Нэг км замд нэг л "City toilet" ажиллаж байна

Мэдээ мэдээллийн www.еagle.mn сайт долоо хоног бүр “Нэг километрт" цуврал  сурвалжилгаа  уншигч танд хүргэж байгаа билээ. Энэ удаад нийтийн бие засах газрын талаар сурвалжиллаа. Учир нь нийслэлчүүд төдийгүй гадаад дотоодын жуулчдын хувьд хүндрэлтэй байдаг асуудлын нэг бол нийтийн бие засах газар. Нэг сая 300 мянган хүн амтай нийслэлд өнөөдрийн байдлаар хэчнээн нийтийн бие засах газар үйлчилдэг талаар холбогдох албанаас тодрууллаа.

Мөн нийтийн бие засах газрын хүрэлцээ хангалттай бишээс үүдэлтэй хөрсний бохирдол бидний эрүүл мэндэд ямар хор хөнөөл учруулж болохыг Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнээс лавласан юм.

Бид энэ удаад нийслэлийн төв цэг болох Сүхбаатарын талбайгаас Улсын их дэлгүүр хүртэлх нэг км замд хэчнээн нийтийн бие засах газар байгааг сурвалжиллаа. Харамсалтай нь хүний хөл хөдөлгөөн тасардаггүй хотын төвийн энэ хэсэгт ганцхан нийтийн бие засах газар үйл ажиллагаа явуулж байлаа. Тодруулбал, Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнд байх төвийн халуун устай холбогдоогүй хөөсөн эко бие засах газар л одоогоор ажиллаж байв.

Иргэд хотын төвөөр явж байхдаа бие засах боллоо гэхэд ойрт хамгийн ойр байгаагаар нь дэлгүүр, кафе, албан байгууллага, аж ахуйн нэгжийн хаалга тогшин царай алдаж учир байдлаа тоочно. Даанч тэдний ихэнх нь "Уучлаарай манайх гаднын хүнд үйлчлэхгүй" гэх хариуг өгдөг. Уг нь "City toilet" хаягийг нийслэлчүүд мэдэх болсон. Гэхдээ тоо нь цөөн.  Байгаа хэд нь үйл ажиллагаа явуулахаас явуулахгүй нь их болохоор иргэд тэр бүр зорин очдоггүй. 

-Нийслэлд 15 "City toilet" ажиллаж байгаа-

Бид "City toilet"-ын асуудлаар Нийслэлийн хот тохижилтын газрын дарга Б.Бямбадоржтой ярилцлаа.

-Нийслэлд анх хэдэн оноос "City toilet"-ыг ашиглаж байгаа вэ?

-Анх Улаанбаатарт хотод 2009 оноос эхлэн Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Г.Мөнхбаяр санаачлан нийтийн бие засах газрыг хотын төвд байршлыг нь тодорхойлж байгуулъя гээд бид бүгдийн нэршиж заншсан "Улаанбаатар" зочид буудал, 120 мянгатын автобусны буудал, "Бөмбөгөр" худалдааны төв, Баруун дөрвөн зам, төмөр замын вокзал гэх мэт байршлуудад барьсан. Тухайн үедээ төвлөрсөн дулаан хангамж, цэвэр усанд холбогдоогүй, цахилгаанаар халдаг бие засах газруудыг байгуулсан. 2012-2016 оны хооронд хотын дарга байсан Э.Бат-Үүлийн үйл ажиллагааны хүрээнд гэр хороолол дагуу буюу Дамбадаржаагийн эцсийн буудал, Чингэлтэйн эцсийн буудал, Хайлааст гэх мэт алслагдсан газар 10 "City toilet"-ыг барьсан. Үүний ашиглалтын хэлбэр, өмчийн хэлбэр өөр газар явж байгаад өнгөрсөн жилээс Засаг даргын захирамжаар Нийслэлийн хот тохижилтын газарт шилжүүлсэн.

-Нийслэлд өнөөдрийн байдлаар хэчнээн "City toilet" ажиллаж байна?

