Айлын амбаар ч ийм байхгүй...

...Бидний үйл ажиллагаа явуулж буй энэ байрыг 2 жил хадгалсан, хуучирсан, хулгана идсэн сэндвичээр барьсан учир өвлийн улиралд маш хүйтэн, салхи байнга сийгдэг, чийг ихтэй, хана тааз нь цантаж байнга хөлөрдөг, бороо, ус, шороо ордог нөхцөлд ажилладаг хэмээн нэгэн хилийн боомтод ажилладаг мэргэжлийн хяналтын байцаагч багын найз маань зуны амралтаараа нутагтаа очиж амрах үеэр надад хуучилсан юм. 

Энэ тухайгаа ХЭҮК-ийн ажилтанд ярьсан гэдгээ ч хэлж байсан. Хил дээр олны хөлийн газар ажилладаг та нарын ажил харин ч сонирхолтой юм биш үү гэхэд “Ажиллах орчин, амьдрах байр хүнд. Хот суурин газраас алслагдсан газар ямар хөгжил байх вэ дээ. Хөдөлмөрийн хуулиар долоо хоногт 40  цаг ажиллах ёстой ч бидэнд тэгэх эрх байхгүй. Уртасгасан цагаар ажиллах хэвийн үзэгдэл. Гэхдээ цалингийн нэмэгдэл байдаггүй. Гэр орноосоо хол, гурван хүүхэд нөхрөө орхиод ээлжээр ирж ажилладаг. Гэр бүлээ бодоод ажлаасаа гарчихъя гэхээр аймгийн төв дээр тогтсон ажил олдохгүй хэцүү” гэж байлаа.

Хилээр орж ирж буй бараа бүтээгдэхүүнийг шинжлэх өөрийн байргүй мэргэжлийн хяналтын байгууллага XXI зуунд байна гээд ярьвал бараг хүн итгэмгүй. Байнгын болон түр ажиллагаатай боомтуудад шинжилгээ хийх лабораторийн хүчин чадал нь ч маш муу.

Албан үүргээ гүйцэтгэж буй байцаагчид нь хойд эхдээ гологдсон хүүхэд аятай айлын хаяанд байрлаж, ажлаа хийдэг. Бүрэн эрхт тусгаар улсын хил дээр тухайн орны нүүр царай болж ажиллаж байгаа хүмүүсийн амьдрах, ажиллах орчин ямар буйг бид сийрүүллээ.

Төвлөрсөн дулаанд холбогдох боломжгүй учраас гал түлэх, ундны усаа хаанаас авах уу гээд асуудал үүсдэг. Тухайлбал, Гашуунсухайт боомтод ажиллаж буй ажилтнууд нэг литрээр савласан ундны цэвэр усыг 458-530, хилийн цаанаас буюу Хятад улсаас 270 төгрөгөөр худалдан авч хэрэглэдэг. Ундны усаа байнга ийм өртгөөр худалдаж авах боломжгүй учир тус боомт дахь төрийн байгууллага, төрийн өмчит үйлдвэрийн газар, тэдгээрийн алба хаагчдыг эрүүл ахуйн шаардлага хангасан ундны болон албан хэрэгцээний усаар хангах зорилгоор ус тээвэрлэх зориулалттай 20 тонны цистерн автомашиныг Засгийн газрын нөөц сангаас 119 сая төгрөгөөр худалдан авсан байх жишээтэй.

Мэргэжлийн хяналтын байгууллагад улсын хэмжээнд 2072 алба хаагч ажиллаж байгаагаас 371 нь буюу 17.9 хувь нь түр болон байнгын ажиллагаатай 21 боомтын хилийн мэргэжлийн хяналтын 12 алба, хэлтэст ажилладаг. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Завхан аймгийн Арцсуурь, Дорнод аймгийн Ульхан боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтсээс бусад нь албаны байргүй, гаалийн байгууллагын байранд, зориулалтын бус чингэлэгт, сэндвичэн барилгад хилийн мэргэжлийн хяналтын чиг үүргийг тасралтгүй хэрэгжүүлдэг.

Гэхдээ өөрийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа гэх 4 боомтын албаны байруудын ашиглалтын хугацаа дууссан, битүүмжлэл алдагдсан, хана тааз мөөгөнцөртөж, ан цав үүссэн, агааржуулалтгүй, гэрэлтүүлэг хангалтгүй.

