Б.Цолмон: "Мөрөөдлийн гэрэл" дэлгүүрийн бараанууд хүмүүсийн сэтгэл, хүнд хүрчихээсэй гэсэн хүслийг шингээсэн

Мөрөөдлийн гэрэл хэмээх монголчууд бидний хувьд нэн шинэ басхүү содон дэлгүүрийн гол зорилго нь дэлхий нийтэд хэвшил болон өргөжиж буй дахин хэрэглээний сүлжээ дэлгүүрийн жишгийг Монголд нутагшуулах, дэлгүүрээрээ дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өрх толгойлсон эхчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, reuse буюу дахин хэрэглээний ач холбогдол, байгальд ээлтэй амьдралын хэвшлийг олон нийтэд түгээн сурталчлах аж.

Бид тус дэлгүүрийг үүсгэн байгуулагчдын нэг Let`s Ko&Mong Network ТББ-ийн Монгол дахь салбарын дарга Б.Цолмонтой ярилцлаа.

Let`s Ko&Mong Network ТББ-ын анх үүсгэн байгуулах болсон талаар яриагаа эхлэе?

Манай ТББ-ыг БНСУ-д сурч ажилладаг 8 залуу нэгдэн байгуулсан. Бид хамгийн анх Солонгос, Монголын хамтарсан нэгдэл буюу Монголыг мэддэг болоод, Монголд хайртай, Монгол орноор аялаад буцсан солонгосчуудтай Let`s Ko Mo гэдэг нэгдэл үүсгэн 2013 оноос цөлжилт, байгаль орчны талаар ажил хийж эхлүүлж байлаа.

Монголынхоо төлөө юу хийх вэ гэсэн бодол гадаадад ажиллаж, сурч, амьдардаг бүх монголчуудад байдаг шүү дээ. Монголоо санасан сэтгэлтэй тэр залуусын л адил бид эх орныхоо төлөө юу хийх вэ гэж ярилцаад анх "Ногоон ази" ТББ-тай хамтран байгаль орчны төлөөх үйлээр нийлсэн. Уг ТББ нь Вьетнам зэрэг Азийн улсуудад мод тарьж ногоон системийг дэмждэг Солонгосын төрийн бус, сайн дурын байгууллага л даа. Бид анх цөлжилт ярьж , түүнийг хэрхэн шийдэх вэ гэдэгт анхаарлаа хандуулж байсан юм. Монголчууд маань эх орон минь байгаль сайхантай гээд яриад байдаг хэрнээ цөлжилтийн талаар юу ч мэддэггүй байсан. Яг үнэндээ Монгол орны цөлжилт  маш өндөр буюу 80-90 хувьтай байдаг. Энэ тухай анх сонссон хүн бүр алмайрдаг. Бид онгон байгальтай гээд ярьдаг атал эко систем сүйрэхэд бэлэн болчихсон. Тийм учраас л бид оюутны холбоодтой уулзаж энэ талаараа ярилцаад явсан нь улмаар нийгмийн эмзэг бүлгийнхний асуудал руу орсон.

3 жилийн өмнө Улаанчулуутад сайн дурын үйл ажиллагаа хийж яваад  И.Одончимэг эгчийн барьсан төвд хүүхдүүд нь ирэхгүй байна гэхээр нь сагсны талбай барьж, сагс тоглохоор ирэхдээ төвөөрөө ордог болгохоор зорьж байсан. Үүнийгээ Dream Project-1 гэж нэрлэж байлаа. Dream Project-1 төслөөр сагсны талбай барихад 6-7 сарын хугацаа зарцуулагдаж тэр хооронд бид Монгол-Солонгосын хооронд ирэн очин байхдаа хүүхдүүдэд тараах хувцас хэрэглэл зөөгөөд явдаг байлаа. Яг үнэндээ хүүхдүүдэд нь шинэ хувцас өгөхөөр ээж аав нь архиар солиод уучихдаг явдал гарч байсан. Тэгэхээр бид тэр хүмүүсийг бэлэнчлэх сэтгэлгээнд сургаад байгаа юм байна, туслая гэсэн сэтгэлээрээ өгсөн зүйлс ч гэсэн нөгөө хүмүүсээ хорлож байгаа юм шиг болчихож гэж бодоцгоосон. Бид ярилцаад нэн тэргүүнд тэдгээр хүмүүсийн ажиллаж хөдөлмөрлөх нөхцлийг бүрдүүлэх, боломжийг нь олгох ёстой юм байна гэж бодсон. Тэгээд Dream Project-2 төслөө эмзэг бүлгийн хүмүүсийн хөдөлмөр эрхлэлт рүү чиглүүлсэн. Үүнийхээ хүрээнд дэлгүүрээ байгуулсан. Цаашид энэ концептоороо сүлжээ дэлгүүрийнхээ 2, 3 дугаар салбарыг байгуулахаар төлөвлөсөн.

