Үндсэн хуулийн цоож ба 65-ын бүлэг

Манай улс 76 “сайд”-тай. Тэр “сайд нар” төр, хувийн бүх шатны ажилд хутгалддаг. Наад захын жишээ дурдъя. Засгийн газрын тэргүүн кабинетаа бүрдүүлэхдээ ихэнх тохиолдолд парламентаас бүрдүүлж байна.
Сүүлийн үеийн хэллэгээр үүнийг “давхар дээл” гэж нэрлээд буй.

Давхар дээлтай сайд нарт давуу, сул тал аль аль нь бий. 76 “сайд” маань гүйцэтгэх засаглалынхаа сайд нараас үүнийг, түүнийг ажилд ав, ийм тийм тендер өг, төсөл хөтөлбөр дэмж гээд түм буман зүйл гуйна. Мэдээж хүн л юм болсон хойно танил талаараа дамжуулж гуйх, дэмжлэг хүсэх явдал байдаг ч төрийн ажил, хувийн харилцаа хоёроо ялгаж зааглаагүйгээс асуудал үүсч эхэлдэг. Тухайн салбарын сайд гишүүн бүрийн гуйсныг биелүүлэх боломжгүй. Ингээд ирэхээр гишүүд маань УИХ-ын чуулган, Байнгын хороонд оруулж ирсэн асуудлыг нь унагадаг, хайр найргүй шүүмжилдэг, өөрийн ойр тойрны найз гишүүддээ “Наадах чинь ойрд оодроод
байгаа. Дарж авъя” гэж шахалт үзүүлдэг. Аргагүйн эрхэнд өнөө сайд зөвшөөрнө, зарим тохиолдолд хууль бус зүйлд гарын үсэг зурна.

Энэ бол манай парламентын одоо байгаа нүүр царай. Тийм учраас УИХ үндсэн ажлаа хийдэг, хариуцлага, үйл ажиллагааг нь сайжруулах зайлшгүй шаардлага үүссэнийг хуульчид хэлдэг. Үнэмлэхүй олонх энэ үедээ МАН “эцэг” хуульд өөрчлөлт оруулахаар идэвх зүтгэл гаргаж, УИХ-ын даргын захирамжаар 2017 оны тавдугаар сард ажлын хэсэг байгуулав. Ажлын хэсэг Зөвлөлдөх санал асуулгаар дэмжигдсэн 5 багц асуудлаар 22 заалт бүхий төсөл боловсруулжээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан 

Үндсэн хуулийн дордуулсан долоон заалтыг засахыг шаарддаг. Бид нэгийг нь үлдээгээд зургааг нь сайжруулах гэж байна. Үүнийг зарим хүн мушгин гуйвуулж байгаа. УИХ-д олон эрх мэдэл төвлөрсөн гэж шүүмжилдэг. Энэ дагуу УИХ-аас хоёр үндсэн том эрхийг шилжүүлж байгаа. Энэ бол Ерөнхий сайд танхимаа бүрдүүлж, томилгооны асуудалд оролцохоо болино. Хоёр дахь нь, төсөв батлахад дураараа зарлага нэмдгийг болъё гэсэн. Шүүхийн ерөнхий зөвлөлийн таван гишүүнийг томилоход УИХ оролцоно. Оролцохдоо томилгооны сонсголд оруулж, нийт гишүүний гуравны хоёроор шийддэг байхаар тусгасан.

Ард нийтийн санал асуулга явуулахгүй

УИХ-ын дарга Г.Занданшатар “сул” гишүүн байхдаа Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг санаачилж батлуулсан. Энэ хуулийн дагуу Зөвлөлдөх зөвлөл байгуулж, Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой 6 багц асуудлаар зөвлөлдөх санал асуулга явуулсны тав нь дэмжигджээ. Улсын хэмжээнд нийт 68 удаагийн бүсчилсэн хэлэлцүүлэг зохион байгуулж, 327 375 иргэнээс 5,584,832 санал хүлээн авсан байна.
Эдгээр саналыг багцлан мөн эрдэмтэн судлаачдын гаргасан дүгнэлтийг харьцуулан 6 чиглэлд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар төсөлд тусгажээ. Уг нь бол Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ Ард нийтийн санал асуулга явуулах ёстой. Ард нийтийн санал асуулга бол хуулийг батлах уу, үгүй юу гэдгийг шийдэх механизм. Харин зөвлөлдөх санал асуулга хуулийн төсөл боловсруулахдаа иргэдийн санаа оноог авах, нэгтгэж багцлах процедур. Ард нийтийн санал асуулгыг сонгуультай ижил зарчмаар бүх ард түмний дунд явуулахаар хуульчилсан бол Зөвлөлдөх санал асуулгыг санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон иргэдээс авсан. Үндсэн хууль бол төрт ёсны дор амьдарч буй хэн бүхний баримтлах, баримжаалах чухал баримт бичиг. Тэгэхээр бүх ард түмнээс асууж байж өөрчлөх эсэхийг шийдэхийг цаг үе шаардаж байна. Долоо хэмжиж, нэг огтолж байж шийдэхгүй бол 2000 оны дордуулсан өөрчлөлтийг ч бий болгохыг үгүйсгэхгүй.

