Үзвэрийн соёл үзэгчээс

Урлаг бүхэн өөрийн гэсэн онцлогтой, түүнийг нь таашаан сонгодог үзэгчид, тухайн үзэгчид нь урлагаа хүндэтгэх үүднээс, онцлогт нь таарсан соёлыг бий болгожээ. Монголчууд бидний хувьд сонгодог урлаг, театр, кино урлагтай танилцаад даруй 100-аад жил болж буй хэдий ч тасалбар худалдаж авсан юм чинь гэх хандлага бидний биеэ зохисгүй авч явааг, бусдад түвэг болж буйг зөвтгөх “үнэтэй” шалтгаан болох ёсгүй. 

Бидний үзвэрийн газраар үйлчлүүлэхдээ гаргадаг бусдын эгдүүцлийг төрүүлж бухимдуулдаг зүйлсийг жагсаавал тийм ч урт болохгүй. Гэхдээ цөөн гэж тоолгүй өнгөрөх аргагүй, учир нь эдгээр зүйлс бидний соёлт хүн гэх хүндэтгэлийг ч сэвтүүлэхүйц хэмжээнд хүрчээ. Үзэгчийн соёл үзвэрээ сонгохоос эхэлнэ. Өөрийн сонирхолд үл нийцэх кино, жүжгийг, уйтгартай хэмээн боддог хэрнээ бусдын ятгалгаар, хань болох үүднээс сонгодог урлагийн тоглолт үзсэнийхээ дараа мяалах нь үнэндээ өөрийнхөө мөн чанарыг таниулсан хэрэг болно. Уйтгартай, сонирхолгүй байна гэсэн шалтгаанаар тоглолтын дундаас орхиж гарах, танхимд унтах нь урлагийн ариун сүм болсон театрын хувьд хамгийн харгис хариу үйлдэл болно. Тиймээс тасалбар худалдан авахынхаа, захиалахынхаа өмнө ямар төрлийн, юу өгүүлэх талаар нь багахан судлахад гэмгүй. Манайхны үзвэр үзэхдээ гаргадаг хамгийн том алдаа нь тухайн үзвэрийн насны хязгаарыг үл тоомсорлон, эсвэл үл ойлгосондоо ч тэр үү бага насны хүүхдээ дагуулж ирэх явдал байдаг. Хүчирхийлэл, +21 үзэгдлүүд, насанд хүрэгсдийн dark humour-аар дүүрэн кино, жүжигт өлгийтэй нялхаас эхлээд цэцэрлэг, сургуулийн бага ангийн хүүхдээ дагуулж орох нь энүүхэнд. 

Хүүхэлдэйн театрын маркетингийн албаны дарга Д.Отгонбаяр 

Хүүхдийнхээ нас сэтгэхүйд тохирсон уран бүтээл юмуу үйлчилгээ авна гэдэг чухал. 2-5 насныханд зориулсан уран бүтээл гэхэд энэ насныхны анхаарлын түвшин дунджаар 20 минут төвлөрдөг онцлогийг харгалзсан байдлаар бүтээгддэг. Тиймдээ ч илүү ойлгомжтой агуулгыг хүргэх, анхаарлыг нь татахын тулд өмнө хойно нь хөгжөөн баясгах, хүүхдүүдийг уриалан хамт дуулах зэрэг хэсгүүдтэйгээ нийлэн 40-45 минутын уран бүтээл болдог. Тэгтэл 9-10 настай хүүхдийг бага насны хүүхдүүтэй хамт оруулчихдаг. Эндээс үл ойлголцол эхэлнэ дээ. Хэтэрхий богино хугацаатай байна, дэндүү ойлгомжтой байна гэхчилэн шүүмжлэх нь өрөөсгөл зүйл шүү дээ. Хэдийгээр бид бүхэн тасалбар борлуулахдаа энэ жүжиг маань 2-5 насныханд зориулсан жүжиг шүү гээд тайлбарласаар атал ах нь дүүгээ харж хандангаа цуг үзчихнэ гэдэг ч юмуу, эсвэл жүжиг тоглогдоно гэсэн мэдээлэл аваад шууд ирээд орчихдог.

Кино театрын хувьд хүүхдээ дагуулж ирдэг эцэг эхчүүдийн тухай маргаан, шүүмжлэл их байдаг. Харах хүнгүй гэсэн тайлбар тавин хүүхдүүдтэйгээ аймшгийн, эсвэл алаан хядаан, буудалцаантай кинонд ордог үзэгчдийг яаж ч чаддаггүй гэдгээ кинотеатрын ажилчид ам уралдан хэлэх аж. Илүү бодитой дүрслэл хүүхдийг айлгах магадлалтайн зэрэгцээ кино театрын дуу чимээний хэмжүүр нярай болон бага насны хүүхдийн сонсголын эрхтэн цаашилбал мэдрэлийн эсийн түвшинд ч сөргөөр нөлөөлдөг. Харанхуй атлаа дуу чимээ ихтэй орчинд орсон хүүхэд тань олны дунд уйлж өөрийг тань ч, бусдыг ч тавгүйтүүлэх болно. Нөгөө талаасаа энэ бол хүүхдийнхээ хүмүүжил төлөвшлийнх нь эсрэг хийж буй аймшигтай гэмт хэрэг гэхэд хилсдэхгүй.

