгаар ирсэн талаарх мэдээллийн мөрөөр хэвлэлийнхэн сурвалжилж байв. Тухайн үеийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны захиалгаар БНХАУ-аас оруулж ирсэн 1.6 сая тун шүлхийн эсрэг вакциныг оруулж ирсэн компани тээвэрлэх, хадгалах явцдаа хөлдөөж чанарыг нь алдуулан улсын төсвийн 2.5 тэрбум орчим төгрөгийг үнэгүйдүүлсэн байж болзошгүй нөхцөл илэрч байсан юм. Мөн Монголдоо цорын ганц бөгөөд төрийн өмчит малын вакцины үйлдвэр “Биокомбинат”-ын захирал нь стандартын шаардлага хангахгүй вакцин үйлдвэрлүүлчихээд, түүнийгээ устгах ёстой байтал Монгол Улсын нэрийн өмнөөс хөндлөнгийн хяналт шалгалт хийдэг лабораторийн Баталгаажуулалтын албаны даргыг нь тус үйлдвэрээсээ цалинжуулж байгаад “хэрэглэж болно” гэдэг дүгнэлт гаргуулсан тохиолдол бий. Энэ талаар уг хэргийг шалгасан прокурорын дүгнэлтэд тодорхой байдаг юм билээ. “Биокомбинат”-ынхан” үйлдвэрлэсэн вакцинаа хөндлөнгийн лабораториор шалгуулдаг. Тухайн вакцин идэвхгүй, эсвэл чанарын шаардлага хангаагүй байна гэдгийг шалгадаг уг хяналтын байгууллагад ажиллаж байсан хүнийг “Биокомбинат”-д ажилд авангуутаа 10 сая төгрөгийн урамшуулал өгсөн байдаг. Үүнийг урамшуулал гэж үзэх боломжгүй, авлигын шинжтэй нь илт. Ингээд нөгөө идэвхгүй гэж дүгнэсэн вакциныг нь идэвхтэй байна гэж дүгнэлт гаргаад орон нутагт явуулсан аж. Нийт 70-80 сая төгрөгийн үнэтэй, чанарын шаардлага хангахгүй вакциныг хөдөө орон нутагт “шахжээ”. Тарилгын хөлс нь мөн 70-80 сая төгрөг гэхээр улсад 160 сая төгрөгийн хохирол учирсан гэсэн үг. Үүнийг ЖДҮХС-гаас зээл гувчуулагчдын дэргэд бутархай шахуу мөнгө юм гэж бодъё гэхэд идэвхгүй, стандарт бус вакцин тариулсан мал эрүүл байж чадах уу, тийм малын махыг идсэн хүний биед ямар нэг эрсдэл гарах уу гэдэг нь хамгийн ноцтой асуудал. Харамсалтай нь үүнд хэн ч хариулж чадахгүй.

Төрийн хамгаалалтад байх ёстой мал сүрэг түрийвчний хамааралд орсноос ийм харамсалтай, эмгэнэлтэй явдлууд гарсаар байгаа юм. 

Жиргээч Ц.Бат Монгол малын махыг шүлхий биш вакцины мафи нь л сөнөөж, сүйдэлж байгаа юм. Вакцины бизнест төр монополио тогтоох хэрэгтэй.Мал эмнэлгийг шинжлэх ухаантай нь буцааж нийлүүлэхээс өөр гарц байхгүй. Монголчууд ч өөрсдөө буруу вакцины махнаас асар ихээр хордож байгаа нь нууц биш.

Шадар сайд Ө.Энхтүвшин Төр өөрөө вакцины асуудлыг мэдэлдээ авъя гэж байгаа нь маш зөв. Тэгэхгүй хувийн компаниудаар хийлгэдэг явдал бол маш сэжигтэй. Зориудаар юм үүсгээд, тэгээд нөгөө вакцин нийлүүлэхийн тулд хийдэг байж магадгүй.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Манайх өнөөдөр махаа экспортолж чадахгүй байгаа хамгийн гол асуудал нь эрүүл бус малтайдаа бус эрүүл малаа баталгаажуулж чадахгүй байгаад л байгаа юм.

