Монголчууд “нойрны төв”-тэй боллоо

Монголдоо анх удаа Улсын эмнэлгүүдийн хэмжээнд "Нойрны төв"-ийг байгуулж байгаа бөгөөд нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт байгуулагдсан тус төвд нойрны асуудалтай, нойрны эмгэгээс болж шаналж буй, хурхирдаг хүмүүс хандаж болох аж. Нойрны төв нь тус эмнэлэгт өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд "Дэлхийн нойрны өдөр"-ийг тохиолдуулан албан ёсоор нээлтээ хийж байгаа аж.   

Нойргүйдэх буюу нойрны элдэв эмгэгээс болж даралт ихсэх, зүрхэнд шигдээс, тархины харвалт, чихрийн шижин, сэтгэн бодох болон танин мэдэх чадвар буурах зэрэг хүндрэлүүд үүсч байдаг аж. “2015 онд хийгдсэн асуумж судалгаагаар монгол улсын хүн амын 32 хувь нь нойрондоо амьсгал тасалдах эмгэгийн өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан байдаг” гэж Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Сургалт, эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны албаны дарга Д.Шүрэн Нойрны төвийн нээлтийн үеэр хэллээ. Нойрны төв нь нойрны олон үйлдэлт бичлэгийн хоёр багаж, эерэг даралтат тогтмол агаарын эмчилгээний гурван багажтай. Нойрны олон үйлдэлт бичлэгийн багажаар хүнийг унтаж байх бүтэн шөнийн туршид тархины цахилгаан бичлэг, нүдний алимны хөдөлгөөн, хамрын болон цээж, хэвлийн амьсгалын хэмжээ, цусан дах хүчилтөрөгчийг хэмжих зэрэг олон үзүүлэлтийг видео камерийн хамт хянаж, нойрны эмгэгийг нь тодорхойлох гэнэ.  

Нойрны төв нь өнөөдрийг хүртэлх нийт 37 иргэнд эмчилгээ, үйлчилгээ үзүүлжээ. Иргэд харьяалал харгалзахгүйгээр ЭМД-аараа үйлчлүүлэх боломжтой гэдгийг онцлох хэрэгтэй болов уу.

Нойрны эмгэгийн үед

  • Хурхирах
  • Унтаж чадахгүй хөрвөөх
  • Өдрийн ихэнх цагт нойрмоглох
  • Өглөөд толгой өвдөж сэрэх
  • Хөл үргэлж өвдөх, татганах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Манай улсын хэмжээнд нойрны асуудалтай, нойрны эмгэгтэй иргэд цөөнгүй байдаг ч энэ талаар нарийн судалсан судалгаа байдаггүйгээс гадна тодорхой хийгддэг эмчилгээ ч ховор байжээ.

Нойр нь бие организмын оршин тогтнох онцгой хэлбэр бөгөөд хүн дунджаар өөрийн амьдралын гуравны нэгийг унтахад зориулдаг гэсэн сонирхолтой дүн ч бий. Насанд хүрсэн хүний өдөрт 7-8 цаг, хүүхэд 10 цагаас багагүй унтах хэрэгтэй гэсэн ДЭМБ-ийн зөвлөмж бий.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Haana ali emneleguudeer bn

    0 0 Хариу бичих
  2. Төлбөртэй гэж зурагтаар дарга нь ярилаа ямар үнэтэй юм бэ яагаал даатгалаараа үзүүлж болдоггүй юм бэ би баянзүрх дүүргийн хүн хаана ч очсон дандаа төлбөртэй гэхийн даатгалаараа зөвхөн өрхийн эмнэлэгт үзүүлэх эрхтэй гэвч тэнд нь ямар эмчилгээ шинжилгээ байхгүй зөвхөн л та тийшээ ийшээ очиж шинжилгээ өг үзүүл гэж хэлэх л үүрэгтэй тэгээд очсон газар бүр нь өндөр үнэ хэлдэг гэтэл тэтгэврийн 250 мянган төгрөг хаанаа ч хүрэхгүй улсад 24 жил ажиллачихаад дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу явна над шиг зовлонтой хүн их байгаа байхаа даатгалаараа хаана ч очоод үзүүлж шинжилгээ өгөхсөн

    21 0 Хариу бичих