Өнөөдөр “Учиртай гурван толгой” дуурьтай

Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурь өнөөдөр Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрт 17.00 цагт тайзнаа тоглох гэж байна. Монголын сонгодог гэгддэг уг дуурийн цомнолыг Д.Нацагдорж бичин ерөнхий найруулагчаар УГЗ Л.Эрдэнэбулган ажиллаж  байсан юм. Өнөөдөр тус дуурийг УГЗ, удирдаач Ж.Бүрэнбэх дохих нь ээ. Манай тайзнаа анх 1934 онд дуулалт жүжгийн хэлбэрээр Д.Намдаг найруулан тавьж байсан юм.

Гурван бүлэг, таван үзэгдэл бүхий “Учиртай гурван толгой” дуурь ямар хувь заяатай бvтээл болох анх хэрхэн яаж төрсөн тухай Төрийн хошой шагналт Д.Намдаг гуай сэрүүн тунгалаг ахуйдаа ийн дурсан бичжээ. Тэрээр “…1934 оны хавар, гудамжны шороо дээр дороо орон бужигнасан нэгэн зэврүүн өдөр би Улсын төв театрын «Бөмбөгөр ногоон» гэж алдаршсан байшингаас гарангуутаа нөхөр Нацагдоржийнх руу явлаа. Уг нь би Нацагдоржийнхоор бишгүй явдаг байсан атал сүүлийн бvтэн жил ер ороогvй аж. Энэ зуур Нацагдорж Нина гэдэг орос хүүхэнтэй ханилж, өөр газар шилжин суусан байлаа. Нацагдорж ном дэвтрүүд ба бичиг цаас овоолсон хоолны ширээний хажууд юм бичиж сууснаа орхин «Наяа» гэж намайг дуудан угтаж ширээнийхээ нөгөөтэй суулгав. Тасалгаан дахь өөр бусад сав шургуулга мэт дээр мөн л ном судар, бичиг цаас овоолгоостой. Yзтэл орон сууц багадаж, үзэх судлах, хийж бүтээх зэрэгт дарагдаад байгаа нь илэрхий. Гэтэл би бас өөрт нь ажил нэмэх санаатай яваа. Зохиолгүй байгаа зовлонгоо тоочсоныг Нацагдорж маань анхааралтайгаар сонсч, сэтгэл хуваалцав. Дараа нь гаргах жүжигтэй болгож өгөхийг гуйсны минь хариуд үгүй гэж хэлж чадахгүй хүлээн авлаа. Иймд бид тэр дорхноо чухам юун тухай хэрхэн бичих рүүгээ яаран оров. Нацагдоржид нэгэн аялгуутай эмгэнэлт зvйл бичих сэдэв бий аж. Тэгээд автономатын үед үзэсгэлэн сайхнаараа дуунд гарсан Юндэн гөөгөө гэдэг хүний бодит амьдралд тохиолдсон зүйлсийг ярив. Yvнийг нь би сонирхон тайзан дээр хэрхэн тохируулах талаар арга ухаан сийлэхийг бодно. Юу юуны урьд эмх замбараатай, маш цөөн хүмүүсийн дунд эргэлдүүлэхийг л эрхэмлэнэ. Энэ бодлыг Нацагдорж зөвшөөрөхийнхөө зэрэгцээгээр, үндэсний аялгуут жүжгийг бий болгох явдалд зохистой шинэ хэлбэр бий болгохыг эрмэлзэв. Гэтэл энэ vед ая дуу зохиох мэргэжлийн хvн байтугай нот мэдэх хvн бараг байхгүй шахам байсан цаг. Гэлээ ч бид оролдох нь чухал гэж vзэн хоёр цаг хэртэй харилцан ярилцсаны үр дүнд, нэгэн жүжгийн төлөвлөгөөг бүрэн боловсруулан гаргаж амжив. Энэ бол анхны «Учиртай гурван толгой». Бүх үйл явдал Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын хооронд болсон янаг амрагийн эмгэнэлт явдал бөгөөд үүнээ бид хөдөө талын гурван бяцхан толгойн дунд эргэлдүүлэв…” хэмээн бичсэн байдаг.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)