Н.Пүрэвдорж: Бид өдий дайтай яваа нь Г.Доржсамбуу багшийн минь гавьяа

Монголын тайз, дэлгэцийн гарамгай зүтгэлтэн, нэрт найруулагч, жүжигчин, багш Гүрсэдийн Доржсамбуугийн 70 насны ой өчигдөр тохиов. Нэрт найруулагчийн 70 насны ойд зориулсан "Тэнгэр мэднэ" дурсамж, хүндэтгэлийн тоглолтын эхэнд Г.Доржсамбуугийн нэрэмжит "Арслан" театраас театрын шилдэг уран бүтээлчдэд таван жил тутамд олгодог "Арслан" цомоо гардуулсан юм. "Арслан" цомыг шилдэг найруулагч номинациар хүртсэн Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын ерөнхий найруулагч, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Пүрэвдоржийн дурсамжийг толилуулж байна. Тэрээр Г.Доржсамбуу найруулагч өөрөө сонгон авч элсүүлж, дөрвөн жил хичээл заан, дааж төгсгөсөн цорын ганц ангийн 25 оюутны нэг юм. 

Ц.Цолмон эгчийгээ дагалдан болгох хэрэг тарьж явлаа
Би 1980 онд Анагаах төгсчихөөд нэг хэсэг лаборант хийж байлаа. Урлагт сонирхолтой учир яах аргагүй театрт дурласан. Ингээд тэр жилийнхээ  долдугаар сард ардын жүжигчин С.Гэндэн багш  намайг хөтөлж Хүүхэлдэйн театрт оруулж урлагт хөтөлсөн. Ингээд Хүүхэлдэйн театрт дагалдан жүжигчин болсон юм. Ардын жүжигчин А.Очирбат гуай, С.Гэндэн багш, хар Раднаа гэж жүжигчин байсан. Мөн Хүүхэлдэйн театрын дарга нь Далхсүрэн гэж  хүн байсан. Гавьяат жүжигчин Л.Лхасүрэн багш эд нар шалгаад авч байлаа. Зуу гаруй хүүхэд шалгуулж байсан. Тэд намайг анагаахын хүн жүжигчин болохоор цалин чинь буурна штээ гэж байсан. 
-Урлагт сонирхолтой юу?
-Сонирхолтой юм аа, би гээд л шалгуулж тэнцээд Хүүхэлдэйн театрт орсон. Тэгээд дагалдан болоод удаагүй байсан нэг бүдүүн нөхөр явж байна. Янзтай зузаан эр юм. “Энэ хэн бэ?” гэсэн “Г.Доржсамбуу найруулагч. Киевт найруулагчийн дээд төгсөөд ирсэн. Ч.Чимид гуайн “Хүний санаа”-гаар дипломын ажлаа хамгаалсан мундаг амьтан” гэж байна. Тэр жүжгийг нь  үзсэн чинь үгүй мөн гоё байна аа. Ц.Цолмон эгч гол дүрд тоглоод л. Би дагалдан болчихоод ганц нэг жүжигт тоглосон байсан. И.Нямгаваа найруулагчийн гараар хүртэл орчихсон. “Тэмдэгтэй хүн” гээд А.Очирбат гуайн жүжгийг И.Нямгаваа найруулагч найруулж, би тэрэнд нь эвлэлийн үүрийн даргад Ц.Төмөрбаатартай партнёр болж тоглосон. Тэр жүжигт Ц.Цолмон эгч, хошин урлагийн гавьяат Б.Туяа эд нар тоглоод л. Ингээд жүжгээ Соёлын яамны гадаад хяналтад өгөх болдог юм. Тэгсэн Төмөрөө намайг сургууль хийж байгаад тонгорчихсон чинь байдаггүй ээ. Өмдний салтаа зад явдаг юм. Тэгээд санаа зовоод. Юугаа ч мэдэхгүй жаахан  хүүхэд байж байсан чинь Ц.Цолмон эгч “Яасан миний дүү” гэнэ. “Өө сургууль хийж байсан Төмөрөө тонгороод өмдний салтаа зад явчихсан” гэлээ. “Оёдолчин дээр очоод оёулчихгүй юу. Одоо ингээд гадаад хяналтанд орох гэж байна” гэнэ. Би жаахан хүүхэд байсан болохоор нэрэлхэж шийрэгнээд. Тэгсэн Ц.Цолмон эгч “Алив, эгч нь очоод хэлээд өгье” гээд оёдолчинд очоод “Пүүжээгийн өмдийг оёод өгчих” гэсэн чинь “Чадахгүй чадахгүй. Муусайн юмнууд зодолдож байж л салтаа саамаа зад тавиа биз, оёж чадахгүй” гэж байна. 