Биокомбинатыг үнэгүйдүүлэх санаархал

Үүнээс гадна вакцинжуулалтад хамрах малын хувь нь хангалтгүйг олон нийт бараг мэддэггүй.

Вакцинд хамрагдсан малыг нийт малын тоо толгойд харьцуулахад даанч чамлалттай тоо гарна. Манай улс 2018 оны мал тооллогоор 66.2 сая мал тоолуулсан. Гэтэл улсын хэмжээнд жилд ердөө 1-1.5 сая толгой мал л вакцинжуулдаг байна. 

Хүчин чадал, боломж бололцоо нь тийм аж. Энэ бол 2017 оны арванхоёрдугаар сард Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг батлах үеэр УИХын чуулганы танхимд яригдсан мэдээлэл. Тэгэхээр манай улсын хэмжээнд вакцинжуулж байгаа малын тоо толгой халдварт өвчнүүдээс бүрэн хамгаалахад хангалтгүй ч вакцин импортлон оруулж ирж буй компаниудад бол хангалттай ашиг орлого олох хэмжээнд байдаг гэж ойлгох хэрэгтэй аж. Хонь бүрэн, чоно цатгалан гэдэг шиг л вакцины наймаачид ашигтай, мал нь өвчтэй хэвээр олон жил явж иржээ. Тиймээс шүлхий өвчин л гэхэд жил алгасалгүй шахам дэгддэг. Өнгөрсөн 2018 онд 13 аймгийн 41 суманд шүлхий өвчин гарч, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт хүртэл энэ өвчний улмаас хөл хорио тогтоосон. Гоц халдварт шүлхий өвчин бол худалдааны хориг бүхий мал, амьтны халдварт өвчнүүдээс нэгдүгээрт жагсдаг. Шүлхий өвчин гарсан улс орон, бүс нутгаас малын гаралтай бүтээгдэхүүн экспортлох боломжгүй гэсэн үг. Энэ бүхэнд цэг тавих уг нь амархан. Шийдвэр нь ч, шийдэл нь ч бэлэн бий. 1923 онд үүсэн байгуулагдсан “Биокомбинат” био технологийн үндэсний үйлдвэр малын эм, бэлдмэл, вакцин, оношлуур, бактерин үйлдвэрлэж байгаа. Уг үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, өргөтгөн, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангахад Унгар улсаас 25 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлийг олгохоор болсон ч ажил хэрэг бололгүй өнөөг хүрсэн. Энэхүү зээлийн асуудал 2008 онд анх яригдаж эхэлсэн ч манай талаас тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсаар байгаад хүчинтэй хугацаа нь дууссан юм билээ. Ингээд 2015 оноос уг зээлийг дахин хөөцөлдсөнөөр төслийг нь 2016 онд УИХ-аар батлуулжээ. Гэвч түүнээс хойш мөн л сунжирсаар өнгөрсөн 2018 оны наймдугаар сард л сая нэг юм Унгар улсаас манай улсад суугаа Элчин сайдтай Мал, эмнэлгийн ерөнхий газрын удирдлагууд санамж бичигт гарын үсэг зурж, “Биокомбинат”-ын өргөтгөлийн ажлыг яаралтай эхлүүлэхээр болоод байгаа юм.

Ердөө хоёрхон жилийн дотор өргөтгөлийн барилгыг шинээр барьж, 15-20 сая тун хуурай, 10-15 сая тун шингэн вакцин үйлдвэрлэх хүчин чадалтай, технологийн хувьд шинэ үйлдвэртэй болох боломж байсаар атал тамын тогооны үлгэрээр хойш татсаар 11 жил болж байгаа нь харамсалтай. 