-Өнөөдрийн байдлаар Нийслэлийн хот тохижилтыг газар бүртгэлтэй 19 "City toilet" ажиллаж байгаа. Үүнээс бид 15-ыг нь өдөр тутамд ажиллуулан ард иргэддээ үйлчилж байна. Өвлийн тохиолдолд хүндрэлтэй байсан асуудал нь төвлөрсөн дулаан, хангамжид холбогдоогүй, үйл ажиллагааны зардал өртөг өндөртэй, инженерийн шугам, сүлжээ нь хөлддөг доголдолтой байсныг 2019 оны төсөв дээр суулгаж, мэргэжлийн байгууллагуудын төвлөрсөн дулаан хангамжид холбох зөвшөөрлийг 10 байршилд авсан байгаа. Тиймээс энэ жил нийслэлийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотын төвд байгаа нийтийн бие засах газрууд төвлөрсөн дулаан хангамжид холбогдоно. Цаашдаа өвөлдөө үйл ажиллагаа нь доголдохгүй.

-"City toilet"-ын үйл ажиллагаа олон улсын стандартыг хангаж чаддаг уу?

-Нийтийн бие засах газрын орлого өөрийн урсгал зардалд нь зарцуулагддаг. Өнөөдрийн байдлаар цахилгааны зардал, усны тоолуурын мөнгө, угааж цэвэрлэх материал, ажилчдын цалин хөлс дандаа алдагдалтай гарч байгаа. Үүнийг хот тохижилтын газар үйл ажиллагааныхаа санхүүжилтээс үүрч явж байгаа. Өнөөдрийн байдлаар 15 байршилд нийтийн бие засах газар стандартын шаардлага хангасан цэвэрлэгээ үйлчилгээг хийгээд явж байна. Тэд өдөрт 5-15 мянган төгрөгийн орлоготой ажилладаг.

-Саяхан Нийслэлийн Засаг дарга шалгалт хийн хотын төвд ажиллахгүй байгаа нийтийн бие засах газрыг ажиллуулна гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Өнгөрсөн бямба гаригт хотын дарга Улаанбаатар хотын гудамж талбайд ажилласан. Бид тэр үед байгууллагын дотоод "Хаврын баяр"-ын тэмцээнтэй байсан учраас Баруун дөрвөн замын "City toilet" хаалттай байж таарсан. Түүнээс биш Баруун дөрвөн замын "City toilet"-ын үйл ажиллагаа хэвийн явж байгаа.

-Нэг сая 300 мянган хүн амтай нийслэл хотод 15 нийтийн бие засах газар үйл ажиллагаа явуулж байна гэдэг нь хэрэгцээ шаардлагаа бодоход хангалтгүй юм биш үү. Зориулалтын бие засах газаргүйгээс болж олон нийтийн газар, гудамж талбайг бохирдуулах явдал их гарч байна?

-Энэ нь иргэдийн ухамсрын асуудалтай их холбоотой байх. Сүүлийн үед манай залуус их соёлжиж байгаа. Мөн өнгөрсөн жил НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гарч, нэгдүгээр давхарт үйлчилгээ үзүүлж байгаа албан байгууллага, үйлчилгээний газрууд нийтэд бие засах газраар үйлчил гэдэгтэй журам гаргасан.

Нийтийн бие засах газар ерөнхийдөө өртөг зардлаа нөхдөггүй. Нийтийн биеийн засах газар хотын нэг сая 300 мянган хүний төлөө алдагдалтай байсан ч төсвөөсөө зардлаа нөхөн авч явах ёстой зайлшгүй үйлчилгээний нэг. Маш олон судалгааг бид хийж байсан. Цаашдаа нийтийн бие засах газар зөвхөн бие засдаг биш, тэнд ороод утсаа цэнэглэдэг, нэгжээ худалдан авдаг, автобусны картаа цэнэглэдэг үйлчилгээнүүдийг үзүүлбэл үүнийгээ дагаад хүн орох менежмент нь сайжрах байх гэсэн төлөвлөлтийг хийж байгаа.

