Махны үнийг хиймэл хөөрөгдөлгүйгээр тогтоох чиглэлд хот анхаарч ажиллана

Хаврын улиралд Нийслэлчүүдийн өргөн хэрэглээний  хүнсний бүтээгдэхүүний нэг болох малын махны нийлүүлэлт багасаж, тэр хэрээр үнэ ханш өсдөг. Энэ жилийн хувьд махны үнэ харьцангуй өндөр байгаа тухай мэдээлэл гарах болсон.

Үүнтэй холбоотойгоор амралтын өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан "Хүчит шонхор" хүнсний зах дээр ажиллаж,  махны жижиглэнгийн худалдаачид болон иргэд, худалдан авагчидтай уулзаж, тэдний санал бодлыг нь сонсжээ.

Махны худалдаачин Т.Оюунчимэг “Хүчит шонхор зах дээр 23 жилийн турш махны худалдаачнаар ажиллаж, 4-5 хүнийг ажлын байраар хангаж ажилладгаа дурдаад, энэ жилийн хувьд махны үнэ харьцангуй өндөр байгаа нь хүмүүсийн худалдан авах чадварт муугаар нөлөөлж байна. Махны үнэ нэмэгдсэн шалтгаан нь нэг талаас нөөцийн махаа хангалттай бэлтгэж чадаагүй, нөгөө талаас экспортоор мах гаргах болсонтой холбоотой гэж хүмүүс ярьж байна. Олон хүмүүсийг ажилтай орлоготой болгож байгаа Хүчит шонхор хүнсний захыг нэг хэсэг хаана гэсэн яриа гарсан. Хотын дарга та энэ захыг хаахгүй байлгах тал дээр анхаарч өгөөрэй ” гэв.

Хотын захирагч С.Амарсайхан “Юуны өмнө нийслэлчүүд маань эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. Мах махан бүтээгдэхүүн,  хүнсний ногооны бэлтгэн нийлүүлэлт, тээвэрлэлт, худалдан борлуулалтыг чанар стандартын хэмжээнд хэрэгжүүлэх, гаднаас оруулж байгаа импортын бүтээгдэхүүнд тавих мэргэжлийн байгууллагын хяналтыг дээшлүүлэхэд анхаарч ажиллах ёстой.

Махны  үнэ өртгийг  элдэв олон шат дамжлага, түүнийг дагасан хиймэл хөөрөгдөлгүйгээр тогтоох чиглэлд хот анхаарч ажиллана. Хүнсний захын хэмжээнд эрүүл ахуйн шаардлага, чанар стандартын талаас анхаарах зүйл цөөнгүй ажиглагдаж байна. Гэхдээ бид асуудлыг болохгүй бүтэхгүй гээд хааж боох биш, болохгүй зүйлээ хэрхэн шийдвэрлэх вэ, орчин нөхцөлөө яаж сайжруулах вэ гэдэг дээр хамтраад ажиллах, тэр хэмжээгээр бизнес эрхлэгчид нь ашиг орлогоо нэмэгдүүлдэг, иргэд хэрэглэгчид хүссэн бараа бүтээгдэхүүнийхээ чанарт эргэлзэлгүй худалдан авч хэрэглэдэг байх орчныг бүрдүүлж ажиллахыг зорино” гэв.

Мөн тэрээр гурил будаа, хүнсний ногоо, ахуйн бараа бүтээгдэхүүний  худалдаа эрхлэгчидтэй санал солилцож, ярилцжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)