Гэр хорооллын иргэд аюулгүйн талбайд очих шаардлагагүй

Энэ сарын 24-26-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль болно. Энэ сургууль нь сүүлийн 30 жилд анх удаа болох гэж буй нийслэлийг хамарсан томоохон арга хэмжээ гэдгээрээ онцлогтой юм. Энэ удаагийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь болзошгүй гамшгийн аюулаас хүн, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, иргэн, хуулийн этгээд, томилгоот бүрэлдэхүүнийг сургах, дадлагажуулах, гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төлөвлөлтийг боловсронгуй болгох, харилцан ажиллагааг сайжруулах, нүүлгэн шилжүүлэлт, дайчилгааны тогтолцоог тодорхойлох зорилготой ажээ.

Энэ сургалтыг зохион байгуулснаар Улаанбаатар хотод томоохон газар хөдлөлт, үер, гал түймрийн аюулын үед нийслэлийн Засаг дарга, түүний харьяаны төр захиргааны байгууллагуудаас гадна нутаг дэвсгэрийн зарчмаар төрийн захиргааны төв байгууллагууд, агентлагууд, төрийн цэргийн байгууллагууд, аж ахуйн нэгж, байгууллага, олон улсын байгууллагууд газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хамтран ажиллах хамтын ажиллагааг хэлэлцэж, хоорондын уялдаа холбоог зангидах, боловсронгуй болгох, иргэд өөрсдийн аюулгүй байдлыг хангахад оролцох ёстойг ойлгуулах явдал юм байна.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд иргэд хэрхэн оролцох, юуг анхаарах талаар нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүйгээс тодрууллаа.

-Гамшгаас хамгаалах сургууль энэ сарын 24-26-ны өдрүүдэд үргэлжилнэ. Эдгээр өдрүүдэд иргэд сургуульд хэрхэн оролцох вэ?

-Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь Монгол Улсын Шадар сайд, нийслэлийн Засаг дарга хоёрын 2019 онд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний хүрээнд зохион байгуулагдаж байна. Нийслэлд төр захиргааны төв байгууллагууд, эмнэлэг, соёлын төв байрладаг, хүн амын тал хувь нь амьдран суудаг гэдэг утгаар энэ сургуульд гамшгаас хамгаалах улсын албадыг идэвхтэй оролцох Засгийн газрын тогтоол байгаа. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь гурван үе шаттайгаар зохион байгуулагдана.

Энэ сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод Газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон цагийн байдлын дагуу нийслэлийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, Мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиогоор Д.Сүхбаатарын талбайд цуглана. Нэгдсэн жагсаалд 116 хайрцаг буюу 116 нэгж байгууллагын 4400 хүн оролцож, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид илтгэл өгснөөр сургууль эхэлнэ. Энэ жагсаалд оролцож байгаа хүмүүс бол аливаа гамшиг, аюул ослын үед хамгийн тэргүүн эгнээнд явах, удирдлага арга зүйгээр хангах бие бүрэлдэхүүн гэж ойлгох хэрэгтэй юм. Үүний дараа “Крокусс эвэнт холл” танхимд команд штабын сургууль эхэлнэ. Танхимын команд штабын сургуульд 100 гаруй байгууллагын 950 гаруй удирдах бүрэлдэхүүн хамрагдах юм.

Харин 25-ны өглөө Улаанбаатар хотын бүх иргэдийг хамруулсан аюулгүй талбайд нүүн шилжих дадлага сургууль болно. Энэ өглөө 07:00 цагаас 09.30 цаг хүртэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. 08:00 цагаас дуут дохионы 60 цамхагаар дуут дохио дамжуулснаар нийслэлийн 3200 гаруй нийтийн орон сууц, 120 гаруй мянган өрхийн 420 мянган иргэн гэрээсээ гарч 111 байршилд аюулгүй талбайд нүүн шилжих учиртай. Энд нэг юм анхааруулахад зарим газар дуут дохио дуулддаггүй талтай. Тэгвэл дуут дохио дуулдаагүй байх нь хамаагүй 08:00 цаг болсон л бол иргэн та гэрээсээ гараад аюулгүй заагдсан аюулгүй талбайдаа очоорой. Газар хөдлөлтийн үед баримтлах зарчим, ойролцоох цуглах талбай зэрэг мэдээллийг багтаасан “Таниулах хуудас“-ыг иргэдэд дүүрэг, хорооны ажилтнуудаар дамжуулан тарааж эхэлсэн байгаа.