“Мөрөөдлийн гэрэл” дэлгүүрийн гол зорилго юу вэ?

Манай дэлгүүрт ажиллах хүмүүс нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон өрх толгойлсон ээжүүд байх юм. Дэлгүүрийн бүх бараа 100 хувь хандиваар цугласан. Одоо дэлгүүрт маань байгаа бараа бүтээгдэхүүний 80 хувь Солонгосын талын дэмжлэгээр ирсэн. БНСУ дахь монголчууд маань 10000 вонын үнэтэй цамцнууд авч хандив болгосноор бид дэлгүүрийнхээ дотоод заслыг хийлгэж, тавиур гэх мэт тавилгуудаа авсан. Солонгост манай төслийг маш сайн мэддэг. Одоо бид Монгол руугаа орж ирж, танигдаж эхэлж байна. "Мөрөөдлийн гэрэл" дэлгүүрийн орлого тэр чигтээ үйл ажиллагаа, цалин, түрээст зарцуулагдана. Манай ТББ-ийн удирдах зөвлөлийн 8 гишүүн ямар ч цалин болон ашгаас хувь авахгүй. Бидний гол зорилго нь ашгийн бус, нийгэмд үйлчлэх ТББ шүү дээ. Манай дэлгүүр дахин ашиглах боломжтой бараа бүтээгдэхүүн худалдаалах эко дэлгүүр гэсэн тодотголтой.Учир нь хүмүүс бидэнд хувцас, гутал авчирч өгөхөд бид түүнийг нь угааж цэвэрлээд тэдгээрийг үйлдвэрлэхэд зарцуулдаг хүч хөдөлмөр, энергийг хэмнэхийн зэрэгцээ хог хаягдлыг багасгаж байгаа юм. Дэлхий дээрх хог хаягдлын эхэнд хоол хүнсний хаягдал, хоёрдугаарт нь хувцас ордог. Хувцас үйлдвэрлэхэд зарцуулж байгаа тэр энерги хүч хөдөлмөрийг хэмнэж байгаа гэдгээ дахин сануулах хэрэгтэй болов уу. Ялангуяа хүүхдийн хувцас гэхэд нярайн хувцас нэгээс хоёр сар л өмсөөд бараг шинээрээ дараагийнхаа эзэнд очиж байгаа учир эргээд байгальд ээлтэй, эко байдаг.  Орчин үед нэг удаагийн хэрэглээг халахыг хүн төрөлхтөн зорьдог болжээ. Тэр дагуу манай концепт зохиогдож хувцаснаас гадна ус, ундааны төмөр савыг ч гэсэн бид хандиваар хуучныг авч угааж цэвэрлээд зарж байгаа. Дахин ашиглах эко дэлгүүр дэлхийн олон оронд байдаг. АНУ-д Good Will, БНСУ-д Beautiful Store, Англид Oxfam гэхчилэн байдаг.

Хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон эхчүүдийг дэмжиж ажиллана гэдгээ тодруулбал?

Хөдөлмөр эрхлэлтээ ажилд орж буй худалдагчаар дамжуулан хэрэгжүүлэхийн зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ээж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрсдийн бүтээлээ, гар урлал, оёсон нэхсэн зүйлсээ манайхаар борлуулах боломжтой. Тэдгээр барааг нь өөрсдийнх нь үнэлснээр зарж ашгийг нь шууд 100 хувь өгч дэмжинэ.

