Дэлхийн хамгийн нүсэр сонгуулиуд

Энэтхэг улсад энэ сарын 1-ний өдөр бүх нийтийн сонгууль эхэлжээ. Парламентын доод танхимыг бүрдүүлэх учиртай энэ сонгууль долоон үе шаттай, зургаан долоо хоног үргэлжилнэ. Сонгууль нь олон үе шатаас гадна маш олон хүн оролцдог, нүсэр гэдгээрээ бусдаас нэн онцлогтой. 20 муж, 91 тойрогт 900 сая орчим сонгогч оролцож саналаа өгөх төлөвтэй. Сонгуулийн үеэр хэв журам сахиулах, үнэн шударга байдлыг хангахын тулд маш олон хүн ажилладаг гэдгээрээ ч дээд амжилт тогтоодог байна.

Тэгвэл энэ удаагийн сонгуульд бүр ч олон хүн оролцож, дэлхийн хамгийн олон сонгогч хамруулсан сонгууль хэмээн дээд амжилтын номд бичигдэх магадлал өндөр болоод байна. Энэ удаагийн сонгуулийг Энэтхэгийн зарим мужуудад Ерөнхий сайд Н.Модиг дэмжих санал хураалт шиг л болно гэж үзэх хүн олон байгаа. Гэлээ гээд сонгогчийн сонголт хийх эрхийг дутуу үнэлж болохгүй. Эдийн засгийн өсөлт тааруу байгаа, ажилгүйдэл ихэссэн, Кашмирт Пакистантай үүсгэсэн асуудал гээд хариуцлага тооцвол тооцчих сэдвүүд бий. Нарендра Моди ч үүнийг мэдрэн, энэ удаагийн сонгуулиар аль болох олон хүнээр хүлээн зөвшөөрөгдөхийг хичээж байна. Тэрээр өнгөрсөн пүрэв гаригт Твиттер хуудсандаа “Сонгуульд аль болох идэвхтэй оролцож, дээд амжилт үзүүлцгээе” хэмээн бичсэн байна.

Энэхүү мэдээлэлтэй уялдуулаад дэлхийн хамгийн олон сонгогч оролцсон сонгуулиудын тухай мэдээллийг инфографикаар хүргэе. Албан ёсоор бол 2014 онд Энэтхэгт болсон сонгуульд 834 сая сонгогч оролцсон нь одоогийн байдлаар дээд амжилт ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)