Амралтын өдрүүдэд нийт нутгаар салхины хурд 18-24 м/с хүрч ширүүснэ

-Нийслэлд сүүлийн жилүүдэд байгаагүй хуурайшилтай байгаа -

Ихэнх нутгаар хуурайшилт нэн аюултай зэрэглэлд хүрч, ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газраас ой, хээрийн түймрийн цаг үеийн байдлын талаар мэдээлэл хийлээ.

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр "Он гарсаар улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хот, Булган, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн 26 суманд нийт 34 удаагийн ой, хээрийн түймэр гарсан байна. Түймрийн улмаас 1.1 мянган га ой, 211.8 мянган га хээрийн талбай, нийт 212.9 га талбай шатсан. Дээрх түймрийн голомтод Онцгой байдал, Хилийн цэрэг, Цагдаагийн байгууллагаас нийт 1,590 гаруй иргэн, хоёр нисдэг тэрэг, 191 автомашин, 13 мотоцикл, 54 морьтойгоор ажилласан. 

Харин өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал сум, Булган аймгийн Хутаг-Өндөр сум, нийслэлийн Хан-Уул дүүрэгт гарсан ойн түймрийг цурманд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна.  Дээрх түймрийн голомтод Онцгой байдлын байгуулага, цагдаагийн байгуулага, дархан цаазат газар болон сум орон нутгаас нийт 294 хүн, 43 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.  

Түүнчлэн албаныхан нийслэлд одоогийн байдлаар иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас буюу өнжмөл болон шар өвс шатаасан дуудлага 200 хүрээд байгаа гэв. Ойрын өдрүүдэд нийслэлийн орчимд ой хээрийн гурван түймэр бүртгэгдсэний хоёрыг нь бүрэн унтрааж нэгийг нь унтраахаар ажиллаж байгаа аж. Иймд, иргэдийг ногоон бүсэд амралт, аялал зугаалга зохион байгуулахыг  дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэл хориглосон. Нийслэлд сүүлийн жилүүдэд байгаагүй хуурайшилтай байгаа учраас галын аюулаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Мөн одоогийн мэдээллээр Төв аймгийн Лүн, Баянхангай, Аргалант, Баянчандмань суманд болон Дархан-Уул аймгийн нутгаар хүчтэй шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул замд яваа жолооч нарт замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой байж, ойролцоох газар түр саатаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. 

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр амралтын өдрүүдэд Монгол орны нийт нутгаар салхины хурд 18-20 м/с, зарим тохиолдолд 24м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурах тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлээрэй.

Иймд иргэд, малчид, тариалнчид, ой, хээрийн бүсэд зорчин явагсад: 

  • Автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах
  • Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх
  • Ил задгай гал түлэхгүй  байх 
  • Асаасан гал, түүдэг, тамхи шүдэнзний галыг сайтар унтраах
  • Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үел ой, хээрт шүдэнз, асаагууртай явуулахгүй байх 
  • Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах
  • Түймэр унтраах шаардлагатай багаж, хэрэгслийг бэлдэж ой, хээрийн гал түймэр гарах эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)