 Бидний концепт нь Good Will, Beautiful Store-ийг тэр чигт нь хуулах биш ийм ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрүүдээс хэрэгтэйг нь авч, хэрэггүйг нь хаяж байж нутагшуулах бодолтой. Тиймээс эхний салбартаа төвлөрөөд дэлгүүрийнхээ ерөнхий франчайзыг гаргаж авахыг бодож байна. Тухайлбал Солонгосын Beautiful Store-оос сайн дурын ажилтных нь зарчмыг авсан бол Good Will-ээс хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийт ажилтны 70 хувийг эзэлдэг байх жишгийг авсан.  

Солонгост ийм төрлийн дэлгүүрт нэг л менежер байдаг. Бусад нь сайн дурын ажилтнууд буюу цалингүй ажиллана гэсэн үг. Манайд тэр системийг авсан. Монгол залуус маань ч сайн дурын ажилд орох дуртай болж. Гадагш явж суралцъя гээд тэтгэлэг хөөцөлдөхөд сайн дурын ажил хийдэг байсан эсэх гэсэн шалгуур байдаг ч Монголын нөхцөлд тийм боломж байдаггүй. Сайн дурын гэгддэг ч найдвартай байгаагүй гэх мэт бэрхшээл байсан.

Тэгвэл манай сайн дурын хүүхдүүд өдөрт 4, 4 цагаар ирж дэлгүүртээ ажиллаж бидэнд туслаж байгаа. Хүргэлтийн багийнхан маань ч сайн дурынхан байна.

Солонгосын жишгээр явбал ашиглалтын зардлаас өөр зардал гарахгүй байх нь?

Тиймээ. Гурван менежерийн цалин, ашиглалтын зардал, дэлгүүр учир ложистикоо шийдэх зардлаас өөр зардал гардаггүй. БНСУ-ын ийм дэлгүүрийн хувьд 1200 салбартай гэдгээрээ ложистикоо илүү сайн хөгжүүлэх шаардлагатай байдаг онцлогтой юм билээ.

Бидний гол концепт нь “Танд илүүдсэн зүйл нь бусдад боломж” гэсэн бидний урианд шингэсэн. Тэгэхээр хуучин, шинэ гэж ялгах шаардлагагүй гэсэн үг. Энэ нь нөгөө талаараа монгол комисс гэдэг ойлголтыг халж байгаа юм. Жишээлбэл, би сэтгэлийн хөөрлөөр нэг цамц худалдаад авчихлаа. Нэг ч удаа өмсөөгүй ч байгаад л байдаг тохиолдол цөөнгүй байдаг шүү дээ. Эсвэл минималист амьдрах гэсэн чинь аймаар их хувцастай, эсвэл хэтэрхий их тавилгаа яахаа, хэнд өгч болохоо мэдэхгүй байж болно. Эмх цэгцтэй байж Мари Кондогийн методоор амьдрахаар шийдлээ гэхэд илүү гарсан, ялгасан тэр хувцасаа яах вэ гэдгээ ч шийдэхэд манай дэлгүүр танд туслана. Таны хандивласан зүйлс бусдад боломж олгоно.

Танайхтай холбоотой ажиллаж, энэ чиглэлд хамтарч буй ТББ-ууд байна уу?

Дэлгүүр нээхийн өмнө би ганцаараа Монголд байсан. Хүн хүчгүйдээд  "Лантуун Дохио" ТББ-ын Ч.Ганжавхлан тэргүүнтэй уулзаж төслөө танилцуулж, танайхаас дэмжих бололцоо байна уу гэхэд сайн дурынхаа нэг багийг манайх руу явуулсан. Тэр баг нь 10 дугаар баг. Багийн хүүхдүүд маань манайд ирж будгийн ажил, засварын дараах цэвэрлэгээ гээд 9 сарын турш бэлтгэл ажлаас эхлээд дэлгүүр нээгдэх хүртэл бүх үйл ажиллагаанд хамтдаа байсан. Тэндээс харахад манай монгол залуус бие биенээ дэмжиж, туслаж ажиллах чадвартай болж гэдгийг харсан. Сайн дурынхан маань одоо хүртэл туслаад яваа.