-Юу гэж байгаа юм. Наадахь чинь сая порган сургуулилалт дээр урчихсан юм. Одоо гадаад хяналт орох гэж байна гэсэн нөгөө оёдолчин халгаадаггүй ээ. Тэгээд бөөн юм болсон. Дараа нь яахав нэг юм оёод өгсөн. Нөгөө оёдолчин Ц.Цолмон эгчийг бүдүүлэг харьцсан гэж Далхсүрэн даргад гомдол гаргачихжээ. Тэгээд биднийг дуудлаа. Яасан, юу болсон л гэсэн. Би болсон явдлыг хэллээ. Тэгээд нэмэргүй. Муу Цолмон эгчийгээ гурван сар дагалдан болгоод хаяж байсан. 600 төгрөгийн цалинтай байсан хүн 300 төгрөгийн цалинтай болж байгаа юм. Тэгээд манай Цолмон эгч тоохгүй ээ. “Өө яадаг юм. Миний хүү харин багшдаа битгий хэлээрэй” гэж байгаа юм. Г.Доржсамбуу багшид хэлж болохгүй шүү гэж байгаа хэрэг. Тэгж хөөрхий минь миний өмнөөс амьдрал ахуйгаа хүртэл золиос болгож явсан үе хүртэл бий. Драмын театрын 85 жилийн ойгоор уулзаад тэрийгээ ярьсан чинь Ц.Цолмон эгч “Муу Пүүжээгээс болоод дагалдан болж байсан юм. Одоо тэрнийхээ хариуг авна аа” гээд инээж байсан. Ц.Цолмон эгчийгээ хүндэлж хайрлаж явдаг. Хүүхэд, залуучуудын театрын гол ачааг үүрч явсан мундаг жүжигчин шүү дээ. 


 
Биднийг ухаанаар “зоддог” байсан
Дагалдан жүжигчнээр ажиллаад жил хэртэйн дараа юм. 1981 оны хавар боллоо. “Задын чулуу” гэж Х.Зандраабайдий гуайн жүжигт тоглолоо. Ер нь ганц нэг жүжигт тоглочихсон. Өөрийгөө жүжигчин болсон ухааны юм бодчихсон. Манай театрынхан Эрдэнэт, Дархан руу бригад явна гээд л. Би гэж бригад явахын бөөн өвчин. “За ёстой гоё доо, бригад явна даа” гээд л бодож байсан чинь С.Гэндэн багш дуудаад “За нөхөр минь тэр бригадад явахгүй шүү. Чиний ролийг Даваасамбуу нөхнө. Чи УБДС-ийн Кино драмын ангид шалгалт өгнө шүү, нөхөр минь. Найруулагч Г.Доржсамбуу гэж Киевт төгссөн сайн найруулагч сайхан хүн ирсэн. Тэр хүн яг өөрөө бие даасан анги авч өөрийн гар дээр дөрвөн жил төгсгөнө гэж байна” гэлээ. С.Гэндэн багшийг тэгж хэлэхээр шонгүй байгаа юм. Гэхдээ “Яая яг бригад явах гэж байхад, сургуульд орж яах юм” гэх ухааны юм бодож байлаа. С.Гэндэн багш “Нөхөр минь сайн бэлтгээрэй” гээд л. Тэгээд бэлдэж байгаад 1981 оны зургадугаар сард шалгалт өглөө. Улаанбаатар хотоос нэлээд олон хүүхэд орсноос 9 хүүхэд тэнцсэний нэг нь болсон. Би ч ажиллаж байсан болохоор тэднээсээ ганц хоёр ах. Хотын 9 хүүхдээ хариуцаад л. “Чи ажиллаж байгаад орсон юм. Энэ 9-ийгөө хариуцна шүү” гээд л цэвэрлэгээ энэ тэр хийлгээд л. Удалгүй хөдөөнийхөн орж ирээд сайхан 25 хүүхэд нэг анги болоод л Д.Цэрэнсамбуугаар ангийн дарга тавьсан. Тэгээд л Г.Доржсамбуу багшийнхаа гар дээр очсон доо. Багшаасаа их сүрдэнэ. Биднийг загнаад зандчаад байхгүй. Гэхдээ ёстой хаашаа ч гарахгүй болтол ёж үг хэлнэ
Сүүлд нэг хоёр жил болсны дараа Г.Доржсамбуу багш Д.Цэрэнсамбуугийн тухай хэлдэг байсан. “Энийг би мундаг жүжигчин болно гэж аваагүй юм аа. Энэ бол яг театрт удирдах удирдах ажилтан болно, ангийн дарга болно” гэж өөрөө хэлж байсан юм. Нээрээ л бэлдсэн байгаа юм. Ирээдүйд театрыг удирдах, жүжигчин болох хүмүүсийг багш маань бэлдсэн. 