Дээр нь нийтэд үйлчилдэг бизнесийн байгууллагууд бие засах газрын үйлчилгээг үнэ төлбөргүй болгож, иргэдээ татан ая тухтай орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Барууны хөгжингүй орны аль ч эмийн сан, банк, дэлгүүрээр ороход бие засах газрын хаалга эхэндээ байдаг. Үүнийг цаашдаа хэвшүүлэх журамлах ажлыг хэвлэл мэдээллийг байгууллага болон томоохон аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд уриалга гаргаж ажиллах ёстой.  Гэхдээ нэг үеэ бодвол иргэдэд ингэж үйлчилдэг байгууллагууд бий болж байгаа.

Бид цаашдаа үйл ажиллагаа зогссон байгаа "City toilet"-уудыг нийтийн халуун усны газар, үсчинтэй болгон ажиллуулах төлөвлөлтүүдийг хийж байна. Өнгөрсөн жил бид Хайлаастын эцсийн буудлын "City toilet"-ын дэргэд үсчин түрээслүүлж ажиллуулж байсан.

-Жуулчид ихээр ирдэг зуны цагт хотын төвд явуулын эко бие засах газар ажиллуулах боломж хэр байгаа вэ?

-Бид зуны цагт жуулчдад зориулсан био бие засах газрыг нэмэгдүүлэх тал дээр арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байна. Ялангуяа Сүхбаатарын талбайн урд талд инженерийн дэд бүтцэд холбогдоогүй био бие засах газар байдаг. Бид тэнд шинээр  "City toilet" барихаар төлөвлөөд ажиллаж байна. Зөөврийн бие засах газруудыг талбай дээр үйл ажиллагаатай үед тавьдаг. Гэхдээ олон биш. Тэднийг ажиллуулахад асар их зардал гардаг. Усаа хийнэ, соруулна, цэвэрлэнэ гээд л. Цаашид нийслэлийн хүн ам их зорчдог автобусны буудлууд дээр  "City toilet"-ыг барих хувилбаруудыг судлаад явж байна.

-"City toilet" ажиллах цагийн хуваарь нь 09.00-18.00 цаг байдаг. Үүнийг уртасгасан цагаар ажиллуулах боломж байгаа юу?

-Хөдөлмөрийн хуулийн дагуу бүгд л ажиллах ёстой. Бид хавар, зуны улиралд ажиллах хуваарийг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн өөрчилж уртасгасан цагаар ажиллуулах төлөвлөгөө мөрдүүлэх гэж байна. Ингэснээр ажилчдаа ээлжинд оруулан орой 19.00-20.00 цаг хүртэл ажиллахаар өөрчлөлт оруулна.

-"City toilet"-ын өндрийн дундаж орлого 10000-15000 төгрөг-

"City toilet"-ын үйлчилгээний ажилтан "Өглөө 09.00-18.00 хүртэл ажилладаг. Өдөрт 15 мянга хүртэлх төгрөгийн орлого ордог. Хүн бага орно. 200 төгрөгөөр үйлчилдэг хэдий ч ихэнхдээ иргэд 100, 50 төгрөг бариад мөнгөгүй болчихлоо, байгаа нь л энэ гээд орж ирдэг. Иргэд цайны цаг, хаахын үед их үйлчлүүлдэг. Нэг "City toilet"-д нэг л ажилтан ажилладаг. Мөнгөө хураана, цэвэрлэгээгээ хийнэ" гэлээ.

-НЭМҮТ-ийн судалгаагаар Улаанбаатарын хөрс 80 хувийн бохирдолтой гарсан-

НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Ш.Батдэлгэр "Хүний биологийн хэрэгцээ учраас хүн өдөрт хэдэн удаа бие засах, өтгөн шингэнээ гадагшлуулах хэрэгцээ байдаг. Гэтэл хувь хүний  өөрийн соёлоос шалтгаалан ил задгай бие засах асуудал гардаг. Ингэснээр хөрс бохирдуулан тэрхүү хөрсөөр дамжих халдварт өвчин тархах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Эрүүл ахуйн тухай хуульд ил задгай бие засахгүй байх заалтууд бий. Энэ заалтын дагуу иргэд ил задгай бие засахгүй байх, хог хаягдлаа ил задгай хаяж хөрсөө бохирдуулахгүй байх тал дээр бид сургалт сурталчилгааны ажлыг өргөн зохион байгуулдаг. Харамсалтай нь иргэд энэхүү заалтыг мэддэг хэрнээ хотын соёлд суралцаагүй зэргээсээ болоод ил задгай бие засдаг.

