Он гарсаар гаалийн байгууллага 325 хууль бус үйлдэл илрүүлжээ

Гаалийн шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн талаар Гаалийн ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. 2018, 2019 онд гаалиар хууль бусаар нэвтэрч буй бараатай холбоотой гаалийн хяналт шалгалтын нөхцөл байдлаас харахад тодорхой нэр төрлийн бараатай холбоотой зөрчилт үйлдлүүд  дахин давтагдаж, арга нь нарийсан зохион байгуулалттай болж байгаа гэнэ.

Гаалийн ерөнхий газрын Гаалийн улсын ахлах байцаагч Ч.Тамираа “2018 оны байдлаар улсын хэмжээнд нийт санаатай болон санаагүй хэлбэрээр Монгол болон гадаадын иргэдийн үйлдсэн 2028 зөрчлийг илрүүлсэн. Эдгээрийн 63 нь урьдаас төлөвлөгдсөн гэмт хэргийн шинж чанартай үйлдэл байна. Ингэхдээ нийт зөрчил гаргасан иргэдээс 2.1 тэрбум төгрөгийн торгууль ногдуулж авсан. Зөвхөн зөрчлийг илрүүлэх чиглэлээр гаалийн байгууллага ажилласнаар 8.5 тэрбум төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн.

2019 оны эхний хоёр сарын байдлаар гаалийн байгууллага  325 хууль бус  үйлдлийг илрүүлсэн. Эдгээрийн 15 үйлдэл нь гэмт хэргийн шинж чанартай байсан бас эм эмийн бүтээгдэхүүн, хар тамхитай холбоотойгоор гарсан зөрчлүүд ихээр илэрсэн. Хэрэгт холбогдогчид нь бүгд Монгол Улсын иргэд байсан ба гадаад улсад богино хугацааны буюу аялал, сургалтад суух, уулзалтад оролцох зорилготой байсан аж.  Ийм тохиолдолд хар тамхи, мансууруулах бодисыг тээвэрлэгч нь шууд гэмт хэрэгт холбогддог, энэ төрлийн зөрчил түгээмэл байгааг сэрэмжлүүллээ.  Түүнчлэн гаалиар импорт, экспорт хийж байгаа аж ахуй нэгж байгууллагууд татвараас зайлсхийх зөрчил их гардаг тул хуулийн хүрээнд татвараа төлөх үүрэгтэйг сануулав.

Тухайлбал, энэ сарын 11-нд Улаанбаатар хотын гаалийн газарт БНСУ-аас Монгол Улсын иргэн Н-ийн нэр дээр 70 кг жинтэй 2 хайрцаг “Миний хувийн хэрэглээний эд зүйлийг зохих журмын дагуу олгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан.

Эрсдэл тооцож гаалийн хяналт шалгалт хийхэд  1 хайрцгандаа  100 жижиг хайрцагтай Кундам ампултай тариа нийт 400 хайрцаг 3,200 ампул тариа  хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан. Эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрлийн дагуу  импортлох эм, тариа илэрсэн тул хойшлуулшгүй ажиллагаа явуулж үзлэг хийсэн тухай тэмдэглэл үйлдэж, фото  зургаар баталгаажуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Зөрчлийн талаарх мэдээллийг харьяалагдах прокурорын байгууллага болох Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн. Тиймээс эм, эмийн бүтээгдэхүүн авахдаа заавал гаалийн хяналтаар нэвтэрсэн эсэхийг нь нягталж үзэхийг анхааруулж байна" гэв. 

2019 он  гарснаар эхний хоёр сарын байдлаар хар тамхины хэрэгтэй холбоотой 5 зөрчилтэй үйлдлийг илрүүлжээ.

Иргэд хилээр орж гарахдаа дайвар ачааг авахгүй байх хэрэгтэй. Дайвар ачааг аваад улсын хилээр нэвтэрч байгаа хүн гэмт хэргийн субъект болдог тул гаалийн албаныхан онцгой анхаарууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)