Ингээд 09:30 цагаас замын хөдөлгөөний хязгаарлалт цуцлагдах тул ажил, сургууль, цэцэрлэг 10:00 цагаас эхэлнэ. Мөн өдөр зургаан дүүрэгт нүүлгэн шилжүүлэх дадлага, аврах ажиллагааны дадлагууд явагдана.  Тэнд урьдчилан бэлтгэсэн иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль хийж үзүүлнэ.

Түүнээс гадна гэмтсэн, бэртсэн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор Улсын 1, 2, 3 дугаар эмнэлгүүд, Цэргийн төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвүүд хэдэн хүн хүлээж авах боломжтой, хэрхэн эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, ямар ямар хүмүүс ажиллах вэ гэдгийг тодорхойлох зорилгоор хээрийн хүн эмнэлэг дэлгэж үзүүлнэ. Штабын дадлага сургууль маань үргэлжилнэ. Ингээд 26-ны өдөр үнэлэлт, дүгнэлтээ гаргаж, нийслэлийн удирдах бүрэлдэхүүнийг бие бялдар, сэтгэлзүйн сорилд хамруулснаар иж бүрэн сургууль маань өндөрлөнө.

-“Таниулах хуудас” ямар ач холбогдолтой хуудас юм бэ?

-Тэр хуудсанд тухайн иргэнийг дуут дохиогоор гэрээсээ гараад очих ёстой хамгийн ойрын аюулгүй цэгийг зааж өгсөн байгаа. Иргэн та тэрхүү хуудсыг нүүн шилжих талбайдаа авч очин, бүртгэлийн ажилтанд тэмдэглүүлж, дадлага сургуульд оролцсон талаар бүртгэлээ хийлгэнэ. Мөн гамшгаас хэрхэн сэргийлэх заавар зөвлөмж, таны эрх, үүргийг тусгасан байгаа.

-Орон сууцны 420 мянган иргэн хамрагдана гэлээ. Гэр хорооллын иргэд оролцохгүй гэсэн үг үү?

-Гэр хорооллын иргэд оролцоно. Тэгэхдээ гэр хорооллын иргэд дуут дохиогоор гудамжиндаа гарах юм.

-Ажил, сургууль, цэцэрлэг 10:00 цагт эхэлнэ гэж байна. Үүн, хувийн хэвшлийн байгууллага хамаарах уу?

-Хамаарна. Хувийн хэвшилд ч иргэд ажиллаж байна шүү дээ. Засгийн газрын тогтоолоор энэ сургуулийг хийж байгаа учир бүгдэд хамаатай. Мөн үүнийг зохицуулсан нийслэлийн Засаг даргын захирамж гарна.

-Өглөөний 07:00 цагт нэг ч машин хөдөлгөөнд оролцохгүй гэсэн үг үү. Эмнэлгийн машин ч үүнд хамаарах уу?

-Эмнэлэг, цагдаа, онцгой байдал, хэвлэл мэдээллийн байгууллагын машинд хамаарахгүй. Гэхдээ Гамшгаас хамгаалах сургуулийг сурвалжлах хэвлэл мэдээллийн байгууллагууд урьдчилж машины дугаараа НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэлтэст өгч нэвтрэх үнэмлэх авах хэрэгтэйг анхаарах хэрэгтэй.

Дээрээс нь 07:00 цагаас хөдөлгөөн хязгаарлачих учраас тухайн өдөр нислэгтэй иргэд 07:00 цагаас өмнө нисэх онгоцны буудал дээр очсон байх хэрэгтэй. Хэрэв гэртээ үлдэх юм уу, үүнийг зөрчөөд машинтайгаа явж байвал иргэний үүргээ биелүүлээгүй гээд Зөрчлийн тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хуулиар хариуцлага тооцогдоно. Хариуцлага гэдэг нь торгуулийн шийтгэл байдаг.

-30 жилийн өмнө энэ сургуулийг хийж байсан гэлээ. Дараагийнх нь хэзээ вэ. Ийм сургуулийг давтамжтай хийж байх уу?