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэс Цагааннуур сум дахь байнгын ажиллагаатай Цагааннуур боомтод албаны байргүй, гаалийн цогцолборт нийт 43.2 ам.метр талбай 3 өрөөг ажлын байрны зориулалтаар, 9 ам.метр талбай 1 өрөөг лабораторийн зориулалтаар ашигладаг. Мөн тус хэлтэс Сагсай сум дахь түр ажиллагаатай Даян боомтод 8 ажилтны орон тоотойгоор зориулалтын албаны байргүй, чингэлэгт ажиллаж байна.

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэс Чойбалсан сум дахь байнгын ажиллагаатай Хавирга боомтод албаны байргүй, боомтын цогцолборт ажлын 1 өрөөтэй, гарах, орох чиглэлийн зааланд бүртгэлээ явуулж, лабораторийн зориулалтаар гаалийн пүүний 2 өрөөг ашигладаг. Мөн тус аймгийн Халхгол сум дахь байнгын ажиллагаатай Баянхошуу боомтод албаны байргүй, боомтын цогцолборт 1 өрөөг, зорчигчдын орох болон гарах чиглэлийн үйлчилгээний талбайд тус бүр 1 өрөөг албаны зориулалтаар, 1 чингэлгийг лабораторийн зориулалтаар, мөн тус сум дахь түр ажиллагаатай Сүмбэр боомтод БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар баригдсан цогцолборт ажлын 2, тусгаарлах 1, амралтын 2 өрөөг ашиглаж байна. Чулуунхороот сум дахь байнгын ажиллагаатай Эрээнцав боомтод ажлын байргүй, боомтын цогцолборт ажлын 1 өрөөтэй, зааланд бүртгэлээ явуулдаг. 

Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэс байнгын ажиллагаатай Гашуунсухайт боомтод албаны байргүй, “Оюу толгой” компанийн 40 ам.метр талбайтай сэндвичин барилгыг ажлын байрны зориулалтаар ашигладаг. Гурвантэс сум дахь байнгын ажиллагаатай Шивээхүрэн боомтод албаны байргүй, гаалийн байгууллагын байранд 12-21.6 ам.метр талбайтай 7 өрөөг албаны зориулалтаар ашиглаж байна.

Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэс Алтай сум дахь түр ажиллагаатай Бургастай боомтод албаны байргүй, гаалийн байгууллагын байрны 1 өрөөг, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь байнгын ажиллагаатай Бичигт боомтод албаны байргүй, боомтын захиргааны нэгдсэн байранд нийт 24 ам.метр талбайтай 2 өрөөг, Хөвсгөл аймгийн Ханх сум дахь байнгын ажиллагаатай Ханх боомтод албаны байргүй, гаалийн байгууллагын байранд 12 ам.метр талбайтай 2 өрөөг албаны зориулалтаар ашиглаж байх. Уг нь Говь-Алтай аймгийн Бургастай боомтод 54 ам.метр талбайтай 2 айлын орон сууцтай ч хилийн боомт нь 20км зайд нүүсэн тул ашиглах боломжгүй болжээ. Өнөөдрийн байдлаар “Алтайн хүдэр” компанийн барьсан нийтийн сууцанд хилийн бүх хяналтын байгууллагуудын албан хаагчид байрладаг. Тэгш тоотой саруудад 7 улсын байцаагч 2 өрөөнд нь байнга байрладаг. Түрээс төлдөггүй ч компанийн зүгээс байраа суллахыг байнга шаарддаг аж.

Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэс Давст сум дахь байнгын ажиллагаатай Боршоо, Тэс сум дахь байнгын ажиллагаатай Шарсуурь боомтод албаны байргүй, Боршоо боомт дахь ажилтнууд гаалийн байгууллагын байранд 8 ам.метр талбайтай 1 өрөөг, Шарсуурь боомтын ажилтнууд гаалийн байгууллагын байранд 6 ам.метр талбайтай 1 өрөөнд 10 ажилтантай үйл ажиллагаа явуулдаг. 