“Биокомбинат”-ын өргөтгөлийн дэргэд олон улсын чанарын түвшинд шалгах лабораторийг мөн байгуулах юм. Ийнхүү Европын стандартад нийцсэн малын эм, вакцин, био бэлдмэлийн үйлдвэртэй болж, үйлдвэрлэсэн вакцинаа орчин үеийн өндөр хүчин чадалтай лабораторид шинжилж, шалгаж байх нь хэнд ашиггүй байгаа хэрэг вэ? “Биокомбинат”-ыг ашиггүй ажиллуулан алдагдалд оруулж, улмаар хувьчилж авах сонирхол улстөрчдөд бий. Улс энэ үйлдвэрээ өөрийнхөө хяналтад байлгаж зөв удирдан хөгжүүлдэг байх юм бол бид ирээдүйд мал, амьтны халдварт өвчнөөс айхгүй. Энэ талаар Монгол Улс хэний ч хараат биш байдлаар үйл ажиллагаа явуулна. Эсрэгээрээ “Биокомбинат”- ыг үнэгүйдүүлж байгаад нэг л өдөр хувьчлаад авлаа гэж бодъё. Тэгвэл одоо үйлдвэрлэж байгаа 20 гаруй төрлийн  вакцин, 20 гаруй төрлийн оношлуурыг бүгдийг нь үйлдвэрлэхээ болино. Ашигтайг нь харж байгаад л “За энэ тав нь мөнгө олж болох юм байна, энэ таван вакцинаа хий. Бусдыг нь больё” гэхийг үгүйсгэхгүй. Тэр үйлдвэрлэхээ больсон 15 вакцин дотор нь Монголд гардаг мал, амьтны халдварт өвчнүүдийн эсрэг вакцин байж таарна. Ингээд хувийн үйлдвэр дээр очоод та нар яагаад энэ вакциныг хийхгүй байгаа юм гэх юм бол “Та нар цаашаа бай. Бид хувийн үйлдвэр. Юу хийхээ өөрсдөө мэдье. Та нар авах гээд байгаа юм бол мөнгөө өг” гээд л өндөр үнэ хэлнэ. Бүр муугаар бодоход “Биокомбинат”хувьчлагдсанаар үйлдвэр нь хаагдаж, байхгүй болбол яах вэ. Хятад, оросуудын өмнө очоод сөгдөнө. Манайд ийм өвчин гарчихлаа, тийм вакцин өгөөч гээд гуйна. Тэд өөдөөс тэдэн төгрөгөөр авбал ав, байвал бай гэнэ. Ийм л эрсдэлтэй байдал үүсэх вий гэсэн болгоомжлол олон хүнд бий. 

“Биокомбинат” бол улс орны үндэсний аюулгүй байдалтай холбоотой, стратегийн чухал үйлдвэр. Хэзээ ч дампуурах ёсгүй, дампууруулж болохгүй, хувьчилж болохгүй чухал үйлдвэр билээ.

Унгарын Ерөнхий сайд Вектор Орбан 2016 оны нэгдүгээр сард Монголд айлчлах үеэрээ манай сайд нартай уулзахдаа нэг зүйлийг цохон тэмдэглэж байсан юм.

Унгарын Ерөнхий сайд Вектор Орбан Манай Унгар яг ийм био бэлдмэл, вакцины үйлдвэртэй байсан. Түүнийгээ гаднын байгууллагад хувьчлаад өгчихсөн. Энэ бол бидний хамгийн том алдаа байсан. Тийм учраас та бүхэнд дахин хэлье. Мал, амьтныхаа эрүүл мэндийн асуудлыг өөрсдөө шийддэг, гартаа барьдаг байх ёстой. Стратегийн чухал ач холбогдолтой үйлдвэрийг битгий хувьчлаарай, битгий гаднын байгууллагад худалдаж зараарай.

Энэ үгээ тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийг Унгарт айлчлахад дахин давтан хэлжээ.