-1990 оноос өмнө үй олноор хөнөөх зэвсгээс ард иргэдээ хамгаалах зорилгоор Иргэний хамгаалалтын дадлага, сургуулийг орон даяар болон Улаанбаатар хотод хэсэгчилсэн байдлаар хийдэг байсныг манай улсын иргэд мартаагүй байх. ОБЕГ-ын төлөвлөгөөнд аймагт 4 жилд, дүүргүүдэд 3 жилд нэг удаа Гамшгаас хамгаалах сургууль явуулна гэсэн байдаг. Тэгэхлээр нийслэлд 10 жилд нэг удаа болох болов уу гэж бодож байна. Олон улсын жишгийг харахад иргэд гэртээ байгаа үед буюу шөнө, үүрийн цагаар газар хөдөлдөг тохиолдол их байдаг. Тийм учраас хохирол их гарч хүний амь нас эрсэддэг. Гэхдээ эхний чичиргээ мэдрэгдэхэд л иргэд нь аюулгүйн талбай руу гарч сурсан улс оронд хүний амь насны хохирол бага байдаг гэдэг. Тийм учраас энэ дадал зуршлыг бий болгоход сургуулийн ач холбогдол оршиж байгаа юм.

-Сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн давтамж ихсээд байгаа тухай ярьдаг. Нийслэл хотын ойр орчмоор газар хөдлөлтөөс үүдэлтэй хагарал үүссэн гэдэг. Энэ хэр аюултай вэ?

-10 жилийн өмнөөс газар хөдлөлтийн чичирхийлэл эрс нэмэгдсэн гэж эрдэмтэд болон “Одон орон геофизикийн хүрээлэн“-ээс гаргаж байгаа судалгаагаар үздэг. Саяхан МУИС болон Япон улсын эрдэмтэд хамтраад Улаанбаатар хотод газар хөдлөлтийн судалгаа явуулаад Хүй долоо худгаас Хонхор өртөө хүртэл шинээр хагарал бий болсон байна гэж тогтоосон байдаг. Энэ хагарал газар хөдлөлтийн ямар идэвхжилтэй вэ гэдгийг “Одон орон геофизикийн хүрээлэн”-ийн эрдэмтэд судалж байгаа юм билээ. Идэвхтэй, идэвхгүй, идэвхтэй бол хэдэн магнитудтай хөдлөх юм бэ гэдгийг судалж байгаа гэсэн үг.

Ер нь Улаанбаатар хотыг тойроод зургаан том хагарал байдаг. Үүнтэй нийлээд долоо болж байна. Эмээлтийн, Хустайн, Авдар уулын, Гүнжийн, Шархайн, Мөнгөн морьтын гээд хагарал бий. Тэгэхээр Улаанбаатар хот газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд оршиж байна гэсэн үг юм.

-Нийслэл хот шигүү, барилга байшин ихтэй. Газар хөдлөлтөд тэсвэргүй, чанаргүй барилга ч их гэдгийг албаныхан хэлдэг. Тэгэхээр эдгээр барилгад амьдарч байгаа иргэд эрсдэлтэй нөхцөлд амьдардаг гэж ойлгож болох уу?

-Хуучны барилгууд газар хөдлөлтөд хамгийн түрүүнд өртөнө гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Мэргэжлийн хяналтын байгууллагын дэд бүтцийн хяналтын байцаагч нар чанаргүй, газар хөдлөлтөд тэсвэргүй барилга Улаанбаатар хотын 40 хувийг эзэлж байна гэж үздэг юм билээ. Энэ бол аймшигтай тоо. Тийм учраас иргэд маань болзошгүй гамшиг, ослын үед бэлтгэлтэй, бэлэн байх ёстой.

-Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажил хэр хангагдаж ажиллаж байна вэ?

-Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан ерөнхий ажлын хэсэг саяхан эцсийн байдлаар хуралдлаа. Нийслэлийн удирдлагууд, бүх агентлагийн дарга нар, 14 хэсгийн ахлагч нар хуралдаж хариуцсан ажлаа тайлагнасан. Тэгэхэд сургуулийн бэлтгэл ажил 80 хувьтай явж байна гэж үзсэн. Үлдсэн 10 хоногт дутуу ажлуудаа гүйцээгээд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг хийж, үр дүнг иргэдийнхээ өмнө болон Засгийн газрын өмнө тайлагнах юм. Хамгийн гол нь иргэд энэ иж бүрэн сургуульд идэвхтэй оролцох хэрэгтэй гэдгийг уриалж хэлмээр байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)