Ховд аймгийн Булган сум дахь байнгын ажиллагаатай Булган боомтод албаны байргүй, гаалийн байгууллагын сэндвичэн байранд нийт 80 м.кв талбайтай 4 өрөөг ажлын байрны зориулалтаар, 42 м.кв талбайтай 1 өрөөг лабораторийн зориулалтаар ашиглаж байх бөгөөд дээврээс дусаал гоожсон байдалтай. 

Улаанбаатар хот дахь байнгын ажиллагаатай Буянт-Ухаа боомтод Хилийн мэргэжлийн хяналтын алба Чингис хаан Олон улсын нисэх буудалд 112 ам.метр талбай бүхий 8 өрөө, “БООШ” компанийн байранд 118 ам.метр талбай бүхий 4 өрөө, нийт 12 өрөөг ажлын байрны зориулалтаар түрээслэдэг.

Даржин төрх

Хэдийгээр ихэнх түр болон байнгын ажиллагаатай боомтод нөхцөл байдал адил ч бүгдийг нь нэг бүрчлэн дурдаж буй нь хоёр хөршөөс орж ирдэг бараа бүтээгдэхүүнд хорио цээр, шалгалт хийдэг байгууллагад төрөөс хэрхэн анхаарч ирснийг л харуулах гэсэн юм. 

Түүгээр ч үл барам байрлаж үйл ажиллагаа явуулж байгаагаас шалтгаалан ашиг сонирхлын зөрчил үүсч буйг ч харж болно. Баян айлын ариун цэврийн өрөөнөөс долоон дор байранд хилийн боомтын алба хаагчид ажиллаж байгааг хэн ч хайхрахгүй өнөөг хүрчээ. Тэгсэн хэр нь бид үндэсний аюулгүй байдал, дархлаа гэж том сэдвээр бурсаар л байна.  

Тэнд ажиллагсад хилийн нэмэгдэл болон илүү цагийн цалин, хөлсийг жил бүрийн төсвийн төсөлд тусгаж батлуулах саналаа Сангийн яаманд хүргүүлдэг ч  шийдвэрлэлгүй өнөөдрийг хүрчээ. Нэг ёсондоо бусад төрийн алба хаагчтай ижил түвшинд үнэлэгддэг. Тэдэнд төрийн захиргааны албан хаагч гэх үндэслэлээр хилийн болон онцгой нэмэгдэл огт өгдөггүй байна. ...Нэг боомтод хамт ажиллаж байгаа хил, гаалийн байгууллагын албан хаагчид төрийн тусгай албан хаагчийн ангилал зэрэглэлээр цалинжиж, онцгой нөхцөлийн болон хилийн нэмэгдэл авдаг байна. Гэтэл тэдэнтэй адил нөхцөлд ажилладаг хэр нь хилийн мэргэжлийн хяналтын байцаагчид уг нэмэгдлийг огт авдаггүй ажээ.. Үүнээс гадна хилийн боомтуудад орчин үеийн иж бүрэн тоног, төхөөрөмжөөр тоноглогдсон лабораторийг байгуулах, байгаа ганц нэгийнх нь хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна. Алив зүйл харагдах байдлаасаа эхэлж хүнд үнэлэгддэг. Бүрэн эрхт улсын хилийн боомт дахь нөхцөл байдал ийм ооцон цооцон байгаа нь шаардлага хангаагүй хүнс, түүхий эдийг хилээр нэвтрүүлэх эх үндэс болох. Манайд үндэсний болон хүнсний аюулгүй байдлыг хамгаалах бодлого байна уу гэж асуухад хүргэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Сэтгэл байвал ямар ч бэрхшээлийг даваад байгаа юмаа өөд нь татаж ах таж болно. Худлаа дүр эсгэж ажлаа ял аятай хийж байгаа бол чаддаг хийе гэсэн хүнд нь өгөөч дээ

    3 0 Хариу бичих
  2. Гаалийн ажилтнууд МХУБайцаагч нар гэж ярвайсан тэнгэрийн амьтад ....Одоо яая гэр вэ?

    2 0 Хариу бичих
  3. Юун арчаагүй юм, ийм жижиг пинг өөрсдөө л дулаалаад янзалж болноо доо, даанч сэтгэл үгүй, муулж шүүмжлэхээс өөр ид шидгүй, одоо яая гэхэв даарч хөрөөд л сууж байхаас

    2 0 Хариу бичих