Энэ 25 хүүхдээс гурван сайн жүжигчин гарах юм бол энэ анги хамгийн сайн анги. Үүнийг би хэлж байгаа юм биш дэлхий дахины, Оросын том сургуулиудын багш профессорууд тэгж хэлдэг байсан. Жүжигчин болно гэдэг тийм амар болдог юм биш. Баргийн хүн болдог юм биш” гэж багш ярьдаг байсан. Манай ангиас бишгүй сайхан жүжигчид гарсан. Шавийн эрдэм багшаас гэдэг бол үнэн. Өөр багш дээр очсон бол яах байсан юм мэдэхгүй. Юм учиртай шүү дээ. 
Багшийн цаг барих энэ тэр мундаг. Одоо бидний үеийнхэн шиг тэр тусмаа манай ангийнхан шиг цагийг ягштал барьдаг улс алга. Багш “Цагийг ягштал барьж байж та нар жүжигчин болно. Хүн болж байж жүжигчин болно” гэдэг байсан. Энэ бол Э.Оюун багшийнх нь сургаал. Хүн байж жүжигчин болно гэдэг бол бүр эртний углуургатай. Сүүлд Ноён хутагтын намтрыг уншиж байхад Равжаа хутагт 15-16 настай хүүхдүүдийг аваад эхний нэг жил хагаст бол хүншүүлэх хүмүүжүүлэх хичээл ороод тэр хүүхэд хүншсэн байна гэж  үзвэл уран чадварын хичээл ордог байсан юм билээ. Харьцааны том соёлд сургаад байна шүү дээ.


Г.Доржсамбуу багш яг тийм аргаар сургадаг байсан. Манай  ангид хичээлээс хоцордог хүүхэд байгаагүй. Багш тэгээд л үүрэг өгөөд явчихна. Цагийг яс барина. “За аравхан минут дутуу байна. Багш аягүй бол хоцрох юм байна даа” гэж бодоход яг таван минут дутуу байхад орж ирнэ шүү дээ. Ганц удаа бид нараас уран чадварын шалгалт авах гэж байхдаа цаг нэлээд дөхчихсөн байхад орж ирсэн юм. “Яг хоцрох нь ээ, яана аа” л гэж бодсон. Э.Оюун багш эд нар ирчихсэн байсан юм. Тэгсэн цонхоор харсан чинь багш тэндээс цүл цүл хийтэл гүйж байгаа юм. Тэгэхэд нь хэчнээн хайр хүрсэн гээч. Цагаасаа хоцрохгүй гэж тэгж байна. Бусдыг хүндэтгэж байна. Ангийнхнаа хүндэтгэж байна. Өөрийнхөө ажил хөдөлмөрийг хүндэтгэж байна. Шавь нар нь дипломын ажил хамгаалах гэж байна. Тэгээд хөлс нь урсчихсан орж ирээд “За санаа зоволтгүй миний хүүхдүүд. Багш нь ирсэн” гэж байсан. Тэгэхэд л гүн хүндэтгэл төрж байсан. Хүн ингэж цагийг барьдаг юм байна. Ингэж шавь нараа хайрладаг юм байна гэж.