“Хуульгүйдүүлэх” санаархал

“Биокомбинат”-ын өргөтгөл шинэчлэлтийн төслийг 10 гаруй жил гацаасан шигээ манай улстөрчид малын эрүүл мэндтэй салшгүй холбоотой нэгэн хуулийн төслийг мөн л хав дарчихаад байгаа. Тэр нь Мал эмнэлгийн тухай хуулийн төсөл юм. Уг хуулийн төслийг Швейцарийн хөгжлийн агентлаг ХХААХҮЯ-тай хамтран боловсруулж бэлэн болгосон юм билээ. Монгол Улс малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийнхээ экспортыг нэмэгдүүлэхийн тулд Мал эмнэлгийн тусгай хуультай болж, олон улсын стандартад нийцсэн мал эмнэлгийн үйлчилгээг нэвтрүүлэн малаа эрүүлжүүлэх шаардлагатайг гадаадынхан хэлээд байхад манай эрх баригчид, шийдвэр гаргагчид ойлгодоггүй бололтой. Хэрэв Монгол Улс бие даасан мал эмнэлгийн хуультай болбол малын өвчлөл буурч, одоогийн ойлгомжгүй мал эмнэлгийн үйлчилгээ, малын эмч нар стандартад нийцсэн үйлчилгээг үзүүлдэг болох юм.

“Мал сүрэг бол Монгол Улсын үндэсний өвөрмөц, нөхөн сэргээгдэх баялаг, Монголын соёл, уламжлалыг хадгалан авч яваа дэлхийн үнэт өв сан, тогтвортой хөгжлийн үндэс, эдийн засгийн тулгуурын нэг бөгөөд хүн амын амьжиргааны гол эх үүсвэр, хүнсний аюулгүй байдлын баталгаа, малчин өрхийн эдийн засгийн үндэс юм”

УИХ-аас баталсан “Монгол мал” хөтөлбөрт ийнхүү яруу тодоор тунхаглан, тодорхойлсон байдаг. Үнэхээр монгол мал өвөрмөц онцлогтой. Монгол нутагт 800 гаруй төрлийн ургамал ургадгийн 500 гаруй төрлийг нь монгол мал иддэг. Үүний 300 гаруй төрөл нь эмийн ургамал байдаг ажээ. Үүгээрээ монгол малын мах ангийн махтай адил. Өөрөөр хэлбэл байгалийн цэвэр бүтээгдэхүүн ажээ. Дөрвөн цагийн эргэлтэд, байгаль цаг уурын өвөрмөц, эрс тэс нөхцөлд дасан зохицож, усны тунгалгийг ууж, өвсний сорыг идэж байгаа бэлчээрийн малын мах химийн бодис, бордоогоор тэжээдэг малынхаас эрс өөр гэсэн үг. Тиймээс биологийн нэмэлт бүтээгдэхүүн болох хэмжээний амин дэм, шим тэжээлтэй гэж үздэг. Гагцхүү малаа эрүүлжүүлж, үүлдэр, угсааг нь сайжруулж байж ийм өндөр чанартай, шим тэжээллэг бөгөөд таваарлаг мах хүнсэндээ хэрэглэх боломжтой. Тэгж гэмээнэ монголчуудын хүнсний аюулгүй байдлын хамгийн том баталгаа бий болох юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. “Шүлхий тараадаг, вакциныг нь авч ирж зардаг мафийн бүлэглэл Монголд бий болсон” ГЭНЭ ҮҮ?? ЭНЭ ҮНЭН ГЭЖ ҮҮ ? ХЭРЭВ ҮНЭН БОЛ АРАЙ ДЭНДНЭЭ, УРВАГЧААС Ч ДОЛООН ДОР АДГИЙН АМЬТАД Л ИЙМ ЮМ ХИЙХ БАЙХ :(

    0 0 Хариу бичих
  2. үүлдэр сайжруулах ажилыг нь малчин байгаль хоерт нь даатгаарайдаа.сэхээтэн нэртэй үмбүү нүүдээ.ккк

    0 0 Хариу бичих