Иймд Үндсэн хуульд оруулах гол өөрчлөлтүүдийн задаргааг танилцуулъя.

УИХ-ын гишүүд хариуцлагатай болох уу?

УИХ-ын ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг 75 хоног болгох, хуулийг нийт гишүүдийн олонхийн саналаар эцэслэн батлахаар төсөлд тусгажээ. Энэ нь 2000 онд оруулсан өөрчлөлтийн нэгийг уг эхээр нь сэргээж байгаа хэлбэр аж. Гэвч үүнийг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд дэмжихгүй байна. УИХ-ын гишүүн Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол өөр ажил, албан тушаал хавсарч хийхгүй гэсэн заалтыг ч төсөлд тусгажээ. 

Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хяналт-тэнцлийг сайжруулах зорилгоор УИХ сайд нарыг нэг бүрчлэн хэлэлцэж томилох бүрэн эрхээсээ татгалзах. Мөн улсын төсөв батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглохоор төсөлд заажээ. Учир нь, одоогийн хуулиар Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд гишүүд дур зоргоор, үндэслэл муутай өөрчлөлт оруулж, төсвийн бодлогыг алдагдуулдаг. Энэ нь эргээд УИХ Засгийн газарт хариуцлага тооцох боломжгүй болгож байгаа аж. Үүнийг өөрчлөхөөр төсөлд ийн тусгасан нь 65-ын бүлгийн маргааны сэдэв болж байна. Төсөл боловсруулж танилцуулсан ажлын хэсгийнхнийг үүнийг, түүнийг зас гэдэг маргаан даамжирч, гарсан саналыг заримыг нь тусгахаа Д.Лүндээжанцан дарга хэлж байна. Тэрээр уг хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхийн ажлын хэсгийн ахлагч юм. 

Төсөлд тусгасан өөр нэг маргаантай заалт нь УИХ-ын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно гэх заалт. Хэрэв сонгуулийн тогтолцоог хуулиар тогтоодог болчихвол эрх баригч нам нь дөрвөн жил тутамд өөрсдөдөө шигтайгаар өөрчлөх боломж бүрдэнэ гэж МАН-ын бүлгийн гишүүд үзэж байна. Тэд ард түмний сонгох эрхэд ноцтой нөлөөлсөн явдал гэж бүлгийн хурал дээрээ байр сууриа илэрхийлжээ. Иймд энэ заалтыг эргэж ярилцахаар тохирсон аж.

Түүнчлэн УИХ-ын сонгуульд иргэн бие дааж эсхүл нам нэр дэвшүүлж оролцоно. УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглохоор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд тусгажээ.

Засгийн газрын дөрвөн гишүүн “давхар дээл”-тэй байж болно

1992 оноос хойш 14 Засгийн газар байгуулагдаж, хоёр нь л бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж бусад нь хугацаанаасаа өмнө огцорч байсан. Нэг парламентын бүрэн эрхийн хугацаанд дөрвөн Засгийн газар солигдож асан түүх ч бий. Тиймээс төсөлд Засгийн газрыг эмхлэн байгуулахдаа Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлэх, Ерөнхийлөгч 7 хоногийн дотор хариу өгөөгүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлэхээр боловсруулсан байна.

Ерөнхий сайд Ерөнхийлөгчид танилцуулснаар сайд нараа томилж, чөлөөлж, огцруулах бүрэн эрхтэй байх аж. Одоо УИХ сайд нарыг нэг бүрчлэн хэлэлцэж томилдог хуулийн  заалттай. Энэ нь Засгийн газар танхимаар ажиллах боломжийг хумьсан нэг хэлбэр гэж үзэн Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэхээр ийм заалттай боловсруулсан байна.