Багш зэмлэх үгийг бол янзтай хэлнэ. Хашгичиж гуугачих ойлголт байгүй. Загнаж барихгүй. Нүднийхээ шилийг нэг түлхээд л сүрхий харж байгаад хэлэхэд бид нам болно. Анх орж ирэхдээ “За эхнээсээ дэгтэй байна шүү. Хичээл дээр миний араас орж ирсэн хүн хаалгаа гаднаас нь хаагаарай” л гээд эхэлсэн. Тэгээд л хоцорно гэсэн ойлголт байхгүй. Хоцорч ирвэл уран чадварын хичээл байхгүй. 
Би нэг удаа хоцорсон юм. Би чинь бас жаахан адармаатай зантай. Дөрвөн жил сурахад түүхэнд нэг удаа хоцорч байгаа юм. Байдаггүй дээ, яаж ч яараад багшийн яг араас орчихсон. Тэгээд шууд ороод явчихсан. Яадаг юм гэж бодоод. Мань хүн ороод ширээн дээрээ суучихсан байна. Таван минут хоцорсон байсан юм. Хаалга татаад л ороод ирсэн мань хүн юу ч хэлэхгүй байгаа юм. Манай ангийнхан хүнгүй заал шиг чив чимээгүй болсон. Би орж очоод л суухгүйгээр багшийн ширээний хажууд зогсчихсон. Манай ангийнхан чив чимээгүй бүлтгэнээд. Миний араас орж ирсэн хүн хаалгаа гаднаас нь сайн хаагаарай гэдэг хүн чинь одоо яах нь вэ гэж харж байна шүү дээ. 
Багш хэргээр чимээгүй л байна. Зориуд тэгж пауз авч байгаа юм. Бараг худалч хүнд жил болох шиг болж байгаа юм. Сайндаа гучин секунд, нэг минут болсон уу үгүй юу. Тэгсэн багш өөдөөс шилэн дээгүүрээ харж харж байснаа нэг санаа алдсанаа ангийнхнаас “Энэ Пүрэвдоржтой барьцах хүн байна уу?” гэлээ. Тэгсэн “Байхгүй” л гэцгээж байгаа юм чинь. Тэгсэн багш “Тантай барьцах хүн байдаггүй юм байна. Та суу суу” гээд нэг их ёжтой хэлсэн. Бүүр нэг зэвүүн хэлнэ л дээ. Тэгээд л толгойгоо маажаад суусан. Хичээл таслах нь хэцүү болохоос загнуулах нь сонин биш санагдсан. Тэгээд дахиж заяа нь хоцорч болохгүй шүү гэж бодогдож байгаа юм. Иймэрхүү үгээр биднийг хүмүүжүүлдэг, ухаанаар “зоддог” байсан.


Бид Драмын тайзан дээр дипломоо хамгаалсан анхны оюутнууд 
Оюутан байхдаа нэлээд хэдэн жүжигт тоглосон. Б.Мөнхдорж багш миний дипломын ажлыг удирдсан юм. “Эмч нар”, “Гарын таван хуруу”, “Үүрэг хүлээсэн цагт” гэсэн гурван жүжгээр бид дипломын ажил хамгаалсан. Анх удаа драмын театрын тайзан дээр жүжгээр диплом хамгаалсан анги манай анги. Г.Доржсамбуу багш маань өөрөө Драмын театрын ерөнхий найруулагч байсан болохоор тэгсэн. Тийм том хүрээнд дипломын ажлаа хийнэ гэдэг үнэхээр гоё байсан. “Гарын таван хуруу”-гийн отрывкуудыг би хийж байсан. Хошин шогийн гавьяат Ааяа буюу Ш.Алтанцэцэг Сүрэнд тоглосон юм. Ааяагийн нөхөр Энхбаяр Шагдарт тоглож байлаа. Би ерөнхий зохион байгуулалт хийнэ. Отрывкийн хэсгийг багш надад хариуцуулчихсан. 