Мөн нийслэлд нийтийн бие засах газар олон биш, төлбөртэй байдгаас иргэд ил задгай бие засах явдал их. Иргэд ил задгай бие зассанаар хөрс их бохирддог. Ялангуяа хүний өтгөнд халдварт өвчин тараагч нян, вирүс, бактери их байдгаас тэрхүү бохирдсон хөрсөн дээр алхаж гишгэх, хүүхэд тоглосноос болоод шууд болон шууд бусаар замаар хүний биед халдварт өвчин үүсэх эрсдэлийг бий болгодог. Бохирдсон хөрс хаврын улиралд тоос тоосонцор хэлбэрээр хүний амьсгалын эртхэнээр дамжин биед нэвтрэн орж харшил, амьсгалын замын өвчлөл нэмэгдэх эрсдэлийг бий болгоно.

НЭМҮТ-ийн судалгаагаар Улаанбаатарын хөрс 80 хувийн бохирдолтой гарсан. Хөрс нянгаар бохирдсон тохиолдолд манай орны хувьд өвлийн улиралд -30 хэмийн хүйтэнд хөрсөндөө амьдрах чадвартай байдаг. Гэдэсний халдварт өвчин, цусан суулга, халдварт шар өвчин тусах ч эрсдэл бий. Хөрсний бохирдлоос үүдэлтэй гэдэсний халдварт өвчнөөр 0-9 насны хүүхдүүд өвчлөх эрсдэл өндөр" гэв.

Бие засах газрын хүрэлцээг нэмэгдүүлэх асуудал хотын соёл, эрүүл ахуйтай шууд холбогдох төдийгүй аялал жуулчлалын салбарынхны хувьд ч нэн тэргүүнд хөндөгддөг сэдэв нь. Энэ бол нэг удаа яриад орхих сэдэв биш билээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Bid tatvaraa tulj baigaa. Hotiin tusvuur unegui uilchleh estoi !!!!!

    0 0 Хариу бичих
  2. Хүн байгалийн амьтан гэдэг утгаараа илүүдлээ гаргах ёстой. Гэхдээ жорлон хүрэлцээтэй байх хэрэгтэй. Улс учиргүй мөнгө гаргаад жорлон барихаас илүү хувийн хэвшлийхэнд жоохон татаас, эсвэл татварын хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй. Жорлонгоо нийтэд соёлтой үйлчлүүлсэн гээд... Одоогоор банкууд нээлттэй ашиглуулж эхэлсэн байгаа. Бас энэ ад үзээд байгаа Cirkle K, CU, V-point гээд сүлжээнийхэн. Дээр нь хэдэн том худалдааны төвүүд. Нийслэл ийм зүйлийг өөрсдөө хийнэ гээд бөөн мөнгө илүү зарцуулна. 30 сая ₮-р бий болгох зүйлийн багадаа 50 бүүр 100 сая ₮-р босгоно.

    0 0 Хариу бичих
  3. Хотын соёлоо бодмоор юмаа йим ажлийг улсасаа санхүүжүүлмээр юм даа йдэж уух даа манай хэдэн дарга нар мундаг л юм байна лээ ийм ажлийг хийж чадахгүй байгаа муу ямарч сэтгэл алгаа энэ хэдэн дарга нар

    0 0 Хариу бичих
  4. banknii 00 g ashigluulah heregtei bankind humuus udaan oochirlodog bie zasah geheer gadnii hun oruulahgui geed oruuldaggui

    0 0 Хариу бичих
  5. atm mashinii hajuud l baimaar baigaamdaa oo hyreltseegyi uchur haa saigui shees

    0 0 Хариу бичих
  6. Ацны чинь ортог зардал вэ,ийм юмыг хотын тосовоор ажиллуулах естой юм, дуракаа

    0 0 Хариу бичих