Хэнтийн тойрог дахь “Бие халаалт”

Өнөөгийн УИХ хамгийн залуу гишүүнээ өнгөрсөн жилийн зургадугаар сард чөлөөлсөн. Ингэснээр Хэнтий аймгийн 42 дугаар тойргийнхон парламентад төлөөлөлгүй жил шахам хугацаа өнгөрч байна. УИХ энэ оны хоёрдугаар сарын 02-ны өдөр тус тойрогт нөхөн сонгууль явуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, сонгуулийг хоёрдугаар сарын 10-ны өдрөөс товлон зарласан юм.

Ийнхүү Хэнтийн тойргийн нөхөн сонгуулийн тоолуур гүйж эхлээд хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд нөхөн сонгуультай холбоотой бүх үйл ажиллагаа графикийн дагуу явж байгаа гэсэн үг. УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах өдрийг 2019 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөр тогтоосон. Тиймээс нөхөн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх төрийн албан хаагчид энэ оны хоёрдугаар сарын 15-наас өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх ёстой.

Нөхөн сонгуульд хэн нэр дэвшиж болох вэ гэдэгт эхний шалгуур энэ юм. Гэхдээ төрийн албанаас татгалзан нэр дэвших шийдвэр гаргасан хүн одоогоор дуулдаагүй л байна. Мэдээж энэ талаараа олон нийтэд зарлах шаардлагагүй л дээ. Харин улс төрийн нам, эвсэлд харьяалагдаж, улс төрийн үйл ажиллагаа явуулж буй хүмүүс, төрийн албан хаагч биш хэн боловч нөхөн сонгуульд нэр дэвшихэд дээрх шиг цаг хугацааны босго нөлөөлөхгүй. Харин нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл тавдугаар сарын 01-нээс өмнө СЕХ-нд хүсэлтээ гаргаж, тавдугаар сарын 24-30-ны хооронд нэр дэвшигчдээ тодруулан бүртгүүлэх юм.

Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 31 намаас 27 нам Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох боломжтой. Улсын дээд шүүхэд сонгууль болохоос 180 хоногийн өмнө бүртгүүлсэн нам нөхөн сонгуульд оролцох боломжтой учраас он гарснаас хойш бүртгүүлсэн дөрвөн нам нөхөн сонгуульд оролцохгүй юм байна.

Нөхөн сонгуулийн үйл ажиллагааны графикийн дагуу ойрын хугацаанд хийгдэх ажлуудаас дурдвал, Хэнтий аймгийн сонгуулийн хороог ирэх ням гариг буюу дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс өмнө байгуулж, аймгийн сонгуулийн хороо нь сумын сонгуулийн хороодоо дөрөвдүгээр сарын 26-ны өдрөөс өмнө байгуулах юм байна. Ийнхүү нөхөн сонгуулийн аймаг, сумын хороод байгуулагдсанаар сонгуульд оролцох нам, эвслүүдийг бүртгэх ажиллагаа эхэлнэ гэсэн үг.  

Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт Мөрөн, Жаргалтхаан, Цэнхэрмандал сумд багтдаг бөгөөд тус тойргийн нөхөн сонгуульд нийт 17 мянга 450 сонгогч санал өгөх юм байна. Энэхүү нөхөн сонгуульд 287,6 сая төгрөг зарцуулахаар баталжээ.

42 дугаар нөхөн сонгуульд хэн хэн нэр дэвшин өрсөлдөх вэ гэдэг хамгийн их анхаарал татаж буй. Эрх баригч МАН-аас тус намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн дэд дарга, “Идеал” группын ерөнхийлөгч М.Батбаяр, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат нарын хэн нэг нь нэр дэвшинэ гэсэн таамаглал бий бол АН-аас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар нарыг нэрлэж буй. МАХН-аас  тус намын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нарын хэн нэг нь нэр дэвших болов уу гэсэн таамаг бий. Мөн сүүлийн үед Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Хэнтийн тойргийг нөхөн сонгуулийг сонирхож байгаа гэх мэдээлэл бий. Түүнчлэн хуульч Л.Батжав 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвших нь бараг тодорхой ч харин аль намаас вэ гэдэг нь таавар хэвээр байгаа гэнэ. Түүнтэй МАН, АН-ын удирдлагууд уулзаж санал тавьсан гэх мэдээ хэвлэлд гарсан.

Сарын дараа эдгээр эчнээ нэр дэвшигчдээс хэн хэн нь 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн гараан дээр зогсох нь тодорхой болно. Хэн ч нэр дэвшлээ гэсэн Хэнтийн тойргийн нөхөн сонгууль бол ирэх 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөх том бие халаалт, намуудын рейтингийг тогтоох сунгаа гэдгээрээ чухал ач холбогдолтой.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. ЬТИЙМ Ч АЧ ХОЛБОГДОЛТОЙ БИШ УЧИР ХҮРЭЛСҮХ НЭР ДЭВШИХ ХЭРЭГГҮЙ. БУСАД Н_Ь ЯАВАЛ ЯАНА БИЗ

    0 0 Хариу бичих