Тэгээд нэг өдөр сургуулилалт хийдэг юм аа. Шагдар, Хорлоо хоёр ирдэг хэсэг. Хорлоо Сүрэнгээс “Том дүүгийнхээ нэгийг өгчих. Өсгөөд өгье” гэхэд нь “Таван хурууны нэгийг нь тасдах нь уу” гэдэг шүү дээ. Тэр хэсгийг хийгээд багшид үзүүллээ. Тэгсэн багш байдаггүй дээ. “За за муу байна. Мөлийсөн юм байна. Ийм мөлгөр, сонирхолгүй юм байж болохгүй, Пүрэвдорж гуай. Наадахаа хурцал. Хоёр хоногийн дараа үзнэ. Чөлөөтай хурцал, задгай сэтгэ” гэлээ. Бид “Яая, одоо яах вэ” л гээд. Ихэнх нь “Пүүжээ ах аа яах вэ” гээд. Манай ангийнхан намайг Пүүжээ ах аа гэдэг байсан юм. Тэгээд маргааш үзнэ гэж байхад нь цуглаад л өнөө хэсгээ хийлээ дээ. Шагдар, Хорлоо хоёрыг ороод ирэхэд нь Сүрэн буюу Ааяаг ширээн дээр завилаад суучих гэлээ. 
Яагаад гэвэл задаргаа хийж байхад Доржоо багш “Наадах чинь эцэг нь хаяж яваад, эх нь нас бараад эмэгтэй ч гэлээ зохих хэмжээнд моралийн хувьд эвдрэлд орж байгаа хүүхэд шүү. Тэр эвдрэлд орж байгаа нь дараа нь тэр Чулуунтай танилцсанаар эргэж засарч хүн төрхөндөө орж байгаа. Сэтгэл зүйн хувьд ийм юм шүү” гэж ярьж байсан юм. Тэгэхээр зэрэг бодож байгаад л тэр хоёрыг ороод ирэхээр ширээн дээр завилаад суучих гэлээ. “Болох юм уу эмэгтэй хүн завилж суугаад” гэнэ. “Болно оо, болно. Багш өөрөө хурцал гэсэн шүү дээ” гэлээ. Ааяа “За тэгье” гээд завилаад суучихлаа. Тэгээд “За миний дүү дөрвөн дүүгийнхээ нэгийг өгчих, өсгөөд өгье” гэхээр нь “Юу гэнэ ээ, та дахиад хэл дээ” гээд давтаад хэлэнгүүт нь “Май” гээд салаавч өг гэлээ. Тэгсэн “Ээ, бүр болохгүй. Наадах чинь бүдүүлэг болно штээ” гэнэ. “Зүгээр ээ, хасаад хаячих амархан. “Май. Гарын таван хурууны нэгийг нь тасдах нь уу, май чи” гээд салаавч өг. Характерын хувьд эвдэрч байгаа хүн бол ерөөсөө сөнөсөн ертөнц байдаг” гэх маягийн юм хэлээд би хариуцна гэлээ. Тэгээд хийлээ. Зэвүүн болж байна. 
Доржсамбуу багш “За отрывк үзүүлэхэд бэлэн үү, Пүрэвдорж оо” л гэнэ. “Бэлээн” л гэлээ. “За тэгээд үзүүлээтэх” гэсэн Ааяа жаахан шийрэгнээд л  байна. Гэхдээ л үзүүлээд л тавьчихсан. Багшийг юу гэх нь вэ гээд хараад байлаа. Тэгсэн багш “За за, тэгээд цаашаа хий” гэсэн. Ингээд тэр хэсгийг яг тэрүүгээр хийсэн. Энэ мэтээр отрывкуудаа надад хариуцуулж байсан нь жүжигчнээр төгссөн ч найруулагчаар ажиллахад их дөхөм болсон.