Бид сайн дурын ажилтнууддаа батламж өгнө. Энэ батламж маань 40 цаг ажилласан гишүүнд маань олгогдох бөгөөд англи-солонгос хэлээр бичигдсэн байх юм. 

Төсөлдөө сайн дурын гишүүд элсүүлж авах үйл ажиллагаа эхлүүлсэн үү?

Манайх сайн дурын гишүүдээ бүртгэж аваад эхэлчихсэн. Одоо 30-аад гишүүнтэй болсон. Цаашдаа сайн дурын гишүүд элсүүлэх бол I love Mongolia Dream Project-2 пэйждээ зарлана. Бид нар байнгын сайн дурын гишүүн авах бүртгэл хийгээд байх боломж хомс. Учир нь гишүүддээ дэлгүүрийнхээ гол концептоо тайлбарлах байгаль орчинд яагаад ээлтэй бэ гэдгээс нь эхлээд сургах, “комиссын дэлгүүр”гэдгээс юугаараа өөр вэ гэдгийг тайлбарлах гэх мэт сургалт ордог. Эхний 30 гишүүнээ маш сайн бэлдчихвэл тэд маань манлайлагчид болж бидний үйл хэргийг хүмүүст зөвөөр ойлгуулах юм. Тэгэхгүй бол эхний хүмүүсээ түүхий байлгавал юу хийж, яах гэж байгаагаа мэдэхгүй, зорилгоо бүрэн ойлгохгүй болно. Тэтгэлэгт юм өгөхөд ч гэсэн сайн дурын ажлаа тайлбарлаж чадна, ийм дэлгүүрт ажиллаж байсан, тэр ажлын минь утга учир нь үүгээрээ өөр, үүгээрээ шинэлэг, ийм зүйл дээр  би илүү дадлагажиж туршлага суусан гэхчилэн тайлбарлаж чаддаг болно. Бид сайн дурын ажилтнууддаа батламж өгнө. Энэ батламж маань 40 цаг ажилласан гишүүнд маань олгогдох бөгөөд англи-солонгос хэлээр бичигдсэн байх юм. Солонгост байгаа сайн дурын багын 60-аад гишүүд засгийн газраас зөвшөөрөгдсөн ийм төрлийн батламж авдаг. Монголд хараахан ийм систем хөгжөөгүй учраас сайн дурын гишүүддээ ямар ч гэсэн ийм батламжийг өөрсдийн зүгээс олгоё гэж шийдсэн. Удирдах зөвлөлөөс сайн дурын гишүүн нэмж авах шийдвэр гаргавал бид өөрсдийн сошиал сувгуудаар дамжуулан залуустаа хүргэх болно.

Хандив өгч буй хүмүүсээс хандиваар авна, авахгүй гэсэн барааны ялгаа бий юу?

Ерөнхийдөө бидэнд өгөхийг хүссэн зүйлс юу ч байж болно аваад ирж болно. Бид худалдах боломжтой хамгийн бага үнээр нь худалдаад явна. Ингэхдээ байж болох хамгийн хямд үнээр худалдана. Жишээ нь цамцнууд 10000 төгрөг, шинэ гуталнууд 15000, хуучин гутлууд маань түүнээсээ илүү хямд. Куртик гэхэд 25000, өмднүүд 15000 төгрөгөөр зарагдаж байгаа. Хүүхдийн хувцас бүр хямдаар худалдаалагддаг.

Хүмүүс гутал хувцас авчрахад ханзарч урагдсан, халтар байх юм бол танайх өөрсдөө засч янзлаад авна гэсэн байсан?

Дэлгүүрийн жишиг нь хойноо угаалга, оёдолтой байдаг. Монголд бид тэр жишгээр угаалга, оёдолтой хийх гэсэн боловч түрээслэж байгаа байрныхаа зай талбай бага зэрэг шалтгаан, санхүүгийн боломж, бололцооноос болоод бүрэн цогц байж чадсангүй. "Мөрөөдлийн гэрэл -2" дэлгүүр хойноо яг тийм угаалга, оёдолтойгоор хэрэгжинэ. Одоо бол би өөрөө ч юмуу сайн дурынхан маань угаалга, оёдолд туслаж байгаа. Хандивын бараа авчирч өгч байгаа хүмүүс маань ихэнх нь угааж цэвэрлээд авчирч байгаа.

