Үндсэн хуулийн өөрчлөлт ба хаврын чуулган

Үе үеийн парламент Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл санаачилдаг ч бүтэлгүйтэж ирсэн. Энэ удаагийн парламент ч мөн адил “эцэг” хуулийн өөрчлөлтийг эрс ярьж, 65-ын бүлэг эхэндээ дуу нэгтэй дэмжиж байсан юм. Нөгөө талд, нэг нам үнэмлэхүй олонх болсон энэ үед Үндсэн хуулиар оролдож болохгүй гэх сөрөг хүчний байр суурь ч бий. Энэ байр сууринд эрх баригч намын зарим гишүүн нэмэгджээ. Уг нь тэд 2016 оны сонгуулиас хойш өөрчлөх л байр суурьтай байсан билээ. Гэвч УИХ дахь МАН-ын бүлэг дэх талцал ийн нөхцөл байдлыг өөрчлөхөд хүргэсэн байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хаврын чуулган нээлтээ хийсэн өдөр энэ асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Нэг нам дангаараа үнэмлэхүй олонх болсон үед Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх нь учир дутагдалтай. Энэ удаагийн парламентаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийлгэж болохгүй” хэмээв. Уг нь тэрээр Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа “эцэг” хуульд өөрчлөлт оруулахыг оройлон дэмжиж байсан. Мөн тэр үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулж байсан билээ.

Ж.Мөнхбаттай ижил байр суурьтай МАН-ын гишүүд олон байна. Гэвч УИХ-ын дарга хаврын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаа илэрхийллээ. Тэрээр УИХ-ын дарга болсон цагаасаа энэ асуудлыг хэлэлцэхээ удаа дараа мэдэгдээд байгаа юм.

Дан ганц УИХ бус Засгийн газар, Ерөнхийлөгчийн түвшинд асуудлыг ярьж зөвшилцөлд хүрсний дараа том зургаараа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах боломж бүрдэнэ.

Жишээ нь, “Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдлыг хангах нэрээр хариуцлагагүй, сахилга дэг журамгүй, хуулиар халхавчилсан шударга бус тогтолцоо бүрдүүлснийг Үндсэн хуулийн хүрээнд халах шаардлага зүй ёсоор гарч байна. Монголчууд “Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” гэдэг. Тиймээс шударга ёс, хуулийн засаглал тогтоох, буруу бусармагийг өөрчлөн халах зорилтыг засаглалын дээд түвшнээс, удирдлагын дээд хүрээнээс эхлэх нь зөв гэж үзэж байна. Улсын Их Хурлыг хяналттай, хариуцлагатай, Засгийн газрыг хариуцлагатай тогтвортой, шүүх эрх мэдлийг хараат бус хариуцлагатай болгох зорилготой Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай болжээ” хэмээсэн юм.

Дан ганц УИХ бус Засгийн газар, Ерөнхийлөгчийн түвшинд асуудлыг ярьж зөвшилцөлд хүрсний дараа том зургаараа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах боломж бүрдэнэ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцангийн ахалсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг төслөө хэдийнэ боловсруулж дууссан. Эл төсөлд Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, Ерөнхийлөгчийнхийг хумих заалт бий. Олон нийтийн дунд явуулсан санал асуулгад бүр оноож “Ерөнхийлөгчийн тийм тийм эрх мэдлийг хумихыг та дэмжиж байна уу?” гэсэн утга бүхий байсан. Энэ нь тодорхой хэмжээгээр, тодорхой түвшинд эсэргүүцэл дагуулж буй. Хэдийгээр өөрчлөлт оруулахад төрийн гурван өндөрлөг нэгдсэн ч  энэ мэт асуудал дээрээ зарчмын хувьд “тохирч” чадвал урагшилна. Энэ удаагийн парламентад хаврын чуулганы л хугацаа үлдэж байна. Талцал, маргаанаа хойш тавьж чадалгүй улстөржиж Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхгүй өнгөрвөл хуулийн хугацаа үлдэхгүй ээлжит сонгуультай залгах юм.

Манай улс 1992 оны нэгдүгээр сарын 13-нд ардчилсан Үндсэн хуулиа баталснаас хойш 2000 онд зөвхөн нэг удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан нь өнөөдрийг хүртэл маргааны гол сэдэв болсоор ирсэн. Энэ маргааныг хаврын чуулганаар таслахад Төрийн гурван өндөрлөгийн “тохироо” 65-ын бүлгийн шийдвэрээс илүү чухал байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. ИЛ ЯРИАД БАЙГАА ӨӨРЧЛӨЛТҮҮД НЬ ЗӨВ ЮМ ШИГ Ч ЯРИХГҮЙ ДАЛД БАЙГАА ӨӨРЧЛӨЛТҮҮД НЬ МАШ ХОРТОЙ МАНАНГИЙН ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ГЭСЭН ӨӨРЧЛӨЛТҮҮД БАЙГАА. МАНАН ЯМАР АЙМААР БЭХЛЭЛТ ХИЙСЭН БАЙЛАА ДАА УИХД ДШД ЕП АТГД ЭНТЭРИЙГ ӨӨРЧЛӨХ БОЛОМЖГҮЙ ШАХУУ БАЙЛАА Ш ДЭЭ БҮҮ МАРТ ТЭГВЭЛ СӨНӨНӨ ҮХ ӨӨРЧЛӨЛТ ХЭРЭГГҮЙ

    0 0 Хариу бичих