Бас нэг дурсамж ярихад “Үүрэг хүлээсэн цаг” жүжигт манай Цэнгэл гээд жүжигчин бүсгүй тоглож байсан юм. Тэр жүжигт германууд эмэгтэйчүүдийн дээгүүр алхаад гардаг хэсэг байдаг юм. Тэр хэсгийг би хийдэг байлаа. Гэтэл Цэнгэл жирэмсэн болчихсон байж л дээ. Багшаас нуугаад тэрийгээ хэлдэггүй. Намайг дээгүүр нь гарах гэхээр “Пүүжээ ах аа, дээгүүр гарахаар тархи доргиод дотор муухайраад байна” гэхээр нь би тойрч гараад байсан юм. Тэгсэн багш “Дахиад” л гэнэ, дахиад тойроод гарчихлаа. Гуравдахиа “Дахиад” гэж байна. Дахиад л тойроод гарлаа. Доржсамбуу багш “Чи яачихаад байгаа юм бэ” гэнэ. “Багш аа, хийдгээрээ хийж байна” гэлээ. “Үгүй чи солиороод бай. Яагаад дээгүүр нь алхахгүй байгаа юм” гэнэ. Би ямар Цэнгэл жирэмсэн гэлтэй биш, гүрийсэн дээ. Тэгээд л өнгөрсөн. Тэгсэн багш “Янзын зөрүүд амьтан шүү” гэж байсан.


Багшийгаа бид бурханчилж шүтдэг байсан
Манай багш үнэхээр мэргэжлийн хувьд агуу. Манай ангийнхан театрын урлагт хүний дайтай явж байгаа нь тэр хүний гавьяа л гэж боддог. Хүн ганцаараа бол юу юм. Урлагт багаараа ажиллах ёстой. Багшийн хэлдэг урлагт хатуу сахилга бат хэрэгтэй гэдэг бол үнэн. Театрт хатуу сахилга бат хэрэгтэй гэдгийг одоо ерөөсөө ойлгохгүй байна. Урлаг диктатурын дор орших ёстой. Урлагт ардчилал байж болохгүй. Урлагийн мөн чанар энэ гэдгийг багш мэддэг байсан. Тэрийгээ мөрдүүлэх гэдэг байсан.
Ч.Ганхуяг бид хоёрт найруулагчийн чиглэлээр арай түлхүү хичээл заасан. “Гарын таван хуруу”-г бүхэл бүтэн цогц жүжиг болгож найруулахыг багш манай Ч.Ганхуягт хариуцуулсан. Гэхдээ би найруулагч гэдгээс айдаг байсан. Жүжиг найруулж байхыг маань багш хараагүй. Жүжигт тоглож байхыг л харсан. Аймгуудын бүсчилсэн тэмцээн болоход С.Жаргалсайханы “Галав юүлэхийн өмнө” жүжгийг багш очиж үзсэн. Тэр жүжигт би Түшигийн дүрд тоглосон юм. Тэр их гоё сонин сцениэр тавьсан жүжиг. Монголын театрын түүхэнд анх удаа Э.Санчигдан найруулагч урагшаа сцениэр тавьсан. Партнёртойгоо харьцдаггүй. Зөвхөн урагшаа зритель руу харьцана. Зрителиэ партнёр шиг ойлгож харьцаад. Миний хэлсэн үг зрителиэс ойж партнёрт ирдэг, тийм сонин сценитэй. Мөн би “Хялар хатан” жүжигт өвгөний дүрд тоглосон. Тэднийг үзчихээд багш Дорнодоос ирсэн манай ангийн Л.Ганхуягт хэлсэн байдаг. Л.Ганхуяг бид хоёр их найз л даа. Багш ил магтахгүй шүү дээ. Л.Ганхуягт “Чи тэр Пүрэвдоржийн “Галав юүлэхийн өмнө”-ийн Түшигийг хар. За Түшиг ч яахав. Чи “Хялар хатан”-ы өвгөнд тоглосныг нь хар даа. Тэгж дүрийг урладаг юм штээ” гэсэн байсан. Мань хүнийг хатгасан ч байж магадгүй. Л.Ганхуяг маань надад “Багш чамайг тэгж үнэлж байна лээ” гэсэн.