Бид нилээн олон жилийн өмнөөс “комиссын барааны” гэгддэг дэлгүүртэй танилцсан. Мөрөөдлийн гэрэл дэлгүүр комиссын барааны дэлгүүрээс юугаараа ялгарах вэ?

Нэгдүгээрт дэлгүүр маягаар ажиллаж байгаа. Комисст очиход орж үзсэн бол бүх юмаа овоолоод тавьчихсан байдаг. Бараан орчинд эндээс өөрөө олж авах ёстой болдог. Манайх бол интерьерээрээ ялгарна. Хоёрдугаарт одоо боломжгүй байгаа ч цаашдаа хандиваар ирсэн хуучин хувцас, тоглоомнууддаа ариутгал хийгээд явах юм. Өөрөөр энэ маань хүмүүсийн сэтгэл шингэсэн зүйл. Томоор нь харахад багадсан ч юмуу, өмсдөггүй хувцсаа, тоглоомоо хандивлахаар манайхыг зорьж буй тэр хүмүүсийн сэтгэл, хүнд хүрчихээсэй гэсэн тэр хүслийг шингээсэн. Хүүхдүүд би энэ тоглоомоороо тоглодоггүй юм чинь өөр найздаа өгчихье гээд аав ээжтэйгээ хамт орж ирдэг. Тийм ч учраас “монгол комисс” гэсэн ойлголтоор битгий хүлээж аваарай гэж хэлэх байна. Тиймдээ ч бид дэлгүүрийнхээ интерьертээ нилээн анхаарсан. Яагаад заавал ийм газар хүн орж ирэхэд гоё, юмаа авахдаа сэтгэл хангалуун байж болохгүй гэж гэдэгт анхаарч ажилласан. Хүн орж ирэхэд ядаж тойроод гарахдаа тайвшраад хөгжим сонсоод үнэр нь  хүртэл хэсэг зуурын ч болов тайвшрал өгөөсэй гэж хүссэн. Цаашдаа эхний дэлгүүр маань бусдынхаа жишиг болж явах утгаараа ч тэр интерьер дээр мөнгө зарсан.

Хүмүүсийн илүүтэй сонирхож худалдан авч буй зүйл юу байна?

Ерөнхийдөө манай үүгээр явж байгаа хүмүүс манай дэлгүүрээр их орж ирж байна. Бид анхнаасаа энэ хэсгийн хүмүүст зориулан дэлгүүрээ нээсэн. Зорилтот хэсэг нь 32-ын тойрог, Дэнжийн 1000-ийн тойргоос хойшоо 7 буудал хүртэлх хэсгийн амьдралын боломж тааруу хүмүүст хямд үнээр хувцас хэрэглэл хүргэх зорилго байсан. Тиймдээ ч энэ хэсэгт байгуулсан. Хойшоо 7 буудал хүртэлх зам дагуу бидний хүсээд байгаа байрны боломж хомс байсан.

Дэлгүүрээр маань эмэгтэйчүүд их сонирхон орж ирж, худалдан авалт хийж байна. Эмэгтэйчүүд маань цамц их авдаг бол эрчүүд өмд илүүтэй сонирхдог, худалдан авдаг юм байна. Хүүхэдтэй хүн хүүхдийн хувцас, гутал сонирхож байгаа бол оюутнууд ном сонирхож байх жишээний.

Би хандив өгье гэвэл шууд дэлгүүрт авчирч өгөх нь байна. Хэрвээ нялх хүүхэдтэй ч гэх үү, гэрээсээ гарах боломжгүй бол очоод авах боломж бий юу?