Харин гүйцэтгэх засаглалын тэргүүнийг огцруулахад гишүүдийн 4/1-ээс доошгүй саналаар, шинэ Ерөнхий сайдыг томилох саналаа хамтад нь өргөн мэдүүлбэл УИХ гурван хоногийн дараа хэлэлцэж 10 хоногийн дотор шийдвэрлэхээр төсөлд тусгажээ. Одоо Засгийн газар огцорсны дараах томилгоог хийх гэж нэг сар гаруй хугацаа зарцуулдаг. Ерөнхий сайдыг томилсноос хойш мөн сарын дотор кабинетаа бүрдүүлж, Ерөнхийлөгчтэй зөвшилцөж УИХ-аар хэлэлцүүлж цаг алддаг нь төрийн ажлын залгамж чанарт нөлөөлж буй билээ.

Засгийн газрын сайд нарын дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүнийг хавсарч хийж болно гэж хуулийн төсөлд заажээ. Үндсэндээ 2000 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж Засгийн газрын бүх сайд “давхар дээл”-тэй байж болно гэж заасныг өөрчлөх юм байна. 

Ерөнхийлөгчийн шүүх эрх мэдэлд оролцох “эрх” хэвээрээ 

Бүх шатны шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөл томилж, Ерөнхийлөгчөөр батламжлуулахаар хуулийн төсөлд тусгажээ. Ингэхдээ Үндсэн хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзвэл Төрийн тэргүүн батламжлахаас
татгалзах, шалтгаанаа олон нийтэд мэдээлэх үүрэг хүлээх аж. Мөн Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохдоо томилгооны сонсголд оруулж, шийдвэрээ УИХ-д танилцуулж, Ерөнхийлөгчид хүргүүлэхээр төсөлд заасан байна.

Түүнчлэн шүүгчийн насыг зааж өгөх аж. Анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчид тавигдах шаардлага шалгуурыг өөрчлөх юм байна. Дөнгөж сургууль төгсөөд удаагүй “хүүхэд” анхан шатны шүүгчээр томилогдоод хүний хувь заяаг дэнслэх нь учир дутагдалтай гэж төсөл боловсруулагчид үзжээ. Тиймээс ажил, амьдралд туршлага суусны дараа шүүгчээр ажиллуулах нь зөв хэмээж байгаа аж.

Үүний дээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүтцэд өөрчлөлт оруулах заалт байна. Тус зөвлөл 10 гишүүнээс бүрдэж, дөрвөн жилийн хугацаатай ажиллах аж. Мэргэжлээрээ 10-аас дээш жил ажилласан туршлагатай хүнийг энэ зөвлөлийн гишүүний босго давна гэж төсөл боловсруулагчид үзжээ. 

Хотын эрх мэдлийг тодорхой болгоно

Аймаг, нийслэл, сум, дүүрэг нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, баг, хороо нь засаг захиргааны анхан шатны нэгж байна гэж хуулийн төсөлд заасан байна.

Сум, дүүргийн Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд дөрвөн жилийн хугацаагаар сонгож, аймаг, нийслэлийн Засаг дарга 15 хоногийн дотор батламжилна. Сонгуулийн журмыг хуулиар тогтоохоор заажээ.
Одоо сум, дүүргийн Засаг даргыг ИТХ-аасаа томилоод нийслэл, аймгийн Засаг дарга батламжилдаг. Тэгвэл ард түмнээс олонхийн санал авч сонгогддог зарчимд шилжих нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзжээ. Дээрээс нь Засаг дарга, Хурлын эрх мэдлийн хяналт- тэнцлийг хангахтай холбоотой огцруулах журмыг боловсронгуй болгох аж. Ингэхдээ аймаг, нийслэлийн Засаг даргыг огцруулах саналыг Ерөнхий сайдад, баг,
хорооны иргэдийн ¼-өөс доошгүй нь даргаа огцруулах саналыг сум, дүүргийнхээ даргад өргөн мэдүүлж, 15 хоногийн дотор шийдвэрлүүлэхээр төсөлд тусгасан байна. Үүнээс гадна Үндсэн хуулийн цэцийн 
гишүүнийг 9 жилийн хугацаатай, 9 гишүүнтэй байхаар заажээ. Цэцийн гишүүнийг дахин томилохгүй, мэргэжлээрээ 15-аас доошгүй жил ажилласан 40 нас хүрсэн хүн байхаар Үндсэн хуулийг өөрчлөх төсөлд заажээ.

Үндсэн хуулийн манаач

Үе үеийн парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар төсөл санаачилдаг ч хэлэлцэж чаддаггүй. Энэ удаагийн парламент Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах гэж багагүй хугацаанд ажилласан. Өмнө нь боловсруулсан төслөөр хэт олон зүйлд өөрчлөлт оруулах, энэ нь эргээд хэлэлцэгдэж чадахгүй болох вий гэх болгоомжлол төрүүлсэн. Иймд ажлын хэсэг дахин төсөл боловсруулсан нь энэ
юм. Уг төсөл 19 зүйлийг хамарсан 52 заалттай бөгөөд “эцэг” хуулийн нийт зүйлийн 35 хувьд хүрээгүй учир Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн шаардлагад нийцэж буйг ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан онцолсон. 