Багшийг манайхан гүн хүндэтгэнэ. “Говийн зэрэглээ”-гийн Арслангаар нь би үнэхээр бахархдаг. Тэрийгээ ч багшид хэлдэг байсан. “Таны тэр онгоцны цонхоор харж байгаа нүд чинь үнэн үү” гээд л бид илүү зантайгаараа асууна. “Хүн онгоцоор яг тэгж харна. Гэхдээ мэдээж тэрийг нисгээгүй л авсан даа, та яаж харсан юм” гэсэн чинь “Оо ёо ёо, агуу юм асууж байна,  та” гээд ёжилсноо “Үнээн үнэн. Би цонхоор хараад хий худлаа тэнэг нүд гүйлгээд яах вэ гэж бодоод элсний ширхэгийг тоолсон. Тэгэхээр үнэн харагдаж байгаа юм. Та нар ч гэсэн тэр энэ гэж байхын оронд яг гол, үнэн юмаа олж хар. Зүгээр хий харах юм бол худлаа тэнэг нүд харагдана. Хонин сүрэг тэр бэлчиж байна гэвэл чухал хол уу, ойр уу гэдэг цэгээ олоод баганын толбо ч юм уу хар” гэж байсан юм. Тийм нарийн деталь ярина.
“Намрын халуун өдрүүд” киноны зураг авалтад Тэрэлжид бид ангиараа масовканд нь оролцсон. Тэнд байхдаа “Гарын таван хуруу”-гаа давтаад л, задаргаагаа ярина. Гадаа дулаахан намрын налгар өдөр. Багш сандал тавиад суучихсан. Бид одъяалууд тавиад хэвтчихсэн, чөлөөтэй яриад л. Сүрэн гэртээ сандарчихсан орж ирдэг хэсэг бий дээ. Ээждээ эм авчрах гээд яваад нохойд хөөгдөөд гэж орж ирдэг. Тэрний задаргааг хийж байсан. Манайхан нохойд хөөгдөөд айж сандраад, тэгээд ингэж байгаа юм гээд л. Бүх найруулагч тэр хэсгийг тэгж л задалдаг байсан.
Би нэг юм хэлчих үү гэлээ. Багш “За тэг” гэнэ. “Үгүй ээ, нохойд хөөгдөөгүй юм, наадахь чинь. Нохойд хөөгдсөн бол айдас нь дорхноо гараад л гэртээ ирнэ” гэлээ. “Яагаад нохойд хөөгдөөгүй байдаг юм” гэнэ. “Наадах чинь аптек орох замдаа ч юм уу Шагдар, Хорлоотой үнсэлцэж байхыг харсан. Тэгээд Сүрэн нүдэндээ нулимстай орж ирээд ээжийгээ асуухад нь тэгж нохойд хөөгдөөд гэж худлаа хэлж байгаа юм. Тэгж хийх юм бол энэ хэсэг хүчтэй болно. Зүгээр сүүдэрт үнсэлцэж байгаа хоёр хүн харуулаад бол оо” гэсэн. Багш зөвшөөрсөн юмаа зүгээр хэлэхгүй. Их ёжилно. “Тийм үү. Та агуу юм” энэ тэр гэнэ. Тэгэхээр л бид хулчийчихна. “Гарын таван хуруу”-гийн тэр хэсгийг яг миний тэгж хэлснээр хийсэн.
Тийм гоё задаргаануудыг арга байхгүй багш л зааж, задалж өгч байгаа юм. Би мундагтаа биш тийм юмыг тэгж бодох өдөөлтийг өгсөн л байгаа юм. Багш өөрөө найруулагч хүн учраас их өгөөжтэй. Зүгээр л багш хүн байсан бол тийм задаргаа хийх өдөөлтиийг өгч чадаа ч уу, үгүй ч үү. Өөрөө агуу найруулагч учраас юу ч мэдэхгүй шушмаа мань мэтийн оюутнуудад өдөөлт өгч чадаж байгаа юм. Тэр нь агуу. Тийм ч учраас манай нэртэй жүжигчид, найруулагчид Доржсамбуугийн найруулсан жүжгээс дүр төрдөг юм аа гэж ярьдаг. Г.Мягмарнаран ах үүнийг хүлээн зөвшөөрнө. Биднийг хоёрдугаар ангид байхад “Найрын ширээний ууц”-д сургуулилалт хийж байхдаа Мягаа ах үнэхээр үзүүлдэг байсан. 