Одоо бид хүргэлтийн сайн дурын багийнхантай болж байгаа. Долоо хоног бүр амжихгүй ч 14 хоногтоо нэг удаа гэрийн хаяг, утасны дугаараа үлдээвэл манай баг тань руу очиж, цагаа тохироод авах боломжтой болох юм. Та юмаа бэлдээд тавьчих, бид очоод авья. Үүн дээр нэмж хэлэхэд хүмүүсийг гялгар тороо хандивлаж болно шүү гэж хэлмээр байна. Гэрт маш их тор цугларчихдаг шүү дээ, тэрийгээ бидэнд хандивлавал бид эндээ худалдан авалт хийж байгаа хүмүүстээ эргүүлээд бараагаа хийгээд өгөөд дахин ашиглах юм шүү.

Хандиваар авахгүй зүйл гэж байх уу?

Одоохондоо тийм зүйл алга байна. Одоогоор манайх руу овор хэмжээ томтой зүйл явуулсан хүмүүс алга. Хувцас их хандивлаж байна. Дэлгүүр маань хойноо агуулахтай. Хамгийн том зүйл ирсэн нь принтер. Цахилгаан бараа индүү, үсний сэнс гэх мэт электрон бараа бас өгч байна.

АНУ, Бельги, БНСУ, БНХАУ-аас болон монголчууд маань хандивласан бараа бүтээгдэхүүнээрээ дэлгүүрээ нээсэн. БНХАУ-ын оюутны холбоо, Бельгиэс нэг хувь иргэн хүүхдийн хувцас илгээсэн. Дэлгүүрийн анхны гаралтын бараа гаднаас ирсэн. Одооноос л монголчуудынхаа хандиваар нэмэгдэх байх. Дэлгүүрээ хэзээ нээхийн гэж байж, нүдээр үзэж байж хандив тусламжаа илгээж байна. Үүнийг нь ч буруутгах аргагүй шүү дээ, хүмүүсийн итгэлээр тоглож, итгэлийг нь эвдсэн асуудлууд гарч байгаа цагт.

 

Үнэгүй авч болох зүйлсийн сагс харагдсан?

Тиймээ. Манай концепт нь хог хаягдлыг багасгах, бууруулах, тэглэх зорилготой. Тэр дагуу зарагдах боломжгүй буюу үнэлэх боломжгүй зүйлсийг бид дэлгүүртээ ирээд зүгээр аваарай гэсэн үүднээс үнэгүй барааны сагс тавьсан. Дэлгүүрээ ирж үзэнгээ, наашаа хөдөлгөөн хийнгээ авч болно гэсэн зүйлсээ энэ хоёр сагсанд хийсэн байдаг. Орж ирж буй хүмүүстээ бонус байгаа гэж хэлж болно.

Манайх бүтэн жил ярьсны эцэст дэлгүүрээ нээлээ. Үйлчлүүлэгчид байна, хүмүүс ч хандиваа өгч байна гээд хандалт өндөр байгаа. Одоо цаашдаа бид том том маркетингийн төслүүдээ хийгээд явахаар гайгүй болох байх. Нээгдээд удаагүй байхад хүмүүст танигдаж байгаадаа баяртай байна.

АНУ-д гэхэд Good will-д хувцас аваачиж өгөхөд татварын хөнгөлөлт эдэлдэг зэргээр бодлогоор дэмждэг юм билээ. Сүүлийн 30 жилд байгаль орчин гэдэг өөрөө сэдэв болчихлоо. Эко байх, хог хаягдлаа багасгах гэх мэтэд дэлхий нийт анхаарлаа хандуулж эхэллээ. Солонгосын анхны старбакс соруулаа цаасаар хийж хуванцараас татгалзаж эхэлснээ зарласан гэх мэтээр улс орнууд байгаль орчинд ээлтэй байх, хамгаалах авч үлдэх тал дээр илүү анхаардаг болж эхэлж байна. Бид ч гэсэн цаашдаа энэ дэлгүүрээ томруулж чадвал эко талаараа үлгэр жишээ болж, нөлөөлөх байх гэж харж байгаа.

Хандив өгөхийг хүссэн хүмүүс Мөрөөдлийн гэр дэлгүүрийн Мөрөөдлийн гэрэл эко дэлгүүр фэйсбүүк хуудсаар дамжуулан холбогдох буюу газрын зурагт заасан хаягаар очих боломжтой.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)