1992 онд “эцэг” хуулийн эхийг барьсан Б.Чимэд гуай Үндсэн хуулийг тийм ч амар өөрчилж, нааш цааш нь болгоод байхааргүй хатуу заалтуудыг оруулж өгчээ. Энэ тухай парламент дахь туршлагатай хуульч гишүүдийн төлөөлөл болох Д.Лүндээжанцан гуай “Багш Үндсэн хуулийг цоожлоод түлхүүрийг нь олохооргүй газар хийчихсэн” хэмээн хошигнодог. Үнэхээр ч Үндсэн хуулийг дуртай нь гар хүрээд байхааргүй зохицуулалтыг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуульд яг таг тусгаж өгчээ.

Тухайлбал, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг нэгэнт оруулсан бол найман жилийн дотор өөрчлөлт оруулахгүй. Мөн УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурав (57) -аас доошгүйн ирцтэйгээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж, гишүүд хуралдаанд биеэр оролцож, санал өгөхөөр хуульчилсан.

Түүнчлэн төслийг чуулган нэгэнт хэлэлцэж эхэлсэн бол эцсийн шийдвэр гартал УИХ өөр асуудал хэлэлцэхгүй. Төслийн зарим зүйл заалтууд дэмжигдэхгүй бол буцаах ч нөхцөл байдал үүсэхээр хуульчилсан байна.

Нэг нам дангаар эрх барьж байгаа үед өөрчлөлт хийх нь зөв үү?

Энэ маргаан өнөө хэр үргэлжилж байна. Өмнөх УИХ-ын үед аль ч нам үнэмлэхүй олонх болоогүй олон намын төлөөлөл бүрдсэн учраас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хамгийн тохиромжтой бүрэлдэхүүн гэж үзэж байсан. Тийм ч учраас хуульд өөрчлөлт оруулахаар эрчтэй ажиллаж, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг хүртэл баталсан. Гэвч цаг хугацааны хувьд амжаагүйгээс гадна парламентад суудалтай намууд тохирч чадаагүй. Тэгвэл энэ удаагийн парламентад МАН 65 суудал авч, үнэмлэхүй олонх болсон үед өөрчлөлт оруулах нь зөв гэх нэг хэсэг байхад нөгөө талд хэрхэвч болохгүй хэмээх байр суурь, хандлага нийгэмд байна. УИХ дахь МАН-ын бүлэг хоёр талцсан нь дарин дээр давс нэмсэн үйл явц болов. 2016 оны сонгуулийн дараа тэд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэж дуу нэгтэй дуугарч байсан ч одоо
байр суурь нь хоёр өөр болжээ. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь учир дутагдалтай байна.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж гарын үсэг зурсан. Гэхдээ хүчний байгууллагын удирдлагыг ҮАБЗ-өөр томилж, чөлөөлдөг болж байгаа энэ үед Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэж байна. 

Энэ бол хоёрхон гишүүний байр суурь. Тэд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх ёстой гэх хатуу байр суурьтай байсан ч ийн өөрчлөгджээ. Нам доторх талцлын энгийн жишээ ч гэж харж болохоор. Нөгөө талдаа УИХ-ын гишүүд “хоноц”-ын сэтгэлгээтэй. Алдаа завхралаа Үндсэн хууль руу чихдэг. Сонгогдсоныхоо дараа ихэнх нь сонгогчдоосоо тасарч, хөрсөн дээр буудаггүй. Ийн сонгогчдын өмнө хариуцлага хүлээхгүй явсаар дараагийн сонгуультай золгодог. Дахиад л шинэ хүмүүс орж ирнэ. Тэд ажилдаа эзэн болохгүй байгаагаас хуулийн завхрал, хийдэл үүсч горыг нь улсаараа нийтээрээ үүрдэг жишиг тогтчихлоо. Үндсэн хуулиар энэ  нийгмийн хамгийн дээд үнэт зүйлс, хүний эрх, эрх чөлөөг хамгаалдаг учраас маш хянуур болгоомжтой хандах нь эргээд улсаараа нийтээрээ “хохирол” төлөхгүй байх явдал мөнөөсөө мөн. Энэ үүрэг ултөрчдийн сэтгэлгээнд суух ёстой. Цаг үе ч шаардаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)