Театрт жүжиг сургуулилалж байхад найруулагчаас урагш хэн ч суудаггүй. Үзэх бол ард нь л сууна. Гэтэл Доржсамбуу багш оюутнуудаа урдаа суулгадаг байсан. Тэгж шавь нараа хүндэтгэж байгаа юм. Өөрөө зрителийн голд суулаа гэхэд “Урдуур суу, манайхан” гээд л. Тэр чинь хайрлаж байна, хүндэтгэж байна. Юм сураг, мэдэг гэж бодож байна шүү дээ. Багш биднийг ингэж эрхлүүлдэг, хайрладаг байсан. “Найрын ширээний ууц”-ын сургуулилалтыг үзсэн чинь нэгдүгээр үзэгдэл дуустал би Г.Мягмарнаран ахыг таниагүй. Хоёрдугаар үзэгдлээс “Өө Мягаа ах байна шүү дээ” гэж байгаа юм. “Дорж оо, би алтан медальтай хуцаа авах уу” гээд л нэг муухай нял нял гэж дуугараад, ёстой татаж унаж байгаа юм чинь. 
Хамгийн гоё юм бол мэдрэмжүүд. Бодох, задаргаа хийх бол өөр. “Найрын ширээний ууц”-ыг үзэж байсан чинь Ц.Гантөмөр ах нам явж байна аа. Согтуу хүний дүрд тоглоод л. Багш “Гантөмөр өө, наадах чинь биш ээ. Өчигдрийн хийж байсан нь шүү” л гэсэн нөгөө халамцуу болж тоглож байгаа хүн чинь “За аа, ойлголоо найруулагч аа” гээд яг шал согтуу маягаар хэлээд л цааш явсан. Тэгсэн инээд хүрээд болдоггүй. Багшийн урд сууж байгаад эргээд харсан чинь багш бас нуг нугхийгээд инээж байгаа юм. Тэр чинь нөгөө дүрийнхээ ситуаци буюу өгөгдсөн  нөхцөлөөс гарахгүйгээр тэгж харьцаж байгаа хэрэг юм. Ийм жүжигчин ер нь ховор. Н.Сувд багшийн ийм жишээг би мэддэг юм. Н.Сувд багш “Нора”-д тоглож байсан. Сэтгэл зүйн маш хүнд хэсэг явж байхад нь багш “Сувд аа” гэхэд яг тэр явж байсан хэмжээндээ түгжчихэж чадаж байгаа юм. Найруулагч үгээ хэлээд дуусангуут яг тэр зогссон газраасаа үргэлжлүүлээд явж байгаа юм. Барагтай жүжигчид яг тэгж чадахгүй. Найруулагч нэг үг хэлэхэд бүр уначихдаг. Өнөө гоё явж байсан дүр хов хоосон болчихоод бүр эхнээсээ явдаг. Тэгэхээр жүжигчин гэдэг тийм агуу. 
Багшийгаа бид яг л бурханчилж шүтдэг байсан. Хүн л юм чинь алдана биз, тэгэлгүй яах вэ, ингэлгүй яах вэ гэсэн ойлголт байхгүй. Яг л бурханчилж, хүндэлж ханддаг байсан. Багш манай ангийг яг өөрийн гар дээр авсан. Одоо бүгд хүний жишээтэй явж байна. Цаагуураа бидэнд их санаа зовно. Санаа тавина. Түүхийн шалгалт өгч байхад ч юм уу ирчихээд л эргэлдээд, холхиод. Шавь нарынхаа төлөө санаа зовж байна шүү дээ. Намайг түүхийн шалгалт өгчихөөд гараад ирсэн чинь “За яасан” л гэнэ. “Гайгүй л юм шиг байсан. Гэхдээ нэг их байцаагаагүй ээ” гэсэн “Тэр чинь л сэжигтэй дээ. Нэг бол сайн, нэг  бол дунд л байх. Уг нь байцаана гэдэг чинь сайн байдаг юм” гэж байсан. Нээрээ л би онц аваагүй, сайн авч байсан.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Арслан агуу хүн шүү дээ. Домог юм даа тайз дэлгэцийн. Сайхан ч хүн шүү.

    0 0 Хариу бичих
  2. Энэ агуу хүнийг дурсахгүй байхын аргагүй. Тэнгэр мэднэ...

    0 0 Хариу бичих