Ухаалаг утсаа ухаалаг бусаар ашиглаж буйн нэг хэлбэр нь урд, хажууд суусан нэгэн гэнэт л гэрэл гялс хийлгэн зураг дарах агшин. Ойр хавийнхаа үзэгчдийг бухимдуулаад зогсохгүй театрт бол жүжигчдэд ч таагүй сэтгэгдэл төрүүлдэг уг үйлдэл жүжигчид, бүжигчдийн авьяас, ур чадвар, дуу хоолой, хөгжмийн яруу тансагийг сэтгэл, оюунаараа таашаахад саад болохын зэрэгцээ залуу жүжигчид үгээ мартаж, бүжигчид хөдөлгөөнөө зөрүүлэхэд ч хүргэдэг гэнэ. 

Бяцхан үрсийнхээ цэцэрлэг сургуулийн урлагийн үзлэг, шинэ жилийн баярын тоглолт эхнээсээ эцэс хүртэл хүүхдийнхээ бүжиглэж, дуулж, жүжиглэж буй агшныг гэрэл зураг, видео бичлэг болгон үлдээх гэсэн эцэг, эхчүүдийн зураг авалтын талбай болон хувирдаг. Зохиогчийн эрхтэй холбоотойгоор кино театрт гар утсаараа бичлэг хийх явдал харьцангуй багассан нь тухайн байгууллагын үйлчилгээний ажилчид үзвэрийн үеэр тавих хяналтаа чангатгасны үр дүн билээ. Театр, кино, хамтлаг дуучдын концерт шиг хүний хөл тасардаггүй ч гэлээ олон нийтийн соён гэгээрүүлэх, танин мэдэхүйн хэрэгцээг хангаж байдаг газруудын нэг нь музей. Хүн төрөлхтнөөс эхлээд улс орон, угсаатан, ястны түүхийн олон мянган жилийн өвийг хадгалж, хамгаалж, таниулж байдаг музейгээр үйлчлүүлэхэд ч орчин нөхцөлд нь тохируулах соёл гэж бий. Дэлхийн хаана ч очсон музейн үзмэрт хүрэхийг хориглосон нийтлэг дүрэм үйлчилдэг.

Археологи, байгалийн дурсгалт газарт нэр усаа бичих, сийлэх зэргийг илэрхийлсэн вандализм буюу соёлын түрэмгийлэл гэж орчуулж болохуйц ойлголт бий. Музейд байгаа үзмэрт битгий хүрээрэй гэсэн санамж байсаар атал барьж үзэх нь ч нэг төрлийн вандализм болдог. 

Гараар барьж үзэх боломжтой хуулбар үзмэр, хөгжлийн бэрхшээлтэй, тухайлбал харааны бэрхшээлтэй хүмүүст зориулагдсан гараараа тэмтэрч үзэх боломжтой цөөн үзмэрийг музейд байнгын үзмэртээ байрлуулдаг. Зарим том музей нэг дор орж танилцах хүнийхээ тоог хязгаарлах нь маш олон хүн нэг дор амьсгалахад хуримтлагддаг дулаанаас үүдэн үзмэрийн эх байдал алдагдах, физикийн өөрчлөлт орохоос сэргийлсэн хэрэг юм. Монголын үндэсний музейн

Үндэсний музейн Боловсрол, олон нийтийн хөтөлбөрийн албаны дарга Ц.Оюунхишиг 

Би нэг л удаа гэрэл зургийн аппарат, утасны спичкиний гэрэл гялс хийлгэлээ гэдэг. Үнэндээ музейгээр үйлчлүүлэхдээ зураг авч байгаа тэр хүн бүрийн би нэг удаа гэж бодон анивчуулсан спичкинээс гарч буй агшин зуурын хурц гэрэл үзмэрийн өөрийн нэмэлт гэрэлтүүлэгтэй нийлэн үзмэрийг гэмтээх нэг хүчин зүйл болдог.

Аль 10 жилийн өмнөх үзмэр нь яг тэр хэвээрээ байна лээ гэж шүүмжлэгчдэд хандан музейн үзмэрийг хадгалалтын онцлогоос нь хамааран ижил төрлийн үзмэрээр сольж тавьсныг цаг, зав гарган анзаараарай гэж захих байна. Цаас, даавуу зэрэг эмзэг материалтай зүйлсийг 3 сараас ихгүй хугацаагаар ил байлгаад буцаагаад ижил төрлийн үзмэрээр солих зэрэг стандартын талаар өмнө нь сонсож байгаагүй бол музейгээр ахин нэг орохдоо анзаарч сайн хараарай. Үзвэр эхлэх цагаас 5-10 минутын өмнө ирэх, кинотеатрт зөвшөөрөгдсөн попкорн, ундаа уснаас өөр идэх, уух зүйлсээ зориулалтын үйлчилгээний газарт нь хэрэглэх, утсаар ярих, үзвэрийн үеэр байн байн орж гарах, тасалбарт зааснаас өөр суудалд дур мэдэн суух гэх мэтийн бүдүүлэг үйлдэл ерөнхийдөө жигдэрч яваа гэдгийг харин үзвэрийн газрын ажилтнууд сайшааж буйг дурдах хэрэгтэй биз.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)